Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1028

 

 

 

 

 

 

 

 

 

З.И, З.Б, З.И,

 З.А нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/00485 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч З.И, З.Б, З.И, З.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Г, Т.Г нарт холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12 дугаар гудамж 20 тоотод байрлах 362.2 м.кв талбайтай газар, амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, хариуцагч нарт Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12 дугаар гудамж 20 тоотод байрлах 60 м.кв талбай бүхий хашаа байшингаас З.И  , З.Б нарыг албадан гаргахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.И-ийн өмгөөлөгч Ц.Ариунзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.И

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Ариунзул

Хариуцагч Т.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Гантулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.И нар нь Т.Г, А.Г нарт холбогдуулан 2005 онд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 12 дугаар гудамжны 20 тоотод байрлах 362.2 м.кв талбайтай газар, уг газарт байрлах амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч нарын ээж болох н.Замбалгарав, Т.Г, А.Г нартай хийж, гэрээний зүйлийн дагуу 3 800 000 төгрөгийг өгч, хашаа байшинг шилжүүлэн авсан байдаг. Хашаа байшинд нүүж ороод 7 хоногийн дараа Т.Г, А.Г нар нь хамт ирж байшингийн гэрчилгээг хүлээлгэн өгч, гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан. Ингээд гэрээ байгуулсан боловч гэрээгээ нотариатаар баталгаажуулаагүй явсаар өнөөдрийг хүрсэн. Т.Г, А.Г нарыг энэ хугацаанд эрэн сурвалжлуулж байсан, мөн цагдаад хандаж залилангийн хэрэг үүсгэж байсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар шүүх худалдах, худалдан авах гэрээг хийсэн болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт шаардлагатай бичиг баримт гарган өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2005 оны 04 дүгээр сард энэ хашаа байшинг худалдаж авсан. Тухайн үед А.Г, Т.Г нар хоёулаа хамт ирээд бичиг үйлдээд, 400 000 төгрөгийг надаас авсан. Яагаад гэвэл 3 400 000 төгрөг авч явахдаа уг байшинг барьцаанд байгаа барьцаанаас суллаад аваад ирье гэсэн. Тэгээд барьцаанаас суллаж авч ирээд өр төлбөргүй болсон, гэрлийн мөнгө 100 000 төгрөг үлдсэн танайх төлөөрэй гэхэд ээж маань зөвшөөрөөд төлөхөөр болсон. Ойрхон нотариат байгаагүй, мөн Т.Г, А.Г нар нь ажил ихтэй гээд яарч байсан учраас эргэж ирээд нотариатаар батлуулъя гэсэн. Манайх зарын дагуу очиж анх тэр хашаа байшинг худалдаж авсан гэжээ.

Хариуцагч А.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу хийгээгүй. Харин хэлэлцэн тохиролцож 3 800 000 төгрөг авсан байдаг. А.Г-ийн нөхөр нь зөвшөөрөөгүй учраас 7 хоногийн дараа мөнгийг нь буцааж өгөх гэж очсон байдаг. Хуулийн дагуу хүчин төгөлдөр хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй. Хүчин төгөлдөр хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна” гэж заасан байдаг. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” гэж заасан байдаг. Иймээс уг хэлцлийг хуульд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд хэлцлийг хийсэнд тооцох тухай заасан байдаг. Хуульд заасны дагуу хэлцэл болон гэрээ хийгээгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Т.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүд бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна”, 128.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан ба бичгээр итгэмжлэл авч захиран зарцуулах эрх хуулийн шаардлага хангасан байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү газрыг А.Г нь нөхөр болон 2 хүүхдийн хамт өмчилдөг. Тухайн үед 2 охин нь насанд хүрээгүй байсан. Хуулийн дагуу насанд хүрсэн гишүүн болох нөхөр Т.Гантулгатай харилцан тохиролцож, нотариатаар гэрчлүүлээгүй, нэхэмжлэгчийн ээж болох н.Замбалгаравтай харилцан амаар тохиролцсон байдаг. Энэ тохиролцоог Т.Г 7 хоногийн дараа хөдөөнөөс ирээд зөвшөөрөхгүй зах зээлийн үнээс бага байна, мөн миний зөвшөөрлийг аваагүй гэдгийг нэхэмжлэгчийн гэрт очиж хэлэхэд нэхэмжлэгч тал үүнийг зөвшөөрөөгүй учраас өнөөдрийг хүртэл маргаантай байгаа. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3 дахь хэсэгт зааснаар хуулийн шаардлага хангаагүй, хэлцэл хийсэн ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлээгүй байна. Нотариатаар гэрчлүүлээгүй, насанд хүрсэн гэр бүлийн гишүүний зөвшөөрлийг аваагүй байдаг учраас А.Г-ийн хавтас хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан баталгааг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. Нөгөө талаар зөвхөн Т.Г, А.Г нарын асуудал биш, энд насанд хүрсэн 2 хүүхдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. Гэр бүлийн бусад гишүүдийн хууль ёсны эрхийг хангаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага хангах хууль зүйн үндэслэлгүй. Бүртгэлийн тухай хуулиар хариуцагч Т.Г, А.Г болон тэдний хүүхэд болох н.Амаржаргал, н.Азжаргал нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг. Худалдагч тал болох А.Г болон худалдан авагч нартай гэрээ огт хийгдээгүй. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан баталгаан дээр хариуцагч Т.Г гарын үсэг зураагүй. Т.Г гэрээ байгуулахад өөрөө байгаагүй, баталгаа гэсэн хуудсанд А.Г төлбөр төлөхийг хүлээсэн баталгаа байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү гэдгийг авч үзэх ёстой. Учир нь н.Замбалгарав гуайн төрсөн хүүхдүүд нэхэмжлэл гаргасан. н.Замбалгарав гуай 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Иймээс эдгээр хүмүүс маргааны зүйлийг өмчлөхөөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг шүүх дүгнэлт гаргах байх. Өв нээгдсэн үеэс өв залгамжлах эрхийн гэрчилгээ авсан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй. 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгээ нотлоогүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон Т.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2005 оны оны 05 дугаар сард иргэн н.Замбалгаравт манай эхнэр А.Г худалдаж мөнгийг нь авсан байсан. Уг мөнгийг авснаас хойш миний бие 7 хоногийн дараа хөдөөнөөс ирээд н.Замбалгарав гуайн гэрт очиж уг наймааг буцаая, хууль зөрчсөн байна, мөн хашаа байшинг зах зээлийн үнээс хэт доогуур зарсан байна, манай эхнэр зам тээврийн осол гаргасан учир уг тохиролцоог хийсэн байна гэж хэлэхэд н.Замбалгарав гуай зөвшөөрөөгүй. Үүнээс хойш хашаа байшинг хууль бусаар эзэмшиж байгаа. Иймээс хашаан байшингаас албадан гаргуулахыг шүүхээс даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх дээр дүгнэлт өгөх байх. Манайх 12 жилийн хугацаанд яагаад нэхэмжлэл гаргаагүй шалтгаан нь хариуцагч нар уг хашаа байшинг өмнө нь түрээсэлж байсан, худалдсан 3 800 000 төгрөгийг хариуцагч А.Г авсан. Нэхэмжлэгч нар хашаа байшингаас гарахгүй байсан. Тухайн үед зах зээлийн үнэтэй уялдуулан мөнгө нэмж өг, эсвэл хашаа байшинг чөлөөл гэж удаа дараа хэлж байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч үндэслэлээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар тайлбарлаж байна. Хэлцэл хийсэн тохиолдолд уг зохицуулалтыг барих учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хууль зүйн үндэслэл буруу байна. Нөгөө талаар шүүхэд төлөөлөх эрхтэй этгээдүүд шүүхэд нэхэмжлэл гаргасан уу гэдэг асуудал дээр шүүх дүгнэлт өгөх байх. Өөрөөр хэлбэл н.Бямбасамба шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа итгэмжлэл олгосон. Мөн өв нээгдэх эрхийн гэрчилгээ болон бусад холбогдох бичгийг аваагүй байдаг. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн боловч шүүхэд нэхэмжлэгч нар үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэдэг нь бүрэн нотлогдож байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар болон З.Б , З.И , З.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үедээ худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, мөнгийг бүрэн төлсөн. Т.Г, А.Г нар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон хашаа байшинг хүлээлгэж өгсөн учраас худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Үнэхээр хашаа байшинд дур мэдэн орж суусан бол өнөөдрийг хүртэл яагаад шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй, 2005 оноос 2017 оны хугацаанд нэг ч удаа шүүхэд хандаагүй гэдэг эс үйлдэхүйгээр худалдах, худалдан авах гэрээг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн нь харагддаг. Иймд гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч талаас шүүх болон цагдаад хандаж байсан учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ээж маань 2005 онд тэтгэвэртээ гараад тэр хашаа, байшинг авч амьдарсан. Энэ хугацаанд эрүүл мэндийн байдал хэвийн байсан. 2015 онд ээж маань осолд орж нас барсан. А.Г, Ж.Г нар нь бичиг баримт авч ирж өгөхдөө дүү нь гээд нэг залуутай хамт ирж байсан. Би бичиг баримтыг нь авч байсан учир сайн мэдэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар З.И З.Б , З.И , З.А нарын нэхэмжлэлтэй А.Г, Т.Г нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12 дугаар гудамж 20 тоотод байрлах 362.2 м.кв талбайтай газар, амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, хариуцагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэх, бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Т.Г-ын З.И З.Б , З.И , З.А нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12 дугаар гудамж 20 тоотод байрлах 60 м.кв талбай бүхий хашаа байшингаас З.И  , З.Б нарыг албадан гаргахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар З.И нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145 950 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж, З.И З.Б , З.И , З.А нарт олгож, Т.Г-ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, З.И З.Б , З.И , З.А нараас 70 200 төгрөг гаргуулж Т.Г-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.И-ийн өмгөөлөгч Ц.Ариунзул давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.З-ын нас барсны гэрчилгээний хуулбар болон 6 хүүхэдтэй талаар лавлагаа, мөн хүүхдүүд нь бүгд ээжээрээ овоглосон учир иргэний үнэмлэхний хуулбарыг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн. З.И, З.Б, З.И, З.А нар өөрсдийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан байхад З-ын  өмнөөс нэхэмжлэл гаргах бүрэн эрх олгогдоогүй гэсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “тэргүүн ээлжийн өвлөгч буюу нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасан. Уг хуулийн дагуу тэргүүн ээлжийн өвлөгчид болох Б.З-ын түүгээр овоглосон хүүхэд гэдгээ нотлосон баримт болох иргэний үнэмлэхний хуулбарыг гаргаж өгсөн, мөн нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө нь бусдын нэр дээр байдаг тул өвлөх эрхийн гэрчилгээ авах боломжгүй, эрхлэн хамгаалагч тогтоолгох боломжгүй байтал дээрх баримтыг шаардаж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Мөн зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн эсэх нь нотлогдохгүй байна гэжээ.

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, худалдах, худалдан авах тал гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч талаас худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нотлох баримтыг хэрэгт хавсаргасан, н.Гантулга, н.Гантуяа нар нь хашаа байшингаа зарснаа хүлээн зөвшөөрч хашаа байшингаа суллаж өгсөн, түүнээс хойш амьдраагүй, эрх нь зөрчигдсөн бол шүүхэд нэхэмжлэл гаргаагүй зэрэг үйл баримт тогтоогдсон байхад үнэлээгүй, үндсэн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа түүнд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрхтэй боловч энэ талаар шийдвэрт зааж өгөөгүй, тусдаа захирамж гаргаагүй тул гомдол гаргаж чадаагүй болно. Иймд шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч З.И З.Б , З.И , З.А нар нь хариуцагч А.Г, Т.Г нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 362.2 м.кв талбайтай газар, амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дээрх хаягт байрлах 362.2 м.кв талбайтай газар, 60 м.кв талбай бүхий  амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, хариуцагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.Г эс зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12 дугаар гудамж 20 тоотод байрлах 60 м.кв талбай бүхий хашаа байшингаас З.И  , З.Б нарыг албадан гаргахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12 дугаар гудамжны 20 тоотод байрлах газар болон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн төрсөн ээж болох талийгаач Б.З нь хариуцагч Т.Г, А.Г нараас 2005 оны 04 дүгээр сард 3 800 000 төгрөгөөр худалдан авсан, тухайн үед А.Г, Т.Г нар хоёулаа хамт ирээд бичиг үйлдээд, 3 400 000 төгрөгийг авсан үлдэх 400 000 төгрөгийг З.И буюу надаас авсан, түүнчлэн гэрлийн мөнгө болох 100 000 төгрөгийг ээж төлөхөөр тохирон, хариуцагч нар уг байшинг барьцаанд байгаа барьцаанаас суллаад өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон. Ээж Б.З хариуцагч нартай худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийсэн, хариуцагч нар гэрээнд хоёулаа гарын үсэг зурсан...” гэж,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан бичгийн хэлцлийг нэхэмжлэгч тал хэлцэл хийсэнд тооцоод байгаа нь үндэслэлгүй, уг бичигт хариуцагч Т.Г гарын үсэг зураагүй, түүнийг хөдөө ажлаар явсан хойгуур, эхнэр А.Г уг бичгийг үйлдэж гарын үсэг зурсан, ...нөхөр Т.Г-ээс бичгээр зөвшөөрөл авч, нотариатаар гэрчлүүлээгүй ...нэхэмжлэгч нар уг үл хөдлөх хөрөнгийг одоо хүртэл хууль бусаар эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах эрхгүй...” гэж тус тус тайлбарлажээ.

Талуудын хооронд газар, орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн эсэх асуудал дээр маргаантай байх ба үүнтэй холбоотойгоор гэрээний үндсэн дээр эд зүйлийг шударгаар эзэмшиж байгаа эсэх асуудал хөндөгдөнө.

Худалдах, худалдан авах гэрээний тал болох нас барагч Б.З-ын  хувьд нэхэмжлэгч З.И З.Б , З.И , З.А нараас гадна өөр өвлөгч байгаа эсэх нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тодорхой бус байна. Талуудын тайлбар болон хэргийн 24 дүгээр талд авагдсан 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын ХААТР-1 маягтын лавлагаагаар Б.З нь 6 хүүхэдтэй гэсэн байх тул нэхэмжлэгч нараас гадна өөр өвлөгч байгаа эсэхийг бүрэн тодруулах, нас барагчийн өмнөөс худалдах, худалдан авах гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгч нар хэрэгжүүлэх этгээд болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин шүүх нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох агуулгатай байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.И  гийн өмгөөлөгч Ц.Ариунзулын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/00485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар З.И, З.Б, З.И, З.А нарын хариуцагч А.Г, Т.Г нарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12 дугаар гудамж 20 тоотод байрлах 362.2 м.кв талбайтай газар, амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, хариуцагч нарт Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Т.Г, А.Г нарын гаргасан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12 дугаар гудамж 20 тоотод байрлах 60 м.кв талбай бүхий хашаа байшингаас З.И  , З.Б нарыг албадан гаргахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж, 5 дахь заалтыг “4” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.И  гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 150 төгрөгийг буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН