Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

 2022         02            07                                     2022/ШЦТ/42

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,

улсын яллагч Л.Э,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.На-д холбогдох эрүүгийн 2225000000013 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Б.Н

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шугар” баарны гадаа иргэн Г.А-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 200.000 төгрөг өгсөн баримт байгаа, нотлох баримтгүйгээр 400.000, мөн А9 загварын гар утас өгсөн.” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Г.А-н “...2021 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө найз Билгүүн, Цогоо, Баяраа бид дөрөв Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Set” баарнаас гарч ирээд төв замаас такси барих гээд зогсож байхад танихгүй дөрвөн залуучууд “юугаа харсан юм зайлаач” гээд замын эсрэг талаас бид нар луу орилоод байсан. Билгүүнээ бид хоёр “яасан юм бэ” гээд уг залуучууд дээр очиход хоёр залуу нь хувцсаа тайлаад нэг залуу нь миний нүүрэн хэсэг рүү цохиход би толгойны ард дагз хэсгээрээ газарт унаж ухаан алдсан. Намайг цохисон залуу нь Б.Н гэж байсан. Миний хуйханд шарх, хоёр нүдний зовхи, хүзүүний ар хэсэг, зүүн чихний дэлбээний ар хэсэгт цус хуралт гэмтлүүдийг Б.Н үүсгэсэн, ...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б.Н над руу залгаж, өөрийн нэрээ хэлж, намайг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

гэрч Х.А “...тэр дөрвөн залуутай хамт явж байсан нэг эрэгтэй нь “та нар Ариука гэж Эрдэнэтэд мэдэх үү” гэж орилоод бид дөрөв дээр ирж, ямар ч шалтгаангүйгээр Б.Ныг барьж авч хоёр, гурван удаа нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохихоор нь Д.Эрдэнэбулган, С.Алдарболд хоёр салгасан. Тэгээд нэг харсан чинь Ариука гээд орилоод байсан нь газарт унасан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

гэрч С.А “...улбар шар өнгийн цамцтай залуу нь “та нарыг ална шүү, намайг Ариука” гэдэг гээд Б.Н дээр очоод Б.Нын нүүрэн хэсэг рүү гараа атгаж байгаад цохиод байхаар нь Б.Н уг залууг гараараа түлхсэн чинь нөгөө залуу газарт биеийнхээ хойд хэсгээр унаж, ухаан алдаад хэсэг босож ирээгүй.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 15 дахь тал/,

гэрч Д.Э “...улбар шар өнгийн цамцтай залуу нь Б.Н дээр ирээд ямар ч шалтгаангүй нүүрэн хэсэг рүү нь гараа атгаж байгаад хоёр, гурван удаа цохиход Б.Н өөрөөсөө холдуулан түлхэхэд уг залуу газарт биеийнхээ хойд хэсгээрээ унасан. ...газарт унасан залуугийн толгойны дагз хэсгээс цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

сэжигтэн, яллагдагч Б.Н-ын “...2021 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “Шугар” баарны урд талд би Г.Ариунболдыг өөрөөсөө холдуулан түлхэхэд Г.Агазарт толгойныхоо ард хэсгээр унахад хуйханд шархны гэмтэл нь үүссэн байх, бусад гэмтлийг хэрхэн яаж үүссэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед толгойных нь ард хэсгээс цус гараад байсан. ...намайг түлхэхэд Ариунболд толгойны ард хэсгээрээ газарт унасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 35 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай; “...1.Г.А биед хуйханд шарх, хоёр нүдний зовхи, хүзүүний ар хэсэг, зүүн чихний дэлбээний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Хуйханд шарх, хоёр нүдний зовхи, хүзүүний ар хэсэг, зүүн чихний дэлбээний ар хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

иргэн Г.А “Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт байрлах “Шугар” диско баарны гадаа үл таних хүнд зодуулж эрүүл мэнддээ хохирол авсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Б.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/,

Б.Н нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 54 дэх тал/,

яллагдагч Б.Нын “... Миний бие А биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 66 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Одонцэцэг хохирогч Г.А _____ дугаарт холбогдон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэсэн тухай баримт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Н-аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шугар” баарны гадаа иргэн Г.А-г зодож, түүний биед хуйханд шарх, хоёр нүдний зовхи, хүзүүний ар хэсэг, зүүн чихний дэлбээний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх хохирогч Г.А-н “...нэг залуу нь миний нүүрэн хэсэг рүү цохиход би толгойны ард дагз хэсгээрээ газарт унаж ухаан алдсан. Намайг цохисон залуу нь Б.Н гэж байсан. Миний хуйханд шарх, хоёр нүдний зовхи, хүзүүний ар хэсэг, зүүн чихний дэлбээний ар хэсэгт цус хуралт гэмтлүүдийг Б.Н үүсгэсэн, ...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б.Н над руу залгаж, өөрийн нэрээ хэлж, намайг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн.” гэх,

гэрч Х.Анхбаярын “...нэг харсан чинь Ариука гээд орилоод байсан нь газарт унасан байсан.” гэх,

гэрч С.А “...Б.Н уг залууг гараараа түлхсэн чинь нөгөө залуу газарт биеийнхээ хойд хэсгээр унаж, ухаан алдаад хэсэг босож ирээгүй.” гэх,

гэрч Д.Эрдэнэбулганы “...уг залуу газарт биеийнхээ хойд хэсгээрээ унасан. ...газарт унасан залуугийн толгойны дагз хэсгээс цус гарсан байсан.” гэх,

Б.Н-ын сэжигтэн, яллагдагчар өгсөн “...намайг түлхэхэд Ариунболд толгойны ард хэсгээрээ газарт унасан.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай; “...Г.Ариунболдын биед хуйханд шарх, хоёр нүдний зовхи, хүзүүний ар хэсэг, зүүн чихний дэлбээний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

иргэн Г.А-н “Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт байрлах “Шугар” диско баарны гадаа үл таних хүнд зодуулж эрүүл мэнддээ хохирол авсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, Б.Н нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны дансны хуулга,  

яллагдагч Б.Н-ын “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Б.На-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Б.Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Б.Н-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Одонцэцэг хохирогч Г.А 99049680 дугаарт холбогдон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ад зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ