| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2022/0214/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/197 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0214/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа,
улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овгийн А-ын Н-д холбогдох эрүүгийн 2239000000273 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.Н нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан нуур” гэх газарт бэлчиж байсан Д.Жаргалсайханы адуун сүргээс хээр морь, хонгор гүү зэрэг 2 тооны буюу олон тооны малыг хулгайлж Д.Жаргалсайханд 2.840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хийд гэх газраас англи үсгийн Z тамгатай хар зүсмийн 1 тооны адууг өөрт эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр нууц далд аргаар хулгайлан авч Хэнтий аймгийн Хэрлэн суманд байх Цагаан чулуут гэх мал нядалгааны газарт худалдан борлуулж хохирогч Р.Зоригтод 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч А.Н:
... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2239000000273 дугаартай гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж, авсан нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч А.Нийн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан нуур” гэх газарт бэлчиж байсан Д.Жаргалсайханы адуун сүргээс хээр морь, хонгор гүү зэрэг 2 тооны буюу олон тооны малыг хулгайлж Д.Жаргалсайханд 2.840.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хийд гэх газраас англи үсгийн Z тамгатай хар зүсмийн 1 тооны адууг өөрт эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр нууц далд аргаар хулгайлан авч Хэнтий аймгийн Хэрлэн суманд байх Цагаан чулуут гэх мал нядалгааны газарт худалдан борлуулж хохирогч Р.Зоригтод 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/
“Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШД-226 дугаартай: “...2 тооны адууны зах зээлийн үнэлгээг 2.840.000 төгрөг байх боломжтой ...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 34-36 дүгээр хуудас/,
“Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШД-70 дугаартай: “...хар зүсмийн хязаалан байдас адууны зах зээлийн үнэлгээг 1.400.000 төгрөг байх боломжтой...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 125-129 дүгээр хуудас/,
хохирогч Д.Жаргалсайханы ...Би 2022 оны 05 дугаар сарын 10-нд адуугаа бүртгэхэд манай адуу хүрэн азаргатай 24 тооны адуу бүрэн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг Аваргын боом гэх газарт байсан ба тухайн өдрөөс хойш би адуугаа олохгүй хайж байгаад 05 дугаар сарын 14-ний өдөр 22 тооны адуугаа голын урдаас олж авсан ба манай адуунаас 2 тооны адуу дутсан байсан. Дутсан хоёр адуугаа ойр орчмоор нь хайгаад явж байтал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэн Ганболд гэх айлд манай алдсан саран дэвсгэртэй гурван нүдний чандмань тамгатай хонгор гүү байхаар нь Ганболд гэх хүнээс асуутал Дэлгэрхаан сумын иргэн Ннадад зарсан юм гэж хэлсэн...А.Н нь манай адууг захиран зарцуулах эрхгүй, А.Н нь манайхантай төрөл садны ямар нэгэн холбоо байхгүй... /хх-ийн 07-08 дугаар хуудас/,
...Нгэх залуугийн аав Амарбаатар миний хонгор гүүг хүлээлгэн өгсөн. Харин миний хээр морины хохирлыг барагдуулаагүй байгаа. Миний хээр морийг хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлсэн 1.540.000 төгрөгөөр нэхэмжилнэ. Би хонгор гүү, хээр морио хулгайд алдаад өөрөөсөө 150.000 төгрөгийн бензин гаргаж 2 адуугаа хайж эрэлд явсан. Би нийт Нгэх залуугаас 1.690.000 төгрөгийг нэхэмжилнэ... /хх-ийн 11 дүгээр хуудас/,
гэрч Г.Ганболдын ...2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр миний фэйсбүүк Ganhuyag Ganbold гэх хаяг руу A Naran Uurd гэх хаягаас Сайн уу гэсэн чат ирсэн. ...Та гүү худалдаж авч байгаа юм уу, би гүү зарах гээд” гэж хариу ирсэн. ...Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр орой 22 цаг өнгөрч байхад тэр үл таних залуу 94204407 гэсэн дугаараас “Жимбэр гэх айлд хүрээд ирлээ, та хүрч ирээд гүүгээ авчих уу гэхээр нь тэр дор нь хүргэн ахынхаа порентор маркийн 31-26 УНВ гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй төрсөн ах Барсболдтой хамт очиж авсан. ...Маргааш нь би адуундаа нөгөө хонгор зүсмийн гүүгээ тавьж адуун сүрэгтээ нийлүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд 98203070 гэсэн дугаараас миний 98890060 гэсэн дугаар руу залгаад “Миний хонгор гүү чамд байгаа сурагтай байна. Тэгээд өнөө орой над дээр ирж уулз, уулзахгүй бол цагдаад хэлнэ шүү, хурдан удмын төл гэмтээвэл хариуцлага ярина шүү” гэсэн. Тэгээд би гайхаад анх зарсан залуу руу залгаад нэг хүн залгаад байна , ямар учиртай хүн юм бэ гэж асуутал “Өө зүгээрээ, наад чинь манай ах байгаа юм аа, санаа зоволтгүй, зохицуулна” гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байхаа Хонгор гүү зардаг залуугийн аав гэх нэг үл таних хүн ирээд Манай хүү ахынхаа гүүг солиод өгсөн байна. Тэгээд ах нь хонгор гүүгээ буцааж аваад чамд эр зээрд унагатай зээрд зүсмийн гүү өгсөн ....Тэгээд нөгөө хонгор гүү зардаг залуугийн аав нь морьтой ирээд хонгор гүүгээ хөтлөөд аваад явсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
хохирогч Р.Зоригийн ...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 2-5 тоотод эхнэр хүүхдийн хамтаар оршин суудаг. Би 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр англи Z тамгатай хар зүсмийн хязаалан сувиа гүү тус сумын 1 дүгээр баг Хийд гэх газраас алдсан. Манайх нийт 20 гаруй адуутай адуунууд маань аймгийн төвтөй ойр хааяа хорооллын гудамжаар явж байдаг. Тухайн өдрийн орой адуугаа бөөгнүүлж тоолтол хар зүсмийн сувиа гүү маань алга болсон байсан... /хх-ийн 99 дүгээр тал/,
гэрч Х.Баяртөгсийн ...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 10-12 тоотод эхнэр хүүхдийн хамтаар оршин суудаг. Би 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ амарчхаад өглөө босоод аймгийн төв дэх ажлаа амжуулаад байж байтал миний 88818408 дугаарын утас руу өдрийн 15 цагийн үед намайг эвтийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн 15-81ХЭА улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад зарын дагуу ярьж байна гээд нэг хүн залгаад нэг адуу ачих гэсэн юмаа та “Хангарьд” шатахуун түгээх станц дээр хүрээд ирэх үү гэхэд нь за гээд яваад очиход 20 гаруй насны шаравтар залуу шатахуун түгээх станцын хажууд зогсож байсан. Тэгээд тэндээсээ тус сумын 1 дүгээр баг хийдийн 14-5 тоот хашааны гадаа очоод зогсоход 20 орчим насны залуу миний эзэмшлийн 15-81ХЭА улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээс буугаад уг хашааны том хаалгыг онгойлгоход нь хашаа руу нь ухарч ороход хоёр байшингийн гол хэсэгт хар зүсмийн англи Z тамгатай адуу байсан насыг нь харин мэдэхгүй байна. Тухайн адуу харахад улаан уяагаар хашааны шонгоос уясан байсан. Тэгээд миний машины ачаа руу уяатай нь хөтлөөд гаргачихсан. Хийдийн 14-5 тоотод байх айлын хашаа руу ороход гэрт нь хүн байхгүй байсан. Тэндээсээ гараад аймгийн төвийн зүүн захад байх “Цагаан чулуут” гэх бойн дээр очоод буулгаж өгсөн. Харин ямар ченжид өгснийг нь мэдэхгүй байна. Буулгасны дараа тээврийн хөлс гээд 40,000 төгрөг бэлнээр өгөхдөө нэрээ Үүрээ гэсэн... /хх-ийн 103 дугаар хуудас/,
гэрч С.Дамдинжавын ...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 14-5 тоотод ээжийн хамтаар оршин суудаг. Би 2022 оны 09 дүгээр сарын 29-ний 10 цагийн үед манай 14-5 тоотод байх хашаанд 13 тооны адуу ороод ирсэн манай хашааны хаалга тухайн үед онгорхой байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би удалгүй гэрээсээ гараад явсан. Тэгээд 12 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд манай хашаан дотор байх хоёр байшингийн голд хашааны шонгоос англи Z тамгатай хар зүсмийн адууг улаан уяагаар уячихсан байхаар нь манай арын хашаанд байх айлын адуу байна гэж бодоод Цэндээ гэх хүн рүү залгаад ирж адуугаа ав гэхэд ирээд манай адуу биш байна. Гэхээр нь цагдаа дуудъя гэж бодоод байж байтал 13 цаг өнгөрч байх үед намайг гэрийнхээ гадаа юм хийгээд сууж байхад саарал дээлтэй 20 гаруй насны шар залуу хашааны хаалга онгойлгож орж ирэхээр нь яагаад хашаанд ороод ирэв гэхэд би адуугаа танай хашаанд уячихсан юм аа би өөр азаргатай адуунд уях гэж байгаа юм аа гэхэд нь би тэгвэл цагдаа дуудах гэж байсан юм гэхэд та яаж байгаа юм бэ наадахаа болиулаач би адуугаа аваад явлаа гэсэн... ... намайг хоёр гудмын хойно засмал зам дагуух айлын хашаанд байж байхад 15-81 хэа улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд хар зүсмийн адуу ачиж явсан тэр адууг манай хашаанд байсан адуу гэдгийг гэхдээ сайн мэдэхгүй байна... /хх-ийн 108 дугаар хуудас/,
гэрч Д.Оюунцэцэгийн ...Миний бие Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-55-38 тоотод нөхөр 4 хүүхдийн хамтаар оршин суудаг. Тийм ээ намайг Хэнтий аймгийн Хэрлэн сумын зүүн захад байх “Цагаан чулуут” гэх мал төхөөрөх үйлдвэр дээрээ ажлын байрандаа байхад 16 цаг болж байх үед Нгэх залуу англи Z тамгатай хар зүсмийн хязаалан насны байдас оруулан борлуулсан. Гэхдээ тухайн үед надад зарахдаа мал эмнэлгийн гарал үүслийн бичиггүй ирсэн. Тэгэхээр нь би Нгэх залууд хандан чи хаанаас яваа вэ гарал үүслийн бичиг авахгүй яасан юм бэ гэхэд манай багийн малын эмч малын тарилгад явчихсан болохоор харьяа Баянхутаг сумаас шууд хүрээд ирлээ гэхэд нь өөрийн бүртгэлдээ Баянхутаг сумын харьяат Амарбаатар овогтой Нгэх 95204407 утасны дугаарт бүртгүүлсэн. Тухайн бойнд өгч борлуулсан адууны мах нь 146 кг татаад арьс, гэдэсний үнэ нэмэгдээд 684,000 төгрөг болсноос бойгоо хасаад 646,500 төгрөгийг хаан банкны 5947134147 тоот данс руу шилжүүлсэн... ...Тухайн үед 15-81 хэа улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд хар зүсмийн адуу ачиж оруулсан... /хх-ийн 113 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт
Шүүх хуралдааны гэм буруугийн талаар дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ж.Б:
...Хэргийг үйлдсэн шүүгдэгч А.Н нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг Цагаан нуур гэх газар бэлчиж байсан Д.Жаргалсайханы адуун сүргээс хээр морь, хонгор гүү гэх 2 тооны адуу буюу олон тооны адууг хулгайлж Д.Жаргалсайханд 2,840,000 төгрөгийн хохирол учруулсан. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийд гэх газар англи үсгийн зт тамгатай хар зүсмийн 1 тооны адууг өөрт эдийн засгийн ашигтай байдал үүсгэхийн тулд гэм буруугийн санаатай хэлбэрээр, нууц далд аргаар хулгайлан авч, Хэнтий аймгийн Хэрлэн суманд байх Цагаан чулуут гэх мал нядалгааны газарт худалдан борлуулж Р.Зоригтод 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Д.Жаргалсайханы мэдүүлэг, гэрч Ганболдын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний ““Фэйр валуэшн” ХХК-н шинжээчийн дүгнэлт, хохирогч Р.Зоригийн өгсөн мэдүүлэг, гэрч Баяртөгсийн мэдүүлэг, Дамдинжавын өгсөн мэдүүлэг, гэрч Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-н 70 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хаан банкны А.Нийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж буй мэдүүлгээр тогтоогдсон байна. Шүүгдэгчийн холбогдсон хэргийг зүйлчлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар түүний хийсэн үйлдэл нь хууль бус шинжтэй үйлдэл болохыг ухамсарлаж үйлдсэн, хохирол хор уршгийг зориуд бий болгосон нь гэм буруугийн санаатай гэх шинжийг хангаж байна... гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Наранчимэг:
...Миний үйлчлүүлэгч А.Н нь хохирогч Д.Жаргалсайханд хээр морь, хонгор гүү гэх 2 тооны адуу буюу олон тооны адууг хулгайлж 2,840,000 төгрөгийн хохирол учруулж, Р.Зоригтод 1 тооны адуу буюу хар зүсмийн адууг хулгайлж 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг хүлээн зөвшөөрч, Д.Жаргалсайханы хонгор гүү буюу 1 тооны адууг буцаан өгч 1,540,000 төгрөгийн хохирол, Р.Зоригийн хар зүсмийн адууны 1,400,000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч А.Н:
...хэлэх үг байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Шүүх хуралдааны дүгнэлттэй танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч , гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Н нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч А.Нийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд нь хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан зааж ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Үүнээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддаг болохыг дурдах нь зүйтэй.
“Хулгайлах” гэмт хэргүүдээс “Мал хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын малыг хулгайлсан бол” гэсэн үндсэн, энэ гэмт хэргийг “олон тооны мал хулгайлж үйлдсэн бол”, “бүлэглэж үйлдсэн бол”, “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол”, “машин механизм ашиглаж үйлдсэн бол”, “ноцтой хохирол, хор уршиг учруулж үйлдсэн бол”, “гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол” гэсэн хүндрүүлэх болон “байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон бол”, “зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлсан бол” гэсэн гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд дээрх гэмт үйлдэл, эс үйлдэхүй хийсэн бол төгссөн гэмт хэрэг юм.
Мөн “мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх болон онц хүндрүүлэх шинжийг хангасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүй буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэргүүд хамаарах ба хүндрүүлэх болон онц хүндрүүлэх шинжийг хангасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгссөн гэмт хэрэг юм.
Түүнээс гадна прокурорын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 231/А дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Нэд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн байна.
Яллах дүгнэлтэд бичигдсэн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 14-нд хохирогч Д.Жаргалсайханы 2 тооны адууг,
2022 оны 09 дүгээр сарын 29-нд хохирогч Р.Зоригтын 1 тооны адууг тус тус хулгайлсан 2 удаагийн гэмт үйлдэл, эс үйлдэхүй байна.
Үүнээс үзэхэд шүүгдэгч нь өөр өөр газраас, өөр өөр цаг хугацаанд мал хулгайлах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэснийг хангасан гэж үзэн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэгт үйлдсэн гэж журамлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “олон тооны мал хулгайлж” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Тэрээр шүүгдэгчийн бусдын малыг өмчлөгч, эзэмшигч болон бусад этгээдэд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхгүйгээр, бусдад мэдэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшилд оруулж, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, ашиг олох зорилготойгоор үйлдэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч нарт нийт 4.240.000 /дөрвөн сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн шүүгдэгчийн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан гэмт хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Нийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч хохирогч Р.Зоригт 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол, хохирогч Д.Жаргалсайханд 2.840.000 /хоёр сая найман зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Н нь хохирогч Д.Жаргалсайханд гэмт хэрэг үйлдэж учруулсан 2 тооны адуунаас 1 тооны адуу болох хонгор зүсмийн соёолон насны гүүг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Жаргалсайхан, иргэний нэхэмжлэгч Г.Ганболд нарын өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдэж утсаар ярьсан шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна.
Ийм учраас шүүгдэгч А.Нээс 2.940.000 /хоёр сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Жаргалсайханд 1.540.000 /нэг сая таван зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч Р.Зоригтод 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг тус тус олгож шийдвэрлэсэн.
Гэтэл шүүгдэгч А.Н, өмгөөлөгч Л.Наранчимэг нар гэм буруутайд тооцож, хохирол, хор уршиг гаргуулах шийдвэрлэсний дараа хуудьд заасан үндэслэлээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр ажлын тав хоногийн хугацаатайгаар завсарлага авах тухай хүсэлт гаргасан.
Уг хүсэлттэй холбоотойгоор улсын яллагч татгалзах зүйлгүй, дэмжиж байна гэсэн тайлбарыг гаргасан ба шүүх дээрх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж ажлын 5 /тав/ хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулах нь зүйтэй гэж дүгнэсэн.
Шүүх хуралдаан завсарласан ажлын 5 /тав/ хоногийн хугацаанд шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нар нь хохирогч Д.Жаргалсайхан, Р.Зоригт нарт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлсөн байна. Үүнд:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэгийн 5954105898 дугаартай данснаас Хохирогч Р.Зоригийн 5954105898 дугаартай дансанд 1.400.000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн банк хоорондын шилжүүлгийн баримтаар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хохирогч Д.Жаргалсайханы гомдол, саналгүй гэсэн нотариатаар баталгаажуулсан хүсэлт зэргээр тус тус шүүгдэгч А.Н нь бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Нийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн талаар дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ж.Б:
...Шүүхээс шүүгдэгч А.Нийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Нийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 6.5.1.2-т зааснаар хохирол төлж барагдуулах хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо. Завсарласан хугацаагаар нөхөн төлж барагдуулсан байна. Мөн тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч А.Нийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг анх удаа үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх санал гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй. Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хугацаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгдэгчээс гаргуулах зардалгүй болохыг шийтгэх тогтоолд тусгуулах санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Л.Наранчимэг:
...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Хувийн байдлын хувьд урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй. 21 настай. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа залуу байгаа. Өөрийн гэм буруутайг мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон. Шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. ...21 нас хүрсэн буюу насанд хүрсэн хэдий ч өөрийнхөө гаргаж байгаа үйлдэлд бүрэн дүгнэлт хийх боломж бага өсвөр насны хүүхэд шиг дүгнэлт хийх онцлог насан дээрээ явж байгаа учир дээрх байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялаас доош татаж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай оролцож байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Н:
...1 жил болгож өгнө үү гэж хэлмээр байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч ...3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх... гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Тухайлбал шүүх шүүгдэгч А.Нэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэснийг үндэслэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг” тус тус хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцлоо.
Түүнээс гадна шүүгдэгч А.Нийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийг хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг хэрэглэх боломжтой байна.
Иймд шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлж шүүгдэгч А.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж,
оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг хуульд зааснаар мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ..
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2239000000273 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байгаа болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн А-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч М овгийн А-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М овгийн А-ын Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2239000000273 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М овгийн А-ын Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М овгийн А-ын Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М овгийн А-ын Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН