Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

 

М.Баасандорж, Б.Нэргүй нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, прокурор Т.Өсөхболд, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар шүүгчийн захирамжтай, М.Баасандорж, Б.Нэргүй нарт холбогдох эрүүгийн 193600980096 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй Боржигон овогт Мөнхөөгийн Баасандорж,

2. Монгол улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Хорхон овогт Баатарцогтын Нэргүй

 М.Баасандорж, Б.Нэргүй нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр “Цагаан чулуут” хэмээх газарт гар аргаар газар ухаж, чулуу шороо зэргээс алт хайж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгууль явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэрсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь шүүгдэгч М.Баасандорж, Б.Нэргүй нар нь шүүхийн хэлэлцүүлэгт тухайн газарт алт гарч байна гэхээр нь хуучин ухаж байсан нүхийг ухаж, уутанд шороо хийж авсан гэж мэдүүлсэн мөн хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд өгсөн гэрч нарын мэдүүлгээр тухайн ухсан гэх газарт М.Баасандорж, Б.Нэргүй нарын авч явсан багаж хэрэгсэл байсан, түүнчлэн тухайн ухагдсан газрыг мулдак ашиглаж ухах боломжтой ба гараар буюу хүрзээр ухах боломжгүй гэдэг талаар гэрч нар мэдүүлсэн. Шүүгдэгч нар нь тухайн үед уг газрыг ухсанаа хүлээн зөвшөөрч нөхөн сэргээлт хийж булсан талаар гэрч нар болон шүүгдэгч нар мэдүүлсээр байхад шүүгдэгч нарын санаа зорилго сэдэлтийг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүгчийн захирамжид шүүгдэгч нар нь тухайн газраас хэдэн уут шороо, чулуу авсан. Уг шороо болон чулууг ухаж авсныг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэж үзэх эсэхийг тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг хэлнэ гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийг гагцхүү хуулийн этгээд эзэмших эрхтэй байхаар хуульчилсан байна.  Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3-т тус тус хуулчилсан. Дээрх хуулийн заалт нь тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд олгох мөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглохоор заасан байна.

            Шинжээч байгаль орчинд учирсан хохирлыг тогтоох боломжгүй бөгөөд шинжилгээ хийх үед тухайн ухагдсан нүхийг шүүгдэгч нар нь өөрсдөө булсан байсан тул шинжээч дүгнэлтэндээ энэ талаар дурдаж уг ухагдсан газарт нөхөн сэргээлт хийж ухсан нүхээ булсан байна гэсэн дүгэлт гаргасан. Шинжээч нь газрын хөрс эвдэгдсэн, харин нийт эвдэгдсэн газрын хөрс 119м2 гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд шинжээчийн дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч М.Баасандорж, Б.Нэргүй нарын үйлдлийн улмаас хэдэн м2 газар эвдэгдсэн болохыг тогтоох боломжгүй юм. Мөн шүүгчийн захирамж нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:              Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            М.Баасандорж, Б.Нэргүй нар нь бүлэглэн 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр “Цагаан чулуут “ хэмээх газарт гар аргаар газар ухаж, чулуу шороо зэргээс алт хайж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгууль явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд нь шүүгдэгч М.Баасандорж, Б.Нэргүй нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэсэн анхан шатны   шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн алдаа гаргажээ. Учир нь:

            Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 169 дугаартай шүүгчийн захирамж /хх-н 203-205/ гарган шүүх хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9 цагт хийхээр товложээ.

            Хэргийн баримтаас үзэхэд М.Баасандорж, Б.Нэргүй нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хийж, гэм буруугийн шүүх хуралдаан явуулсан байтлаа, шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэнд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-д заасан “ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна “ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байх бөгөөд энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 . . . дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй “ учир ноцтой зөрчил гэж үзэхээр болжээ.

            М.Баасандорж, Б.Нэргүй нарт  холбогдох  хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлээс “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн хэсгийг нь хүлээж авч, эсэргүүцлийн “шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа” гэх агуулгатай хэсэгт хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

            Анхан шатны шүүх нь М.Баасандорж, Б.Нэргүй нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байтлаа, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв гэж мөн уг хэргийн эрүүгийн дугаар 1936000980096 гэсэн байхад дугаарыг 193600980096 гэж буруу бичсэн алдааг шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт гаргасныг анхаарах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Прокурорын бичсэн эсэргүүцлээс “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү “ гэсэн хэсгийг хүлээн авч ,Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 2019/ШЗ/175 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Баасандорж, Б.Нэргүй нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч М.Баасандорж, Б.Нэргүй нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарсугай.

           

 

           

           

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                                 М.НЯМБАЯР

           

        Б.ДАМБА