| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2022/0231/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/195 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0242/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Д.Ч,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Д Гт холбогдох эрүүгийн 2239000000335 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Гнь 2022 оны 08 дугаар сарын 28-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Баярбаатарыг зодож эрүүл мэндэд нь зулайн зүүн дээд хэсэг, дагзны баруун хэсэг, духны зүүн дээд хэсэг, зүүн нүдний доод хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний алимын салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Д.Г:
...өөрийн гэмт хэрэг үйлдсэн талаарх гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2.000.000 төгрөгийг дансаар данс руу шилжүүлж нотариатаар батлуулсан. Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хэмжээгээр нөлөөлсөн тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2239000000335 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Д.Г-ын2022 оны 08 дугаар сарын 28-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт Б.Баярбаатарыг зодож эрүүл мэндэд нь зулайн зүүн дээд хэсэг, дагзны баруун хэсэг, духны зүүн дээд хэсэг, зүүн нүдний доод хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний алимын салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №572 дугаартай ...Б.Баярбаатарын биед зулайн зүүн дээд хэсэг, дагзны баруун хэсэг, духны зүүн дээд хэсэг, зүүн нүдний доод хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний алимын салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
хохирогч Б.Баярбаатарын ...Би 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Аагий гэх дүүтэйгээ таараад “Төгөлдөр” караокед орж дуулж сууж байгаад 21 цагийн үед тэндээсээ “Андууд” караоке орсон юм. Тэнд нэг өрөөнд цаг гаран ууж сууж байгаад гарах гэхэд хэдэн танихгүй залуучууд хүн хайгаад өрөөнд орж ирээд маргалдаж, зодоон үүсгэсэн. Тэгээд нэг мэдсэн чинь толгойноос цус гараад байхаар нь болъёо гэхэд болихгүй дайраад байхаар нь би зугтаагаад такси бариад явсан. Тэгээд нэг таньдаг ахындаа очоод эх*******ийгээ дуудаад эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
...Би тухайн өдөр дүү Алтангэрэлийн хамт явж байсан юм. Тэгээд бид хоёр Андууд караокеноос гарахад Алтангэрэлийн найз гээд нэг залуу ирсэн караокены гадаа байсан юм. Бид 3 тухайн үед зодоон цохион үүсгэсэн асуудал байхгүй караокеноос гарахад караоке дотор маргалдсан 2 залуу гадаа зогсож байсан юм. Тэгээд тэр хоёр залуугийн халзан толгойтой, бондгор залуу надтай хэрүүл маргаан үүсгээд намайг такси барих гээд явж байхад ирээд зодсон өөр зодоон цохион болоогүй намайг зодуулж байхад Алтангэрэл, Алтангэрэлийн найз хоёр холоос хараад зогсож байсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч Т.Ганцоожийн ...би 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ажлыхантай “Андууд” караоке орж нэг цаг дуулж байгаад тооцоогоо хийх гээд доошоо буухдаа нэг танихгүй залуутай маргалдаад гадаа гарсан. Тэгтэл тэр залуутай явж байсан хоёр залуу намайг газар унагаад өшиглөөд, цохиод би хариу үйлдэл үзүүлж чадахгүй зодуулж байхад Г намайг өмөөрч нөгөө гурван залуутай зодолдсон. Тэгээд нөгөө зодуулсан гэх залууг хамт явж байсан шар үстэй эмэгтэй таксинд суулгаад явуулсан. Тэгээд бид хоёр буудал руугаа амрахаар алхаад явж байхад цагдаа ирээд бид хоёрыг машиндаа суулгаад эрүүлжүүлэх байранд очиж драгер үлээлгэхэд миний согтолтын зэрэг 3.00, Буджавынх 2.8 хавьцаа гарсан. Тэгээд эрүүлжүүлэхээс цагдаагийн газар ирээд сууж байхад цагдаа та хэд явж бай зодуулсан хүн чинь ирэхээр дуудъя гээд 02 цагийн үед явуулсан. Буудалдаа ирээд амарч байхад шөнийн 05 цагийн үед буудлаас цагдаа нар ирээд нөгөө хохирогч чинь ирсэн явъя гээд цагдаа дээр ирсэн... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
гэрч Э.Алтангэрэлийн ...Тэгээд цаг дуусаад тооцоогоо хийх гээд текэн дээр очоод тооцоогоо хийгээд гараад явж байхад гадаа үүдний хаалган дээр нөгөө өрөө андуурч орж ирдэг хоёр залуу зогсож байсан...тэгээд нэг халзан толгойтой залуу манай Баярбаатар ах руу чи намайг танидаггүй юу мэдэхгүй юу гээд дайраад байсан тэгсэн Баярбаатар ах би маргаан үүсгэмээргүй байна гээд такси барих гээд засмал зам руу явж байхад нь араас нь халзан толгойтой залуу гүйж очоод засмал замын хажууд дарж аваад зодчихсон тэгээд би очоод салгах гээд дийлээгүй юм...нөгөө халзан толгойтой залуутай хамт явж байсан залуу одоо болно хөгшөөн гээд салгаад аваад явсан...тэгээд машиндаа суулгаад жоохон явж байсан Баярбаатар ахыг зоддог халзан толгойтой залуу явж байсан тэгээд машинд суулгаад явсан...тухайн үед бид хоёр хүнтэй муудалцаагүй, зодоон үүсгэсэн асуудал байхгүй... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
гэрч Р.Дашзэвэгийн ...Би тухайн өдөр 15 цагийн үед өөрийн ажилдаг Андууд караокегоо нээгээд 23 цаг 30 минут хүртэл ажиллаад хаасан юм. Тухайн өдөр намайг ажиллаж байхад манай караоке дотор ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй...караокены гадаа зодоон болсон үгүйг би сайн мэдэхгүй байна... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Ч:
...Яллагдагч Д.Гнь 2022 оны 08 дугаар сарын 28-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Баярбаатарыг зодож эрүүл мэндэд нь зулайн зүүн дээд хэсэг, дагзны баруун хэсэг, духны зүүн дээд хэсэг, зүүн нүдний доод хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний алимын салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай байна гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Г:
...хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Гыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Гнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Гдээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч Д.Г-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Харин хүндрүүлэх шинжийг хангасан гэмт хэргүүд нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүй буюу хэлбэрийн шинжтэй,
мөн энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөнгөн хохирол, хор уршиг учирсан байхыг шаардсан материаллаг шинжтэй аль алиныг нь хамааруулсан ба, хүндрүүлэх шинжүүдийн аль нэгийг хангасан, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Эрүүгийн 2239000000335 дугаартай хэрэгт авагдсан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн талаарх үйл баримтаас дүгнэхэд
Шүүгдэгч Д.Г-ын иргэн Б.Баярбаатарыг цохиж зодон, биед нь хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Баярбаатарын биед зулайн зүүн дээд хэсэг, дагзны баруун хэсэг, духны зүүн дээд хэсэг, зүүн нүдний доод хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний алимын салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр шүүгдэгч Д.Г хохирогч Б.Баярбаатарын биед хүч хэрэглэн халдаж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Баярбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд сэдэлт, зорилготой хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Гыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Баярбаатарыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллаж байгаа боловч шүүгдэгч Д.Гыг архи, согтууруулах ундааны хэрэглэсэн эсэхийг шалгасан, тодруулж тогтоосон талаар нэг ч нотлох баримт байхгүй ба энэ талаар ямар нэгэн тогтоох ажиллагаа хийж шалгасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх шүүгдэгч Д.Гыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэж үзээгүй болно.
Иймд шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Баярбатын биед зулайн зүүн дээд хэсэг, дагзны баруун хэсэг, духны зүүн дээд хэсэг, зүүн нүдний доод хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний алимын салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Баярбаатарт гэмт хэргийн улмаас үүссэн хохирол болох эмчилгээний зардалд шүүгдэгч Д.Г2.000.000 төгрөгийг данснаас данс руу шилжүүлж барагдуулсан, хохирогч шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Б.Баярбаатарын ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... талаарх хүсэлт, 103 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ...хохирогч Б.Баярбаатартай 91172924 дугаарын утсаар холбогдож, хавтаст хэргийн хэргийн материалыг танилцуулахаар дуудахад “надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулсан тул хавтаст хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэж мэдэгдсэн... талаарх тэмдэглэл, 104 дүгээр хуудсанд авагдсан хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Гыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны Эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн талаар дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Д.Ч:
...Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.
Иймд 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Г:
...торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Д.Гд ...1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай... дүгнэлтийг шүүгдэгч Д.Гнь ...торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэж дүгнэлт, мэдүүлгийг илэрхийлж мэтгэлцдэг.
Шүүх улсын яллагчийн ял шийтгэлийн талаарх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Учир нь шүүгдэгч Д.Г-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзсэн.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг..., 1.2-т ...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг..., 1.4-д ...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн... гэж заасныг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэж шүүгдэгч Д.Гыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Гт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй ба хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч Д.Гт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун таин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2239000000335 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Гэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Д-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х овгийн Д-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөө буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Д-ийн Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х овгийн Д-ийн Гд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2239000000335 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х овгийн Д-ийн Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Д-ийн Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Д-ийн Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН