Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 121/ШШ2021/0004

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ******* сумын Засаг дарга,

            Хариуцагч: ******* сумын Газрын даамал

     ******* сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамжийг хүчингүй болгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2021/0001/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагч ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч ******* сумын Газрын даамал **** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б-с шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Б миний бие ******* суманд “Төгс-Гэгээрэл”-ийн сүм байгуулахаар 2011 онд тус сумын Засаг дарга 2011.11.29-ний өдрийн 71 тоот газар эзэмшүүлэх захирамжаар газар авч уг газар дээрээ 7000000 төгрөгийн зардлаар гэр дуган байгуулж зохих үйл ажиллагаа явуулж байтал сумын газрын албаны даамал  ойн байцаагч, багийн дарга нар ирж миний барьж байгуулсан байгууламжийг буулгуулан уг газрыг бусдад шилжүүлсэн. Үүний улмаас миний бие сэтгэл санааны гүн хямралд орж 2 жил эмнэлгээр яваад эцэст нь Хар хорин сум дахь Сум дундын шүүхэд гомдол гаргасан байхад 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн а/73 тоот захирамжаар надад эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон баримтыг олж мэдсэн. Иймд захиргааны шүүхэд хүсэлт болгоход: 1. Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн а/73 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү”... “Би 2008 онд анх Бат-Өлзий суманд сүм байгуулахаар газрын өргөдөл өгч байсан. ******* суманд Төгс гэгээрэл”-ийн сүм байгуулахаар 2011 онд тус сумын Засаг дарга 2011 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 71 дүгээр захирамжаар тус сумын “Дунд булаг” гэх газар 0,5 га газрыг эзэмшин тог цахилгаан, хашаа хороо, нойл гэх мэт асуудлаа шийдвэрлэн гэр дуганаа барьж 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ мөчөөс эхлэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, газрын даамал зэрэг хүмүүс ирж газраа авна дуганаа буулга гэх мэтээр дарамталж эхэлсэн. Тухайн үед суманд ажиллаж байсан хийд байгаагүй. Ганцхан манайх ажиллаж байсан. Нэг өдөр нилээдгүй хүмүүс цугларсан лүүжингийн том хурал хийж байхад газрын даамал нь гадаа ирж орж ирэхгүйгээр гэрээ буулга газраа авна гэж дарамталж байсан. Ингээд 2020 онд Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хандсан. Гэтэл Бат-Өлзий сумаас тус шүүхэд ирүүлсэн баримтад 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 73 тоот захирамжаар миний эзэмшлийн газрыг хүчингүй болгосон захирамж ирүүлсэн байдаг. Уг захирамжийг би огт мэдээгүй байсан. Тухайн үедээ надад ийм учраас газрыг чинь хүчингүй болгосон захирамж гарлалаа. Газраа чөлөөлөх хэрэгтэй гэх мэтээр хандсан бол асуудал өнөөдөр өөр байх байсан. Харин Бат-Өлзий сумын ажилтан, албан хаагч нар тэгж хандаагүй. Учир утгагүй шууд л газраа авна, газар чөлөөл, энэ юмнуудаа буулга гэдэг шаардлага тавьж хэл амаар доромжилдог байсан. Сүүлдээ байж сууж чадахаа байгаад айгаад, сэтгэл санаа ч тогтворгүй болдог юм байна лээ. Энэ Ж гээд орлогч дарга байсан. Тэр хүн нь хууль бусаар өөр хүнд өгсөн байсан. Тэгэхээр би одоо хууль ёсоор өмчилж авсан өөрийн газраа буцаан авч албан бусаар хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“Нэхэмжлэгчийн хувьд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 73 тоот захирамжаар газрыг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа. Би өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин оролцож байна. Хамгийн гол асуудал бол газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон тухай захирамжийг мэдээгүйд оршиж байна. Ингээд гэм хорын хохирол нэхэмжилж Хархорин сум дахь сум дундын шүүхэд хандсан. Гэтэл Бат-Өлзий сумаас тус шүүхэд ирүүлсэн баримтад 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 73 тоот захирамжаар Б-н эзэмшлийн газрыг хүчингүй болгосон захирамж ирүүлсэн байдаг. Ингээд захирамжаа хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Захирамжийн хувьд зөрчилтэй гэж үзэж байна. 1-рт Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаароролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэсэн заалтыг зөрчсөн. Яаж зөрчсөн гэхээр Б тухайн захиргааны актыг гаргах талаар, гаргасан талаар огт мэдэгдээгүй. 2-рт Захиргааны ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт оролцогч биечлэн ирэх шаардлагатай тохиолдолд мэдэгдэх хуудаст хүрэлцэн очих газар, өдөр, цаг, зорилго болон ирээгүй тохиолдолд гарах эрх зүйн үр дагаврын талаар тодорхой тусгана гэж заасан байдаг. Мөн ялгаагүй албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас хүргүүлээгүй. 3-рт мөн хуулийн 26 дугаар зүйлд захиргааны акт гаргахдаа оролцогчийг заавал сонсох ажиллагаа явуулах, 31 дүгээр зүйлд шийдвэр гаргахтай холбогдуулан мэдээлэл өгөх зэрэг гэх мэт хуулийн заалтуудын зөрчсөн. Эдгээр зөрчигдсөн заалтуудын талаар зөрчөөгүй хууль ёсны болсон гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.  Энэ заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан эрх зүйн акт бичгээр гаргах тухай шаардлагыг  хангаагүй учраас  2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 73 тоот захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

     Хариуцагч ******* сумын Засаг дарга С.А-с 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч Булган аймгийн Рашаант сумын иргэн Б.Б-н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* суманд “Төгс гэгээрлийн сүм” барихаар газрын зөвшөөрөл авах 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр “Газар эзэмших тухай” захирамж гарсан. Үүнээс хойш 2 жилийн дараа 2013 оны хавар шон хатгаж хашаа барьж эхэлсэн. Тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болон үйл ажиллагаагаа эхлээгүй байсан тул сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 20-ны өдрийн а/73 тоот захирамжаар сумын Засаг даргын 2011 оны 71 тоот захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гарч, ажил хариуцаж байсан албан хаагч, багийн Засаг дарга, Цагдаагийн ажилтанд газрыг чөлөөлүүлэх тухай үүрэг даалгавар өгсөн. Тухайн үед ажиллаж байсан газрын даамал, БОХ-ын улсын байцаагч, Цагдаагийн ажилтан нар нь иргэн Б.Бт 2013 оны “Газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг танилцуулсан. Тухайн үед иргэн Б.Б нь 3 тал хашааны шон хатгасан, хашааны хойд талд цөөхөн хэдэн банз хадсан байсан, өөр барилга байгууламж бариагүй, өөрт нь татаж буулгах талаар удаа дараа танилцуулж шаардаж байсан. Өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байсан. Нэхэмжлэгч нь гэр дуган барьж, хашаа барьсан хуурамч зураг авч нэхэмжлэлдээ хавсаргасан байна. Энэ тухай нутгийн иргэд ч мэднэ. Мөн сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 20 өдрийн а/73 тоот захирамжийг огт мэдээгүй танилцуулж байгаагүй, барьсан хашаа дуганыг хүч хэрэглэж буулгасан, дарамталж байсан гэх зэрэг худлаа мэдүүлэг өгсөнд бид их гайхаж байна. 2013 оны А/73 дугаар захирамжийг иргэн Б.Бт танилцуулж, хугацаатай албан мэдэгдэл өгч байсан тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тухайн иргэнд бид хууль дүрмийг танилцуулж, хүндэтгэн харьцаж байсан. Хэсэг хугацааны дараа барьж эхэлж байсан хашаагаа өөрөө буулгаад явсан байсан. Гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгч байсан ч тухайн үед гомдол гаргаагүй. хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Миний бие хариуцагч Бат-Өлзий сумын Засаг даргын төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 73 тоот захирамжаар миний эзэмшлийн газрыг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна гэж ойлголоо. Захирамжийн гол үндэслэлийг тайлбарлая. Төгс гэгээрлийн сүм нь эрх бүхий албан тушаалтнаар газраа заалган хэмжүүлээгүй, геодезийн байнгын цэг тэмдэг дээр дур мэдэн хашаа барьсан, удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч геодезийн байнгын цэг тэмдэглэгээг чөлөөлөхгүй байгаа тул тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Тухайн үед юу болсон гэхээр 2011 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 71 дүгээр захирамжаар  газар эзэмших эрхийг олгосон. Гэвч нэхэмжлэгч нь геодезийн цэг тэмдэгт дээр хашаагаа давхцуулан барьж үйл ажиллагаагаа явуулсан байдаг. ийм учраас удаа дараа албан мэдэгдэл шаардлага хүргүүлж байсан. Геодезийн байнгын цэг тэмдэгт гэдэг нь бүх төрлийн машстаб зураг бэлтгэх, хяналт шалгалтын үндэслэл болдог цэг юм. Үүнийг 1934 оноос улсын хэмжээнд хийгээд явж байгаа. Мөн жил бүр тооллого хийгддэг. Устгах гэмтээх тохиолдол гарвал тухайн этгээдэд хариуцлага тооцоод явдаг. Ийм зориулалттай улсын маань маш чухал тэмдэгт юм. Уг цэг тэмдэгттэй давхацсан гэдэг үндэслэлээр захирамж гаргасан. Тухайн үед 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 73 тоот захирамжийг танилцуулсан боловч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Мөн албан шаардлагыг хүргэж өгөхөөр очсон цагдаа, газрын даамал, багийн дарга гэх мэт албан тушаалтнууд Буянцэцэгтэй хүндэтгэлтэй хандаж байсан боловч захирамжтай танилцаагүй, хүлээн авсан тухай гарыг үсэг зураагүй тул тэмдэглэл хөтөлсөн байдаг. Тухайн тэмдэглэлийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байгаа гэж бодож байна. Гэвч нэхэмжлэгч маань гэнэт өнөөдөр захирамжаа авч байгаа мэт ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Уг захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Мөн хууль, дүрэм, журамд заасны дагуу тухайн үед нь мэдэгдэх танилцуулах ажиллагааг хийж байсан зэргийг дахин хэлье. Тухайн үед 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 73 тоот захирамж гарсан эсэхийг мэдээгүй. Сүүлд шүүхэд хандаад мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед мэдэгдлийг хүргүүлсэн боловч нэхэмжлэгч маань хүлээж аваагүй байдаг. Энэ тухай баримт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар дээр мэдэгдэх болон сонсох ажиллагааг хийгээгүй гэж байна. Захиргааны ерөнхий хууль бол энэ захиргааны акт үйлдэгдсэнээс хойш буюу 2015 онд батлагдсан. Гэхдээ захиргааны акт гарсан талаар мэдэгдээд, танилцуулаад, гомдол гаргах эрх нээлттэй байдаг байсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Захирамжийн үндэслэл хэсэг болох геодезийн байнгын цэг тэмдэгт нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцаагүй талаар хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна”...  “Ер нь энэ нэхэмжлэлийг шүүх хүлээж авах нь зөв байсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ нэхэмжлэгч талаас шууд л ямар ч үндэслэлгүй хөөж туугаад, амь насанд нь заналхийлээд байсан юм шиг яриад байгаа нь ойлгомжгүй зохисгүй харагдаж байна. Нэмээд зөвлөгөө болгож хэлэхэд Монгол улсын иргэн хаана ч аль ч нутаг дэвсгэрт хүссэн газраа хуульд заасан журмын дагуу өмчлөх эрх нь нээлттэй байгаа гэдгийг хэлье. Захирамжийн талаар өмнө нь огт мэдээгүй байж байж байгаад сая мэдсэн тухай асуудал бол байж болох үндэслэлгүй асуудал байгаа” гэв. 

Хариуцагч ******* сумын Газрын даамал  2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Нэхэмжлэгч иргэн Б.Бийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* суманд “Төгс гэгээрлийн сүм” барихаар газрын зөвшөөрөл авах 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр “Газар эзэмших тухай” захирамж гарсан. Үүнээс хойш 2 жилийн дараа 2013 оны хавар шон хатгаж хашаа барьж эхэлсэн. Тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болон үйл ажиллагаагаа эхлээгүй байсан тул сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 20-ны өдрийн а/73 тоот захирамжаар сумын Засаг даргын 2011 оны 71 тоот захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гарч, ажил хариуцаж байсан албан хаагч, багийн Засаг дарга, Цагдаагийн ажилтанд газрыг чөлөөлүүлэх тухай үүрэг даалгавар өгсөн. Тухайн үед ажиллаж байсан Газрын даамал, БОХ-ын улсын байцаагч, Цагдаагийн ажилтан нар нь иргэн Б.Б 2013 оны” Газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг танилцуулсан. Тухайн үед иргэн Б нь 3 тал хашааны шон хатгасан, хашааны хойд талд цөөхөн хэдэн банз хадсан байсан, өөр барилга байгууламж бариагүй, өөрт нь татаж буулгах талаар удаа дараа танилцуулж шаардаж байсан. Өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байсан. Нэхэмжлэгч нь гэр дуган барьж, хашаа барьсан хуурамч зураг авч нэхэмжлэлдээ хавсаргасан байна. Энэ тухай нутгийн иргэд ч мэднэ. Мөн сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 20 өдрийн а/73 тоот захирамжийг огт мэдээгүй танилцуулж байгаагүй, барьсан хашаа дуганыг хүч хэрэглэж буулгасан, дарамталж байсан гэх зэрэг худлаа мэдүүлэг өгсөнд бид их гайхаж байна. 2013 оны А/73 дугаар захирамжийг иргэн Б.Бт танилцуулж, хугацаатай албан мэдэгдэл өгч байсан тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тухайн иргэнд бид хууль дүрмийг танилцуулж, хүндэтгэн харьцаж байсан. Хэсэг хугацааны дараа барьж эхэлж байсан хашаагаа өөрөө буулгаад явсан байсан. Гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгч байсан ч тухайн үед гомдол гаргаагүй. хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” ... “Нэхэмжлэгчийн яриад байгаа зургийг би судалж үзсэн. Хашаа барьж байгаа зургийг харахад дунд булгийн газрын өнгөн хөрс, газрын байрлал зэрэг нь таарахгүй байгаа. Тэнд бол сүм хийдийн суурь тавигдаагүй” ... “Тухайн үед нь мэдэгдлийн хуудас өгч байсан. Мөн цагдаа, багийн дарга, газрын даамал гэх мэт холбогдох ажилтнууд амаар мэдэгдэж байсан” гэв

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК-ийн захирал Б.Г-с 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“Манай “*******” ХХК-нь ******* сумын 5 дугаар багийн “Дунд булаг” гэдэг газарт 5 га талбайд ойн зурвас байгуулах зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх БОАЖ-ын газартай “Ойн зурвас байгуулах” ажлын гэрээ байгуулж 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсын Газрын тухай хууль, ******* сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн а/125 тоот шийдвэрийг үндэслэн №06207-2017/00008 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Бат-Өлзий сумын Газрын албатай байгуулсан бөгөөд, тус гэрээний дагуу 2018 оны 07 сарын 25-ны өдөр “000325897 дугаартай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрээг манай компанид олгосон болно. Иймд нэхэмжлэгч Б.Б-н шүүхэд гаргасан газар эзэмшүүлэх захирамжаар газар эзэмшиж үйл ажиллагаа явуулж байхад уг газар дээр барьж байгуулсан байгууламжийг буулгаж газрыг бусдад эзэмшүүлсэн гэх үндэслэл Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 сарын 20-ны өдрийн а/73 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ******* сумын Засаг дарга, мөн сумын газрын даамал нарт холбогдуулан ******* сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн а/73 тоот захирамжийг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Маргааны бүхий захиргааны акт болох Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамжаар тус сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 71 дүгээр захирамжийг хүчингүй болгон 0202279 тоот дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Бат-Өлзий сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 71 дүгээр захирамжаар тус сумын 3 дугаар баг “Дунд булаг” гэх газарт “Төгс гэгээрлийн сүм барих зориулалтаар 0,5 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Энэхүү захирамжийг үндэслэн олгосон 0202279 дугаар бүхий газар эзэмших гэрээнээс үзэхэд “Лачин хайрхан хийд”-д тус “Дунд булаг” гэх газарт Гэгээрлийн сүм гэсэн зориулалтаар 0,5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээг иргэн Б.Бтэй байгуулсан байна.

Харин Бат-Өлзий сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/125 дугаар захирамжаар “****” ХХК-д тус сумын 5 дугаар баг “Дунд булаг” гэх газарт бургас тарих зориулалтаар 6221002006 нэгж талбарын дугаартай 2,5 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэжээ. 

Бат-Өлзий сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 71 дүгээр захирамжаар тус сумын 3 дугаар баг “Дунд булаг” гэх газарт “Төгс гэгээрлийн сүм барих зориулалтаар эзэмшүүлж байсан 0,5 га газар нь Бат-Өлзий сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/125 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 2,5 га газартай давхцаж, уг газар дотор нь багтаж байгаа болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид уг үйл баримтаар талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь тус шүүхэд хандаж 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дээрх дурдагдаж буй Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн а/73 тоот захирамжийг хүчингүй болгуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг захирамжийг Хархорин сум дахь Сум дундын шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед буюу хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтууд дунд байхыг анх олж мэдсэн гэсэн тайлбар хийн маргаж байгаа болно.

Хариуцагч нарын зүгээс Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн а/73 тоот захирамж гарсан болохыг нэхэмжлэгч Б.Б мэдэж байсан гэж маргаж байгаа бөгөөд тухайн үед буюу 2013 оны а/73 дугаар захирамжийг гарсан болохыг мэдэгдсэн баримт болох мэдэгдэл бий, мөн тухайн үед ажиллаж байсан Газрын даамал, Байгаль орчны байцаагч, цагдаа, багийн дарга нартай удаа дараа уг газрыг нь чөлөөлүүлэхээр очиж мэдэгдэл өгөх гэхэд авдаггүй байсан гэсэн тайлбарыг шүүхэд өгч байгаа болно.

Маргааны үйл баримт нь маргаан бүхий захиргааны акт болох Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамжийг нэхэмжлэгч буюу газар эзэмшиж байсан гэх иргэн Б.Бт мэдэгдсэн эсэх, уг захирамжийг эс зөвшөөрч байгаа бол эрхээ хамгаалуулахаар дээд шатны Засаг дарга болон шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах боломжийг олгож түүнд хуульд заасны дагуу өөрийнхөө газар эзэмшихтэй холбоотой хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгосон эсэх тухай асуудал юм.

Нэхэмжлэгч уг маргаан бүхий захирамжийг огт мэдээгүй, хариуцагч нарын зүгээс мэдсэн гэж маргаж байгаа бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд уг маргаанаа үргэлжлүүлж байсан болно.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.1-40.1.7 дахь заалтаар 7 үндэслэлийг нэрлэн заасан байна.

Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж хуульчлан зааж өгч нарийвчлан зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг мэдэгдэх болон сонсгох ажиллагааны хийгээгүй захиргааны буруутай үйл ажиллагаа байсан гэж мэтгэлцэж байгаа хэдий боловч тус хуулийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр УИХ-аас батлан гаргаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж бүх нийтээр дагаж мөрдөж эхэлсэн тул уг үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна гэж үзсэн болно.

Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт “... мэдэгдэнэ” гэж заасан нь мөн зүйлийн 40.3 дах хэсэгт “... шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэсэнтэй зөрчилддөг. Энэ тохиолдолд мэдэгдсэн ч, мэдэгдээгүй ч шийдвэр гарснаас хойш 10 өдөр өнгөрсөн бол гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж болохгүй. Уг асуудалд эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаас нь хандаж гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг мэдэгдсэн эсэхийг шалгаж, мэдсэн өдрөөс хойш 10 өдөр өнгөрсөн /хөөн хэлэлцэх хугацааг/ эсэхийг тоолох нь зүйтэй.

“Мэдэгдсэн” гэдгийг гардуулан өгсөн гэдгээс өргөн утгаар ойлгож захирамжийг эсвэл түүний утгыг илэрхийлсэн мэдэгдлийг тухайн этгээдэд гардуулан өгөх, хаягаар болон бусад аргаар хүргүүлэх, факс, И-мэйл болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, зарлах зэргээр сонирхогч этгээдийг тодорхой ойлголттой болгосон байхыг хэлнэ. Гэхдээ ийм ажиллагаа хийгдсэн гэдгийг нотлох баримтаар тогтоосон байвал зохино” гэж тайлбарласан байх бөгөөд уг тайлбараас үзэхэд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг мэдэгдсэн гэдгийг гардуулан өгсөн гэдгээс илүү өргөн утгаар ойлгохыг тодруулбал сонирхогч этгээд тодорхой ойлголттой болсон байхыг хэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2020 оны хавар нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Газрын даамалтай уулзаж газрын гэрчилгээгээ үзүүлж газар эзэмших эрхийнхээ талаар асууж тодруулахад Газрын даамал тодруулж өгье гэсэн хэдий боловч түүний эзэмшиж байсан газар дээр бусдад буюу “*******” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж гарсан болохыг хэлээгүй болохыг талууд тайлбарлаж байсан болно. Үүний дараа буюу 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хархорин сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар уг нэхэмжлэлийг үндэслэн явагдаж байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захирамж гарсан болохыг мэдэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.11-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “... мэдэгдэнэ ...” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ” гэж тайлбарласан байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/71 дугаар захирамжийг мэдэгдсэн мэдэгдэл байх ба тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан Н.Т удаа дараа газраа чөлөөлөхийг мэдэгдэж байсан, тухайн үед ажиллаж байсан цагдаа, багийн дарга, байгаль орчны байцаагч нартай удаа дараа очиж байсан гэсэн гэх гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарууд, нэхэмжлэгчийн надад захирамжийг мэдэгдээгүй, зүгээр л газар чөлөөлж өг гэсэн шаардлага л тавьж үнэхээр их дарамт шахалт үзүүлж байсан, хэрэв би захирамж гарсан болохыг мэдсэн бол шүүх хуулийн байгууллагад тэр мэдсэн даруйдаа хандаж эрхээ хамгаалуулах байсан, ийм захирамжийг гарсан болохыг Хархорины шүүхэд ирүүлсэн баримтаас л анх олж мэдсэн ба тэгээд захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан, төгс гэгээрлийн сүмээ ажиллуулсаар байсан гэсэн тайлбаруудыг тус тус хийж байх хэдий боловч маргаан бүхий захиргааны акт болох Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамжийг дээрх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 болон хуулийн тайлбаруудад заасанчлан мэдэгдсэн эсэх нь ойлгомжгүй, тодорхой биш байх төдийгүй энэ захирамж гарсан болохыг надад огт мэдэгдэж байгаагүй гэж сум дундын шүүхэд болон захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс мэдүүлж тайлбар хийж маргаж байгаа болно.

Газрын тухай хуульд заасны дагуу Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх бүрэн эрхтэй боловч ийнхүү хүчингүй болгож байгаа болохоо сонирхогч этгээдүүд болон газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож байгаа, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд зайлшгүй мэдэгдэж, гаргасан шийдвэр болох захирамжаа танилцуулах ёстой болохыг хууль тогтоомж, эрхийн актуудад тодорхой хуульчлан зааж өгч нарийвчлан зохицуулжээ.

Тодруулбал тухайн газар эзэмших эрх нь хүчингүй болж байгаа этгээдэд энэ тухайгаа мэдэгдэж, мөн эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн зүгээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгох ёстой, ингэх үүрэгтэй болохыг Газрын тухай хууль, холбогдох хууль эрхийн актуудаар хуульчилж журамлан зааж нарийвчлан зохицуулж тайлбарлаж өгсөн байна.

Маргааны бүхий захиргааны акт болох ******* сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/71 дугаар захирамжийг  газар эзэмших эрх нь хүчингүй болж байгаа этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн эсэх, мэдэгдсэн бол хэзээ хэрхэн яаж мэдэгдсэн талаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд тогтоох боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүхээс үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр гаргах ёстой болохыг тодорхой хуульчлан заажээ. 

Иймд дээрх тогтоогдож буй нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хууль эрх зүйн зохицуулалт зэрэгт тулгуурлан дүгнэж үзээд шүүхээс ******* сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамжийг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, уг асуудлыг дахин нарийвчлан судалж үзэж хэлэлцэж шийдвэрлэхийг ******* сумын Засаг даргад даалгах нь илүү шударга, үнэн бодитой шийдвэр болно гэж шүүх үзлээ.

Учир нь тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох газар эзэмших эрх нь хүчингүй болж байгаа этгээд болох Б.Бт мэдэгдсэн эсэхийг дахин тодруулж байж уг асуудлыг шийдвэрлэж захирамж гаргах нь зүйтэй байна.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заажээ.  

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу ******* сумын Засаг дарга нь Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамжийг түдгэлзүүлсэн 3 /гурав/ сарын хугацаанд уг асуудлыг дахин нарийвчлан судалж үзэн нөхцөл байдлыг тодруулж шийдвэрлээгүй тохиолдолд Бат-Өлзий сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамж хүчингүй болох үр дагавартай болохыг цохон тэмдэглэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсгийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамжийг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ 3  /гурав/ сарын хугацаанд уг асуудлыг дахин судалж шинэ акт /захирамж/ гаргахыг ******* сумын Засаг даргад даалгасугай.   

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шинэ акт /захирамж/ гаргах боломж олгосон 3 /гурав/ сар хүртэлх хугацаанд хариуцагч Засаг даргаас нөхцөл байдлыг тодруулж шинээр захиргааны акт буюу захирамж гаргаагүй бол ******* сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчингүй болгох тухай” а/73 тоот захирамж хуулийн дагуу шууд хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СУГАР