Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 121/ШШ2021/0003

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын Хяналтын прокурор Б.Э Өвөрхангай аймгийн Хужирт сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Б-д холбогдуулан гаргасан “2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0067333 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Э-с шүүхэд бичгээр ирүүлсэн дүгнэлтдээ:

“Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Э би, Өвөрхангай аймгийн Хужирт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-н шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ТӨ-БӨ-СЭ ХХК-д холбогдох 2127000040 дугаартай зөрчлийн хэргийн материалыг хянахад: Эрх бүхий албан тушаалтан байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь “Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаа явуулдаг ТӨ-БА-СЭ ХХК нь рашаан сувиллын үйл ажиллагаанаас гарч байгаа эмчилгээний бохир усыг өөрийн эзэмшлийн хашаанд болон нийтийн эзэмшлийн газарт асгасан” гэх зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан шалгаж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ТӨ-БА-СЭ ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учирсан 2,995,429.95 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь ТӨ-БА-СЭ ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан нь буруу байна. Учир нь хэрэгт ТӨ-БА-СЭ ХХК-г төлөөлөх эрх бүхий этгээдийг тогтоож гэрч, холбогдогчоор мэдүүлэг аваагүй, зөвхөн ТӨ-БА-СЭ ХХК-ийн жолооч ажилтай /өөрийн мэдүүлснээр/ гэх С.Бгоос холбогдогчоор мэдүүлэг авч, түүний мэдүүлэгт үндэслэн ТӨ-БА- СЭ ХХК-д шийтгэл оногдуулсан атлаа С.Б нь ТӨ-БА-СЭ ХХК-д ямар ажил эрхэлдэг, түүний эрхэлж буй ажил уг хуулийн этгээдийг төлөөлөх боломжтой эсэх талаар огт тогтоогоогүй, энэ талаарх баримт болон гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдаагүй, мөн холбогдогч С.Бг эмчилгээний бохир усыг ил задгай асгах талаар ТӨ-БА-СЭ ХХК-ийн удирдлагаас үүрэг даалгавар өгсөн эсэх, эсхүл өөрөө дур мэдэн бохир усыг асгасан талаар тодруулаагүй байна. Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэх асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй буюу ТӨ-БА-СЭ ХХК-г төлөөлөх эрх бүхий этгээдээс бохир усыг ил задгай асгах талаар заавар, чиглэл, тушаал өгсөн эсэхийг нотлох баримтаар тогтоолгүйгээр ТӨ-БА-СЭ ХХК-д шийтгэл оногдуулж, ТӨ-БА-СЭ ХХК-г төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй этгээд болох С.Бд шийтгэлийн хуудсыг гардуулж гарын үсэг зуруулсан байна. Иймд “ТӨ-БА-СЭ ХХК нь рашаан сувиллын үйл ажиллагаанаас гарч байгаа эмчилгээний бохир усыг өөрийн эзэмшлийн хашаанд болон нийтийн эзэмшлийн газарт асгасан” гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Өвөрхангай аймгийн Хужирт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0067333 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хужирт сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Б-с 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“Өвөрхангай аймгийн Хужирт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай Б.Б би, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Эрдэнийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлттэй танилцаад хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Э-с “Өвөрхангай аймгийн Хужирт сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Б-н гаргасан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0067333 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хужирт сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Б нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Эрдэнийн “Өвөрхангай аймгийн Хужирт сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Б-гийн гаргасан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0067333 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбар, хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус шүүхийн 121/2021/0005/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хужирт сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Б нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Эрдэнийн “Өвөрхангай аймгийн Хужирт сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Б-гийн гаргасан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0067333 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 67 дугаар зүйлийн 67.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Э-н Өвөрхангай аймгийн Хужирт сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Б-д холбогдуулан гаргасан “2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0067333 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийн хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2021/0005/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Э нь тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 121/ШЗ2021/0038 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.СУГАР