| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2019/00484/И |
| Дугаар | 183/ШШ2019/00831 |
| Огноо | 2019-04-08 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2019/00831
| Дугаар 183/ШШ2019/00831 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Б.С, Ж.С нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух С овогт З.З ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух Б овогт Р.Л д холбогдох,
Гэм хорын хохиролд 5 076 105 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч З.Ш, иргэдийн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :
Миний бие Б.А 1996 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд дундаасаа А.О, А.О нарыг төрүүлж, одоог хүртэл гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч одоог хүртэл хамтран амьдарч байна. 2011 оны 12 дугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахаар хөөцөлдөж материал бүрдүүлэхэд гэрлэлт бүртгэлтэй эсэх лавлагаа шаардсанаар улсын бүртгэлээс лавлагаа авахад Р.Л гэх хүнтэй гэрлэлтийн баталгаатай гэсэн лавлагаа гарсан. Тодруулбал Р.Л нь З.Зтай огт хамааралгүй, хүүхдүүдийн минь аав А багын найз, гэр бүлийн найз нөхдийн харилцаатай, танил төдий хүн юм. Р.Лгийн утсыг найзаас нь авч бид гэрлэлттэй гэж гарч ирээд байна, энэ ямар учиртай талаар асуухад тухайн үед Засгийн газраас шинэ гэр бүлд олгодог байсан 500 000 төгрөгийг авах гээд Дундговь аймгийн Сайнцагаан сумын улсын бүртгэгчээр ажилладаг найз гэх Ц хуйвалдаж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, чамтай гэрлэлт бүргүүлчихсэн. Энэ талаар чамд хэлж чадахгүй байсан юм, одоо салгуулчихъя гэж хэлсэн. Би түүнд яаж бүртгүүлсэн аргаараа маш хурдан салгуулаарай, зээл авахад гэр бүл батлагдсан байдал, хамтран зээлдэгчтэй мэтээр харагдуулж, маш том хүндрэл болж байгаа, мөн хүүхдүүдийн минь аав, нөхөр А, төрсөн болон хадам аав, ээж, ах, дүү, найз нөхөд мэдвэл миний нэр хүнд, хувийн амьдралд маш хэцүү байдал үүсэх талаар хэлж гуйсан.
Тэрээр гэрлэлт цуцалсан гэж хэлсэн хэдий ч гэрлэлт бүртгэлтэй хэвээр байсныг 2018 оны 6 дугаар сард мэдэж өөрөөс зардал гарган баримт материал бүрдүүлсний эцэст Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Р.Лтэй бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3702 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Дээрх хууль бус гэрлэлтээс болж нөхөр А болон бусад хүмүүс мэдэж өнгөрсөн 10 жилийн туршид миний нэр хүнд, хувийн болон нийгмийн амьдралд яагаад ч арилахгүй хар толбыг үлдээж миний бие сэтгэл санааны хямралд орж, гэр бүлийн хүн маань буруугаар ойлгосны улмаас гэр бүл дотор үл ойлголцол байнга гарах болж бид тус тусдаа амьдрах болсон, тэрчлэн албан ёсны гэр бүлээ хууль ёсоор батлуулж чадаагүйгээс болж охиноо АНУ-руу сургуульд явуулж чадаагүй, дээрх байдлуудаас шалтгаалж сэтгэл санааны хямралд байнга орж, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч сэтгэл санаагаар их хохирсон ба одоо толгой их өвддөг, үс бууралтах зэрэг шинж тэмдгүүд илрэх болсон.
Тиймээс миний бие энэхүү 12 жил шахуу үргэлжилсэн дарамт, доромжлолыг зогсоохын тулд өөрийн зардлаар Р.Лгийн хууль бусаар хийлгэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэдгийг нотлохын тулд багагүй зардал, цаг зав, хүчин чармайлт гаргаж Дундговь аймгийн архив, аймгийн захиргааны байгууллага болон шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, өмгөөлөгч авсан зэргээр өөрөөс их хэмжээний зардал чирэгдэл гарсан. Иймд хариуцагч Р.Лгээс болж сэтгэл санаа, эд материалаар хохирсон тул сэтгэл санааны хохиролд 2 500 000 төгрөг, өөрөөс гаргасан бусад зардалд 2 576 105 төгрөг, нийт 5 076 105 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Р.Л болон З.З нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцсон нь 2010 онд гэрлэлт цуцалсан явдлыг баталгаажуулсан үйлдэл болохоос нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэж үзэж байна. З.З нь хууль хүчний байгууллагыг санаатайгаар төөрөгдүүлж, өөрийн олж авсан хуулийн мэдлэгээ ашиглан, шунахайн сэдэлтээр залилсан болон зээлсэн өр төлбөрийг бууруулах чиглэлээр дээрх хууль бус, ёс зүйгүй үйлдлээ тасралтгүй үйлдэж байна. Нэхэмжлэгч хариуцагч нар гэр бүлийн холбоотой, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гомдлоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны цагдаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ гэж гомдол гаргаж, уг гомдлоор хариуцагч Р.Лд Хан-Уул дүүргийн Эрүүгийн шүүхийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн. Иймээс эдгээр хоёр хүн хоорондоо гэр бүлийн харилцаатай, хамтран амьдарч байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Р.Лд холбогдуулан нэхэмжлэгч З.З нь гэм хорын хохиролд 5 076 105 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч З.З нь Р.Лтэй огт хамааралгүй, хууль бусаар гэрлэлт бүртгүүлснээс сэтгэл санааны хямралд орсон тул сэтгэл санааны хохиролд 2 500 000 төгрөг, өөрөөс гаргасан бусад зардалд 2 576 105 төгрөг, нийт 5 076 105 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч Р.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч З.З, хариуцагч Р.Л нар нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр хариуцагчид зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцсон иймд хамтын амьдралтай байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчид 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлт цуцлуулсан бүртгэлтэй байжээ./х.хийн 9 дүгээр тал, үндэслэх хэсэг/
Хэрэгт авагдсан баримтаар Р.Л З.З нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцсон болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3702 дугаар шийдвэрээр тогтоогджээ. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 2008 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Р.Л, З.З нар гэрлэсэн тухай анкетад эхнэрийн талаас буюу З.Згийн гарын үсэг зурагдаагүй байх бөгөөд энэхүү маягтыг улсын бүртгэгч Г.Ц хүлээн авч, улсын бүртгэгчийн нэр бүхий тэмдэг дарсан байна” гэж үзсэн нь улсын бүртгэгч гэр бүлийн бүртгэлийг бүртгэхдээ зохих журмыг зөрчсний улмаас гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцсон байна.
Нэхэмжлэгч З.З нэхэмжлэлдээ “... нөхөр Б.А 1996 оноос өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа ... бид одоог хүртэл гэрлэлтээ батуулаагүй ч хамтран амьдарч байна” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл Б.А хамтын амьдралтай байсан, байгаа эсэх, гэр бүл болж байсан талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 136 дугаар магадлалд “... Р.Л нь ... 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр салсан эхнэр З.Зг гэрээний үлдэгдэл мөнгөө авахаар очиход нь .....цохих зэргээр зодсон зөрчилд холбогджээ. ... гэрч П “З.З хуучин салсан нөхөр Р.Лгийн гэр лүү ороод удалгүй З.З, Р.Л хоёр гарч ирсэн ..., прокурор Л.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... Зөрчилд холбогдогч Р.Л нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Золзаяаг зээлсэн мөнгөө авахаар очиход нь түлхэн унагааж, хөлрүү нь өшиглөж, гар руу нь цохиж. Цээртэй үгээр гутаан доромжилж, бие махбодь сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн нь З.Згийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хохирогчоор 2 удаа авсан мэдүүлгээр нотлогдсон. Өмнө нь хамтран амьдарч байсан, энэ нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж ойлгох, ойлголт болохгүй гэж хэлж байна. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “өмнө нь хамтран амьдарч байсан бол гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж ойлгоно” гэсэн заалт байна” гэх мэдүүлэг , дүгнэлтээс дүгнэвэл нэхэмжлэгч З.З хариуцагч Р.Лтэй огт хамааралгүй гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл прокурорын дүгнэлтэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч З.Згийн өөрийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т “хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Р.Лтэй гэр бүлийн харилцаатай байгаагүй, огт хамааралгүй гэж гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь дээрх магадлалд дурдсан үйл баримтаар няцаагдаж байна.
Мөн 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтийг захиргааны журмаар цуцлуулсан атал 2018 оны НӨАТ-ын баримт, тээврийн хэрэгслийг, жолоочийн хамт хөлсөөр ажиллуулах гэрээ, төрийн банкны дансны хуулгаар өгсөн нотлох баримтуудыг гэрлэлт цуцлуулахдаа холбоотой гэж цаг хугацааны хувьд тооцох үндэслэлгүй байх тул үнэлээгүй болно.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3702 дугаар шийдвэрээр улсын бүртгэгч гэр бүлийн бүртгэлийг бүртгэхдээ зохих журмыг зөрчсний улмаас гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцсон байх тул улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын зардлын баримтыг уг хэрэгт шууд хамааралтай гэж үнэлэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.
Иймд огт гэр бүлийн харилцаагүй байснаас гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн нь сэтгэл санааны хямрал үүссэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байх тул сэтгэл санааны хохирол 2 500 000 төгрөг, өөрөөс гаргасан бусад зардалд 2 576 105 төгрөг, нийт 5 076 105 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүрэлдэхүүн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Лд холбогдох нэхэмжлэгч З.Згийн гэм хорын хохиролд 5 076 105 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэмж 27 968 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.О
ШҮҮГЧИД Б.С
Ж.С