Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0733

 

 

“ЖӨЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 691 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Г.Н нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Даргалагч шүүгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч: З.Ганзориг

Илтгэгч шүүгч: А.Сарангэрэл

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “ЖӨЭ” ХХК

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С, үндэсний аудитын менежер Д.О,

Нэхэмжлэлийн шаардлага: ““Үндэсний аудитын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/АО/50046 дугаартай акт”-ын 154,410 ам.долларыг “ЖӨЭ” ХХК-р төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Г.Н, Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Буянхишиг

Хэргийн индекс: 128/2024/0542/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 691 дугаар шийдвэрээр:

1.“Газрын тосны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.1.8, 4.1.27, 4.1.31 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 7.1.4 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.6, 18.7, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЖӨЭ” ХХК-ийн гаргасан Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С, аудитын менежер Д.О нарын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/АО150046 дугаартай актын 154,410.00 ам.долларыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Г.Н нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1.1.Анхан шатын шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан үндэслэл, тайлбартаа Газрын тосны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тосны бүртгэл, тооцооны журам (Бүртгэл, тооцооны журам гэх)-д зааснаар (1) хайгуулын ажлын доод хэмжээ, (2) түүний зардал болон (3) өртөг нөхөгдөх зардал нь харилцан уялдаатай ч агуулгын ялгаа заагтай, тусдаа ойлголтууд юм. Өртөг нөхөгдөх зардлыг тодорхойлж буй зорилго нь гэрээлэгч компанид хайгуул болон бүтээн байгуулалтын явцад гаргасан зардлаа баталгаажуулсан хэмжээгээр нь олборлолтын шатанд нөхөн авах боломжийг олгодог. Тодруулбал, Нэхэмжлэгч хайгуулын үр дүнд орд нээж, олборлолт эхэлсэн тохиолдолд Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар “өртөг нөхөгдөх зардлаа борлуулалт хийсэн тухайн сар бүр өртөгт нүүрсний давхаргын метан хийн хувь хэмжээгээр нөхөн авах юм. Өөрөөр хэлбэл Нэхэмжлэгч газрын тосны бүтээгдэхүүний олборлолт хийсэн тохиолдолд нийцлийн аудитын үр дүнд баталгаажаагүй зардлыг нөхөн авах боломжгүй болох үр дагавартай. Тодруулбал, Нэхэмжлэгч нь БХГ-нд заасны дагуу геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тэдгээрийн лабораторийн үр дүн, дээжийн шинжилгээ, туршилтын ажлын тайлан, тэдгээрийн зардлын тооцоог АМГТГ-т бүрэн хүлээлгэн өгсөн. Тэдгээр хайгуулын ажилд Нэхэмжлэгч нь нийт 3,098,880.85 ам.доллар3 зардал гаргасан гэж Хариуцагч нийцлийн аудитаар баталгаажуулсан боловч зардлын заримыг Монгол Улсад бүртгэлтэй банкаар дамжуулаагүй гэсэн шалтгаанаар ӨНЗ-ийг 2,845,589.56 ам.доллар болгож бууруулсан. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн хайгуулын ажил, лабораторийн туршилтын үр дүн нь холбогдох зардлын хамт АМГТГ-ын мэдээллийн баазад бүртгэлтэй байсаар байтал тэрхүү хасагдсан зардлаар тодорхойлогдох хэмжээний хайгуулын ажлыг Нэхэмжлэгч огт гүйцэтгээгүй гэж шууд дүгнэх хуулийн болон логикийн үндэслэлгүй. Харин нийцлийн аудитын явцад нийт зардлаас хасагдсан зардлыг Нэхэмжлэгч нь олборлолт хийсэн тохиолдолд нөхөн авахгүй болохыг ойлгож байгаагаа тайлбарласан. Гэвч Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Нэхэмжлэгчийн дээрх тайлбарт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 17 дахь хэсэг, 19 дэх хэсэг, 20 дах хэсэгт заасан үндэслэл учир дутагдалтай. Дээр дурдсанчлан зарим хайгуулын ажлын зардлыг өртөг нөхөгдөх зардлаас хасч тооцон  нөхөх боломжгүй болох боловч тухайн зардлаар илэрхийлэгдэх хайгуулын ажлыг хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй талаар нэхэмжлэгчийн тайлбарт огт дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүх Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт “Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан өдрөөс хайгуулын хугацааг тооцно” хэмээн хайгуулын ажлын доод хэмжээг гэрээт хугацаагаар тооцох болон Газрын тосны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Гэрээлэгч хайгуул, ашиглалтын ажлын үр дүнгийн тайлан, анхдагч мэдээ материалыг хуанлийн тухайн жил дууссанаас хойш 90 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” хэмээн хайгуулын ажлын тайланг хуанлийн жилээр тооцох зохицуулалтын уялдааг харгалзан үзэлгүйгээр аудитын хамрах хугацаанд буюу 2021 оны тайлант хугацаанд Нэхэмжлэгчийн хайгуулын ажлын зардлын доод хэмжээ нь 3,000,000 ам.доллар хүрэх шаардлагатай байсан хэмээх Хариуцагчийн тайлбарыг дэмжсэн нь үндэслэлгүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийцлийн аудитын тайлангийн Аудитын хамарсан хүрээ болон бусад хэсэгт Нэхэмжлэгчийн 2021 оны тайлант хугацаанд (хайгуулын 3-4 дэх жил) хамрах өртөг нөхөгдөх зардалд аудит хийсэн ба өмнөх тайлант жилүүдийн өртөг нөхөгдөх зардлыг өмнө нь нийцлийн аудитаар баталгаажуулсан болохоо тодорхой дурдсан. Нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчээр оролцсон Ашигт малтмал, газрын тосны мэргэжилтнүүдийн мэдүүлэгт нийцлийн аудитын хамрах хугацаа болох 2021 оны тайлант хуанлийн хугацаанд тайлагнасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээ нь хайгуулын 3-4 дэх жилийн хайгуулын ажлын зардлын хэмжээнээс дундажлан 2,700,000 ам.доллар байх шаардлагатай ба Нэхэмжлэгч нийцлийн аудитаар хасагдсан дүн болох 2,845,589.56 ам.долларын зардал нь ч энэхүү шаардлагыг бүрэн хангаж байгаа талаар тооцоололд үндэслэл бүхий дүгнэлт огт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл 2021 оны тайлант жилээс 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хайгуулын ажлын хугацааг Бүтээгдэхүүн хуваах гэрээний 3 дахь жилээр буюу хайгуулын ажлын зардлын доод хэмжээний шаардлагыг 3,000,000 ам.доллараар тооцож, 2021 оны 9 сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх үлдэх 3 сар 12 хоногийн хугацааг хайгуулын 4 дэх жилийн шаардлага буюу 1,500,000 ам.доллараар хувьчлан тооцож, 2021 оны тайлант хугацаанд хамрах хайгуулын ажлын зардлын шаардах доод хэмжээ нь 2,7 сая ам.доллар байх хуулийн болон гэрээний үндэслэлтэй.

2.1.2.Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй.

Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ашигт малтмал, газрын тосны мэргэжилтнүүд дээрх 3-д дурдсан Газрын тосны тухай хуулийн хайгуулын жилийн болон тайлант жилийн ялгаа, хуулийн зохицуулалт, түүний практик хэрэглээний талаар бодит, маш тодорхой мэдээллийг өгсөн боловч Анхан шатны шүүхийн шийдвэрийн 27-д .. шүүх хуралдаанд оролцсон Т.Х нь мэдүүлэхдээ “...Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан өдрөөс биш тусгай зөвшөөрөл авсан хугацаанаас эхлээд хайгуулын доод хэмжээг тооцдог... ” гэж мэдүүлсэн нь Газрын тосны тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй...” хэмээн гэрчийн мэдүүлгийг гуйвуулан тайлбарлаж, хэрэгт хамааралтай, хамгийн ач холбогдол бүхий гэрчийн үндсэн мэдүүлгийн агуулгыг бүхэлд нь үгүйсгэсэн нь хуулийн үндэслэлгүй бөгөөд Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангалгүй Анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан.

Нэхэмжлэгч дээр дурдсан хайгуулын ажлын доод хэмжээ, түүний зардал болон өртөг нөхөгдөх зардлын ялгааг тодорхой үзүүлэх, ямар зардлууд өртөг нөхөгдөх зардлаас хасагдсан ч хайгуулын ажлын доод хэмжээнээс хасагдахгүй байх талаар, түүнчлэн нийцлийн аудитын хамрах хугацааны өртөг нөхөгдөх зардлаас хасагдсан зардлын ангилал, тооцооллыг бодитоор нотлох зорилгоор нийцлийн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн бүртгэлийн маягт, түүний хавсралт зэрэг аудитын анхан шатны тулгалт хийсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан Хариуцагчаас гаргуулах хүсэлтийг гаргаж, улмаар Анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн.

Гэвч Хариуцагч нь тэдгээр баримт нь олдохгүй байна хэмээн шүүхэд гаргаж өгөхөөс татгалзсан бөгөөд өмнөх алдаатай анхан шатны тооцооллыг үндэслэн Анхан шатны шүүх хурлыг үргэлжлүүлэхийг хүссэн. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэлгүй нотлох баримт дутуу бүрдүүлж, тооцооллыг шалгаагүйгээс Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болохыг энд дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул хэргийг бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгчээс “Үндэсний аудитын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 256/АО/150046 “Төлбөрийн акт барагдуулах акт”-ын 154,410 ам.долларыг “ЖӨЭ” ХХК-р төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Үндэсний аудитын газрын Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С, үндэсний аудитын менежер Д.О нарт холбогдуулан гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 107 дугаар зүйлийн  107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заасан.

3.Нэхэмжлэгчээс “хайгуулын ажлын зардал нь 3,216,672.82 ам.доллар гэж аудитын тайлангаар баталгаажсан, АМГТГ-аас хүлээн зөвшөөрсөн тул актад 154,410,0 ам.долларыг хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн үзсэн үндэслэлгүй,

-хайгуулын ажлын зардал болон өртөг нөхөгдөх зардал нь 2 өөр зардал, агуулгын ялгаатай, тусдаа ойлголтууд байхад хариуцагчаас давхцуулж, хольж тайлбарлан зөрүү гаргасан. Өртөг нөхөгдөх зардалд тусгаж тайлагнасан гүйлгээг гадаад банкаар дамжуулж гүйцэтгэсэн гэж үзэн хайгуулын ажлын доод хэмжээнээс хасч тооцсон, уг хасагдсан дүнд орсон тоног төхөөрөмж нь хайгуулын ажилд ашиглагдсан тоног төхөөрөмж,

-аудитын байгууллага нь нийцлийн аудит хийж, хайгуулын доод хэмжээг бус зөвхөн өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах ёстой, гэтэл өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулсан атлаа актаараа хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн гэж дүгнэсэн, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн хайгуулын ажил, лабораторийн туршилтын дүн АМГТГ-ын мэдээллийн баазад бүртгэлтэй байхад хайгуулын ажлыг нэхэмжлэгчийг огт гүйцэтгээгүй гэж дүгнэх хуулийн болон логикийн үндэслэлгүй,

-гэрээлэгч хайгуулын ажлын доод хэмжээг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу гэрээт жилээр хангаж, илүү гаргасан дүнгээр буюу нийт 3,098,880,85 долларын хайгуулын ажил гүйцэтгэсэн байхад өртөг нөхөгдөх зардлыг тооцон хайгуулын ажлын доод хэмжээг 2,845,589 ам.доллараар тооцсон нь үндэслэлгүй. Өртөг нөхөгдөх зардлаас хасагдах ч хайгуулын ажлын доод хэмжээнээс хасагдаж, хайгуулын ажлыг хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй,

-хайгуулын ажилд буюу байгалийн хийн хайгуулыг хийхэд ашиглагдах тусгай тоног төхөөрөмжүүдийг Австрали улсаас худалдан авсан, уг тоног төхөөрөмжүүдийг ашиглахгүйгээр хайгуулын ажил хийгдэх боломжгүй байсан, хайгуулын ажилд зарцуулсан шууд зардал, уг тоног төхөөрөмжүүдийн өртгийг нөхөж олгохгүй гэж нэхэмжлэгчийг нэг удаа шийтгэж байгаа ба эдгээр тоног төхөөрөмжүүд хайгуулын ажилд зарцуулагдаагүй гэж нэхэмжлэгчийг хоёр удаа давхардуулан, зарцуулсан өртгийг үгүйсгэж төлбөрийн акт тавигдсан нь үндэслэлгүй. Уг тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсын гаалиар орж ирсэн баримт байгаа, үүнийг АМГТГ-аас аудитын хяналт шалгалтаараа хайгуулд ашиглах тоног төхөөрөмж гэж хүлээн зөвшөөрсөн.” гэж тус тус маргажээ.

4.Харин хариуцагчаас “ЖӨЭ” ХХК Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7.2 дахь заалт болон гэрээний хавсралтад зааснаар 2021 онд 3,000,000 ам.доллараас багагүй хэмжээний хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд аудит хийх явцад 2,845,589,56 ам.долларын өртөг нөхөгдөх зардал баталгаажсан.

-өртөг нөхөгдөх зардалд хайгуулын ажлын доод зардал хамаагүй, тусдаа ойлголт гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалтуудаар няцаагдаж буй үндэслэлгүй тайлбар. Өртөг нөхөгдөх зардлын 4 бүрэлдэхүүний нэгд нь хайгуулын зардал дангаараа орж байгаа” гэж тайлбарласан.

5.Ашигт малтмалын газрын мэргэжилтэн, гэрч Т.Хгээс “хайгуулын доод хэмжээ, өртөг нөхөгдөх зардал хоёр нь ялгаатай, нэхэмжлэгч компанийн хайгуулын доод хэмжээг санхүүгийн жилээр тооцвол 2,761,643 ам.доллар, гэрээт жилээр тооцвол 3,098,880 ам.доллар. Өртөг нөхөгдөх зардлыг санхүүгийн жилээр тооцдог, хайгуулын ажлын доод хэмжээг гэрээт жилээр тооцдог.” гэсэн мэдүүлгийг өгчээ.

6.Дээрхээс дүгнэхэд, хайгуулын ажлын доод хэмжээ, өртөг нөхөгдөх зардлуудыг ямар хугацаагаар, хэрхэн тооцох, эдгээр зардлын агуулга, зорилго нь өөр өөр, хариуцагч нь хуулиар өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулах эрх хэмжээтэй, хяналт шалгалтаар өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулсан атлаа өөр ойлголтод хамаарах хайгуулын доод хэмжээг дутуу гүйцэтгэсэн гэж акт тогтоосон талаар нэхэмжлэгчээс маргаж байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч, хариуцагчийн болон гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй гэдэг нь тогтоогдож байна.

7.Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын зөрүүтэй тайлбаруудад холбогдох нотлох баримтыг цуглуулж, зөрүүтэй тайлбар тус бүрд үндэслэл бүхий тодорхой дүгнэлт хийх үүргээ хэрэгжүүлээгүй.

8.Тодруулбал, тухайн маргаантай харилцааг зохицуулсан Газрын тосны тухай хуулийн зөвхөн нэр томьёоны хэсгийг баримтлан хэт ерөнхий дүгнэлт өгч, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтын агуулга, бусад хуулийн заалтууд, Бүтээгдэхүүн хуваах гэрээний холбогдох заалтуудтай уялдуулан тайлбарлан дүгнэлт өгөөгүй.

9.Мөн маргааны үйл баримттай холбоотой ач холбогдол бүхий тухайлбал, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа ашигласан, нэхэмжлэгч компанийн 2020-2021 онд хийгдсэн хайгуулын ажлын хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээнд аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн бүртгэлийн маягт, анхан шатны баримтууд, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас нэхэмжлэгч талд хүргүүлсэн “2021 оны хайгуулын 3,000,000 доллароо давуулан 3,400,000 доллароор зарцуулсан” гэх агуулга бүхий албан бичиг, “Үндэсний аудитын газар хувийн аудитын компани хөлслөөд “ЖӨЭ” ХХК-д хагас жил шалгалт хийж, анхан шатны тулгалтуудыг баталгаажуулж, хамгийн эцсийн байдлаар асуудлын бүртгэл хөтөлсөнтэй холбоотой” баримтуудыг тус тус цуглуулаагүй, эдгээр баримтыг үндэслэн дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байх тул эдгээр баримтуудыг цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагч, гуравдагч этгээдийн маргаж буй үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай.

10.Түүнчлэн маргаан бүхий актаар нэхэмжлэгч компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тухайн жилийн хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсний 154,410.0 ам.долларын зарцуулагдаагүй хөрөнгийг гэрээнд заасны дагуу төлүүлээгүй гэж үзэн уг хөрөнгийг нөхөн төлүүлж, Үндэсний аудитын газрын дансанд төвлөрүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хариуцуулахаар шийдвэрлэсэн.

11.Уг маргаан бүхий акт чиглэн гарсан этгээд болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гуравдагч этгээдээр оролцуулахаар захирамж[1] гаргасан, гуравдагч этгээдээс “нэхэмжлэлийн шаардлагад Ашигт малтмал, газрын тосны газрын хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй,... хэрэгт гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй” гэсэн тайлбар бүхий албан бичгийг[2] хүргүүлсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь анхан шатны шүүхэд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.

12.Гэтэл хэрэгт авагдсан баримт болох Ашигт малтмал, газрын тосны газраас аудитын шалгалтын үеэр “Аудитын тайлангийн төсөл дэх дүгнэлт[3]”-ийг хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд уг дүгнэлтэд   “ЖӨЭ” ХХК нь 2021 оны ирүүлсэн өртөг нөхөгдөх зардлын тайланд 3,098,880.85 ам.долларын дүнгээрээ тайлагнаж ирүүлсэн нь хайгуулын ажлын доод хэмжээнд хүрч байна... “ЖӨЭ” ХХК-уудын төлбөрийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж дурджээ.

13.Мөн давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд талаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өөрчлөн томилсон бөгөөд уг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр анхан шатны шүүхэд гаргаагүй тайлбаруудыг гаргасан, тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэлийг дэмжсэн тайлбаруудыг гаргасан.

14.Дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэхэд, анхан шатны шүүхээс “гуравдагч этгээд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын шүүхэд ирүүлсэн тайлбар нь хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн аудитын шалгалтын үеэр өгсөн тайлбар, дүгнэлтээс зөрүүтэй, ойлгомжгүй, мөн маргаан бүхий акт нь гуравдагч этгээдэд чиглэн гарсан байхад гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой байр суурийг тодруулах, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж тайлбарыг авах ажиллагааг бүрэн хийгээгүй” гэж үзэх үндэслэлтэй байх тул гуравдагч этгээдийн тайлбарыг тодруулан авах шаардлагатай.

15.Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 691 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БААТАРХҮҮ

                                       ШҮҮГЧ                                                        З.ГАНЗОРИГ

             ШҮҮГЧ                                                      А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 2-р хавтас 9 дэх тал

[2] Хэргийн 2-р хавтас 14 дэх тал

[3] Хэргийн 2-р хавтас 31 дэх тал