Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

2016        12           21                                      01

 

 

                                  

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Отгончимэг,     

            шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ,

            хохирогч А.Гэрэлт-Од, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

            шүүгдэгч О.Анужин, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөвх овогт Оюубадамын Анужинд холбогдох 201626030805 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БНХАУ-ын Шанхай хот, Дон-хуа дээд сургуулийн график дизайнерын 2-р дамжаанд суралцаж байсан, ам бүл 5, ээж, ах, эмээ, өвөөгийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 25-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хөвх овогт Оюубадамын Анужин /РД:УХ90060256/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч О.Анужин нь 2016 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хийморь хотхоны 30-27 тоотод талх зүсэж байсан хутгаа гартаа барин өөрийн найз А.Гэрэлт-Одыг орой болсон, согтуу байна битгий яв гэж хажууд нь очих үед А.Гэрэлт-Од нь сандал дээрээс босох үедээ бүдэрч түүний барьж байсан хутганд хатгагдаж, А.Гэрэлт-Одын биед хүнд гэмтэл хайхрамжгүй хандаж, болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

                                         

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Хохирогч А.Гэрэлт-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би төрсөн өдрөө тэмдэглэхээр 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр О.Анужингийн гэрт нь очсон. Бид нар 3 хоног архидсан. Тэгээд би 2016 оны 05 дугаар сарын 30-ны шөнө гэртээ харьлаа гэхэд О.Анужин “шөнө болсон хойно харих гээд яах юм бэ” гэсэн. Намайг буйдан дээр суугаад гутлаа өмсөж байхад О.Анужин миний ард ирснийг мэдээгүй би огцом босоод эргэхдээ хөл алдаад О.Анужингаас тэвэрч авсан. Тэгтэл цээж рүү өвдөөд байхаар нь харсан чинь цус гарч байсан. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Одоо миний бие “Зүрхний наалдацтай” гэсэн оноштой эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Би О.Анужингаас одоогийн байдлаар 8.600.000 төгрөг авсан. Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэхээр хөөцөлдөж байгаа. Иймд би О.Анужингаас эмчилгээний зардалд 20.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

          Шүүгдэгч О.Анужин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: А.Гэрэлт-Од бид хоёр найзлаад 8-9 жил болж байна. Манай гэрт А.Гэрэлт-Од 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “төрсөн өдрөө тэмдэглэнэ” гэж ирсэн ба бид нар 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл архидсан. Бид хоёр хоорондоо муудалцсан зүйл байхгүй. 2016 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 00.00 цагийн үед Би А.Гэрэлт-Од “гэртээ харьлаа” гэхээр би “шөнө болсон хойно согтуу явж яах юм бэ” гээд талх зүсэж байсан хутгаа гартаа барьсан чигээрээ дөхөж очиход А.Гэрэлт-Од буйдан дээр гутлаа үдээд сууж байснаа босохдоо гэнэт эргээд бүдрэхдээ миний барьж байсан хутганд хатгагдсан. Би А.Гэрэлт-Одын эмчилгээний зардалд эхлээд 4.000.000 төгрөг, дараа нь 4.600.000 төгрөг, нийтдээ 8.600.000 төгрөг төлсөн. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна гэв.

          Шүүгдэгч О.Анужин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би А.Гэрэлт-Одыг хутгалах санаа бодол байгаагүй. Тухайн үед элэгний нухаш идэх гээд талх зүсээд байж байсан юм. Тэгэхэд А.Гэрэлт-Од маш их архи уучихсан нилээн согтуу байсан. А.Гэрэлт-Од гэнэт хувцсаа өмсөөд явлаа гээд үүдний буйдан дээр суугаад гутлаа үдэж байсан юм тэгэхэд би ямар ч санаа оноо байхгүй санаа зовоод, явуулахгүйн тулд яарч очихдоо талх зүсэж байсан хутгатайгаа өөрөө ч мэдэлгүй бариад очсон байсан. Тэгээд би А.Гэрэлт-Одыг “хаачих гэж байгаа юм” гэж асуутал А.Гэрэлт-Од “Чамд ямар хамаатай юм бэ, миний хаачих” гэж хэлээд гэнэт огцом босож ирэхдээ миний барьж байсан хутганд хатгагдсан юм. А.Гэрэлт-Од согтуу байсан болохоор намайг тэврээд авсан юм. Ийм л юм болсон гэх мэдүүлэг /хх-ийн 91-р хуудас/,

Хохирогч А.Гэрэлт-Од мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....би О.Анужинтай найз нөхдийн холбоотой. О.Анужин бид хоёр 2007 оноос хойш бие биенээ мэдэх бөгөөд 2015 оноос хойш дотно найзалж нөхөрлөж байна. 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Тэгээд Анар, Гэсэр, Болормаа, Анужин нар миний төрсөн өдрийг тэмдэглэхээр Анужингийн хөлсний байр болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хийморь хотхоны 30 дугаар байрны 27 тоотод цугларсан юм. Тэгээд бид нар миний төрсөн өдөр гээд архи, пиво ууцгаагаад Анужингийн гэрт бүгдээрээ хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 29-ний оройн 19.00 цагийн үед миний төрсөн өдрийг үргэлжлүүлэн тэмдэглэсэн юм. Тэгсэн Анужин найз охин Анартайгаа хэрэлдэж маргалдаад байх шиг байсан. Тухайн үед би Анужингийн гэрийн полкан дээр пиво ууж сууж байхад Анужингийн найз охин болох Анарын гар утас руу нь миний уулздаг найз охин Цэцэгдарь залгасан юм. Тэгэхээр нь би Анарт хандаж “чи надтай хамт яваач хоёулаа Цэцэгдарийг аваад ирье” гэж хэлсэн. Анужин тэгсэн гэнэт хардаад байгаа бололтой “би ер нь юу юм бэ” гээд уурлаад байсан юм. Тэгэхээр нь би “за за, тэгвэл би ганцаараа явчихъя” гэж хэлээд Анужингийн гэрээс гарах гээд явах замдаа хогийн савны хажуугаар нь шүлсээ хаячихсан юм. Тэгсэн чинь Анужин шүлсээ хаялаа гэж уурлахаар нь “намайг шүлсээ хаясанд уучлаарай” гэж хэлээд “би ерөөсөө явлаа” гэж хэлээд гутлынхаа үдээсийг үдээд эргэж хартал Анужин гартаа хутга барьчихсан миний цээжинд зүрхэн тус газарт нэг удаа хүчтэй хутгаар дүрчихсэн юм. Намайг Анужин найз охинтойгоо хардаад байсан юм. Мөн намайг хутгалахын өмнөхөн найз охин Анартайгаа хэрэлдэж маргалдаад байсан уураа надад гаргаж намайг хутгалах болсон гэж би ойлгож байна. Үүнээс өөр Анужин хутгалах шалтгаан байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Хохирогч А.Гэрэлт-Од мөрдөн байцаалтанд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэхдээ: Тухайн шөнө хэрэг гарахаас өмнө би өөрийн найз охин руугаа хэд хэдэн удаа залгаж ярьсан юм. Манай найз охин миний төрсөн өдөр дээр ирээгүйд бага зэрэг бухимдалтай байсан. Би найз охин руугаа утсаар ярихад намайг гэрээс ирээд авчих гэж хэлсэн мөртлөө удалгүй дахиад гар утас руу нь залгасан чинь гар утас нь салгаастай байсан болохоор би жаахан бухимдалтай байсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед би ер нь гэртээ харихаар шийдсэн юм. Тэгэхэд Анужин тэд нар элэгний нухаш идэх гээд ширээн дээр талх зүсээд зогсож байсан юм. Тэгэхэд би харилаа гэж хэлсэн чинь Анужин надад хандаж “чи согтуу явж яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тэр үед нь би үүдний хэсэгт буйдан дээр суугаад гутлаа үдээд босохдоо хөл алдаад Анужинг тэвэрсэн юм. Тэгэхэд миний цээж хэсэгт эвгүй оргисон, тэгэнгүүт нь харсан чинь цээжний зүүн хэсгээс цус гараад гэнэт хүчтэй өвдөж эхэлсэн. Тэгтэл хажууд байсан Гэсэр хүрч ирээд цамцаараа цээжин дээр цусыг тогтоож дарсан юм. Би тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байсан ба эмнэлэгт ухаан орсон юм. Тухайн хэрэг гардаг шөнө би шоконд орчихсон байсан болохоор зарим зүйлсийг сайн мэдэхгүй байсан. Тэгээд би ер нь юу болсон юм бэ гэж сайтар бодоход би тухайн хэрэг гардаг шөнө гэр рүүгээ харина гээд буйдан дээр суугаад гутлаа үдээд босохдоо огцом эргэж боссон юм. Тэгэхэд би баруун хөл дээр хальт гишгээд хөл алдах үед Анужинг тэврээд авчихсан юм. Тэгэхэд Анужингийн барьж байсан хутга нь миний цээж рүү хатгагдчихсан юм. Түүнээс биш Анужин гартаа барьсан хутгаар миний цээж рүү хатгаж дүрсэн зүйл огт байхгүй. Энэ бүхэн маш хурдан санаандгүй болсон юм. Анужин надад учирсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Харин цаашид эмчлэгдэх зардлыг тухайн цаг бүрт нь төлөхөөр тохиролцсон гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/,

...Надад баримтаар 3.901.297 төгрөгийн хохирол учирсан юм. Үүнийг баримтаар гаргаж хавтас хэрэгт хавсаргуулсан байгаа. Анужин надад баримтаар учирсан хохирол болох 3.901.297 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болохоор үүнд нь гомдол санал байхгүй. Харин намайг ирээдүйд дахин хагалгаанд ороход 20,0 сая төгрөгийн эмчилгээний зардал гарна гэсэн тул энэхүү 20,0 сая төгрөгийн эрүүгийн хавтаст хэрэгт хавсаргасан эмчилгээний баримтуудаас тусад нь нэхэмжилж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/

Гэрч Н.Сэржмядаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ойролцоогоор 11.00 цаг өнгөрч байх үед ганцаараа гэртээ байж байхад над руу эмнэлэг дээрээс залгаад “”та Гэрэлт-Одын ээж мөн үү” гэхээр нь би “тийм байна” гэж хэлэхэд “та тэгвэл Баянзүрх дүүрэгт байдаг Цэргийн эмнэлэгт яаралтай хүрээд ирээч” гэж хэлэхээр нь гайхаад “яасан юм бэ” гэж би асуухад “та ямар ч байсан яаралтай хурдан эмнэлэгт ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн юм. Тэгээд эмнэлэг дээр очиход манай хүү Гэрэлт-Одыг хүн хутгалсан байна, одоо яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна гэж эмчлэгч эмч нь хэлээд нөхөр бид хоёроос хагалгаанд ямар нэгэн эрсдэл гарах буюу өөрөөр хэлбэл хүүгийн маань амь нас эрсдсэн тохиолдолд гомдолгүй гэх утгатай зүйл дээр гарын үсэг зуруулж авсан юм. Энэ үед би шууд сэтгэл санаагаар унаж шокийн байдалд орсон юм. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагийн орчмоос оройны 18.00 цаг хүртэл хагалгаа явагдсан юм. Хагалгааны дараа эмчлэгч эмч нь гарч ирээд 2 удаа хагалгаа хийсэн, үнхэлцэг зүрх хоёрын завсар хальснаас 400 грамм цус алдсан байсныг нь авсан, одоо хүүгийн чинь биеийн байдал маш хүнд байна гэж эмчлэгч эмч хэлсэн тэгээд аав нь 5 хоног хажууд нь сахиж хоносон юм. Ингээд ер нь сонсоод байхад манай хүүхдийг Анужин гэх найз нь хутгалсан гэдгийн мэдсэн гэх мэдүүлэг/хх-ийн 19-р хуудас/,

Гэрч Б.Амгалантөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би хэргийнх нь талаар сайн мэдэхгүй байна, манай хүүхдийг Анужин гэх хүүхэд хутгалж гэмтээсэн гэдгийг нь мэдсэн юм. Би эмчлэгч эмчтэй нь уулзаж байхад амь насанд аюултай гэмтэл учирсан гэдгийг нь мэдсэн юм. Эмчлэгч эмч нь эхнэр бид хоёроор амь нас нь эрсдэхийн бол гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж байгаад хагалгаанд орсон юм. Эхнэр бид хоёрт үнэхээр хэцүү байна. Эмчилгээний зардал гэж мөнгө төгрөгийн асуудал их гарч байна. Мөн хажуугаар нь өөрсдийн ажлаа алдаад эмнэлэг явж байна, энэ мэт маш олон хүндрэл бэрхшээл их байна  ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Э.Болормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 05 дугаар сарын 29-нд би Анужингийн гэрт нь ирсэн юм. Тэгэхэд А.Гэрэлт-Одын төрсөн өдөр нь гэж байсан. Анужингийн гэрт нь Анужин, Анар, Гэрэлт-Од, Гэсэр дөрөв байж байсан ингээд Гэрэлт-Одын төрсөн өдөр гээд бид нар архи, пиво ууцгаасан юм. Ингээд өдөржин архи, пиво ууж байгаад шөнө 24.00 цагийн үед Гэсэр “усанд орлоо” гээд орсон юм. Тэгсэн шөнийн 01.00 цаг өнгөрч байх үед Гэрэлт-Од “гэр рүүгээ харилаа” гээд гутлаа үдээд байж байх шиг байсан би буйдан дээр суугаад зурагт үзээд сууж байсан юм. Тэгэхэд Гэсэр усанд ороод дөнгөж гарч ирж байсан, харин Анар тагтан дээр тамхи татаад зогсож байсан юм. Анужин Гэрэлт-Одыг “ийм харанхуй шөнө согтуу байж явж яах гээд байгаа юм бэ” гэж хэлж байсан юм. Би зурагт үзээд байж байхад Гэрэлт-Од маш чангаар “ёо ёо” гэж хашгирсан юм. Тэгэхээр нь харсан чинь цээжнээс нь цус гарч байсан юм.Тэгтэл Гэсэр гүйж ирээд цамцаар дарж байгаад Анарыг энд дар гэж хэлж байсан, би цус харахаараа айдаг учраас ойртож чадаагүй юм. Гэрэлт-Од, Анужин хоёр тэр өдөр нэг ч маргалдаж муудалцаж хэрүүл хийгээгүй юм, ямар ч шалтаг шалтгаан байхгүй байсан. Анужин Гэрэлт-Од хоёр ёстой зүү орохооргүй сайн найзууд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

Гэрч Т.Гэсэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Гэрэлт-Од утсаар найз охинтойгоо яриад манай найз охин миний төрсөн өдрөөр ирэхгүй байна гэж жаахан бухимдалтай байсан. Тэгээд нилээн архи уучихсан байсан болохоор шөнө 23.40 минутын үед усанд орчихоод гарч ирээд толгойгоо алчуураар арчаад байж байсан юм. Тэр үед бид нар элэгний нухаш, талх аваад идэх гэж байсан бөгөөд Анужин хутгаар талх зүсээд зогсож байсан юм. Тэгтэл Гэрэлт-Од гэнэт “явлаа” гээд байсан юм. Тэгэхэд нь Анужин гартаа хутга барьсан чигээрээ очоод “хаачих гэж байгаа юм бэ хөгшөөн” гэж хэлсэн чинь Гэрэлт-Од “харилаа” гэж байсан. Гэрэлт-Од үүдний хэсэгт буйдан дээр сууж байгаад босохдоо хальт Анужингийн гарт барьсан хутгыг шүргэчих шиг л харагдсан. Тэгсэн Гэрэлт-Одын цээжнээс цус гарч байсан юм. Тэгэнгүүт би подвалкаараа цусыг нь дарж байгаад Анар “энэ цусыг нь дарж бай” гэж хэлчихээд би өөрөө гадагшаа гарч эмнэлэг дуудсан. Анужин Гэрэлт-Од руу хутга бариад дайрч маргалдаж муудалцаагүй мөн Гэрэлт-Одыг ална, энэ тэр гэж элдэв муухай үг хэлж хутга барьж дайраагүй гэх мэдүүлэг /хх-ийн 77, 78-р хуудас/,

Гэрч Т.Анар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 29-ний 14.00 цаг өнгөрч байхад Гэрэлт-Од, Гэсэр, Болормаа, Анужин бид тав хамт архи ууж эхэлсэн юм. Ойролцоогоор 23.00 цаг өнгөрч байхад Гэсэр усанд ороод гарч ирж байсан юм. Тэгэхэд Анужин талх, элэгний нухаш зүсээд байж байсан. Тэгээд шөнийн 01.00 цагийн үед би тагтан дээр тамхи татаад сууж байхад Гэрэлт-Од “явлаа” гээд байх шиг байсан юм. Би тагтан дээрээс өрөөн доторхийг хараад байж байтал Анужин Гэрэлт-Одыг “хаашаа явах гээд байгаа юм бэ, хоноод яв” гэж хэлж байсан юм. Тэгэхэд Гэрэлт-Од үүдний хажууд байдаг буйдан дээр суугаад гутлаа үдээд босож ирэхдээ огцом хурдан эргэж харах шиг болсон юм. Тэгэхдээ Анужингийн барьж байсан хутганд зүсэгдчихсэн юм. Маргалдаж, муудалцсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 79, 80-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7533 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 

А.Гэрэлт-Одын биед зүүн 3,4-р хавирганы цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушги, зүрхний баруун тосгуурын хатгагдсан шарх, зүрхний хөндийн цус хуралдалт, зүрх чихэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /хх-ийн 27-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №9156 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Гэрэлт-Одын шингэн цус О /I/ бүлгийн харъяалалтай байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутганаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөржаргалын №5395 дугаартай шинжээчийн дүгнэлтэд О/I/ бүлгийн цус илэрсэн гэх тул хохирогч А.Гэрэлт-Одын цустай бүлгийн харъяалалын хувьд тохирч байна. /хх-ийн 120-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

 Шүүгдэгч О.Анужин нь 2016 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хийморь хотхоны 30-р байрны 27 тоотод талх зүсэж байсан хутгаа гартаа барин өөрийн найз А.Гэрэлт-Одыг “шөнө  битгий яв” гэж хажууд нь очих үед А.Гэрэлт-Од нь буйдан дээрээс босох үедээ бүдэрч түүний барьж байсан хутганд хатгагдаж, А.Гэрэлт-Одын биед хүнд гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч А.Гэрэлт-Одын “Би төрсөн өдрөө тэмдэглэхээр 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр О.Анужингийн гэрт нь очсон. Бид нар 3 хоног архидсан. Тэгээд би 2016 оны 05 дугаар сарын 30-ны шөнө гэртээ харьлаа гэхэд О.Анужин “шөнө болсон хойно харих гээд яах юм бэ” гэсэн. Намайг буйдан дээр суугаад гутлаа өмсөж байхад О.Анужин миний ард ирснийг мэдээгүй би огцом босоод эргэхдээ хөл алдахдаа О.Анужингаас тэвэрч авсан. Тэгтэл цээж рүү өвдөөд цус гарсан” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Болормаагийн “...2016 оны 05 дугаар сарын 29-нд би Анужингийн гэрт нь ирсэн юм. Тэгэхэд А.Гэрэлт-Одын төрсөн өдөр нь гэж байсан. Анужингийн гэрт нь Анужин, Анар, Гэрэлт-Од, Гэсэр дөрөв Гэрэлт-Одын төрсөн өдрийг тэмдэглэж архи, пиво ууцгаасан юм. Ингээд өдөржин архи, пиво ууж байгаад шөнө 24.00 цагийн үед Гэсэр “усанд орлоо” гээд орсон юм. Тэгсэн шөнийн 01.00 цаг өнгөрч байх үед Гэрэлт-Од “гэр рүүгээ харилаа” гээд гутлаа үдээд байж байх шиг байсан. Би буйдан дээр суугаад зурагт үзээд сууж байсан юм. Тэгэхэд Гэсэр усанд ороод дөнгөж гарч ирж байсан, харин Анар тагтан дээр тамхи татаад зогсож байсан юм. Анужин Гэрэлт-Одыг “ийм харанхуй шөнө согтуу байж явж яах гээд байгаа юм бэ” гэж хэлж байсан. Тэгтэл  Гэрэлт-Од маш чангаар “ёо ёо” гэж хашгирсан юм. Тэгэхээр нь харсан чинь цээжнээс нь цус гарч байсан юм. Гэсэр гүйж ирээд цамцаар дарж байгаад Анарыг энд дар гэж хэлж байсан, би цус харахаараа айдаг учраас ойртож чадаагүй юм. Гэрэлт-Од, Анужин хоёр тэр өдөр нэг ч маргалдаж муудалцаж хэрүүл хийгээгүй. Анужин Гэрэлт-Од хоёр ёстой зүү орохооргүй сайн найзууд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

Гэрч Т.Гэсэрийн “...Гэрэлт-Од утсаар найз охинтойгоо яриад манай найз охин миний төрсөн өдрөөр ирэхгүй байна гэж жаахан бухимдалтай байсан. Тэгээд нилээн архи уучихсан байсан болохоор шөнө 23.40 минутын үед усанд орчихоод гарч ирээд толгойгоо алчуураар арчаад байж байсан юм. Тэр үед бид нар элэгний нухаш, талх  идэх гэж байсан бөгөөд Анужин хутгаар талх зүсээд зогсож байсан юм. Тэгтэл Гэрэлт-Од гэнэт явлаа гэхэд Анужин гартаа хутга барьсан чигээрээ очоод “хаачих гэж байгаа юм бэ хөгшөөн” гэж хэлсэн чинь Гэрэлт-Од “харьлаа” гэж байсан. Гэрэлт-Од үүдний хэсэгт буйдан дээр сууж байгаад босохдоо хальт Анужингийн гарт барьсан хутгыг шүргэчих шиг л харагдсан. Тэгсэн Гэрэлт-Одын цээжнээс цус гарсан. Тэгэнгүүт би подволкоор цусыг нь дарж байгаад Анар “энэ цусыг нь дарж бай” гэж хэлчихээд  гадагшаа гарч эмнэлэг дуудсан. Анужин Гэрэлт-Од руу хутга бариад дайрч маргалдаж муудалцаагүй мөн Гэрэлт-Одыг ална, энэ тэр гэж элдэв муухай үг хэлж хутга барьж дайраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 77, 78-р хуудас/,

Гэрч Т.Анарын “...2016 оны 05 дугаар сарын 29-ний 14.00 цаг өнгөрч байхад Гэрэлт-Од, Гэсэр, Болормаа, Анужин бид тав хамт архи ууж эхэлсэн юм. Ойролцоогоор 23.00 цаг өнгөрч байхад Гэсэр усанд ороод гарч ирж байсан. Тэгэхэд Анужин талх, элэгний нухаш зүсээд байж байсан. Тэгээд шөнийн 01.00 цагийн үед би тагтан дээр тамхи татаад сууж байхад Гэрэлт-Од “явлаа” гээд байх шиг байсан. Би тагтан дээрээс өрөөн доторхийг хараад байж байтал О.Анужин А.Гэрэлт-Одыг “хаашаа явах гээд байгаа юм бэ, хоноод яв” гэж хэлж байсан юм. Тэгэхэд Гэрэлт-Од үүдний хажууд байдаг буйдан дээр суугаад гутлаа үдээд босож ирэхдээ огцом хурдан эргэж харах шиг болсон юм. Тэгэхдээ Анужингийн барьж байсан хутганд зүсэгдчихсэн юм. Маргалдаж, муудалцсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 79, 80-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7533 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 

А.Гэрэлт-Одын биед зүүн 3,4-р хавирганы цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушги, зүрхний баруун тосгуурын хатгагдсан шарх, зүрхний хөндийн цус хуралдалт, зүрх чихэгдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /хх-ийн 27-р хуудас/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: А.Гэрэлт-Одын биед учирсан гэмтэл нь 1 удаагийн хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хөл алдаж тэврэх үед зогсож байсан хүний хутга руу цээж хэсгээрээ унах үед дээрх гэмтэл үүсгэгдэх боломжтой гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №9156 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Гэрэлт-Одын шингэн цус О /I/ бүлгийн харъяалалтай байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутганаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөржаргалын №5395 дугаартай шинжээчийн дүгнэлтэд О/I/ бүлгийн цус илэрсэн гэх тул хохирогч А.Гэрэлт-Одын цустай бүлгийн харъяалалын хувьд тохирч байна. /хх-ийн 120-р хуудас/,

Хэргийн газарт туршилт хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 141-147-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Шүүгдэгч, хохирогч нарын хооронд ямар нэг маргаан болоогүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Гэрэлт-Одын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Болормаа, Т.Гэсэр, Т.Анар нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт туршилт хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.  Харин хохирогч А.Гэрэлт-Одыг “явлаа” гэхэд шүүгдэгч О.Анужин нь талх зүсэж байсан хутгаа барьж хохирогч А.Гэрэлт-Одын дэргэд очихдоо бусдад гэм хор учруулж болзошгүй гэдгийг мэдэх боломжтой байхад хайхрамжгүй хандаж бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн байна.

          Иймд шүүгдэгч О.Анужинг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

            Хохирол төлбөрийн тухайд:

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Гэрэлт-Одын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зарцуулсан хохирлын баримтуудыг /хх-ийн 148-161-р хуудас/ авч үзвэл: нийт 13 хуудас бүхий 3.901.297 төгрөгийн баримт байх боловч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасан хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарсан эмчилгээ болон бусад зайлшгүй зардалд хамаарах нь 1.765.495 төгрөгийн баримт байна.

           Харин хавтаст хэргийн 151-р хуудас “Батбайгал” ХХК-аас авсан сэндвич, чезбургер гэх мэт 16.800 төгрөг, “Найзууд” супермаркетаас авсан “Болор” архи, пиво, ундаа гэх мэт 45.050 төгрөг /хх-ийн 152-р хуудас/, “Туяахатан” дэлгүүрээс Нийслэл пиво 2.5 л гэх мэт 13.100 төгрөг /хх-ийн 152-р хуудас/, “Номин” дэлгүүрээс авсан хүнсний бүтээгдэхүүн 43.691 төгрөг /хх-ийн 154-р хуудас/, 19.448 төгрөг, 52.133 төгрөг /хх-ийн 160-р хуудас/, “Батбайгал” ХХК-ийн пицца, талх гэх мэт 16.200 төгрөг /хх-ийн 155-р хуудас/, “Бараво” дэлгүүрээс зайрмаг гэх мэт хүнсний зүйл 5.350 төгрөг /хх-ийн 156-р хуудас/ зэрэг нь хохирогчид зайлшгүй хэрэглэх нэмэгдэл хоол хүнсэнд хамаарахгүй, түүнчлэн  “ХААН”, “Голомт”, “Хас” банкны автомат машинаас бэлэн мөнгө авсан гэх баримтууд нь ямар зүйлд зарцуулсан нь тодорхойгүй зэрэг нийт 2.135.802 төгрөгийн баримтууд авагдсан болохыг дурдах нь зүйтэй.

           Гэвч шүүгдэгч О.Анужин болон түүний өмгөөлөгчөөс дээрх 3.901.297 төгрөгийн баримтын талаар маргаагүй бөгөөд мөрдөн байцаалтанд 4.000.000 төгрөг төлсөн байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Гэрэлт-Одын өмгөөлөгчөөс 12 хуудас бүхий баримт гаргаж өгсөн ба 1.694.800 төгрөгийн баримт нь хуульд заасан шаардлага хангаж байгаа боловч шүүгдэгчээс 4.600.000 төгрөг төлсөн байна.

           Дээрх байдлаас дүгнэж үзвэл: хохирогчоос ирүүлсэн баримтуудаас нийт 3.460.295 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа боловч шүүгдэгчээс нийт 8.600.000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч О.Анужинг баримтаар нотлогдсон хохирлыг бүрэн төлж барагдуулсан, энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Харин хохирогч А.Гэрэлт-Од нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан  гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч О.Анужин нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзлээ. 

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч О.Анужин энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болно.