Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0788

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э

Нэхэмжлэгч: “У” ХХК

Хариуцагч: Сангийн сайд

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалын “У” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0791 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0020/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “У” ХХК нь Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт холбогдуулан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалын “У” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0791 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2.1, 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтыг тус тус баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 791 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

3.1. Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 67 дугаартай албан бичгээр СБДХААА/********** дугаартай “Гэр хорооллын айл, орх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбайд ариутгал халдваргүйтгэр хийх ажил”-ын тентерт оролцохдоо манай компанийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх мэдээллийг шилжүүлсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1, 52.2 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамаарах бөгөөд тухайн мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлэхээр заасан байна. Гэвч уг мэдээллийн үндсэн дээр буюу тухайн үйл явдал болсноос хойш 11 сарын дараа Сангийн яамны Худалдан авах ажиллагааны хэлтсээс удирдамж гарган хяналт шалгалтын ажиллагаа явуулж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж байгаа нь компанийн эрх ашгийг хохироосон, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

3.2. Түүнчлэн Сайдын тушаал нь “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4-т заасан хугацааг зөрчсөн.

Дээрх байдлаар захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь тухайн актуудыг хууль бус болгож байхад анхан шатны шүүхээс “... 30 хоногийн хугацааг хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хэтрүүлсэн гэж үзэхгүй, харин энэ тохиолдолд тус журамд заасан гомдлыг холбогдохо эрх бүхий этгээд болох Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч шийдвэрлэхээр хүлээгдэж байсны улмаас Сангийн сайдын тушаал 34 хоногийн дараа гарсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.3. Нөгөөтэйгүүр, Тендерийн баримтаар хүргүүлсэн манай компанийн зарим нэр бүхий ажилчдын ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрсөн нөхцөл байдал манай компанид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм. Учир нь тухайн ажилтны үнэмлэхийг манай компаниас шалгах боломжгүй байсан бөгөөд тендерт оролцсоны дараа захиалагчийн мэдэгдлийг хүлээн авсан үедээ л мэдсэн

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “У” ХХК-иас “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалын “У” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан СБДХААА/********** дугаартай “Гэр хорооллын айл өрх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийх ажил”-ын тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “У” ХХК оролцжээ.

3.2. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн татгалзаж буйг мэдэгдэж ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзсэн тул тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хүргүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн агуулгатай мэдэгдлийг “У” ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3/1736 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

3.2. Дээрх мэдээллийн дагуу Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай “Хяналт, шалгалт хийх тухай” удирдамжид зааснаар худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б “У” ХХК-ийн тендерийн материалыг хяналт, шалгалтад хамруулж, энэ талаараа 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11/6597 тоот албан бичгээр мэдэгджээ.

3.3. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаар дүгнэлтээр “... “У” ХХК-ийн тендерт ирүүлсэн боловсон хүчний төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхийг засварласан байж болзошгүй ... Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дугаар “Төрөлжсөн мэргэшил олгох тухай” тушаалын хавсралтад байгаа дугаар бүхий үнэмлэхүүд нь “У” ХХК-ийн тендерт санал болгосон дээрх нэр бүхий хүмүүсийн нэр дээр гараагүй байх тул тус компанийг тендер шалгаруулалтад оролцохдоо боловсон хүчний мэдээллийг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэж, “У” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яаманд хүргүүлсэн байна.

3.4. Нэхэмжлэгч “У” ХХК-иас дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яам хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/8519 тоот албан бичгээр “... хуурамч баримт бичиг үйлдэж ажилд орсон гэх ажилтнуудад хариуцлага хүлээлгэсэн зэрэг нөхцөл байдал дурдсан боловч уг асуудлаар худалдан авах ажиллагааны улсын байцаагч дүгнэх эрхгүй ба эдгээр нь дүгнэлтийн үндэслэлд нөлөөлөхгүй ... хүчингүй болсон хууль баримталж дүгнэлт гаргасан гэх гомдол үндэслэлгүй ба 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болоогүй байгаа” гэж худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 105 дугаар дүгнэлтийг хэвээр үлдээсэн байна.

 3.5. Улмаар Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар нэхэмжлэгч “У” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаатай бүртгэж, энэ талаар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/8668 тоот албан бичгээр мэдэгдсэнээр энэхүү маргаан үүсжээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 521 дүгээр зүйлийн 521.1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна”, 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж тус тус заасан.

4.2. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Хяналт, шалгалт хийх тухай” 03 дугаар удирдамжийн дагуу нэхэмжлэгч “У” ХХК-ийн тендерийн материалыг хяналт, шалгалтад хамруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасныг зөрчсөн болохыг тогтоож, тус компанийг тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

4.3. Тодруулбал, тендерийн баримт бичгүүдэд хавсаргаж ирүүлсэн “У” ХХК-ийн 4 ариутгагч болох /0919-00-01/2022/112/ дугаарын үнэмлэхтэй Д.А, /0919-00-01/2022/111/ дугаарын үнэмлэхтэй Г.Д, /0919-00-01/2022/119/ дугаарын үнэмлэхтэй Б.Ж, /0919-00-01/2022/123/ дугаарын үнэмлэхтэй Х.С нарын нэрс нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дугаар “Төрөлжсөн мэргэшил олгох тухай” тушаалын хавсралтад дурдсан нэр бүхий шалгалтад тэнцэж үнэмлэх авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтад байхгүй, “мэргэшсан ариутгагч”-ийн үнэмлэхүүд нь хуурамч болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдсон байх тул маргаан бүхий Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

5. Давж заалдах гомдлын тухайд:

5.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамаарах бөгөөд тухайн мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлэхээр заасан байна. Гэвч уг мэдээллийн үндсэн дээр буюу тухайн үйл явдал болсноос хойш 11 сарын дараа Сангийн яамны Худалдан авах ажиллагааны хэлтсээс удирдамж гарган хяналт шалгалтын ажиллагаа явуулж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж байгаа нь компанийн эрх ашгийг хохироосон, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан ... “... 30 хоногийн хугацааг хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хэтрүүлсэн гэж үзэхгүй, харин энэ тохиолдолд тус журамд заасан гомдлыг холбогдох эрх бүхий этгээд болох Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч шийдвэрлэхээр хүлээгдэж байсны улмаас Сангийн сайдын тушаал 34 хоногийн дараа гарсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ... нэр бүхий ажилчдын ариутгагчийн төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/61 дүгээр тушаалын хавсралтын мэдээлэлтэй зөрсөн нөхцөл байдал манай компанид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм. Учир нь тухайн ажилтны үнэмлэхийг манай компаниас шалгах боломжгүй байсан” гэжээ.

5.2. Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолоор батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 5.1-д “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-т зааснаас бусад тохиолдолд улсын байцаагч нь хяналт шалгалтыг зөвхөн улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоногоос хэтрэхгүй, шаардлагатай тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр энэ хугацааг 30 хоногоор сунгаж болно” гэж заасан.

5.3. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай “Хяналт, шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу “У” ХХК-ийн тендерийн материал хяналт, шалгалт хийх хугацааг 30 хоногоор тогтоож, мөн ерөнхий байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр удирдамжийн дагуу 30 хоногоор сунгасан байх тул улсын байцаагч нь хуульд заасан хугацаанд хяналт, шалгалт хийсэн гэж үзэхээр байна.

5.4. Түүнчлэн, Сангийн яам гомдлыг хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/8519 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг эрхийн дагуу хянаж, хариу хүргүүлсний дараа Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар “У” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн үйлдлийг буруутгах боломжгүй.

5.5. Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн мэдээллийн дагуу 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Хяналт, шалгалт хийх тухай” удирдамж гарсан, улсын байцаагчийн дүгнэлт гарснаас хойш 34 хоногийн дараа Сангийн сайд тушаал гарсан зэрэг нь “У” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан СБДХААА/********* дугаартай “Гэр хорооллын айл өрх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийх ажил”-ын тендер шалгаруулалтад хуурамч баримт бичиг бүрдүүлж орсон үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:                                      

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0791 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэг зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ