Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

 

                           2023/ШЦТ/10

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Р.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ргийн Гад холбогдох  2212000000395 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Богино тэлээ гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Ргийн Г /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Богино гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 22 ширхэг 2.2м3 шоо метр хуурай шинэс модыг зөвшөөрөлгүйгээр, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, ойн санд 241.472 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000395 дугаартай эрүүгийн хэргээс:

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэн Р.Г нь талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар мод бэлтгэсэн асуудалд сумаа төлөөлж, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би ойн санд учруулсан хохирлыг барагдуулж авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Чын мэдүүлсэн: ...Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн газар 2022 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдсэн газар биш...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Огийн мэдүүлсэн: ...Намайг гэртээ байхад сумын төв рүү хүүхдүүддээ галын түлээ оруулж өгнө гээд хажуу талын мод руу орсон. Ганцаараа мод бэлтгэнэ гээд явсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Тгийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Богино түлээ гэх газарт эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэх хугацаанд тус багийн иргэн Р.Г гэх хүн гэрийнхээ ард байх ой модонд цагаан өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөгөөр ганцаараа мод бэлтгэж байсан. Тэгээд очоод мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан бөгөөд газарт унасан модыг богино, жижиглэж таарч байсан. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй талаар тайлбарлаж хэлсэн. Тухайн үед Р.Г нь ганцаараа ой модонд ирсэн байсан. Ойр орчмоор унаа тэрэг хайсан боловч тээврийн хэрэгсэл харагдахгүй байсан. Ой модонд хэрхэн ирсэн талаар асуухад хөрөөгөө бариад явган алхсан талаар хэлж байсан. Тухайн мод бэлтгэсэн газар нь гэрээс ойрхон, харагдаж байсан. Тэгээд би тухайн модыг устгах, солихоос урьдчилан сэргийлж гэрийнх нь гадаа байх цагаан өнгийн Бонго маркийн 50-74 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд уг модыг ачуулж Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Цагдаагийн хэсгийн хашаанд буулгуулсан. Р.Г нь ой модонд газарт унасан модыг жижиглэж тайрсан хэсэг модыг. 2.60 см урттай шургааг мод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Р.Гын мэдүүлсэн: ...Би тогтоолтой уншиж танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн тайлбар байхгүй. Хохирол, төлбөр төлж барагдуулна. Би сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй. Би тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэсэн нь миний буруу. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-03 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04, 07-09 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06 хуу/

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 39 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22  хуу/

 “Дамно” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ-22-153 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-32 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78-79хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 108 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 87-88 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Богино гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 22 ширхэг 2.2м3 шоо метр хуурай шинэс модыг зөвшөөрөлгүйгээр, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, ойн санд 241.472 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Г нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Богино гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 22 ширхэг 2.2м3 шоо метр хуурай шинэс модыг зөвшөөрөлгүйгээр, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, ойн санд 241.472 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлсэн “Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэн Р.Г нь талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар мод бэлтгэсэн асуудалд сумаа төлөөлж, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би ойн санд учруулсан хохирлыг барагдуулж авах хүсэлттэй байнагэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

 

гэрч Ш.Чын мэдүүлсэн “мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн газар 2022 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдсэн газар биш” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,  

гэрч Т.Огийн мэдүүлсэн “Намайг гэртээ байхад сумын төв рүү хүүхдүүддээ галын түлээ оруулж өгнө гээд хажуу талын мод руу орсон. Ганцаараа мод бэлтгэнэ гээд явсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

гэрч Д.Тгийн мэдүүлсэн “Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Богино түлээ гэх газарт эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэх хугацаанд тус багийн иргэн Р.Г гэх хүн гэрийнхээ ард байх ой модонд цагаан өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөгөөр ганцаараа мод бэлтгэж байсан. Тэгээд очоод мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан бөгөөд газарт унасан модыг богино, жижиглэж таарч байсан. Р.Г нь ой модонд газарт унасан модыг жижиглэж тайрсан, хэсэг модыг 2.60 см урттай шургааг мод байсангэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Р.Гын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-03/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04, 07-09/, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 39 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/, “Дамно” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ-22-153 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Р.Г нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Р.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Р.Г нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Р.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Р.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Р.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                                           Шүүгдэгч Р.Гад нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 241.472 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 39 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /241.472*3=724.416 /долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч Р.Гаас 724.416 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

            Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 108 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Гын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 242.000 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг 2.2м3 шоо метр хуурай шинэс модыг улсын орлогод оруулж, 138.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 586.416 төгрөгийг шүүгдэгч Р.Гаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч Р.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Р.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Р.Гыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Ргийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Гад оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гаас 724.416 /долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 108 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Гын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 242.000 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг 2.2м3 шоо метр хуурай шинэс модыг улсын орлогод оруулж, 138.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 586.416 төгрөгийг шүүгдэгч Р.Гаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

     

             7. Шүүгдэгч Р.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ