Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/187

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0221/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Уугантуяа,

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ж-ын Бт холбогдох эрүүгийн 2239000000330 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                 Холбогдсон хэргийн талаар

                                       /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ж.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Чингис зочид буудлын 4 тоот өрөөнд хамт байсан Э.Жамъянсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны виза карт, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлсийг түүнийг согтсоныг далимдуулан хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хулгайлж Э.Жамъянсүрэнд 2.852.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Ж.Б:

...2022 оны 09 сарын 12-ны өдөр Жамъянсүрэнтэй ажил дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн. 09 сарын 12-ны орой дарга Жамъянсүрэнг хүргэж ирсэн. Маргааш нь 2022 оны 09 сарын 13-ны орой би Хэнтий аймгийн төвд ирсэн. Тэгтэл Жамъянсүрэн би “Чингис” зочид буудалд байна хүрээд ир гэсэн, тэгээд тал шил архи байсныг хувааж уусан. Би Жамъянсүрэнгийн данс руу мөнгө хийгээд “Номин” дэлгүүрээс архи худалдаж авсан. Тэр архийг уусны дараа юу болсныг сайн санахгүй байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000330 дугаартай гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж, авсан нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ж.Бын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” зочид буудлын 4 тоот өрөөнд хамт байсан Э.Жамъянсүрэнгийн эзэмшлийн “Хаан” банкны виза карт, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлсийг түүнийг согтсоныг далимдуулан хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бус идэвхтэй үйлдлээр хулгайлж Э.Жамъянсүрэнд 2.852.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

“Фэйр валуэшн” ХХК-ий 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШД-326 дугаартай ...тооцооллын үр дүнд эд зүйлсийн нийт үнэлгээ 452.000 төгрөг...  гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 38-40 дүгээр тал/,

хохирогч Э.Жамъянсүрэнгийн ...Би Хэнтий аймгийн Норовлин суманд зам тавьж байгаа “Наран булаг” ХХК-д ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу явахаар гарсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймагт 16 цагийн үед ирээд 2 хоноод явна гэж бодоод Чингис зочид буудлын 4 номерын өрөөнд орсон. Орохдоо өөртөө байсан 0.75 литрийн Соёрхол нэртэй архийг уугаад сууж байхад над руу хамт ажиллаж байсан Булганбаатар залгаад хаана байгаа юм би Хэнтийд байна очъё гэхээр нь би Чингис зочид буудалд байна гээд дуудсан. 20 цагийн үед Булгаа орж ирээд үлдсэн архиа хувааж уусан. Тэр үед Булгаа надтай цуг хононо гэж байсан юм. Тэгээд бид хоёр ууж байсан архи дуусахаар нь гараад Номин орж нэг шил архи аваад буцаад ирсэн. Би цагаа сайн санахгүй байна, согтуу байсан болохоор. Архи уугаад сууж байхад Булгаа миний гар утсыг гуйгаад өөрийн сим картаа хийж интернэт банк руу орж байсан. Тэгээд удалгүй би архиндаа тасраад унтсан байсан. Өглөө сэрэхэд миний хэтэвч, гар утас 2 нөгөө орон дээр, орны доор байсан хар цүнхтэй хувцас байхгүй байсан. Би Булгаагийн сим картыг гаргаад өөрийн сим картыг хийхэд надад мэдээлэл ирсэн миний данснаас эхлээд 1.000.000 төгрөг дараа нь 200.000 төгрөг, 700.000 төгрөг, 500.000 төгрөг тус тус гараад миний дансанд 1500 төгрөг үлдсэн байхаар нь цагдаа дуудсан...Миний хар цүнхэнд 3 ширхэг жинсэн өмд, 2 ширхэг цамц, 1 ширхэг хавар намрын шар алаг куртик, нэг ширхэг тэлээ, 1 ширхэг бор ноосон цамц, 1 ширхэг цэнхэр ноосон цамц, 1 ширхэг улаан нимгэн цамц зэрэг байсан...кодыг мэдэх байх зочид буудлын тооцоо хийхэд миний хажууд байсан... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

яллагдагч Ж.Бын ...Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Э.Жамъянсүрэн согтоод тасраад унахаар нь виза карт цүнхтэй хувцсыг нь аваад явсан... /хх-н 37 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ж.Бын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” зочид буудлын 4 тоот өрөөнд Э.Жамъянсүрэнгийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ иргэн Э.Жамъянсүрэнгийн эзэмшлийн “Хаан” банкны виза карт, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлсийг түүнийг согтсоныг далимдуулан хулгайлсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ж.Б:

...шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах  ажиллагааны үед хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болон өнөөдрийн шүүхийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлаар шинжлэн судалсан нотлох баримт, түүний өгч буй мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэг учрал болох үед шүүгдэгч нь хийсэн хууль бус үйлдэлдээ санаатай ханджээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, архидан согтуурсан байдал зэрэг нь нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Тайлбар: Шүүгдэгч Ж.Б нь өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байна. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хохирогч Э.Жамъянсүрэн хоёр л цуг байсан, шүүгдэгч нь хохирогчийг унтсаны дараа түүний картыг авч гарсан, мөнгө АТМ-ын байршлууд, мөнгө гарсан цаг хугацаа нь Ж.Бын явсан цаг хугацаатай таарч тохирч байна. Мөн яллагдагчаар болон гэрчээр мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргээ нэг бүрчлэн тодорхой мэдүүлсэн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Б:

...Хохирогчид гомдолтой байна. Хохирогч нь худал мэдүүлэг өгсөн. Намайг авч гарсан гэх хар цүнхтэй хувцсыг Жамъянсүрэн өөрөө даргын машинаас авч буусан. Хохирлын хэмжээг тодорхойгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хохирлоо барагдуулаагүй. Үндэслэлтэй хохирол тогтоогдсоны дараа хохирлоо барагдуулна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ж.Быг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаг бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа мэдүүлдэг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан шүүгдэгч Ж.Бын ...Хохирогч нь худал мэдүүлэг өгсөн. Намайг авч гарсан гэх хар цүнхтэй хувцсыг Жамъянсүрэн өөрөө даргын машинаас авч буусан. Хохирлын хэмжээ тодорхойгүй, үндэслэлгүй, би “Хаан” банкны виза картыг нь аваагүй... гэх дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хохирогч Э.Жамъянсүрэн, шүүгдэгч Ж.Б хоёр л тухайн зочид буудлын 4 тоот өрөөнд цуг байсан, шүүгдэгч нь хохирогчийг согтоод унтсаны дараа түүний картыг авч гарсан, мөнгийг АТМ-с авсан, шүүгдэгчийн Улаанбаатар хот руу явсан цаг хугацаа, АТМ-ын байршлууд, мөнгө виза картнаас гарсан цаг хугацаануудад хохирогч Э.Жамъянсүрэн Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Чингис” зочид буудалд болон Хэрлэн суманд байсан цаг хугацаатай таарч тохирч байгаа талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн яллагдагчаар болон гэрчээр мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргээ нэг бүрчлэн тодорхой мэдүүлсэн нь дээрх нотлох баримтуудтай тохирч байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Ж.Бын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа, зан үйл бөгөөд гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, ам, хэл, дохио зангаа зэрэг тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагдахыг дурдах нь зүйтэй.

“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн, “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан бол”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан бол”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэсэн хүндрүүлэх болон “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол”, “зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бага хэмжээний хохиролоос дээш буюу гурван зуун нэг нэгж түүнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, бага хэмжээний хохирол болох 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Харин хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх болон онц хүндрүүлэх шинжийг хангасан гэмт хэргүүд нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэргүүд хамаарах ба энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, хөнгөрүүлэх, хүндрүүлэх шинжүүд хангагдсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн 2239000000330 дугаартай хэрэгт авагдсан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн талаарх үйл баримтаас дүгнэхэд

Шүүгдэгч Ж.Б иргэн Э.Жамъянсүрэнгийн эд хөрөнгө болох түүний “Хаан” банкны виза карт, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлсийг хулгайлж буй гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь “хулгайлах” гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн нөхцөл байдал үүсэж байгаа боловч тухайн үйл ажиллагаа явуулах зориулалттай “Чингис” зочид буудлын 4 тоот өрөөг Э.Жамъянсүрэн тухайн буудлын үйл ажиллагааны дагуу, тогтоосон үнэ хөлсийг төлж, тодорхой хугацаагаар өөрийн эзэмшил, ашиглалтад байлгах хугацаанд түүний зөвшөөрлөөр тухайн зочид буудлын 4 тоот өрөөнд нэвтэрч, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэл эс үйлдэхүй бөгөөд энэ гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч Э.Жамъянсүрэнд 2.852.000 /хоёр сая найман зуун тавин хоёр мянга/ төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш хохирол хор уршиг учирсан тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Тухайлбал хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ж.Б нь яллагдагчаар өгсөн ...хохирогч Э.Жамъянсүрэнгийн цүнхтэй хувцас, хаан банкны виза карт зэргийг андуураад авч гарсан..., ...Э.Жамъянсүрэнгийн хаан банкны виза картыг Хэнтий аймагт байрлах АТМ-с 1.000.000 төгрөг уншуулж, аваад дахин Улаанбаатар хотод байрлах АТМ-ээс картнаас нь 200.000, 500.000 төгрөгийг уншуулж... гэсэн мэдүүлэг,

мөн хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ж.Бын “Хаан” банкны 5150072227 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд дансны үлдэгдэл 0.00 төгрөг байсан талаарх нотлох баримт,

мөн хавтас хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан хохирогч Э.Жамъянсүрэнгийн “Хаан” банкны 5639042246 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар гэмт хэрэг үйлдэгдэх тухай цаг хугацаанд дансны үлдэгдэл 2.438.818,79 /хоёр сая дөрвөн зуун гучин найман мянга найман зуун арван ес/ төгрөг байсан ба 2022 оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд 223.948 /хоёр зуун хорин гурван мянга есөн зуун дөчин найм/ төгрөгийг зарлага хийгдэж, 2.214.871 /хоёр сая хоёр зуун арван дөрвөн мянга найман зуун далан нэг/ төгрөг үлдсэн бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны 18 цаг 08 минутад 1605179143 дугаарын данснаас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн орлого хийгдэж 2.464.871/ хоёр сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга найман зуун далан нэг/ төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаарх нотлох баримт,

2022 оны 09 дүгээр сарын 13-ны 20 цаг 33 минутад Хэнтий аймгийн АТМ-ээс 1.000.000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 14-ны үүрийн 04 цаг 24 минутад 6.000 төгрөг, 04 цаг 25 минутад Улаанбаатар хотын АТМ-ээс 500.000 төгрөг, 04 цаг 26 минутад Улаанбаатар хотын АТМ-ээс 700.000 төгрөг, 04 цаг 27 минутад 200.000 төгрөгийн тус тус зарлага гарсан талаарх нотлох баримт,

мөн хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Э.Жамъянсүрэнгийн өгсөн мэдүүлгээр хохирогч тухайн цаг хугацаанд Хэнтий аймгийн “Чингис” зочид буудалд байсан талаарх нотлох баримт зэрэг болно.

 

Түүнчлэн хохирогч Э.Жамъянсүрэнгийн хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганд гарсан мөнгөний зарлагын гүйлгээнүүд болох Хэнтий аймаг, Хэрлэн сум болон Улаанбаатар хотын АТМ-ээс гарсан зарлагууд шүүгдэгч Ж.Бын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны орой Улаанбаатар хот руу явсан маршруттай тохирч байгааг дурдах нь зүйтэй болно.

 

Түүнээс гадна шүүгдэгч Ж.Быг хохирогчийн хаан банкны виза картаас 1.000.000/нэг сая/ төгрөг, 500.000 /таван зуун мянга/ төгрөг, 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, нийт 2.4000.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг болон шинжээчийн 2022/ШД-326 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 452.000 /дөрвөн зуун тавин хоёр мянга/ төгрөг, бүгд 2.852.000 /хоёр сая найман зуун тавин хоёр мянга/ төгрөгийн хохирлыг учруулсан гэж үзсэн.

 

Тэрээр шүүгдэгч Ж.Бын бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад этгээдэд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар Э.Жамъянсүрэн болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, ашиг олох зорилготой энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, 2.852.000 /хоёр сая найман зуун тавин хоёр мянга/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Э.Жамъянсүрэнд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Бын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Э:Жамъянсүрэнгийн эд хөрөнгөд 2.852.000 /хоёр сая найман зуун тавин хоёр мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 Хохирогч Э.Жамъянсүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан ...2.852.000 /хоёр сая найман зуун тавин хоёр мянга/ төгрөгийн хохирлын энэ мөнгөн дүнгээс 452.000 /дөрвөн зуун тавин хоёр мянга/ төгрөгийг хасуулах хүсэлтэй байна... гэх хүсэлтийг үндэслэн нийт хохирол болох 2.852.000 /хоёр сая найман зуун тавин хоёр мянга/ төгрөгөөс 452.000 /дөрвөн зуун тавин хоёр мянга/ төгрөгийг хасаж үлдэх 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Баас гаргуулж, хохирогч Э.Жамъянсүрэнд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ж:Батбаатар:

...шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор хохирол, түүний өмнө хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Б:

...АТМ болгон камертай байдаг. Камерын бичлэг байхгүй, виза карт, цүнх зэргийг авсан нь тодорхойгүй байгаа тул гомдолтой байна. Миний авсан гэх цүнхтэй хувцас гарч ирсэн. Буудлын хүн хэлэхдээ цагдаатай хамт камер шүүхэд чиний барьж орж ирсэн жилеткэн цамцыг Жамъянсүрэн авч гарсан гэж хэлсэн. Би камерын бичлэгээр хохирогчийн эд зүйлийг авсан нь тогтоогдвол би хохирлоо барагдуулаад, ял шийтгэлээ хүлээнэ... гэсэн мэдүүлгийг гаргасан болно.

Шүүгдэгч Ж.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүх шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд хулгайлах гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239000000330 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овгийн Ж-ын Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

    шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12.,

        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ж-ын Быг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Ж-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж-ын Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2239000000330 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овгийн Ж-ын Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Ж-ын Баас нийт 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ЛД93051615 дугаарын регистртэй, Боржигон овгийн Энхтайваны Жамъянсүрэнд олгосугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ж-ын Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлүүлэх хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ж-ын Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ГАНДАНСҮРЭН