Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/00511

 

2019 оны 2 сарын 18 өдөр Дугаар102/ШШ2019/00511 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Цоглог хотхон 201-р байр хаягтай, Цоглог Сууц өмчлөгчдийн холбооны /цаашид СӨХ гэх/ нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 4-р хороо, цоглог хотхон 201-р байр 88 тоотод оршин суух, рд:ЧН59091596, Сартуул овогтой Санжхүүгийн Ганболдод холбогдох,

 

орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 445.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, хариуцагч С.Ганболд нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Цоглог СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цоглог Сөх нь Баянгол дүүрэг, 4-р хороо, Цоглог хотхоны 201, 202, 203 дугаар байруудын дундын СӨХ-г хариуцдаг. Манай холбоонд хамаарах 201 байрны 88 тоотод оршин суух Ганболд нь 2017 оны 08 сараас хойш 17 сарын СӨХ-ны төлбөр болох 445,500 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймд хариуцагч С.Ганболдоос Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалт, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3 дах заалт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дах заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтуудын дагуу 455,500 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч С.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний сарын орлого хүрдэггүй. Манай гэр бүлийн хүн бие нь муу байдаг. Эмчилгээ хийлгэдэг. Цалингийн зээлтэй учраас энэ төлбөрийг төлөх боломжгүй байгаад байгаа... гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Цоглог СӨХ нь хариуцагч С.Ганболдод холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 455.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Баянгол дүүргийн Цоглог Сууц өмчлөгчдийн холбоо 2016 оны 02 сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 223 тоот гэрчилгээ аван үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. /хэргийн 3 дугаар тал/

Нэхэмжлэгч Цоглог СӨХ нь Баянгол дүүргийн 4 хорооны нтаг дэвсгэрт байрлах Цоглог хотхон-2-ын 201, 202, 203-р байрыг хариуцан СӨХ-ны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, хариуцагч С.Ганболд нь 201-р байрны 88 тоот орон сууцны сууц өмчлөгч мөн эсэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

Хариуцагч С.Ганболд нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэхь хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүрэгтэй боловч эдгээр үүргээ 2017 оны 08 сараас 2019 оны 01 сар дуустал хугацаанд биелүүлээгүй байна./хэргийн 8-9 дүгээр тал/

Иймээс хэрэглэгчийн өмнөөс холбогдох газруудтай гэрээ байгуулсан нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны дулаан, халуун, цэвэр, бохир ус, хог, СӨХ-д төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд нийт 445100 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

СӨХ-д сар бүр төлөх зардлыг төлөхөөс татгалзсан тайлбарыг хариуцагч гаргаж, нэхэжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ төлбөрийн чадваргүй, цалин орлого хүрэлцдэггүй гэжээ.

Орон сууцны дундын өмчлөлийн зүйл болон орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах зүйлсийг Иргэний хуулийн 147, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд нэг бүрчлэн тодорхой тусгаж өгсөн бөгөөд энэхүү эд хөрөнгийн эвдрэл гэмтлийн засвар, мөн хэвийн байдал, ажиллагааг хангах хамгаалах, үйлчилгээний зардлыг цалин орлого хүрэлцдэггүй, төлбөрийн чадваргүй гэдэг үндэслэлээр засвар үйлчилгээний зардлыг хариуцагчаас гаргуулахгүй байх, төлбөрөөс чөлөөлөх хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлд тооцох үндэслэлгүй гэж шүүх үзнэ.

Хариуцагч буюу сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй байна.

Иймд СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага нийт 445100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14003 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14003 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

            1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч С.Ганболдоос орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 445.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цоглог СӨХ-д олгосугай.

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14003 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14003 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ