| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/08 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/08
2023/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ, Г.Энхбаяр
Хохирогч: Б.Т
Шүүгдэгч: : Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бы Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Шгийн Ш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Бийн О нарт холбогдох 2212000000390 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын И багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Шгийн Ш /РД: ../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, нөхөр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын И багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бы Б /РД: ../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. багийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, А овогт Бийн О /РД: ../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. багийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй Б овогт Цийн О /РД: ../
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бага халзан гэх газарт оршин суух Б.Тын эзэмшлийн алдуул 75 тооны малыг завшиж, хохирогч Б.Тт 6.670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Б.Т мэдүүлэхдээ: Би намар нэг хэсэг аймагт амьдарч байгаад хөдөө гэртээ очоод малдаа явж байгаад дутуу юм шиг байхаар нь бүртгэж үзтэл мал дутсан байсан. Намар Оынх манайхтай ойрхон байсан. Намайг очиход нүүгээд явсан байсан. Тэгэхээр нь Оын хонинд очиж үзсэн чинь манай 35 тооны хурга байсан. Бусад том мал нь байхгүй байсан. Би яагаад манай хургануудыг имнэчихсэн юм бэ том мал нь хаана байна гэсэн чинь мэдэхгүй том мал байгаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээхийгээ хөхөж байсан хурганууд тусдаа салах ёсгүй, ээжүүд нь байх ёстой гэж хэлсэн чинь эзэн нь ирж авахгүй байхаар нь имнэсэн юм гэж надад хэлсэн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000390 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Тын мэдүүлсэн: ...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс эхнэрийн хамт ирсэн. 10 дугаар сарын 21-ний өдөр хониндоо явж байгаад хонинууд дутуу юм шиг санагдаад байхаар нь бүртгээд үзтэл, хонинууд дутуу байсан. 23 тооны эм хонь, 7 тооны төлөг, 35 тооны хурга, 8 тооны эм ямаа, 2 тооны эр ямаа, нийт 75 тооны хонь, ямаа хулгайд алдсан байсан. Ойр хавийн айлын хонинуудаар шүүгээд үзтэл байхгүй байсан. Идэр-Улаан багийн айлуудаар шүүгээд үзтэл Бургастай их гэх газарт байх Оын хонинууд дунд манай 35 тооны хурга байсан. Хоёр чихийг нь тайраад имнэсэн байсан. Отай уулзаад асуухад би энэ хургануудыг Батцэнгэл сумаас авсан гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрийнхөө хургануудыг таньж байна гэхэд би мэдэхгүй хонинууд дунд нийлсэн байсан гэж надад хэлсэн. О нь намайг аймаг руу явахаас өмнө манайхтай саахалт айлууд байсан юм. Намайг аймгаас 10 дугаар сарын 19-ний өдөр ирэхэд нүүгээд явсан байсан. Манай хурганууд эхийгээ хөхдөг хурганууд байсан. Тийм болохоор би эхээсээ салах магадлал бага гэж үзэж байна. Эзэн нь ирж авахгүй байхаар нь имнэсэн юм гэж надад хэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 09-нөөс 19-ний хооронд аймагт эхнэрийн хамт байшин барьж байсан. Эхнэрийн дүү Д гэх залууд малаа захиж үлдээсэн. Нас гүйцсэн эм хонь 8, соёолон насны эм хонь 3, хязаалан насны хонь 8 , шүдлэн хонь насны 4 , төлөг 7 ширхэг, хурга 35 ширхэг, нас гүйцсэн эм ямаа 3 ширхэг, соёолон насны эм ямаа 3, хязаалан насны эм 2, нас гүйцсэн эр 2 зэргийг хулгайд алдсан. Манай хонинууд 4 өөр имтэй. Зүүн талын чих нь онь имтэй, баруун талын чих нь урдаасаа догол, зүүн талын чих нь онь имтэй, баруун чих хойноосоо ухмал имтэй, зүүн талын чих нь онь имтэй, баруун талын чих нь тайрхай, зүүн талын чих нь хойноосоо догол, баруун чих нь урдаасаа догол. Нас гүйцсэн эм хонио 140.000, соёолон насны эм хонь 135.000, хязаалан насны эм хонь 120.000, шүдлэн насны эм хонь 110.000, төлөг 100.000, хурга 50.000, нас гүйцсэн эм ямаа 130.000, соёолон насны эм ямаа 120.000, хязаалан насны эм ямаа 90.000, нас гүйцсэн эр ямаа 140.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хонь, ямаануудаа тоолж үзэхэд 597 тооны хонь, 338 тооны хурга, 322 тооны ямаа, 51 тооны ишиг, нийт 1.308 хонь, ямаанууд тоолсон. 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тоолж үзэхэд нийт 1.138 тооны хонь, ямаанууд тоолсон. Үүн дээр нэмэгдээд 40 тооны хонь хот руу ачуулсан, 11 тооны хонь хоол хүнсэндээ хэрэглэсэн, 44 тооны ямаа айлд зарсан. Хулгайд алдсан 75 тооны хонь, ямаа гээд нийт 1.308 тооны хонь, ямаа байна. Би Идэр-Улаан багийн малчин О гэх хүнийг хардаж байна. Манай хулгайд алдсан хонь, ямаануудын, зарим хурганууд Оын хониноос гарч ирсэн. Манай хургануудын 2 чихийг нь талд нь ортол тайрсан байсан. Би гомдолтой байна. Хонь, ямаагаа гүйцэд төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Тын дахин мэдүүлсэн: ...Би өөрт учирсан хохирлоо холбогдогч нараас авч байгаа, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тиймээс үлдэгдэл хохирлоо өгнө гэж тохирсноороо өгчихвөл гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 188 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Лын мэдүүлсэн: ...Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн төвөөс нөхрийн хамт ногоон тэжээл ачиж ирсэн. 10 дугаар сарын 21-ний өглөө нөхөр Т хониндоо явж ирээд манай хонинууд дутуу байна гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр хонь бүртгээд үзтэл хонинууд их хэмжээгээр дутсан байсан. Нөхөр бид хоёр хонинуудаа бүртгээд үзтэл 23 тооны эм хонь, 7 тооны төлөг, 35 тооны хурга, 3 тооны эм ямаа, 2 тооны эр ямаа, нийт 75 тооны хонь, ямаагаа хулгайд алдсан байсан. Би нөхрийн хамт Идэр-Улаан багийн айлуудаар явж хонинууд дунд хонио үзтэл манай хонь, ямаанууд байгаагүй. Дахин Идэр-Улаан багийн Бургастын их гэх газраар нөхрийн хамт хонинуудаа хайгаад явж байтал О гэх айлын хонинууд дунд манай хурганууд байсан. Шалгаад үзтэл манай хургануудын хоёр чихийг нь талд нь ортол тайраад имнэсэн байсан. Нас гүйцсэн эм хонь 8, соёолон нас эм хонь 3, хязаалан насны эм хонь 8, шүдлэн насны эм хонь 4, эр төлөг 7, нас гүйцсэн эр ямаа 2, нас гүйцсэн эм ямаа 3, соёолон насны эм ямаа 3, хязаалан насны эм ямаа 2 байсан. Би хулгайд хонь, ямуудаа зах зээлийн ханшаар үнэлж байна. Нас гүйцсэн эм хонь 130.000 төгрөг, соёолон насны эм 130.000 төгрөг, хязаалан насны эм хонь 130.000 төгрөг, шүдлэн насны эм хонь 120.000 төгрөг, төлөг 100.000 төгрөг, нас гүйцсэн эр ямаа 120.000 төгрөг, нас гүйцсэн эм ямаа 110.000 төгрөг, соёолон насны эм ямаа 110.000 төгрөг, хязаалан насны эм ямаа 110.000 төгрөг, хурга 50.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай хонь, ямаанууд 4 өөр им, тэмдэгтэй. Зүүн талын чих нь онь, баруун талын чих нь урдаасаа догол, баруун талын чихний үзүүр хэсэг нь тайранхай, зүүн талын чих нь онь, зүүн талын чих нь онь, баруун талын чих нь хойноосоо ухмал, зүүн талын чих нь хойноосоо догол, баруун чих нь урдаасаа догол имтэй байсан. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хонь, ямаануудаа тоолж үзэхэд 597 тооны хонь, 338 тооны хурга, 322 тооны ямаа, 51 тооны ишиг, нийт 1.308 тооны хонь, ямаанууд тоолсон. Манай хулгайд алдсан хурганууд гарч ирсэн. О гэх хүнийг би хардаж, сэжиглэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дгийн мэдүүлсэн: ...2022 оны 10 дугаар сарын 09-нөөс 19-ний өдрийн хооронд би Т ахын хонинуудыг харсан. 10 дугаар сарын 19-ний өдөр Т ах Архангай аймгийн төвөөс ирсэн. Маргааш өглөө нь Т ах хониндоо явж ирээд манай хонинууд дутуу байх шиг байна, бүртгээд үзье гээд тоог нь авахад их хэмжээгээр дутсан байсан. Ах айлуудын хонинуудаар шүүгээд ирье гээд явсан. Удалгүй ах ирээд О гэх айл нүүгээд явсан байна, тэдний хонь, ямаанууд дунд шүүж үзье гээд Л эгчтэй хамт явсан. Орой 17 цагийн үед Т ах над руу залгаад манай хонинууд Идэр-Улаан багийн Бургаст гэх газарт Оын хонинууд дунд байна, 2 чихийг нь тайраад имнэсэн байна гэж ярьсан. Маргааш өглөө нь Т ах, Л эгч хоёр ирсэн. Би харж байх хугацаанд хэзээ алга болсон талаар сайн мэдэхгүй байна. Т ахыг 10 дугаар сарын 19-ний өдөр ирээд тоолж үзэхэд мэдсэн. Би хэзээ нүүж явсныг нь сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь нүүгээд явсан байсан. Намайг харж байх үед хонь, ямаанууд тасарч нийлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мгийн мэдүүлсэн: ...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Т манай гэр рүү утсаар яриад манай алдсан хонь, ямааны нэг хэсэг болох хурганууд нь Б.Оын хонь, ямаан дунд байна, би утасгүй ирсэн тул зургийг нь дарж авах утас хэрэгтэй байна, та миний утсыг гэрээс аваад Б.Оынд хүрээд ирээч гэсэн. Оынд очоод хонин дундаас нь Тын алдсан хонийг нь шүүж үзэхэд Оын хонин дунд шинэ имтэй хурганууд байсан. О нь Тын хургануудын 2 чихийг нь тайрч имнэсэн байсан. Бид хэд Оын хониноос 35 тооны хурга ялгаж авсан. Хурганаас өөр эр, эм хонь, ямаа Оын хонинд байгаагүй. Т нь надад 80 гаруй тооны хонь, ямаагаа алдсан талаараа ярьж байсан. Т нь манай хонь, ямаан дунд өөрийн имтэй хонинууд нийлсэн байж магадгүй гээд шүүж үзсэн. Манай хонинууд дундаас Тын имтэй хонь, ямаанууд гарч ирээгүй. Тын гэр Оынхаас багцаагаар 8 км зайтай. Хонь нь нэг зүгт бэлчдэг учраас нийлэх боломжтой эсэхийг нь би сайн мэдэхгүй. Эхийгээ хөхдөг хурганууд бөгөөд эхээсээ салах магадлал байхгүй. Сувайлсан байсан бол салах магадлалтай байсан бөгөөд тэрнээс бол салахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Оын мэдүүлсэн: ...Би хяналтын прокурор Б.Нямжавын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2212000000390 дугаартай тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Би хохирлын талыг барагдуулсан бөгөөд цаашид хохирлыг барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 134-135 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Оийн мэдүүлсэн: ...Би хяналтын прокурор Б.Нямжавын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2212000000390 дугаартай тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Би хохирлын талыг барагдуулсан бөгөөд цаашид хохирлыг барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бийн мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 156-157 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Шгийн мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 166-167 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-06 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-11, 16-17, 21, 25 хуу/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15, 18-20, 22-24 хуу/
“Дамно” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн АА22-90 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-112 хуу/
“Дамно” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн АЦ22-133 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-120 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 175 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176, 183, 184, 185 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн Төрийн банкны орлогын мэдүүлэг 1 ширхэг, Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот тогтоол 2 хуудас, санал 1 хуудас, хохирогчийн хүсэлт 1 хуудас, шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Н.О нарын хүсэлтүүд 3 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бага халзан гэх газарт оршин суух Б.Тын эзэмшлийн алдуул 75 тооны малыг завшиж, хохирогч Б.Тт 6.670.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар нь 2022 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бага халзан гэх газарт оршин суух Б.Тын эзэмшлийн алдуул 75 тооны малыг завшиж, хохирогч Б.Тт 6.670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Б.Тын мэдүүлсэн “10 дугаар сарын 21-ний өдөр хониндоо явж байгаад хонинууд дутуу юм шиг санагдаад байхаар нь бүртгээд үзтэл, хонинууд дутуу байсан. 23 тооны эм хонь, 7 тооны төлөг, 35 тооны хурга, 8 тооны эм ямаа, 2 тооны эр ямаа, нийт 75 тооны хонь, ямаа хулгайд алдсан байсан. Ойр хавийн айлын хонинуудаар шүүгээд үзтэл байхгүй байсан. Идэр-Улаан багийн айлуудаар шүүгээд үзтэл Бургастай их гэх газарт байх Оын хонинууд дунд манай 35 тооны хурга байсан. Хоёр чихийг нь тайраад имнэсэн байсан. Отай уулзаад асуухад би энэ хургануудыг Батцэнгэл сумаас авсан гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрийнхөө хургануудыг таньж байна гэхэд би мэдэхгүй, хонинууд дунд нийлсэн байсан гэж надад хэлсэн. О нь намайг аймаг руу явахаас өмнө манайхтай саахалт айлууд байсан юм. Намайг аймгаас 10 дугаар сарын 19-ний өдөр ирэхэд нүүгээд явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,
гэрч С.Лын мэдүүлсэн “10 дугаар сарын 21-ний өглөө нөхөр Т хониндоо явж ирээд манай хонинууд дутуу байна гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр хонь бүртгээд үзтэл хонинууд их хэмжээгээр дутсан байсан. Нөхөр бид хоёр хонинуудаа бүртгээд үзтэл 23 тооны эм хонь, 7 тооны төлөг, 35 тооны хурга, 3 тооны эм ямаа, 2 тооны эр ямаа, нийт 75 тооны хонь, ямаагаа хулгайд алдсан байсан. Би нөхрийн хамт Идэр-Улаан багийн айлуудаар явж хонинууд дунд хонио үзтэл манай хонь, ямаанууд байгаагүй. Дахин Идэр-Улаан багийн Бургастын их гэх газраар нөхрийн хамт хонинуудаа хайгаад явж байтал О гэх айлын хонинууд дунд манай хурганууд байсан. Шалгаад үзтэл манай хургануудын хоёр чихийг нь талд нь ортол тайраад имнэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/,
гэрч С.Дгийн мэдүүлсэн “Маргааш өглөө нь Т ах хониндоо явж ирээд манай хонинууд дутуу байх шиг байна, бүртгээд үзье гээд тоог нь авахад их хэмжээгээр дутсан байсан. Ах айлуудын хонинуудаар шүүгээд ирье гээд явсан. Удалгүй ах ирээд О гэх айл нүүгээд явсан байна, тэдний хонь, ямаанууд дунд шүүж үзье гээд Л эгчтэй хамт явсан. Орой 17 цагийн үед Т ах над руу залгаад манай хонинууд Идэр-Улаан багийн Бургаст гэх газарт Оын хонинууд дунд байна, 2 чихийг нь тайраад имнэсэн байна гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
гэрч Д.Мгийн мэдүүлсэн “2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Т манай гэр рүү утсаар яриад манай алдсан хонь, ямааны нэг хэсэг болох хурганууд нь Б.Оын хонь, ямаан дунд байна, би утасгүй ирсэн тул зургийг нь дарж авах утас хэрэгтэй байна, та миний утсыг гэрээс аваад Б.Оынд хүрээд ирээч гэсэн. Оынд очоод хонин дундаас нь Тын алдсан хонийг нь шүүж үзэхэд Оын хонин дунд шинэ имтэй хурганууд байсан. О нь Тын хургануудын 2 чихийг нь тайрч имнэсэн байсан. Бид хэд Оын хониноос 35 тооны хурга ялгаж авсан. Хурганаас өөр эр, эм хонь, ямаа Оын хонинд байгаагүй. Т нь надад 80 гаруй тооны хонь, ямаагаа алдсан талаараа ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
өөрсдийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.О, Ц.О, Б.Б, Ш.Ш нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 134-135, 144-145, 156-157, 166-167/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-06/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-11, 16-17, 21, 25/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15, 18-20, 22-24/, “Дамно” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн АЦ22-133 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-120/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Б овогт Шгийн Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Бы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А овогт Бийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Цийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар нь 2022 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бага халзан гэх газарт оршин суух Б.Тын эзэмшлийн алдуул 75 тооны малыг завшсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхбаяр, Э.Мөнх-Эрдэнэ нар болон шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй, шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхбаяр нь хүсэлт гаргасан тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/11 дугаартай захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоож, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот тогтоолоор прокурор тэдгээрт оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг тус тус оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт тус тус төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Б.Тт 6.670.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.
Шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар нь хохирогч Б.Тт учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул тэдгээрийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Шгийн Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Бы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А овогт Бийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Цийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Оийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Шд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр, шүүгдэгч Б.Бт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр, шүүгдэгч Б.Оад оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр, шүүгдэгч Ц.От оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.Ш, Б.Б, Б.О, Ц.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ