| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0156/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/158 |
| Огноо | 2022-11-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******ад холбогдох 2222001790180 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар баг, ******* гэх газар оршин суух, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй Арван найман богд овогт ******* /ЗИ68100119/.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар баг Буянт гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тухайн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй “Гурвансайхан” ХХК-ний туслан гүйцэтгэгч “Ордгео” ХХК-ний өмчлөлийн 2472 УБҮ улсын дугаартай Toyota Landcruiser-70 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хаалгыг өшиглөж гэмтээсний улмаас 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Говь Гурвансайхан ХХК нь Өлзийт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хууль бус ажиллагаа явуулдаг. Тэнд малчин ард иргэд бид ураны эсэргүүцэл үзүүлж очоод тэмцэл хийсэн. Намайг очиход машин зогсож байхаар нь “ажиллуулахгүй тэмцэл хийж байна” гэсэн чинь “бид нар ажлаа хийж байна” гээд байсан. Би “бид эх орон, бэлчээр нутгаа хамгаалж байна” гэтэл “бид явна” гээд миний хөл дээгүүр дайраад хөдлөөд явсан. Би хөлөө суга татаад хаалга руу нь өшиглөсөн. Би өшиглөсөн учраас хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
- Хохирогч ******* “Би 24-72УБҮ улсын дугаартай Land criuzer-70 маркийн тээврийн хэрэгслийг барьдаг. Тухайн тээврийн хэрэгслийг манай байгууллагын захирал Бат-Орших 2022 оны 09 сарын 10-ны өдөр бариад уурхайн кемпээс гарч яваад Өлзийт сумын 2 дугаар багийн нэг иргэнд тухайн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгаа өшиглүүлсэн гэсэн. Би тухайн өдөр өөр газар байсан болохоор сайн мэдэхгүй байна. Урьд өмнө нь намайг барьдаг байхад хаалга нь зүгээр байсан. Манай байгууллага болох “Ордгео ХХК”-ний тээврийн хэрэгслийг зүгээр байхад нь нутгийн иргэн эвдэж гэмтээсэн асуудалд манай байгууллагаас намайг төлөөлүүлж оролцуулж байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл манай байгууллагын нэр дээр байдаг, хэзээ авсан талаар сайн мэдэхгүй байна. Манай байгууллагын тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээсэн буруутай этгээдээс хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25/
- Гэрч ******* “Манай компани Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа Гурвансайхан ХХК-ны Хайрханы талбайд өрөмдлөгийн үйл ажиллагаа гэрээгээр явуулж байгаа. Би 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн орчимд уурхайн кемпээс гарч өрөмдлөгийн тайлбай руу компанийнхаа 24-72 УБҮ улсын дугаартай хар саарал өнгийн Ланд-70 маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод ганцаараа явж байтал замын хажууд цэнхэр өнгийн дээлтэй хүн гар өргөөд зогсож байсан. Би зогсоод цонхоо нээгээд “Сайн байна уу” гэхэд тэр хүн “буц п... минь” гэж хэлээд миний машины жолооч талын хаалга руу нэг удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би хөдлөөд өрмийн талбай руу очсон юм. Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа Гурвансайхан ХХК-ний үйл ажиллагааг нутгийн малчин эсэргүүцээд байгаа юм. Тэр хүмүүсийн нэг байх. Би машиныхаа эвдрэлийн үнэлгээг гаргуулж буруутай этгээдээр төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
- Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд “шууд зардлын дүн-460.000 төгрөг, шууд бус зардлын дүн-30.000 төгрөг, нийт дүн-490.000 төгрөг /хх-ийн 48/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/
- Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000.04.26-ны өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-85/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 6-10/
- 24-72 УБҮ улсын дугаартай Land criuzer-70 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар баг Буянт гэх газарт “Ордгео” ХХК-ний өмчлөлийн 2472 УБҮ улсын дугаартай Toyota Landcruiser-70” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд хаалгыг өшиглөж гэмтээсэн үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь “2472 УБҮ улсын дугаартай Toyota Landcruiser-70” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд хаалгыг өшиглөж гэмтээсэн болох нь гэрч Ч.Бат-Орших, хохирогч П.Ариунбат, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь бусдын эд хөрөнгийн санаатай устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч нь “Ордгео” ХХК-ний өмчлөлийн 2472 УБҮ улсын дугаартай Toyota Landcruiser-70” маркийн тээврийн хэрэгслийг өшиглөж гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч эх орон, бэлчээр, нутгаа хамгаалж тэмцэж байсан, миний хөл дээгүүр гарахаар нь энэ үйлдлийг хийсэн гэж маргаж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг, байгаль орчноо хамгаалах үүргийг тус тус хуульчилан баталгаажуулж өгсөн. Иргэн нь дээрх эрхийг эдэлж, үүргийг биелүүлэхдээ бусдын бие махбодь, эд хөрөнгөнд халдах, устгах, гэмтээхийг хуулиар хориглосон бөгөөд шүүгдэгч *******ын бусдын эд хөрөнгийг гэмтээж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчсөн байна.
Мөн шүүгдэгч нь “Ордгео” ХХК-ний өмчлөлийн 2472 УБҮ улсын дугаартай Toyota Landcruiser-70” маркийн тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь хөл дээгүүр гарсан гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзээд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр өөрийн холбогдсон эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байна.
Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналаа бичгээр гарган яллагдагчид танилцуулсан бөгөөд шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасанд нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.
Шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 490.000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт эд мөрийн баримтаар 137 см урттай гинжийг хураан ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Арван найман богд овогт *******ыг бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 137 см урттай гинжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХБАТ