Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0787

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/86 дугаар захирамжаар Тариалан сумын НАҮТ орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид 15 жилийн хугацаагаар олгосон захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 126/ШШ2024/0153 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 126/2024/0091/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/86 дугаар захирамжаар Тариалан сумын НАҮТ орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид 15 жилийн хугацаагаар олгосон захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 126/ШШ2024/0153 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/86 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Шүүх бүх нөхцөл байдлыг тодруулж, дүгнэсэн атлаа яг ямар нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай болсон, нэмж тодруулах ямар зүйл байгаад түүний цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэдэг нь ойлгомжгүй байна.

3.2. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэртээ хэрэгт шаардлагатай бүх нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт хийсэн. Гэтэл дээрх үндэслэлээр захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Уг захиргааны актыг захиргааны байгууллага гаргахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж, процесс алдаа гаргасныг шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тогтоож дүгнэсэн атлаа тухайн захиргааны актын хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэнгүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/86 дугаар захирамжаар Тариалан сумын НАҮТ орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид 15 жилийн хугацаагаар олгосон захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Анх Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/79 дүгээр захирамжаар “Б” ХХК-д тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Урхитын аманд 20,003 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 000014754 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

3.2. Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор тус сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан байх ба уг төлөвлөгөөнд Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх төлөвлөлт багтсаны дагуу тус сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/86 дугаар захирамжаар хуучин хогийн цэгийг булшлах, дарах техникийн нөхөн сэргээлт хийх, шинээр Урхитын аманд ланд филлын аргаар стандартын хогийн цэг байгуулахад зориулж 3 га газрыг Тариалан сумын “НАҮТ” ОНӨХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

3.3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан “Б” ХХК-ийн гомдлыг Хөвсгөл аймгийн Засаг дарга хүлээн аваад 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/240 тоот албан бичгээр “... сумын Засаг дарга сумын төвийн хог хаягдлын цэг байгуулах газрыг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, тогтоолын хэрэгжилтийг хангаж сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/86 дугаар захирамжийг баталсныг хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн хариу өгснөөр энэхүү маргаан үүсжээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “... Төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хог хаягдлын талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 8.1.11-д “хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан зааврыг батлах”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/445 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан заавар”-ын 2.2.2-т “Төвлөрсөн хогийн цэгийн байршил сонгохдоо газарзүй мэдээллийн систем ашиглан дараах шалгуурыг хангасан боломжит газруудын байршлыг урьдчилан тогтооно” гээд “а. Хүн амын суурьшлын хэтийн бүсийн гадна орших /... орон нутгийн зэрэглэлтэй хот, төвлөрсөн суурин газар бол 3 км-ээс доошгүй зайд байна/, б. Зам, шугам сүлжээний газраас 200м ... зайтай байх, в. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны болон ойн сан бүрэлдэх газартай давхцалгүй байх ба эдгээр газраас 5 км-ээс доогүй газарт байх” гэж тус тус заажээ.

4.2. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/86 дугаар захирамжаар хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулахаар олгосон газар нь сумын төвөөс 1.7 км, усны сан бүрэлдэх газраас 1.5-1.7 км зайтай, цахилгаан дамжуулах агаарын шугамтай ойр болох нь хэрэгт авагдсан баримт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

4.3. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас шинээр стандартын хогийн цэг байгуулахаар “НАҮТ” ОНӨХХК-д газар эзэмшүүлэхдээ Тариалан сумын сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Урхитын аманд байрлах газрыг сонгосон нь дээрх зааварт заасан шалгуурыг хангахгүй байна.

4.4. Түүнчлэн, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн иргэдийн Нийтийн Хурлаар тус багийн Урхитын хөндийд хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах асуудлыг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжээгүй болох нь мөн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоол, хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, тайлбар, санал авах, сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 73 дугаар зүйлийн 73.1-д “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно”, 73.1.5-д “хог, хаягдлын цэгийг байгуулах, өөрчлөх, нүүлгэх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

4.5. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хувьд шинээр байгуулагдах төвлөрсөн хогийн цэгээс 681 метрийн зайд үхрийн фермерийн аж ахуй эрхэлж байх тул маргаан бүхий Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн.

5. Харин, шүүхээс “... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж дүгнэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/86 дугаар захирамжийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцэхгүй байна.

5.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... захиргааны актыг гаргахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж, процедурын алдаа гаргасныг шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тогтоож дүгнээн атлаа тухайн захиргааны актын хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэнгүй ... дээрх үндэслэлээр захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй” гэжээ.

5.2. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/86 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хууль, Хог хаягдлын тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/445 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан заавар”-т нийцэхгүй байгаа нь нэгэнт тогтоогдсон энэ тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх үндэслэл, шаардлага байхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

5.3. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн “Тогтоох” хэсэгтээ холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 126/ШШ2024/0153 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.5, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/86 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ