Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/368

 

 

 

 

        

   2022       12        12                                        2022/ШЦТ/368

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч Ч.Т-,

Шүүгдэгч Ч.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-т холбогдох эрүүгийн 2238000000663 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.А-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.А- нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 12 дугаар багийн нутаг дэвсгэрийн хооронд гэртээ харих замдаа Ч.Т-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж хамар ясанд хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000663 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.А- нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 12 дугаар багийн нутаг дэвсгэрийн хооронд гэртээ харих замдаа Ч.Т-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж хамар ясанд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А-ийн өгсөн: “...Би найзынхаа биед гэмтэл учруулсандаа их харамсаж байна. Миний буруу. Бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Тухайн өдөр гаргасан үйлдэлд маш их харамсаж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Т-ын өгсөн: “...Би эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санаагаараа хохирсон. Би олны танил хүмүүсийн дунд аймаг, сумаа төлөөлж явдаг. Дуулах хүн хамраараа амьсгаа авч дуулдаг учраас хамрын гэмтлийн улмаас дуулж болохгүй байна. Миний хувьд нүд харанхуйлах, толгой эргэх зовиуртай байна. Хамрын мэс засалд орохгүй удаан явах юм бол өнчин тархиндаа харвалт өгөх магадлалтай гэсэн. Тийм учраас хамрын мэс засалд орох 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Т-ын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12-13 цагийн үед байх, намайг гэр рүүгээ явж байхад Мөрөн сумын 12 дугаар хороонд гудамж руугаа орох гээд явж байхад миний зүс таньдаг хүн болох Ч.А- тааралдаад үгийн зөрүүгүй миний хамар хэсэг рүү 2 удаа гараа атгаж байгаад цохьсон. Цохьчихоод “одоо яах вэ” гэж асуухаар нь би “өгдөг газар чинь өгнө” гэж хэлсэн чинь Ч.А- нь яваад өгсөн. Өмнө нь намайг Ч.А- нь зодож байгаагүй ч гэсэн 8 сард намайг заадмаж аваад ална шүү гэж хэлж байсан. Тэгээд би зодуулчихаад шууд гэртээ хариад цусаа угаасан. Орой манай гэрийнхэн ирээд яасан, юу болов гэж асуухаар нь би Ч.А-т зодуулсан гэдгээ хэлсэн. Энэ үйл явдлын дараа би 6-7 хоногийн дараа эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарсан байна гээд миний хамрыг тэгшилж байсан. Одоо ч гэсэн би шарлагт явж байгаа. ...Тухайн үед намайг 4 дүгээр хороонд Н- гэдэг найзындаа байж байхад гаднаас манай хорооны Ч.А- орж ирсэн. Тэгээд Ч.А- дөхөх юм уу гэхээр нь би за тэгье гээд би цуг явж байсан хүний машинд суусан. Тэгээд ямар ч байсан машинаар явж байхад Ч.А- нь намайг зүв зүгээр байж байхад машин дотор миний хамар руу нэг юмаар цохисон. Би тухайн үед юугаар цохисон гэдгээ харин сайн мэдэхгүй байна. ...Тухайн үед миний архи гарсан зүгээр байсан. ...Би өмнөх мэдүүлгээ 12 дугаар хорооны ойролцоо зодуулсан гэж бодоод 12 дугаар хорооны гудамжинд явж байгаад зодуулсан гэж хэлсэн. Гомдолтой байна. Хамраа эмчлүүлэхтэй холбоотой мөнгө нэхэмжилнэ. Эмчилгээ хийлгэж байгаад болно” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14 тал/,

Гэрч Ж.О-ийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 06-ны орой гэртээ 19 цагийн үед ирэхэд манай нөхөр Ч.Т-ын нүүр ам нь хөхөрсөн, хамар нь муруйсан байхаар нь наад нүүр амаа яасан юм бэ гэж асуухад Ч.А- намайг үгийн зөрөөгүй цохьчихлоо. Ч.А- согтуу байсан гэсэн. Тухайн үед би уг нь Ч.Т-т наад нүүр амаа үзүүлээч гэхэд за яахав, яаж ийм нүүртэй эмнэлэг явдаг юм. Тэгж байгаад зүгээр болчих байх гэж байсан. Үүнээс хойш Ч.Т- өвчин намдаах эм уугаад гэртээ л байсан. Угаасаа босохоор толгой нь эргээд байна гэж байсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Ч.Т- нь надад Ч.А- нь ирээд уучлалт гуйх юм болов уу гэж бодоход уучлалт гуйхгүй байна шууд цагдаад өгөөд яахав гэж бодсон гэдгээ хэлж байсан. Тэгээд бүр толгой тархи нь өвдөөд болохгүй байгаад байхаар нь эмнэлэгт очиж үзүүлж байсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Гэрч Ц.Х-ын өгсөн: “...2022 оны 09 сарын хэднийг нь сайн мэдэхгүй байна. Намайг гагнуурын газраа байж байхад үдээс хойш шиг санагдаж байна, гаднаас манай гудамжны Ч.А-, Т- нар орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ энэ хоёр бага зэргийн архи уусан, үнэртүүлж орж ирсэн. Тэгээд орж ирээд Ч.А- нь “би Т-ыг зодчихлоо. Жижиг архины мөнгө байвал өгөөч” гэж хэлэхээр нь би архины мөнгө өгсөн. Намайг харж байхад энэ хоёр мөнгөөрөө архи аваад хуваагаад ууж байгаа харагдсан. Тэгээд архиа ууж дуусгачихаад яваад өгсөн. ...Би тухайн үед Ч.Т-аас чи Ч.А-т зодуулсан юм уу гэж асуухад зүгээр зүгээр сүртэй юм болоогүй гэж хэлж байсан. Нүүр ам нь гайгүй л байх шиг байсан. ...Харин Ч.Т-ын хувцас нь шороо болсон юм шиг байна лээ Ч.А- хувцасыг нь гөвж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

Гэрч Э.Б-гийн өгсөн: “...2022 оны 09 сарын хэдэнд гэдгийг нь би нарийн сайн мэдэхгүй байна. Өглөө 10 юм уу 11 цагийн үед би зах онгойхоор барилгын материалын дэлгүүр орж бетон зүсэгч авах гээд Ч.А- ахтай цуг явсан. Тэгээд бид хоёрыг зах ороод бетон зүсэгчийн ир авах гэсэн чинь байхгүй байхаар нь харих гээд гудмаар ороод явж байсан чинь Ч.А- ах энд түр зогс гээд байхаар нь би зогссон. Сүүлд би тэр айлыг нь Н- гэдэг айл юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд Н- гэдэг айлын гадаа намайг байж бай гээд өөрөө ганцаараа яваад орсон. Тэр айлд орчихоод удаа ч үгүй 5-6 минутын дараа Ч.А- ах нэг хүнтэй гарж ирээд машинд суухаар нь би яах гэж байгаа хүн юм бэ гэж асуухад Ч.А- нь манай найз гэр нь манай тийшээ байдаг үзүүрт буугаад цаашаа алхана биз гэж байсан. Тэгээд бид гурав харьж байх замаараа товчооны урд талын барилгын материалын дэлгүүр орсон. Тухайн үед барилгын материалын дэлгүүр орж байхад Ч.А- ахын найз нь хүүхэн шуухан яриад инээгээд яваад байхаар нь Ч.А- ах манай дүү явж байна чи чимээгүй бай гэж байсан. Тэгээд би замдаа тоохгүй байж байгаад барилгын материалынхаа дэлгүүрийн гадаа ирээд зогсоод арагшаа харсан чинь Ч.А- ахын найзын хамраас нь цус гарсан байж байхаар нь их ч тоогоогүй юм асуугаагүй шууд Ч.А- ахыг найзтай нь хамт үзүүрт нь буулгаад яваад өгсөн. Ч.А- ах харин найзтайгаа дэлгүүр орж ус аваад цусыг нь угааж өгнө гээд дэлгүүр рүү явж байсан. Би үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. ...Тухайн үед Ч.А- ахын найз нь балай балай юм яриад байхаар нь Ч.А- ах би дүүтэйгээ явж байна чи болиоч гэж байсан. Тэгж байгаад л би эргээд харсан чинь тэр хүний хамраас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 502 дугаартай: “Ч.Т-ын биед хамар ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. Ч.Т-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Хохирогч Ч.Т-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6-8 тал/,

Шүүгдэгч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 09 сарын 06-нд өдөр би хэдэн цаг гэдгийг нь нарийн сайн санахгүй байна, багийн найз Насандэлгэрийн гэрт яваад ортол манай гудмын Ч.Т- энэ хоёр архи уусан сууж байхаар нь би Ч.Т-аас чи харих юм уу би харих гэж байна гэж асуусан чинь тэгье гээд надтай цуг гарсан. Тухайн үед би том эгчийнхээ хүүхэд Э.Б-тай хамт машинтай нь явж байсан юм. Тэгээд машиндаа суугаад товчооны ар талд байдаг барилгын материалын дэлгүүр рүү явж байхад Ч.Т- нь боов шоов яриад, Ж-тай чи унтчихад яасан юм боовоо хөхүүлчихэд яасан юм гэхээр нь чи болиоч би эгчийнхээ том хүүхэдтэй явж байна гэж хэлсэн чинь инээж хөхрөөд миний гуяыг илээд байхаар нь би хойшоо бол тэнэг юм уу гэж хэлээд тохойгоороо хойш нь цохисон чинь Ч.Т-ын хамар руу цохиод хамраас нь цус гоожсон байсан. Тэгээд цус гараад байхаар нь 12 дугаар хорооны Ариунбулаг орж ус аваад хамрын цусыг нь угаагаад Ч.Т-ыг дагуулаад Хүрлээ ахын засвар орж мөнгө зээлээд архи аваад Ч.Т- бид хоёр хувааж уугаад салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:  

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.Т-, гэрч Ж.О-, Ц.Х-, Э.Б- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 502 дугаартай дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ч.А- нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 12 дугаар багийн нутаг дэвсгэрийн хооронд гэртээ харих замдаа Ч.Т-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж хамар ясанд хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Т-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ч.А-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ч.А-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Ч.Т-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ч.А- нь гэм буруугийн талаар маргаагүй, хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар Ч.Т-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ч.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Т- нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.А-аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүгдэгч Ч.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.А-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ч.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно..” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А- өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд  өмгөөлөгчийн  байр суурьнаас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Би зүв зүгээр байсан хүний биед гэмтэл учруулахгүй. Би тухайн өдөр архи ч уугаагүй, эгчийнхээ байшин бариад байж байсан. Манай эхнэр тогооч хийдэг манай хоёр хүүхэд 1 арван жилд сурдаг хоёулаа гүнзгийрүүлсэн сургалтанд суудаг. Мөн би ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажилгүй учраас хохирогчийн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг бэлэн төлөхөд хэцүү байна. Намайг 450,000 төгрөгөөр торгож өгнө үү. Мөн том охиндоо гадуур хувцас авч өгмөөр байна. Би аав, ээжээс зургуулаа манай ах, эгчийг гайгүй амьдралтай гэж хүмүүс боддог ч яг үнэндээ тийм биш. Тийм учраас намайг 450,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хавтаст хэргийн 34-51 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг баримтуудаар шүүгдэгч нь ..., хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Ч.А-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А- нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Мөрөн хот тохижилт, үйлчилгээний төв” ХХК-д газарт эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, анхааруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Мөрөн хот тохижилт, үйлчилгээний төв” ХХК-д эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ч.А-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Т- нь 3.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.А-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.А- нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар  зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН