Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01099

 
 

 

БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /GENG, XIAOQING/ -ний

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Д.Цолмон, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2019/02431 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2096 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /GENG, XIAOQING/

Хариуцагч: Ж.Хандсүрэн

 

нэхэмжлэл: 196,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргилын хяналтын журмаар 2020.01.14-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, нарийн бичгийн даргад Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин миний бие 2018.05 сараас эхлэн мөн БНХАУ-ын иргэн Жан Жүнтэй хамтран Монгол адууны болон ямааны мах бэлтгэж эхэлсэн. Махаа бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, экспортоор гаргах зэрэг асуудлыг Жан Жүн хариуцаж хийхээр тохирсон байсан. Миний бие Жан Жүнтэй хамтарч ажиллаж эхэлсэн цагаас хойш буюу 2018.06.29-ний өдөр 12 цаг 36 минутад 10,000,000 төгрөг, 12 цаг 57 минутад 26,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгийг өөрийн данснаас Жан Жүний Хаан банкны данс руу тус тус шилжүүлж байсан. Мөн Жан Жүн нь Эрээнд байх хугацаандаа мөнгө зээлэхээр ярьсан учир би найз Ма Шин Яны БНХАУ-ын Аж Үйлдвэрийн болон Арилжааны банкны тоот данснаас 2018.10.27-ны өдрийн 09 цаг 10 минутад 50,000 юанийг Жан Жүний хүү Жан Вэй Шиний Хөдөө Аж Ахуйн банкны тоот данс руу нь шилжүүлүүлсэн болно. Энэ нь монгол төгрөгөөр 18,500,000 төгрөг болж байгаа юм. Жан Жүн уг мөнгийг мах бэлтгэх ажиллагаандаа зарцуулахаар хэлж авсан болно. Ингээд Жан Жүн махаа бэлтгэж, экспортлож байх хугацаандаа надад ямар нэгэн ашиг өгч байгаагүй, 2018 оны сүүлээр хоёулаа тооцоогоо хийж, ашгаа хуваахаар тохирсон байсан. Жан Жүн нь надтай хамтрахаас өмнө Дархан мийт фүүдс ХХК-тай хамтран бэлтгэсэн махаа экспортод гаргадаг байсан байна. Гэтэл Жан Жүн нь 2018.09.06-ны орчимд мах экспортлох явцдаа 25 тонн Адууны дунд 2.67 тонн Үхрийн мах хийж гаргах гэж байгаад БНХАУ-ын гааль дээр илэрч баригдсан. Жан Жүний хийсэн хууль бус үйлдлийн улмаас БНХАУ руу мах экспортлох тусгай зөвшөөрлөө түр цуцлуулсан Дархан мийт фүүдс ХХК-ийн холбогдох хүмүүс Жан Жүнтэй уулзахаар ирэхэд Жан Жүн нь тэдгээр хүмүүсээс айгаад уулзалгүй нуугдсан. Тэгээд Дархан мийт фүүдс ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээлгэх, учирсан хохирлыг барагдуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авах, тохиролцох зэрэг ажлыг надад хариуцуулж 2018.11.05-ны өдөр надад итгэмжлэл хийж өгсөн. Энэ тохиролцоог Жан Жүнтэй зөвлөлдсөний улмаас түүний нэрийн өмнөөс миний бие түүнийг төлөөлж хийсэн болно. Тухайн үед Жан Жүн нь Монгол Улсад байсан, Дархан мийт фүүдс ХХК-ийн хүмүүсээс нуугдаад уулзахгүй намайг уулзуулж, энэ тохиролцоог хийлгэсэн. Тэгээд БНХАУ-ын Эрээн хотын Гаалийн Хяналтын Албанаас Жан Жүнийг шалгахаар зарлан дуудах хуудсаар дуудсан учраас Жан Жүн нь 2018.11.20-ны орчимд Монгол улсаас гарч явсан болно. Ингэж явахдаа Жан Жүн нь Дархан мийт фүүдс ХХК-ийн мах экспортлох тусгай зөвшөөрлийг сэргээлгэх ажлыг БНХАУ-д очиж хөөцөлдөхөөр болоод явсан юм. Жан Жүний дээрх үйл ажиллагааны улмаас хохирол амссан Дархан мийт фүүдс ХХК-ийн хүмүүс Гэн Шо Чин миний паспортыг барьцаалан авч, надад паспорт барьцаалсан талаараа бичиг хийж өгсөн. Жан Жүн нь Дархан мийт фүүдс ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээлгэх ажлыг бүтээж өгч чадаагүйн улмаас миний бие 2019.01.09-ний өдрөөс өмнө БНХАУ-д очиж дээрх зээлийн асуудлаа хөөцөлдөж чадалгүй 1,168,400 юанийн хохирол амсаад байна. Мөн Дархан мийт фүүдс ХХК-ийн оффисийн үүдэнд Жан Жүний нярав н.Энхболд гэдэг хүнтэй тааралдаад БЗД-н Улиастайд байрлах зооринд нь мах байгаа эсэхийг асууж лавлахад н.Энхболд нь байгаа байгаа, нэг машин буюу 25 тонн мах байгаа гэж хэлсэн. Ингээд 2019.01.21-ний өдрийн оройн 22 цаг 30 минутын үед би орчуулагч Ж.Отгон, БЗД-н Улиастайд байрлах Жан Жүний махаа хадгалдаг зоорины хашаанд очиход Жан эхнэр Шү Шо Фэн, н.Энхболд, 2 жолооч, 1 хамгаалагч, 8 ачигч, уг зоорины эзэн зэрэг 14 хүн байсан. Миний араас орчуулагч Э.Тамир ирсэн. Тэд уг зооринд байсан махаа нэг том машинд ачаад Эрээн рүү авч явах гэж байгаатай тааралдсан. Цагдаа нар ирж шалгаад хоорондоо тохиролц, бид нар энэ асуудлыг шийдэхгүй гэж хэлээд яваад өгсөн. Миний хувьд уг махыг бэлтгэх ажилд хөрөнгө оруулж, Жан Жүн бэлтгэсэн болон Дархан мийт фүүдс ХХК-д паспортоо барьцаалуулсан байсан учраас уг махыг Иргэний хуулийн 12-д заасны дагуу өөртөө туслах зорилгоор урагш нь гаргаж алдахгүйн тулд саатуулахаас өөр арга байгаагүйээ. Тухайн үед хуулийн эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй болсны улмаас уг махыг явуулахгүй байх арга хэмжээ авч том машины урд өөрийн 76-59 УБЗ улсын дугаартай автомашиныг байрлуулсан байсан. Тэр шөнө Ж.Хандсүрэн гэгч нь ирээд Энэ миний мах, чи яах гээд байгаа юм гэж загнасан. Маргааш нь бас дахин ирээд намайг машинаас татаж буулгаад Чи холд, энэ миний мах, чи яах гээд байгаа юм гээд хүч хэрэглэн машиныг холдуулахыг оролдож дарамтласан. Тэгээд Ж.Хандсүрэн өөрөө цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд та нар битгий хэрүүл маргаан хий. Гэрээ байвал гэрээгээрээ хэлэлцээд шийд гэж хэлээд явсан. Бидний өргөдлийг БЗД-н 23-р хорооны хэсгийн байцаагч н.Төртогтох гэдэг хүн шалгаад хаасан байсан. Тэгээд миний бие уг зоорины эзэн болох Эх хөгжил ХХК-ийн захирал Хө Бао Линээр зуучлуулан Wechat-аар Жан Жүнтэй холбогдож ярилцаад тохиролцоонд хүрч уг зооринд байгаа 120,000 юаньтай тэнцэх хэмжээний махыг надад барьцаанд тавихаар болж 2019.01.29-с өмнө паспортыг буцааж авч өгөхгүй бол дээрх махыг Гэн Шо Чин надад ямар нэгэн асуудалгүй өгөхөөр тохирсон. Энэ тохироогоо баталгаажуулж амжаагүй байхад Ж.Хандсүрэн ирж уулзаад паспортыг чинь авчихсан, одоо энэ итгэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн бичигт гарын үсэг зур. Тэгвэл паспортыг чинь өгнө гэсэн. Тэгэхээр нь бид наад бичигт чинь гарын үсэг зурвал Дархан мийт фүүдс ХХК-тай байгуулсан Баталгааны гэрээний хариуцлагаас мултрах юм уу, Дархан мийт фүүдс ХХК-ийн хүмүүстэй уулзая гээд оффис дээр хамтдаа очсон. Тэгэхэд Дархан мийт фүүдс ХХК-ийн захирал М.Цэцэгмаа зөвшөөрөөгүй. Энэ хооронд мах ачсан ачааны том машин хөдлөөд Замын-Үүд, Эрээний чиглэлд Налайхын замаар явсан байсан. Тэгэхээр нь бид нар араас нь гүйцэж очоод жолоочид нь учрыг тайлбарласан. Тэгээд махыг явуулаагүйн хариуцлагыг би даана гэсэн бичиг хийж өгөөд буцааж СХД-н 32-р хороо, 22-ын товчооны орчимд байрлах зооринд буулгасан. Энэ махыг буулгаж байх үед Ж.Хандсүрэн, нөхөр нь, н.Энхболд нар ирсэн. Мөн Саян уул ХХК-ийн хүмүүс ирж уг махан дээр наасан өөрийн компаний шошго болон уут савлагааг хуулж авчихаад яваад өгсөн. Энэ үед Ж.Хандсүрэн, нөхөр нь, н.Энхболд нар ирсэн байсан бөгөөд тэд нараас СХД-н Цагдаад дуудлага өгч шалгагдаж, үүний дагуу БЗД-н Прокурорын газраас 2019.03.05-ны өдрийн 954 тоот тогтоолоор ...иргэн Ж.Хандсүрэн, БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин нар нь Иргэний хэргийн шүүхээр дээрх маргаанаа шийдвэрлүүлвэл зохино гээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Тэгээд Ж.Хандсүрэн нь 2019.03.06-ны өдөр дээрх 25 тонн адууны махыг Дельта ХХК-ийн агуулахаас авч явсан байсан. Уг махыг СХД-н Делта ХХК-ийн агуулахад буулгах үед 24.9 тонн болж байсан бөгөөд нийтдээ 196,500,000 төгрөг болж байгаа. Иймд Ж.Хандсүрэнгээс уг махны үнэ 196,500,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Би 2019.01.23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум, иргэн Ж.Ганзориг 42-20 ДГА улсын дугаартай автомашинд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахаас Эрээн хот руу 25 тонн адууны мах ачуулан явуулсан. Энэ мах нь миний мах юмаа. Жолооч Ж.Ганзориг нь тээвэрлэгчийн үүрэг хүлээлгүй БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин гэх хүнтэй хуйвалдан замаасаа миний ачуулсан махыг БНХАУ-ын иргэн Гэн Шо Чинд өгөөд явуулсныг 102 руу залгаж цагдаад дуудлага өгч газар дээр нь барьж авсан. БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин мөн махыг миний мах гэж булаацалдаад Ж.Хандсүрэн би Баянзүрх дүүргийн Цагдаад гомдол гаргаж шийдвэрлүүлж махаа авч ачуулсан юм. Гэтэл одоо дахиад л мах нэхээд байгааг ойлгохгүй байна. Би БНХАУ-ын иргэн Гэн Шо Чинийг огт танихгүй, Мөн БНХАУ-ын иргэн Жантай Жүнтэй харилцаагүй байгаа. БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин гэх хүн миний махыг булаацалдаж, Баянзүрхийн Цагдаагийн хэлтсээр шалгуулах хооронд мах зооринд байж хатаж багасаж би дунд нь зөндөө хохирсон. Иймд Гэн шо Чиний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 184/ШШ2019/02431 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ж.Хандсүрэнгээс 196,500,000 төгрөг гаргуулах тухай Гэн Шо Чин/Geng Xiaoqing/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,140,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2096 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2019/02431 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс Жан Жүнд мөнгө өгсөн байдлыг дүгнэсэн боловч үүнийг баримтаар нотлоогүй, магадлалд зохигч нотлох баримтаа гаргаагүй гэж тус тус дүгнэсэн байдаг. ИХШХШТХ-д нотлох баримт нь зохигчдын тайлбар нь нотлох баримт гэж үнэлэгдэхээр заасан байдаг. Гэтэл шүүхийн зүгээс заавал бичмэл баримт, баримт бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлнэ гэдэг байдлаар үнэлж зохигчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх зарчмыг зөрчиж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна. Хэрэгт цугласан баримтаас үзэхэд нэхэмжлэгч өөрийн бусдаас авах авлагаа түүний эрхэлж, хөрөнгө оруулалт хийж цуглуулсан малын махнаас авахаар тохиролцсон байсан бөгөөд тэрхүү малын махыг экспортлож худалдан борлуулахаар өөрийн мэдэлдээ авсан байдаг. Гэтэл түүнтэй хамтран ажиллаж байсан этгээдийн зүгээс энэхүү үйл ажиллагааг нь саатуулж тухайн махыг түүнээс авсан байдаг. Ингэснээр нэхэмжлэгч болон түүнд өглөгтэй байсан хоёр этгээдийн хэлцэл биелэх боломжгүй болсон бөгөөд тэрхүү нөхцөл байдал үүсгэсэн этгээдээс шаарддаг ба хариуцагчийн хувьд бусдын эрхийг зөрчсөн этгээд мөн байна. Гэтэл шүүхийн зүгээс ..Гэн Шо Чин болон Жан Жүн нарын хооронд хамтран ажиллах хэлцэл хийгдсэн эсэх, адууны мах бэлтгэхэд хөрөнгө оруулсан эсэх асуудал тэдгээрийн хоорондын маргаанд ач холбогдолтой болохоос хариуцагч Ж.Хандсүрэнд хамааралгүй болно гэж дүгнэсэн. Гэн Шо Чин болон Жан Жүн нарын хооронд хийгдсэн хэлцэл нь өглөг авлагаа хоорондоо тохиролцож Жан Жүний хувьд өөрийн бэлтгэн нийлүүлсэн махыг Гэн Шо Чинд өгөхөөр тохиролцсоноор дуусгавар болсон. Гэтэл Ж.Хандсүрэн тухайн махыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч худалдан борлуулснаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эсрэг шаардлага гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байтал шүүхийн зүгээс дээрх байдлаар дүгнэсэн нь хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг харуулж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /GENG, XIAOQING/ нь 2019.05.10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Ж.Хандсүрэнгээс 24,9 тонн адууны махны үнэ 196,500,000 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч тал гомдол гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тамир 2021.09.23-н өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /GENG, XIAOQING/-н... нэхэмжлэлтэй ...Ж.Хандсүрэнд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлээс нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна... гэжээ.

 

БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /GENG, XIAOQING/ -с Э.Тамирт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг итгэмжлэлээр 2021.09.21-ний өдөр 1 жилийн хугацаатай олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2019/02431 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2096 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Хандсүрэнгээс 196,500,000 төгрөг гаргуулах тухай БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /GENG, XIAOQING/-н нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН