Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 4

 

  2023               01                04                                          2023/ШЦТ/04                                                                                   

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, шүүгч Э.Б шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй,

            Нарийн бичгийн дарга М.Х

            Улсын яллагч Б.С

            Иргэдийн төлөөлөгч М.Ч

            Хохирогч Э.М

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

            Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, ... хамт амьдрах, ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаасавсан гавъяа шагналгүй, урьд нь ... шүүхийн 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, ... овогт Ж.М -т холбогдох эрүүгийн 2220000000127 тоот хэргийг 2022 оны 11-р сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 сарын 16-наас 17-нд шилжих шөнийн  00 цаг 30  минутын үед ... тоотод иргэн Э.М маргалдсаны улмаас хүрэн иштэй хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж түүний хэвлийн хэсэгт 1 удаа хутгалж,  хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэгний 2-р сегмент болон ходоодны бага махиаг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би өмнө нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлсэн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэжээ.

Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хүнээс нэхэмжлэх зүйл гэвэл эрүүл саруул болгоод өг гэж хэлмээр байна. Би эмнэлгээр явах гэхээр надад мөнгө алга. Би зүгээр байж байхдаа хутгуулсан. Бид муудсан байж болно. Гэхдээ зодож, цохиогүй. Намайг хэл амаар доромжилсон гээд худлаа яриад байх юм. Өөрөө хүн хутгалчхаад буруугаа ойлгохгүй байна. Би тухайн өдрийн үйл явдлыг санаж байна. Бид хоёрт хэрэлдэх шаардлага байхгүй. Одоо миний биеийн байдал маш хүнд байна“ гэжээ.

 Шүүгдэгч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд ... тоотод Э. М маргалдаж Э.М хэвлий хэсэгт хүрэн өнгийн бариултай хутгаар 1 удаа хатгаж түүнд “хүнд” гэмтэл учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 10 сарын 16-ны өдөр өөрийн амьдардаг гэртээ Ж.М хамт мөн манай эхнэр байсан. Бид гурав 1 шил архи ууж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Болсон асуудлыг санахгүй байна. Миний биеийн байдал маш хүнд муу байна. 2022 оны 10 сарын 17-ны шөнө хагалгаанд орсон түүнээс хойш тасралтгүй эмнэлгээр явж байна. ...би цаашид биеэ эмчлүүлж Улаанбаатар хот руу үзүүлж харуулах бодолтой байна. Би эмчилгээний зардлыг Ж.М нэхэмжилж байна. Би 5,000,000 төгрөг болох болов уу, эмчилгээнд багтчих болов уу гэж бодож байна”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-14/,

Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М, М хоёр түшлэгтэй буйдан дээр зэрэгцээд сууж байсан би эсрэг талын орон дээр зурагт хараад сууж байсан чинь гэнэт л маргалдаад шорон морон яриад том том дугарцгаагаад байсан. ...М нь босож ирээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг шүүрч аваад М хэвлий хэсэг рүү дүрчихээд хутгаа шидчихээд гараад зугтаачихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн гэмт хэргийн улмаас Э.М нь ... нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,124,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг шүүгдэгч Ж.М гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/, 

2022 оны 10 сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 04/212 дугаартай дүгнэлтэд:

            -Э.М биед гэмтэл тогтоогдлоо.

            -Э.М биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэгний 2 дугаар сегмент болон ходоодны бага махиаг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт гэмтлүүд тогтоогдлоо.

            -Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

            -Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно.

            -Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна” гэжээ. /хх-ийн 25-27/

Хэргийн газар үзлэг хийсэн  тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-08/,

 Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 09/,

 2022 оны 10 сарын 25-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 03/10 дугаартай дүгнэлтэд:

-үзлэгээр ирүүлж бэхжүүлж авсан 24 см нийт урттай, ажлын хэсгийн урт нь 13 см, бариул хэсэг нь 11 см урттай хүрэн өнгийн бариултай хутга  нь шинжилгээнд тэнцэнэ.

-шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрэхгүй байгаа тул бусад асуултанд хариулах боломжгүй” гэжээ. /хх-ийн 30-32/

2022 оны 10 сарын 25-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 03/09 дугаартай дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн подволкний дээд зах хэсгээс 20 см, доод эрмэг хэсгээс 40 см, баруун захаас 23 см, зүүн захаас 22 см зайд 1.6х2мм хэмжээтэй гэмтэлтэй байна.

-Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн подволкний дээд зах хэсгээс 20 см, доод эрмэг хэсгээс 40 см, баруун захаас 23 см, зүүн захаас 22 см зайд 1,6х2мм хэмжээтэй гэмтэл нь зах эрмэг хэсэг нь тэгш, хурц үзүүртэй, суналтгүй, сэмрэлгүй жигд зүсэгдсэн, гандаж өнгөө алдаагүй тул хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй” гэжээ. /хх-ийн 35-36/

Хохирогч Э.М Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 41/  

Шүүгдэгч Ж.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны зөрчилд холбогдсон талаарх лавлагаа /хх-ийн 61,77-78/

Шүүгдэгч Ж.М ... дугаарын иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хх-ийн 56,59/

Эрүүлжүүлсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 69-71/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.М нь 2022 оны 10 сарын 16-наас 17-нд шилжих шөнийн  00 цаг 30  минутын орчимд ... тоотод хохирогч Э.М хамт архи ууж, архидан согтуурсан үедээ Э.М “чи яв зайл, муу банди минь, лалар минь” гэх мэт маргалдсаны улмаас ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг авч түүний хэвлийн хэсэгт нэг удаа хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэгний 2-р сегмент болон ходоодны бага махиаг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Ж.М дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Ж.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 10 сарын 16-ны өдөр өөрийн амьдардаг гэртээ Ж.М хамт мөн манай эхнэр байсан. Бид гурав 1 шил архи ууж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Болсон асуудлыг санахгүй байна. Миний биеийн байдал маш хүнд муу байна. 2022 оны 10 сарын 17-ны шөнө хагалгаанд орсон түүнээс хойш тасралтгүй эмнэлгээр явж байна. ...би цаашид биеэ эмчлүүлж У хот руу үзүүлж харуулах бодолтой байна. Би эмчилгээний зардлыг Ж.М нэхэмжилж байна. Би 5,000,000 төгрөг болох болов уу, эмчилгээнд багтчих болов уу гэж бодож байна”  гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/, гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М, М хоёр түшлэгтэй буйдан дээр зэрэгцээд сууж байсан би эсрэг талын орон дээр зурагт хараад сууж байсан чинь гэнэт л маргалдаад шорон морон яриад том том дугарцгаагаад байсан. ...М нь босож ирээд ширээн дээр байсан хүрэн иштэй хутгыг шүүрч аваад Мө хэвлий хэсэг рүү дүрчихээд хутгаа шидчихээд гараад зугтаачихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн гэмт хэргийн улмаас Э.М нь ... эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,124,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг шүүгдэгч Ж.М гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/  болон хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-08/, 2022 оны 10 сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 04/212 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-27/, хохирогч Э.М Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 41/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Э.М биед учирсан гэмтлийн талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч П.Г нь 2022 оны 10 сарын 20-ны өдрийн 04/212 тоот дүгнэлтээр “Э.М биед гэмтэл тогтоогдлоо, Э.М биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэгний 2 дугаар сегмент болон ходоодны бага махиаг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ, дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно, хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарах болно” гэж дүгнэлт гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар уг дүгнэлттэй танилцаж, танилцсан оролцогчдоос ямар нэг хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд  гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн улмаас  хохирол, хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ж.М хохирогч Э.М биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг “иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг” хамааруулж ойлгох бөгөөд шүүгдэгч нь харагдах байдлаар ахуйн хэрэглээнд зориулсан хутгаар хохирогч Э.М эрүүл мэндэд хор уршиг учруулсан байгаа нь зэвсэг хэрэглэсэн гэж үзэх юм.

Шүүгдэгч Ж.М хувьд хохирогчийн биед учруулсан хүнд гэмтэл нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдох юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б нь шүүгдэгчийн гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иргэдийн төлөөлөгч М.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцож, “шүүгдэгч Ж.М бусдын биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ.

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ж.М нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд байна.

Хохирогч Э.М нь эмчилгээний зардал 5,000,000 төгрөгийг нэхэмжилдэг ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

Иргэний нэхэмжлэгч Э.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан хохирогчийн эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардал 3,124,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Ж.М эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардал 3,124,000 төгрөгийг төлж барагдуулсан нь 2023 оны 01 сарын 03-ны өдрийн ... банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.М төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгч Ж.М үйлдэлд тохирсон, зэвсэг хэрэглэж, хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д  зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.М нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, хохирогчид туслалцаа үзүүүлсэн, өөрийгөө илчилсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн  гэмт хэрэг, гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул түүнд хуульд зааснаас доогуур ял болох 3 жил, 6 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгчид хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялаас доогуур хорих ял оногдуулсан тул түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт ирүүлсэн хөх цэнхэр өнгийн фудболк 1 ширхэг, 24 см урттай хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг, шаргал өнгийн орны бүтээлэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болно.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамдан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.М 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн хөх цэнхэр өнгийн фудболк 1 ширхэг, 24 см урттай хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг, шаргал өнгийн орны бүтээлэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй. 

          6. Хохирогч Э.М нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мөнх-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               А.Ц                   

                                         ШҮҮГЧИД                                Э.Б

                                                                                                          Д.Ц