Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2016/0222/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, 
Улсын яллагч, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, 
Шүүгдэгч М.*****  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *****  овогт ***** гийн ***** ад холбогдох эрүүгийн 201609000567 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****  төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, *****гийн хамт ***** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн гэх *****  овогт ***** гийн ***** , регистрийн дугаар ****,

Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.*****  нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 04 цагийн орчим *****  тоотод архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.***** тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Б.***** ийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.***** ын хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тэр өдөр буюу 2016.10.08-ний өдөр хамт ажилладаг ***** тай өөрийн гэртээ 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэр үед 23 цаг болж байсан. Тухайн үед гэрт хүйтэн байсан. Манай эхнэр 2 хүүхдийн хамт дулаахан брак байшин түрээсэлсэн байсан болохоор тийшээ явна гэж бодож байсан. Тэгээд согтсон байсан. Нэг ухаан ороход эхнэрийн хамарнаас цус гарсан. Хувцас нь цус болсон байсан.Тэгээд би эхнэрээ зодсоноо мэдсэн. Манай 2 хүүхэд болон манай эхнэр байсан. өөр хүмүүс байгаагүй. Би тасарчихсан байж байгаад гэнэт ухаан ороход эхнэрийгээ цохисон байсан. Урд нь маргалдаж хэрүүл хийдэг байсан. Хэрүүл хийхээр цагдаад агсан тавилаа гэж дуудлага өгдөг. Өөрөө архи уух дуртай. Уухаараа хамаг юмаа хагалаад шидлээд орилоод байдаг. Нэг удаа би архи уугаад үүрээр орж ирэхээр нь цохиж байсан. Манай эхнэр намайг хөдөө явсан хойгуур хүүгийн минь үсийг надад хэлэхгүй авсан байсан. Мөн гэрийнхээ эд зүйлийг аваад хөндий гэр орхиод брак хөлслөөд явсан. Мөн гэр бүлээс гадуур нэг залуутай болсон. Тэр залуу нь намайг байхгүй хойгуур гэрийн цонх хагалж орж хоносон байсан. Манай хүүхдүүд надад хэлсэн. Ийм асуудлууд байсан. Тэгээд би зодсон байх гэж бодож байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байна хамар хугарсан эмчилгээ хийлгэсэн гэж хэлэхээр нь би 250.000 төгрөг, дахиж мөнгө гэж нэхэхээр нь 150.000 төгрөг эхнэрийн *****  тоот дансруу шилжүүлсэн. Би архи ууж эхнэрээ зодож гэмтээсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/,    

Хохирогч Б.***** ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад 00:40 цагийн орчим манай хамтран амьдрагч М.*****  хаалга нүдэхээр нь би онгойлгож өгөөгүй. Гэтэл хаалганы хажуу талын жижиг шилийг нь хагалж дотор талын үүдийг эвдэж орж ирээд “Яахаараа хаалга үүд онгойлгож өгдөггүй юм” гэж хэлээд миний хөл гар бие рүү өшиглөсөн. Би тэгэхэд нь нүүрээ дараад газар хэвтээд байсан. Тэгээд хэсэг байж байгаад босож ирэхэд буланд шахаж байгаад цохиод, том өрөөний буланд шахаж байгаад нүүрэнд эрүүний орчим болон хамарлуу өшиглөсөн. Тэгэхэд нь хамраас цус гараад зогсохгүй болохоор нь би цусаа тогтоомоор байна гэхэд хамт 00-ын өрөөнд ороод би нүүрээ угаасан. Тэр үед хажууд сахиад зогсоод байсан. Тэгээд хэрүүл маргаан хийгээд ширээн дээр байсан тогоо, шанага өшиглөөд унтахгүй шөнийн 03-04 цаг хүртэл агсам тавьсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад ***** ыг ажилдаа яваа гэж сэрээхэд сэрчихээд ажилдаа явахгүй гээд байсан. Чи миний хамрыг ийм болгочихлоо гэсэн чинь хохь чинь гээд байсан. Урд нь зодох гэж оролддог байсан. Нэг удаа зодоход нь цагдаа дуудаж өгч байсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулах гэхээр урд нь сууж байсан хүнээсээ баталгаагаа салгаагүй болохоор болохгүй байсан. ...Миний хамар хугарсан, толгойны үснээс зулгааж шал мөргүүлсэн. Толгой хавдартай, гар, хөл, цээж хөхөрсөн. Би Бид эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл гэж гарсан. 
... М.*****  нь миний эмчилгээний зардлыг бүрэн төлж, надаас уучлалт гуйсан тул хоорондоо эвлэрч байна. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй” гэх мэдүүлэг /хэргийн 6 дугаар хуудас/

Гэрч Б.***** ын хэрэг бүртгэлтэд өгсөн:  “Би тэр өдөр ажил тараад тэдний гэрт нь очсон. Бид хоёр хамт ажил хийсэн юм. Тэгээд тэднийд очоод 0.75 литрийн хараа нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан юм. Бид хоёр архиа ууж дуусгаад хамт гэрээс нь гарсан. Хоосон гэр хүйтэн байсан. *****  *****  хоёр монгол гэрээ барьж орхиод, хамт брак хөлсөлж байсан. *****  эхнэр хүүхэд рүүгээ яваад, би харьсан. ***** ын согтолт нь гайгүй байна гэж би бодсон. Би ***** ыг багаас нь мэддэг. 1995 оноос хойш хамт ажил хийж байгаа. Гэр орноор нь орж гардаг. Урд нь нэг удаа гэрлээд салсан. Энэ эхнэртэйгээ хамт амьдраад 7 жил орчим болж байгаа байх. Би эднийхээр орж гарахад гэр бүлийн харилцаа, уур амьсгал нь зүгээр л байдаг байсан. *****  нь хувиараа гагнуур хийж банкны өр зээлээ дардаг. Удаан хугацаагаар хөдөө ажлаар явдаг, амьдралын төлөө зүтгэдэг, зан ааш сайтай залуу байгаа юм. Маргааш нь эхнэртэйгээ маргалдсан гэж сонссон. Тэр орой очиход нь хаалгаа тайлж өгөөгүй гэсэн. Бас хүүхдийнх нь үсийг хөдөө байхад нь хэлэхгүйгээр авсан байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас/
    
Гэрч А.***** гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “*****  нь манай цэцэрлэгт 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж байгаа. Нөхөртөө зодуулсан хамар гэмтсэн, чөлөө авмаар байна гэж хэлээд 10 хоногийн лист өгч листний мөнгөө авсан. Би нөхрийг нь сайн мэдэхгүй манай цэцэрлэгт хүүхдээ авч өгөөд явж байдаг даруухан хүн санагдсан. *****  нь ажилдаа сайн. Нилээн ааштай талдаа надтай маргалдаж байсан. Өөрийгөө их өмөөрдөг зантай. Өөрт нь шаардлага тавихад хүлээн зөвшөөрдөгүй, архи уудаг талаар сонсогдож байсан ч надтай согтуу таарч байгаагүй” гэх мэдүүлэг     /хэргийн 8 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1116 дугаартай "Б.***** ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр, зүүн бугалга, шилбэ, баруун шуу, доод эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 11 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч М.*****  нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 04 цагийн орчим *****  тоотод архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.***** тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Б.***** ийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.***** ийн хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг, гэрч Б.***** , А.*****  нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.***** ын үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч Б.*****  нь шүүхэд ирүүлсэн: “... М.*****  нь миний эмчилгээний зардлыг бүрэн төлж, надаас уучлалт гуйсан тул хоорондоо эвлэрч байна. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй” гэх хүсэлтээр Б.***** ийг нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.***** ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Б.*****  нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул М.***** ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

М.*****  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *****  овогт ***** гийн ***** ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар *****  овогт ***** гийн ***** ад холбогдох эрүүгийн 201609000567 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар М.***** ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар М.*****  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *****  овогт ***** гийн ***** ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.***** ад батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                П.БАТТУЛГА