Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2146

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01745 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ТӨҮГ-т  холбогдох

Ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, тушаалын хавсралтыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Б.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батмөнх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А ТӨҮГ-т  Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, бүрэн гүйцэтгэдэг байсан.

Гэтэл сонгуулийн үр дүнгээр тус газрын удирдлагууд шинээр томилогдож, мөн жирийн ажилчдыг халж сэлгэж эхэлсэн бөгөөд намайг тус төвийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/790 дугаартай тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажлаас халж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор А ТӨҮГ-ын орон тооны дээд хязгаарыг 751-ээр тогтоосноос бус ажлын байрны орон тоог хасах эсвэл цөөрүүлэхээр шийдвэрлээгүй бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-д дүрмээр болон АТТХ-иар үүрэг болгосон нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй тул тус чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тасалбар түгээж, худалдан борлуулах ажил, үүргийн хэрэгцээ бодитой байна.

Тиймээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоол, түүний хавсралтыг А ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 55 дугаартай тушаалын үндэслэлд болгоогүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3.1 болон А ТӨҮГ-ын дүрмийн 6.12-т заасныг тус тус үндэслэсэн байна.

Гэтэл 55 дугаартай тогтоолын 1-т зааснаар батлагдаж, тус тогтоолын 2 дугаартай хавсралтаар схемчлэгдсэн бүтцэд А ТӨҮГ-ын захиргааны бүтэц тодорхойлогдсон тул түүнийг дахин тогтоох үндэслэлгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18.5-д Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалтыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор хуульчилсаны дагуу тус тогтоолын 3 дугаартай хавсралтаар А ТӨҮГ-ын захиргааны албан тушаалтны жагсаалтыг батлагдсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  20.1.4 дэх хэсгийн гипотезид заасан үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох эрх хэмжээ нь тус төвийн ажил, албан тушаалын орон тоог хасах, цөөрүүлэхтэй холбоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх нь бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан үндэслэлтэй байх ёстой бөгөөд энэхүү хэрэгцээ, шаардлагын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу ажил олгогч нотлох үүрэгтэй. Ийнхүү ажлаас халсны улмаас амжиргаагаа залгуулах орлогогүй болсон бөгөөд Б/790 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж байгаа. Иймд А ТӨҮГ-ын Захирлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаартай А ТӨҮГ-ын орон нутаг дах Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай Арван долоодугаар хавсралтыг болон А ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтыг, мөн А ТӨҮГ-т  Захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/790 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, иргэн Б.Д г Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан 3 сарын хугацааны олговорт 2 070 000 төгрөгийг болон 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны олговор гагуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор А ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм орон тооны дээд хязгаарыг тогтоож өгсөн. Тус үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А ТӨҮГ-ын аймгийн автотээврийн төвүүдийн ажил албан тушаалын жагсаалт батлах тухай А/89 дүгээр тушаалаар Төв аймгийн Автотээврийн тээврийн орон тоог 15 байхаар тогтоож Тасалбар түгээгч 3 байхаар баталсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор А ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог 10 байхаар баталж менежер-1, Тасалбар түгээгч-3, үйлчлэгч-1 гэсэн орон тоог байхгүй болгож 5 орон тоог цөөрүүлсэн болно. Иймд Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч А ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/790 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Д г Төв аймгийн автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч А ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 195 220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д д олгон, хариуцагч А ТӨҮГ-т ажилгүй байсан хугацааны олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлөхийг даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хариуцагч А ТӨҮГ-ын захирлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаартай тушаалын 17-р хавсралт, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалын 17-р хавсралтыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Д  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 82 073 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх давж заалдах гомдолдоо: “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4-т зааснаар ажлын байрын орон тоог хасах эрхийг А ТӨҮГ-ын захиралд олгоогүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18.5-д зааснаар захиргааны албан тушаалын жагсаалтыг батлах эрх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт олгогдсон.

А ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар өмнө байсан тасалбар түгээгчийн ажлын байрны 3 орон тоог хассанаар Төв аймгийн Автотээврийн Төвийн нийт 15 албан тушаалыг 10 болгож цөөрүүлсэн боловч тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог ямар үндэслэлээр хассан нь тодорхойгүй байна.

            Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт ангилагдах тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалтыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор хуульчилсаны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоол гаргаж А ТӨҮГ-ын орон тооны дээд хязгаар болон захиргааны албан тушаалын жагсаалтыг баталсан байна.

Тус тогтоолоор А ТӨҮГ-ын орон тооны дээд хязгаарыг 751-ээр тогтоосноос бус ажлын байрны орон тоог хасах эсвэл цөөрүүлэхээр шийдвэрлээгүй бөгөөд А ТӨҮГ-т  дүрмээр болон АТтХ-иар үүрэг болгосон нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй тул тус чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тасалбар түгээж, худалдан борлуулах ажил, үүргийн хэрэгцээ бодитой хэвээр байна.

А/275 дугаартай тушаал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3.1 болон А ТӨҮГ-ын дүрэм (цаашид “Дүрэм” гэх)-ийн 6.12-т заасныг тус тус үндэслэсэн бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоол, түүний хавсралтыг үндэслэл болгоогүйгээс үзвэл дээд шатны захиргаанаас ажлын байрыг хасах талаар тогтоогоогүй байхад дур зоргоор хассан гэж үзэх үндэслэлтэй байна.

...Тасалбар түгээгч нь Төрийн албаны тухай хуулийн 7.10, 9.2-т зааснаар ангилагдах албан тушаал болохын хувьд тус хуулийн 7.1, 7.1.10-т заасныг төсөөтэй хэрэглэвэл захиргааны албан тушаал мөн тул түүнийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 55 дугаартай тогтоолын 3 дугаартай хавсралтаар батлагдах захиргааны албан тушаалд үл хамааруулах үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан салбаргүй тул 55 дугаартай тогтоолын 3 дугаартай хавсралтаар баталсан захиргааны албан тушаалын жагсаалт А ТӨҮГ-ын зохион байгуулалтын аппаратын бүх нэгжид хамаарах учир Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан жагсаалтыг үндэслэж ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан ажил, албан тушаалын жагсаалтыг батлах үүрэгтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсгийн диспозицид заасан “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох” функци нь ажил, албан тушаалын орон тоог хасах бус ТӨҮГ-ын захиргааны аппаратын зохион байгуулалтын нэгж буюу газар, хэлтэс, алба, тасаг зэргийг тогтоох эрхэд хамаарах бөгөөд ийнхүү захирлын тогтоосон бүтцийн нэгжид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан жагсаалтад заасан захиргааны албан тушаалтныг томилох, 751 орон тооны хязгаараас хэтэрсэн тохиодолд ажлын байрны орон тоог цөөрүүлэх хэлбэрээр ажилтныг чөлөөлөх эрхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4 дэх хэсгийн диспозицид заасан “албан тушаалтныг томилох, чөлөөлөх” функциэр А ТӨҮГ-ын захирал эдэлнэ.

            Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 55 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан захиргааны албан тушаалын жагсаалтаар тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хасаагүй байтал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт заасан “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох” гэсний дагуу А ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг тогтоогоогүй хэрнээ тухайн үндэслэлээр ажлын байрны орон тоог хасч шийдвэрлэсэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаартай тушаал, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А/49 дугаартай тушаал нь хууль буруу хэрэглэсэн тул үндэслэлгүй.

...Бодит хэрэгцээ шаардлагын үндэслэлийг хариуцагч нотлоогүй тул ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэх бөгөөд А ТӨҮГ-ын захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаартай тушаалаар Төв аймгийн Автотээврийн Төвийн ажлын байрны орон тоог цөөрүүлсэн нь үндэслэлгүй, хууль бус байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01745 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А ТӨҮГ-ын Захирлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаартай А ТӨҮГ-ын орон нутаг дах Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтыг, түүний араас “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Захирлын  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А ТӨҮГ-ын орон нутаг дах Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтыг тус тус хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат давж заалдах гомдолдоо “...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор А ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог 10 байхаар баталж менежер-1, Тасалбар түгээгч-3, үйлчлэгч-1 гэсэн орон тоог байхгүй болгож 5 орон тоог цөөрүүлсэн болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29 -ны өдрийн 55 дугаар тогтоолоор А ТӨҮГ-ын захиргааны албан тушаалийн жагсаалтыг баталсан хэдий ч энэ нь улсын хэмжээнд ямар ямар албан тушаал байх ёстой нийт хэдэн орон тоо байх ёстойг ерөнхий байдлаар баталж өгсөн. Энэхүү батлагдсан захиргааны албан тушаалийн жагсаалт орон тоонд тохируулж хаана хэдэн орон тоотоогоор ямар албан тушаалтныг ажиллуулах нь үйлдвэрийн газрын захирлын эрх хэмжээ юм. Энэ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан А ТӨҮГ-ын захиргааны албан тушаалийн жагсаалтаас хархад ойлгогдох бөгөөд уг жагсаалтад аймаг бүрийн орон тоо, хаана ямар албан тушаал байхыг зааж өгөөгүй батлаагүй болох нь тодорхой байна. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснийг үндэслэн ажилтаны тоог цөөрүүлж хуулийн хугацаанд мэдэгдлийг өгч хуулийн дагуу чөлөөлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Д  нь хариуцагч А ТӨҮГ-т холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/790 дугаар тушаалыг болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалын 17-р хавсралтыг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаар тушаалын 17-р хавсралтыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 070 000 төгрөг болон 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Б.Д  нь хариуцагч А ТӨҮГ-ын Төв аймгийн автотээврийн төвд тасалбар түгээгчээр 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад А ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/790 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт авагдсан дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 4-5, 6, 123-130/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар тасалбар түгээгчийн орон тоо байхгүй болсон” гэж тайлбарлаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоол болон уг тогтоолын гуравдугаар хавсралтад А ТӨҮГ-ын Аймгийн автотээврийн төв нь тасалбар түгээгчийн албан тушаал, орон тоотой байхаар заажээ. /хх 116-118/

 

            Мөн Төв аймгийн автотээврийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №165 албан бичигт тээврийн зохицуулагч нь тасалбар түгээгчийн ажлыг давхар гүйцэтгэх тухай заасан байх ба А ТӨҮГ-ын захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалын 17 дугаар хавсралтаар Төв аймгийн автотээврийн төвийн тээвэр зохицуулагчийн албан тушаал 4 хүний орон тоотой байхаар баталсан болох нь дээрх албан бичиг болон А/275 дугаар тушаалын 17 дугаар хавсралтын хуулбараар нотлогдож байх тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заасан үндэслэлээр Төв аймгийн автотээврийн төвийн тасалбар түгээгчийн орон тоо, албан тушаал бодитойгоор хасагдсан гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. /хх 113, 116-118/

 

            Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд А ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/49 дугаартай тушаал, түүний арвандолдугаар хавсралтыг хариуцагч байгууллагаас гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд түүний дагуу гаргаж өгсөн дээрх тушаал болон хавсралт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байх тул орон тоо, бүтцийн өөрчлөлт бодитойгоор хийгдсэн талаар үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэв.

 

Иймд ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Д д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалын 17 дугаар хавсралтыг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаартай тушаалын 17 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байх ба дээрх тушаалуудыг хүчингүй болгох нь үр дагавартай шууд хамааралгүй, шүүх ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, түүнтэй холбоотой үүсэх асуудлыг шийдвэрлэх болохоос аливаа нэг ажил олгогч байгууллагын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/790 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг тус өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалсан, нэхэмжлэгч нь уг тушаалыг гардан авч 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01745 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН