Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Ч.Отгонбаатар

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

          Шүүгдэгч *******лтанцэцэг нарыг оролцуулан Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******лтанцэцэгт холбогдох 2222000910177 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 43 настай,  эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд их эмч ажилтай, Улаанбаатар  хот, Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо Шинэ Амгалангийн 304-24 тоотод оршин суух, Барга буурлууд овогт Эрдэнэбазарын Алтанцэцэг /ЗМ74052307/

 

Шүүгдэгч *******лтанцэцэг нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар тус төвийн бүтэц орон тоог 22 байхаар баталснаас үйлчлэгчийн орон тоо 1 байхад 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргын Б/14 дугаартай тушаалаар өөрийн төрсөн эгчийн охин А.Ичинхорлоог үйлчлэгчийн батлагдаагүй орон тоонд томилж албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгож 6.346.683 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/А/12 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсэгт “төлбөртэй шинжилгээний орлого, зарцуулалтын тайланг тухай бүр нь байгууллагын шилэн дансанд ил тод, нээлттэй мэдээлнэ” гэснийг зөрчиж хувийн ХААН банкны 5001089391 дугаартай дансанд төлбөртэй шинжилгээний төлбөр болох 3.362.000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа завшсан нь албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

         Шүүгдэгч *******лтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Ковидын тестний мөнгийг өөрийн данс руу авсан хэргийн тухайд тухайн үед ковидын өвчлөл их, эм тариа дутагдалтай байсан учраас эм авдаг байсан. Тиймээс бэлэн мөнгөөр эм авч байсан. Ичинхоролын хувьд 3 ээлжээр улаан бүсэд ажилладаг байсан. Нэг асрагч дутсан учраас асрагчаар авч ажиллуулж байсан” гэв.

 

Хохирогч *******олдмаагийн “*******лтанцэцэг Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон гэж дуулдаж байсан. Түүнээс биш тус хүнийг ямар царай төрхтэй талаар би мэдэхгүй байна. Төрөл садны холбоо байхгүй. Хохирогчоор тогтоох тогтоолтой танилцаж, хэргийн материалтай танилцлаа. Хэргийн талаар нарийн ширийн зүйлийг би мэдэхгүй. Надад хохирогчоор тогтоогдоход татгалзах зүйл байхгүй. Төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэх хуулийн заалттай учир буруутай албан тушаалтнаар төлүүлж хохиролгүй болгох нь зүйтэй байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 126/

 

Гэрч *******олжинсүрэнгийн  “Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталсан байдаг. Байнгын ажлын байр нь ЭМТ-ийн дарга 1, эмчлэгч их эмч 1, багийн эмч 4, дүн бүртгэгч бага эмч 1, эх баригч 1, ээлжийн сувилагч 4, ахлах сувилагч 1, НЭМ-ийн ажилтан, дархлаажуулалтын сувилагч 1, лаборант 1, нярав, сантехникч 1, нягтлан 1, тогооч 1, жолооч 1, угаагч 1, үйлчлэгч 1, ариутгагч 1 буюу нийт 22 ажилтантай байхаар заасан. Харин үйлчлэгчийн орон тоонд хүн ажиллаж байхад орон тооны бус Алтаннарангийн Ичинхорлоо буюу өөрийн төрсөн эгчийн хүүхдийг ажилд авч, цалинг олгож байсан. Мөн НЭМ-ийн ажилтан дархлаажуулалтын сувилагчийн орон тоо сул байсан хэдий ч албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэгт заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагад мэргэжлийн сувилагч, их эмч, багийн эмч, мэргэжлээрээ нэгээс доошгүй жил ажилласан байхыг заасан байтал мэргэжлийн бус иргэнийг томилон ажилд авсан байсан. Мөн *******лтанцэцэгээс тухайн иргэний талаар тодруулахад Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуульд хамт урд нь суралцаж байсан, Б.Энхжаргал нь тус сургуулийг төгсөөгүй, 3 жил суралцаад гарсан гэх тайлбарыг тавьж байсан. Иймд ямар нэгэн ашиг сонирхлын зүйл илэрсэн. Мөн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн ковидын төлбөртэй шинжилгээ, төлбөргүй шинжилгээ хэрхэн хийснийг шалгаж үзэхэд иргэний мэдээллийг бүртгэсэн байдал хангалтгүй, сүүлийн 4-р улирлыг бүртгээгүй, иргэний мэдээллийг программд шивж оруулаагүй зэрэг шалгалт хийхэд хүндрэлтэй нөхцөл үүссэн. Алтанцэцэг нь Ковидын төлбөртэй шинжилгээг ээлжийн сувилагч нараар авахуулж, тус мөнгийг өөрийн данс болон бэлнээр авснаа хэлсэн. Хяналт, шалгалтын явцад *******лтанцэцэг нь Хулд сумын ЭМТ-ийн оношлуурын тооцоо гээд нийт 1,967,000 төгрөгийн орлого орсон баримтыг авчирсан ба тус мөнгөнөөс 2,707,175 төгрөгийн эмийг хувиасаа гаргаж Эрүүл мэндийн төвд эм авсан гэж ярьсан. Үүний дагуу эмнэлгийн эмийн орлогыг шалгаж үзэхэд тус авсан гээд байгаа эмийг орлогодож авсан зүйл байгаагүй. Иймд хувьдаа 1,967,000 төгрөгийг авсан зүйл тогтоогдож байсан. Мөн хяналт, шалгалт хийх явцад нягтлан бодогч Л.Дашнанжидаас эмийн үлдэгдэл тайланг авчрахыг шаардсан боловч удаасан, мөн эмийн өрөөнд орж тооллого хийх гэсэн боловч тооллого хийлгэлгүй дарга загнаад байдаг гэх талаар ярьж байсан.

Иймд холбогдох дүрэм, журмын дагуу Хулд сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны санхүүгийн тайланд татгалзах дүгнэлтийг гаргасан. Аудитын тайлан дүгнэлт гаргаж байх хугацаанд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Ганзориг нь энэ талаарх мэдээллийг авсан байсан бөгөөд өөрөө шалгаж байгаа гэдгээр тус аудитын татгалзсан дүгнэлтийг албан бичгээр авсан.

Мөн тус эрүүл мэндийн төвд 47 сая төгрөгийн өглөг үүссэн байсан ба эм, эмнэлийн хэрэгсэл борлуулдаг 11 аж ахуй нэгжид өгөх өглөгтэй байсан. Тухайн өглөгийн дагуу үйлдсэн тооцоо нийлсэн баримт дээр тухайн эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулсан аж ахуй нэгжийн нягтлан бодогчийн гарын үсэг байхгүй, тамга, тэмдэг байхгүй. Үнийн дүн засвартай байсан. Тухайн 11 байгууллагуудын ихэнх нь Улаанбаатар хот, зарим нь Замын-Үүд, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага байсан. Тус эм, эмнэлгийн хэрэгслийг бодитоор хүлээн авсан эсэх нь эргэлзээтэй, худалдаж авсан мэтээр хий өглөг үүсгэсэн байж болзошгүй байна. Иймэрхүү асуудал нь зөрчил болж байгаа бөгөөд тус компаниуд руу холбогдох өглөгийг шилжүүлээгүй байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 220-221/

 

Гэрч *******атцэцэгийн “2021 онд сувилагч нар ээлжинд гарч байх үедээ иргэдээс шинжилгээ авдаг байсан. Иргэдээс төлбөрийг дансаар болон бэлнээр авдаг байсан. Тэгээд ээлжнээс буухдаа тухайн өдрийн шинжилгээний төлбөрийг бөөнд нь эрүүл мэндийн төвийн дарга *******лтанцэцэгт өгдөг байсан. Би шинжилгээний төлбөрийг өөрийн 5462083554 тоот дансаар аваад даргын данс руу шилжүүлдэг байсан. Бэлнээр авсан тохиолдолд Алтанцэцэг эмчид бэлнээр өгдөг байсан. Нийт хэдэн удаа хэдэн төгрөг Алтанцэцэг эмчид өгсөн талаараа би санахгүй байна. 2021онд сувилагч Уранзаяа, Отгонтуяа бид 3 ээлжээр гардаг байсан. Дүрэм, журмын дагуу хаана, хэн дээр төвлөрүүлэх ёстой байдаг талаар би мэдэхгүй. Манай сувилагч нар бүгд л дарга руу өгдөг байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 231/

 

            Гэрч *******ранзаяагийн “Эрүүл мэндийн төвд тухайн өдөр ээлжинд хонож ажиллаж байгаа сувилагч ковидын төлбөртэй шинжилгээг авдаг. Ковид оношлуур, тестийг Эрүүл мэндийн төвийн эмийг хариуцдаг байсан Цэндсүрэн гэж хүнээс авч шинжилгээ хийдэг. Эмийн захиалгын хуудсаар оношлуур, тестийг захиалж авдаг байсан. Тэгээд шинжилгээний төлбөрийг иргэдээс дансаар өгсөн тохиолдолд өөрийнхөө 5462094883 тоот дансаар аваад Эрүүл мэндийн төвийн даргын өөрийнх нь данс руу шилжүүлдэг байсан. Миний хувьд бэлнээр төлбөр авч байгаагүй, би дансаар аваад *******лтанцэцэг дарга руу шилжүүлдэг байсан. Шинжилгээний төлбөр хэдэн төгрөг шилжүүлж байсан талаараа би санахгүй байна. Миний санаж байгаагаар би 2 удаа шилжүүлж байсан. Төлбөртэй шинжилгээний төлбөрийн мөнгийг хаана хэн дээр нэгтгэж төвлөрүүлэх ёстой талаар би мэдэхгүй байна. *******лтанцэцэг дарга өөрөө над руу шилжүүл гэдэг байсан. Одоогоор Эрүүл мэндийн төв худалдан авалт хийгээгүй байна, эмийн сангаас эм, эмнэлгийн хэрэгслээ хангаж байгаа. Урьд нь 2021 онд *******лтанцэцэг эмч Улаанбаатар хот руу явж эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтаа хийдэг байсан. Би Эрүүл мэндийн төвийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авалтыг хариуцаж байна. Урьд нь 2021 онд Цэндсүрэн эмч, Алтанцэцэг дарга нар хариуцдаг байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 227/

Гэрч *******ашнанжидийн “ Би 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байна. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийхээр төлөвлөгөөт хуваарийн дагуу санхүүгийн тайлан, материалыг татаж үзсэн боловч тайлант онд Хулд сумын Эрүүл мэндийн төвийн дарга *******лтанцэцэг нь байгууллагын орон тоо, цалингийн санд батлагдаагүй 2 орон тоонд өөрийн хамаарал бүхий этгээдийг авч ажиллуулсан. Мөн ковидын төлбөртэй шинжилгээний орлогыг төсвийн дансанд төвлөрүүлээгүй, өөрийн хувийн дансаар авч ашиглан санхүүгийн тайланд тусгаагүй. Уг орлогоор эрүүл мэндийн төвийн дарга эм худалдан авсан гэсэн боловч бүртгэл тайланд тусгаагүй, иргэдээс эм тарианы төлбөр гэсэн гүйлгээ хувийн дансаар нь орсон байсан.

Аудитын явцад аймгийн Эрүүл мэндийн газартай тооцоо нийлэхэд 1,664,905 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн орлогыг хүлээн авсан боловч санхүүгийн тайланд тусгаагүй гэж татгалзсан дүгнэлтэд дурдсан байсан. *******лтанцэцэгийг анх 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хулд сумын Засаг даргын Б/20 дугаар захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Дараа нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хулд сумын Засаг даргын Б/24 дугаар захирамжаар Э Алтанцэцэгийг сонгон шалгаруулалтаар дараагийн хүн томилогдох хүртэл түр томилон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байдаг. *******лтанцэцэг нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх аудитын шалгалтаар сахилгын хариуцлага тооцуулах тухай албан шаардлага хүртэл Төрийн аудитын газраас ирж байсан.

2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргын А/01 тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталсан байдаг. Тус бүтцээр Эрүүл мэндийн төвийн дарга 1, эмчлэгч их эмч , багийн эмч 4, дүн бүртгэгч бага эмч 1, эх баригч 1, ээлжийн сувилагч 4, ахлах сувилагч 1, НЭМ-ийн ажилтан дархлаажуулалтын сувилагч 1, лаборант 1, нярав сантехникч 1, нягтлан 1, тогооч 1, жолооч 1, угаагч 1, үйлчлэгч 1, ариутгагч 1 гэсэн нийт 22 хүний орон тоотой байдаг. Гэтэл үйлчлэгч Д.Баясгалан гэж хүн ажиллаж байхад нэмж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн даргын Б/14 дугаартай тушаалаар А.Ичинхорлоо гэх хүнийг авч ажиллуулсан. Эрдэнэбазарын Алтанцэцэгийн төрсөн дүү нь *******лтаннаран гэдэг байсан бөгөөд түүний охин нь А.Ичинхорлоо /РД: ЗМ9704050Э, утас: 80123741/ юм. *******лтаннаранг хэдэн онд гэдгийг нь хэлж мэдэхгүй байна, нас барсан бөгөөд А.Ичинхорлоог *******лтанцэцэг дарга өөр дээрээ авч өсгөсөн юм байна лээ. Манай ажлынхан хоорондоо ам дамжуулан тэгж ярьж байсан.

            *******лтанцэцэг даргын хувьд нягтлан бодогчтойгоо хамтран ажилладаггүй,  хаанаас хэдэн төгрөгийн эм авч байгаа нь тодорхойгүй, байгууллагын орлогод бүртгүүлэлгүй зарлагадах гэх жишээний зүйл их байдаг. Ийм байдлаас болоод материалын тайлан нь үнэн зөв гарсан гэх хангалттай нотолгоо байхгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны материалыг бүрдүүлээгүй, орлого, зарлагадсан падаан байхгүй зэргээс болж аудитаас татгалзсан дүгнэлтийг авсан. *******лтанцэцэг даргаас Эрүүл мэндийн газраас хандив тусламжаар авсан эм, эмнэлгийн хэрэгслийг орлогод бүртгүүлэх, зарлагын баримтыг хийж гүйцэтгэх талаар удаа дараа би хэлж байсан. Гэвч намайг “миний өөдөөс битгий юм хэлээд бай, чи зүгээр миний хэлсний дагуу хий” гэх байдлаар дарамталдаг. Ээлжийн сувилагч нар нь өдөрт ээлжээ хүлээлцэж байхад миний нүдэн дээр *******лтанцэцэг даргын данс руу ковидын тестийн төлбөр гээд мөнгө шилжүүлж байсан. Төрийн байгууллагыг хувийн байгууллага шиг ашиглаж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.

 2021 оны эцэст аудитын газарт материалаа өгч шалгуулахын тулд Эрүүл мэндийн газартай хандиваар авсан эм, эмнэлгийн хэрэгслийг тулгалт хийхэд эм, эмнэлгийн хэрэгслийг орлогын бүртгэлд авалгүйгээр шууд зарцуулсан байсан тул оны эцэст тус тулгалтын дагуу би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр орлогдож авсан. Орлогодож авсан хэдий ч яг эм, эмнэлгийн хэрэгслийг бодитоор авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. *******лтанцэцэг дарга нь өөрөө дур мэдэн энд тэндэхийн компаниас өөрөө шууд худалдан авалт хийгээд нэхэмжлэлийг нь тухайн хугацаа өнгөрсний дараагаар надад замбараагүй өгчихдөг, мөн тус авсан гээд байгаа бараа материал ирсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Эмийн өрөө гээд тустай өрөө гаргасан ба тус өрөө рүү орж эмийн тулгалт хийхээр няравын хамт оръё гэхэд оруулдаггүй. Оны эцэст гэхэд л 37,809,614 төгрөгийн аж ахуй нэгжид өгөх өглөгтэй гарсан” гэх мэдүүлэг /2р хх-ийн 238-239/

 

            Гэрч *******тгонтуяагийн “ *******лтанцэцэг нь миний төрсөн эгч юм. Би мэдүүлэг өгнө . Би Ковид-19 цар тахлын түргэвчилсэн тестийн шинжилгээг бол авч байсан, гэхдээ би төлбөртэй шинжилгээг авахдаа өөрийнхөө дансаар дамжуулж байгаагүй, харин төлбөрийг шууд төрсөн эгч *******лтанцэцэгийн 5001089391 дугаарын данс руу нь шууд хийлгэдэг байсан. Би төлбөртэй шинжилгээг бэлнээр авч байгаагүй. Б.Тунгалаг нь *******лтанцэцэгтэй гэрээ байгуулахгүй гэх шалтгаанаас болж ажлаасаа гарсан сураг дуулсан, тэрнээс яагаад ажлаас халсан нарийн ширийн учрыг мэдэхгүй. Би сумын Эрүүл мэндийн төвд 1999-2016 онд сувилагч албан тушаал дээр, 2016 оноос хойш одоог хүртэл ариутгагч албан тушаал дээр ажиллаж байгаа ба ээлжийн сувилагчийг хавсран гүйцэтгэж 40 хувийн нэмэгдэл цалинг авдаг. Вакцинатороор ажиллаад надад авсан нэмэгдэл цалин гэж байхгүй, Б.Тунгалаг нь ажлаас халагдсан байсан болохоор сумын эмнэлэгт надаас өөр мэргэжлийн вакцинатор үнэмлэхтэй хүн байхгүй байсан болохоор би вакцинаторын хатгалт хийж, хатгалтын нэмэгдэл мөнгө гэж авч байсан. *******лтанцэцэг эгч вакцин тарих ажлыг хий гэдгийг дарга, цэргийн хувиар өгсөн тул би тус ажлыг хийсэн. Тэрнээс бол эгч *******лтанцэцэгийг намайг вакцинатороор ажиллуулаач гэж ярьсан зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 25-26/

 

  • Хөрөнгө бараа материалын тооцоо нийлсэн акт /1-р хх-ийн 31-33/
  • *******лтанцэцэгийн ХААН банкны 5001089391 дугаартай дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 140-141/
  • Иргэн *******атцэцэгийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 292/
  • Иргэн А.Ичинхорлоогийн нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа /2-р хх-ийн 141/
  • Хохирлын тооцоо /2-р хх-ийн 146/
  • Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 3-р хх-ийн 60, 3-р хх-ийн 63, 3-р хх-ийн 73, 3-р хх-ийн 92-93, 3-р хх-ийн 95, 3-р хх-ийн 96, 3-р хх-ийн 134-135, 3-р хх-ийн 138 болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч *******лтанцэцэг нь Дундговь аймгийн  Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах хугацаандаа тус эрүүл мэндийн төвийн батлагдаагүй орон тоонд өөрийн төрсөн эгчийн охин А.Ичинхорлоог үйлчлэгчээр томилж ажиллуулсан, мөн ковидын шинжилгээний төлбөрийг шилжүүлэн авч байсан гэх  үйл баримт тогтоогдож байна.

          Шүүгдэгч *******лтанцэцэгийн Дундговь аймгийн  Хулд сумын Эрүүл мэндийн төвийн батлагдаагүй орон тоонд өөрийн хамаарал бүхий харилцаатай хүнийг үйлчлэгчээр авч ажиллуулсан, мөн ковидын шинжилгээний төлбөрийг ХААН банкны өөрийн хувийн 5001089391 дугаартай дансанд шилжүүлэн авч байсан үйл баримт нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон шинжээрээ Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******лтанцэцэг нь Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргын буюу шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалд ажиллаж байхдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг илт зөрчсөн, хууль бус үйлдэл бөгөөд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч *******лтанцэцэгийг Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр өөрийн холбогдсон эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байна. Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэх тухай саналаа бичгээр гарган яллагдагчид танилцуулсан бөгөөд шүүгдэгч *******лтанцэцэгт холбогдох эрүүгийн 2222000910177 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасанд нийцсэн байна.

          Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.

          Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн  тул прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч *******лтанцэцэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан 9.708.683 төгрөгийг төрийн санд шилжүүлсэн учраас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

             

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Барга буурлууд овгийн Эрдэнэбазарын Алтанцэцэгийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Барга буурлууд овогт Эрдэнэбазарын Алтанцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******лтанцэцэг нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******лтанцэцэг нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солидог болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 9.703.683 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******лтанцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Г.МӨНХБАТ