Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/199

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0213/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Б.Ө,

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар,

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Г-ийн Г-д холбогдох эрүүгийн 2239000000334 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Г нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг нисэхийн 10-6 тоот хашаанд байх Л.Жаргалсайханы эзэмшлийн монгол гэрт 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдөр 15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Жаргалсайхантай “Мөнхбатыг гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Л.Жаргалсайханыг хоёр нүд бүрэн хараагүй, архинд согтсон, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Г.Г:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000334 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Г.Гын Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 10-6 тоот хашаанд байх Л.Жаргалсайханы эзэмшлийн монгол гэрт 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдөр 15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Жаргалсайхантай “Мөнхбатыг гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Л.Жаргалсайханыг хоёр нүд бүрэн хараагүй, архинд согтсон, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №595 дугаартай ...Л.Жаргалсайханы биед дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан, ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... талаарх  дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

хохирогч Л.Жаргалсайханы ...Би ослоос болоод 2014 онд хараагүй болж байсан юм...Тэгээд Мөнхбат, Г бид 3 хэдэн шил архи ууснаа мэдэхгүй байна 1, 2 шил архи уусан байх тэгээд согтчихсон нэг сэрэхэд нэг хүн миний толгойг доош нь дарчихсан байсан тэгээд нүүрээ гараараа тэмтрээд үзэхэд нүүр нилэнхүй дээ цус болчихсон байсан тэгээд л ухаан орсон тэрнээс өмнө юу болсон талаар согтчихсон байсан болохоор сайн мэдэхгүй байна. тэгээд цагдаа ирээд Г бид хоёрыг эмнэлэг авч яваад эмнэлэг дээр оёдол тавиулахдаа бүрэн гүйцэд сэргэсэн юм...миний уруул сэтрээд 4 оёдол тавиулсан... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болортуяагийн ...харин манай Жаргалсайхан дүүтэй хамт гэрт үлдсэн хүү Хасбаатар над руу тухайн өдөр залгаад Г ах Жаргалсайхан ахыг зодоод цус нөжтэй нь хольчихлоо цагдаад дуудаад өгөөч гэж хэлэхээр нь Улаанбаатар хотоос цагдаад дуудлага өгсөн... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

гэрч Г.Гантуяагийн ... тэгээд манай нөхөр архи авч ирсэн байсан тэрийгээ нэмж уугаад байж байтал Мөөгий ах, Жагаа ах хоёр муудалцаад Жагаа ах Мөөгий ахыг хөөгөөд байсан тэгсэн манай нөхөр Жагаа ахад та яагаад манай ахыг хөөгөөд байгаа юм бэ гэрээс нь гэхэд Жагаа ах энэ чинь миний гэр гээд маргаад байхаар нь би гэрээс хүүхдүүдээ аваад гараад гэрийн гадаа сонсоод сууж байхад гэр дотор түр тар гээд явчихаар нь харсан чинь манай нөхөр Жагаа ахыг орон дээр хэвтүүлчихсэн дээр нь гараад суучихсан гарыг нь бариад одоо больё ахаа гэхэд Жагаа ах манай нөхрийг чи хулгайч биз дээ би чамайг мэднэ гэхэд манай нөхөр уурлаад нүүр лүү нь цохиод, үснээс нь зулгаагаад байсан тэгэхээр нь би болиулаад гадаа гаргаад суулгаад жоохон унтуулчихаад байж байхад манай нөхөр Жагаа ах хоёрыг цагдаа нар ирээд аваад явсан...гэрт байсан хүмүүс бүгдээрээ тасраад унтчихсан байсан юм...Жагаа ахыг харахад уруулаас цус гоожоод л байж байсан... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 насанд хүрээгүй гэрч Б.Хасбаатарын ...эргээд гэр лүүгээ ороход Г ах Жаргалсайхан ахын үснээс зулгаачихсан нүүр лүү нь өшиглөөд байж байсан юм  тэгэхээр нь би Г ахад би таныг цагдаа дуудаад өглөө шүү гэж хэлсэн...нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон байсан... /хх-ийн 27-29 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдааны гэм буруугийн талаар дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө:

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 14 төрлийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэм буруугийн санаатай хэлбэрийг хуульчлахдаа гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгохоор хуульчилжээ.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд Г.Г, Л.Жаргалсайхан нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар хохирогч Л.Жаргалсайхан нь архинд согтож өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан, мөн түүний хоёр нүд бүрэн хараагүй бөгөөд үүнийг Г.Г мэдсээр байж хохирогч Л.Жаргалсайханыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, үйлдэл, эс үйлдэхүйгээ нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, хохиролд зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дэх заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:

...хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Г:

...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч , гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Г нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Г.Гын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Дээрх хүндрүүлэх шинжүүдээс “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж” гэсэн шинжийг хуулийн ******* томьёоных нь хувьд “хохирогч бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй, бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах хянах чадваргүй” зэргийг хамааруулан ойлгож хэрэглэнэ.

 

Үүнтэй холбоотойгоор дээрх өөрийгөө хамгаалах, хянан чадваргүй этгээдийн эсрэг үйлдсэн гэмт үйлдэл, эс үйлдэхүй мөн энэ гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн 2239000000334 дугаартай хэрэгт авагдсан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн талаарх үйл баримтаас дүгнэхэд

шүүгдэгч Г.Г хохирогч Л.Жаргалсайханыг хоёр нүд нь бүрэн хараагүй, өөрийгөө хамгаалах чадваргүй болохыг ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ...мэдэж байсан, өмнө нь дүүтэй нь 1 дүгээр ангиасаа 8 дугаар анги хүртлээ цуг байсан, тэднийд амьдарч байсан... гэсэн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг урьдаас мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр шүүгдэгч Г.Г нь хохирогч Л.Жаргалсайханы хоёр нүд бүрэн хараагүй гэдгийг мэдсээр байж биед нь хүч хэрэглэн халдаж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч Л.Жаргалсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд сэдэлт, зорилготой хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Гын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Л.Жаргалсайханы биед дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Л.Жаргалсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болортуяа нар нь гэмт хэргийн улмаас үүссэн хохирол болох эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх ба хохирогч шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан хохирогч Л.Жаргалсайханы ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... талаарх мэдүүлэг,  81 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Болортуяад хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны Эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн талаар дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Б.Ө:

...Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Иймд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 5 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна. Мөн Г.Гын цагдан хоригдсон 19 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 19 хугацааг тооцуулж, торгох ял оногдуулсан 1.000.000 төгрөгөөс хасаж тооцуулах...,

...Тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар авах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:

... шүүгдэгч нь 10 сартай нярай хүүхэдтэй, бага насны хүүхэдтэй орон гэж байхгүй тул торгох ялаас 200.000 төгрөгөөр торгох ялыг багасгах хүсэлтэй байна... гэсэн хүсэлтийг,

 

Шүүгдэгч Г.Г:

...хэлэх үг байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Г.Год ...1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай... дүгнэлтийг шүүгдэгч Г.Г болон түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нь ...торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэж дүгнэлт, мэдүүлгийг илэрхийлж мэтгэлцдэг.

 

Шүүх улсын яллагчийн ял шийтгэлийн талаарх дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзсэн.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5., 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэж шүүгдэгч Г.Гыг нэг мянга нэг зуун наян тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.185.000 /нэг сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Год торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

шүүгдэгч Г.Год оногдуулсан нэг мянга нэг зуун наян тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.185.000 /нэг сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийн торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүхээс тогтоосон 5 /тав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,         

шүүгдэгч Г.Гын шүүхийн шатанд цагдан хоригдсон 19 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 285.000 төгрөгийг эдлэх ялаас хасаж тооцохыг дурдаж,

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239000000334 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овгийн Г-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З овгийн Г-ийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга нэг зуун наян тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.185.000 /нэг сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг шүүгдэгч З овгийн Г-ийн Гын цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 285.000 /хоёр зуун наян таван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 1.185.000 /нэг сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийн торгох ялаас хасаж, нийт торгох ялын хэмжээг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овгийн Г-ийн Г-д оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З овгийн Г-ийн Г-д оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч З овгийн Г-ийн Г-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Эрүүгийн 2239000000335 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч З овгийн Г-ийн Г нь бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З овгийн Г-ийн Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З овгийн Г-ийн Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН