Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/369

 

 

 

 

        

   2022       12        12                                        2022/ШЦТ/369

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунбилэг, Ч.Батсүх,

Шүүгдэгч Б.О-, Б.Н-, Т.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-, Б.Н- нарт холбогдох эрүүгийн 2238000000576 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Т.Т-,

Монгол Улсын иргэн, Б.О-,

Монгол Улсын иргэн, Б.Н-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн үсэг” хэвлэлийн хашаанд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Б.О-тай “хоёр барилгын хоорондын хэмжээний талаар” хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож биед зүүн шанаа, зулайн хуйханд няцралт, зүүн өвдөгөнд зулгаралт, зүүн доод 1-р үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.О-, Б.Н- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн үсэг” хэвлэлийн хашаанд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Т.Т-тэй “хоёр барилгын хоорондын хэмжээний талаар” хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх, тархи доргилт, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000576 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.Т- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн үсэг” хэвлэлийн газрын баруун талын хашаанд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Б.О-тай “хоёр барилгын хоорондын хэмжээний талаар” хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газар нь цохих, хөлөөрөө  өшиглөх зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн шанаа, зулайн хуйханд няцралт, зүүн өвдөгөнд зулгаралт, зүүн доод нэгдүгээр үүдэн шүдэнд сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.О-, Б.Н- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн үсэг” хэвлэлийн газрын баруун талын хашаанд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Т.Т-тэй “хоёр барилгын хоорондын хэмжээний талаар” хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг шүүгдэгч Б.О- нь гар болон бетоноор шанаа, толгой руу нь цохиж, шүүгдэгч Б.Н- нь модоор толгой, гэдэс рүү нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйханд няцарсан шарх, тархи доргилт, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-ын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй. ...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Асуусан асуултад хариулнагэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Т.Т-ийн өгсөн:...мэдүүлэг өгөхгүй. ...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Асуусан асуултад хариулнагэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Н-н өгсөн:...Анх Т.Т- П.Б-той орж ирж барилгын хоорондын зайнаас болж хэрүүл маргаан үүсгэж,  намайг хэл амаар доромжилсонгэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Т.Т-ийн өгсөн: “...гомдол, саналгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Б.О-ын өгсөн: “...гомдол, саналгүй” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Т-ийн өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Мөнгөн үсэг хэвлэлийн газрын баруун талын хашаанд барилгын ажил хийгээд байж байсан. Манай барьж байгаа барилгын зүүн талд өөр компанийн хүмүүс барилгын суурь тавих гэж байсан. Барилга хоорондын зай 15 метр байх ёстой байдаг болохоор тэр хоорондын зайны талаар ярилцах санаатай тэдний барилгын хашаа руу Наран гүрт компанийн барилгын үйл ажиллагааг хариуцдаг П.Б- гэдэг залуутай хамт орсон чинь Б.Н- гээд нэг залуу байсан. Тэр залуутай бид хоёр ярилцах гэж очоод “за манай хоёр барилга ойртох гээд байна, дундын зайгаа бариад 15 метрээ хуваагаад хоёр тийш нь татчихъя, танайх жаахан зүүн тийш болгочих” гэж хэлсэн чинь Б.Н- гэдэг хүн “барилгын талбай руу орж ирчихээд пизданууд яагаад том, том дуугараад байна аа” гээд уурласан. Цаанаас нь надад зодуулсан гэж яриад байгаа залуу, Т- гээд зүс таних залуу, бас нэг танихгүй залуу гурав гарч ирсэн. Надад зодуулсан гэж яриад байгаа 40 гаруй насны бололтой залуу байгаа. Тэр залуу намайг “чи юу хийдэг юм” гэхээр нь “би нярав” гэсэн чинь нөгөө залуу “чи явж ажлаа хийгээч гөлөг минь” гэж хэлэхээр нь би уур хүрээд “юу гэнээ энэ тэр” гэж жаахан маргалдсан. Тэр ах “чи наашаа хүрээд ир хоёулаа цагдаа сэргийлэх гэхгүй сайхан үзчихье” гэж хэлсэн. Би яваад очсон чинь шууд шанаа руу гараа атгаж байгаад цохичихсон. Би зөрүүлээд нүүр рүү нь хоёр удаа гараа атгаж байгаад цохиод бид хоёр барилцаж авсан. Тэгж байтал Б.Н- гэдэг залуу дэлэм хэрээтэй мод барьчихсан хүрч ирээд намайг хоёр удаа толгой руу тэр модоороо цохиж тэр мод нь дундуураа нэг хугарсан. Тэгээд богинохон мод үлдсэн чинь тэр модоороо гэдэс рүү нэг удаа хатгасан. Тэгэнгүүт нь би Б.Н-н гарыг нь барьж аваад мөр рүү нэг удаа гараараа цохиод нэг удаа хөл рүү нь өшиглөсөн. Б.Н-тэй би барилцаж аваад, байж байтал анх надтай барилцаж авсан 40 гаруй насны залуу араас нэг юмаар цохисон. Би эргэж харахад баруун гартаа бетон атгачихсан байсан. Би тэр хүнийг барьж аваад хүзүү рүү нь нэг удаа нүүр рүү гараараа цохиход хамраас нь цус гоожсон. Тэр хүн намайг эргээд харахад дахиад бетоноо далайгаад цохих гээд байсан. .. Бетоноор цохиулсны дараа толгойгоос цус гоожсон. Би Т- тэр бетоноор цохисон залуу хоёртой ноцолдож байхад цаанаас Б.Н- гэдэг залуу нь ногоон шил барьчихсан намайг ална гээд ирж байгаа харагдсан. Тэр Б.Н-н барьсан шилийг Б- салгаж авсан гэсэн. Би нөгөө хоёртой ноцолдож байхад зүүн гарын долоовор хуруу дунд үеэрээ мултарсан байсан. Тэгж байтал манай эхнэр хадам аав хоёр хашааны цаад талаас болиоч та нар гэж орилоод, Б- “цагдаа дуудлаа” гээд цагдаа руу залгаж ер нь бид нар салцгааж зодоон дууссан. ...намайг бетоноор цохьсон залуу анх намайг цохихоор нь зөрүүлээд нүүр рүү нь хоёр удаа гараа атгаж байгаад цохьсон. Дараа нь Б.Н- намайг модоор цохиод гэдэс рүү модоор хатгахаар нь барьж аваад нүүр рүү нь нэг удаа цохиод, хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Б.Н-тэй барилцаад байж байтал араас анх надтай барилцаж авсан залуу бетоноор толгой руу цохихоор нь тэр залууг хоёр удаа цохьсон. Тэр хоёроос өөр хүн цохиж зодоогүй. ...Миний толгой их өвдөж байна. Хүзүү рүү хөшиж доошоо өвдөж байна. Гэдэс модоор хатгуулаад зулгарсан. Эрүү, хүзүү зэргээр ноцолдох явцад улайж зулгарсан байна. Толгойдоо хоёр оёдол тавиулсан. Толгойн шарх бол бетоноор цохиулсны дараа үүссэн. Толгойноос цус гарч байсан. ...модоор цохиулсны дараа миний толгойн орой хэсэг хавдаж товойсон байсан. ...Би уг хэргийн улмаас учирсан хохирол, мөн ямар зардлууд гарсан, нийт хэдэн төгрөг нэхэмжлэх талаараа бичгээр бичиж ирсэн байгаа. Би одоогоор нийт 2.423.800 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гэмтсэн хуруугаа эмчлүүлж гарах зардлыг баримтаар нэхэмжилнэ. ...Миний зүүн гарын зүүн талаасаа хоёр дахь дунд хуруу мултарч гэмтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 26 тал/,

Хохирогч Б.О-ын өгсөн: "...би 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай барилгын хашаанд орж ирж хэрүүл маргаан үүсгэсэн Т.Т- гэдэг залуутай маргалдаж, намайг эхлээд цохиод авахаар нь барилцаж заамдалцаж ноцолдож байтал намайг дахиж цохиж аваад хамраас цус гоожоод шүд хөдөлсөн. Тэгэхээр нь би хамрын цусаа арччихаад цаашаа явсан байхад нь араас нь очоод толгой руу нь гараараа нэг удаа цохьсон. Уг асуудлаас болж миний доод үүдэн шүд суларч хөдөлгөөн орсон байсан. Тэгээд дараа нь уначихсан. Одоогоор би шүд хийлгээгүй явж байна. Шүд хэдээр хийдэг талаар шүдний эмнэлэг орж асуухад 135.000 төгрөг болно гэж байсан. Тэр мөнгийг нэхэмжлэх саналтай байна. Энэ мөнгийг өгчих юм бол өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

Гэрч М.С-ын өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 8 дугаар гудамжны 12 тоотод байх гэртээ байж байтал гадаа барилгын хүмүүс “болиоч аллаа, наад барьж байгаа модоо хаяач, энэ тэр” гээд орилолдох чимээ гарахаар нь гарч хартал манай нөхөр зүүн талын барилгын хашаанаас цус нөжтэйгөө холилдсон байдалтай хувцас хунар нь урагдчихсан гарч ирсэн. Тэгэхэд цаанаас нь зүс таних Б.Н- гэдэг залуу “чамайг энэ хашаа руу дахиж орж ирэх юм бол ална шүү” гээд заналхийлсэн байдалтай дуугарч байсан. Би яг зодоон болж байхыг хараагүй. ...Т.Т-ээс юу болсон талаар асуухад барилга хоорондын талбай хэмжээд явж байтал нэг нөхөр нь том дуугараад барилцаж аваад байж байтал бас нэг залуу араас нь бетоноор толгой руу нь цохисон гэж ярьж байсан. ...манай нөхөр тархи толгой өвдөөд байна гээд өнөөдөр ажлаа хийхгүй хэвтээд байхаар нь би цагдаагийн байгууллагад ирж мэдэгдсэн“ гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Гэрч П.Б-ын өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг өнгөрч байхад зүүн талын барилгаа эхлэх гээд хэмжээ тавиад, хашаан дахь хогоо цэвэрлэж байсан барилгын хашаа руу Т.Т-тэй хамт орсон. Би тэр хашаа руу барилга хоорондын зай, хэмжээний талаар ярилцаж нарийн хэмжиж үзэх зорилготой орсон. Бид хоёр хашаа руу ороход зүс танихаас Т- гээд хүн байсан. Сүүлд Б.Н- гэдэг залуу машин дотроос гарч ирсэн. Би хашаанд ороод инженер нь гээд байсан хүнтэй уулзаж ярилцахад хашаанаас авсан зай нь 5.5 метр байсан. Тэгэхээр нь би “хашаанаас хоёр тал руугаа найм найман метр зай аваад хоорондын зайгаа 16 метр болгоё гэж анх ярилцсан шүү дээ, танайх хашаандаа арай ойрхон байна, хэнтэй нь ярих вэ” гэсэн чинь тэр хүнтэй ярь гээд машинд сууж байсан Б.Н- гээд хүнийг зааж өгсөн. Би тэр хүн дээр нь явж очоод “танайх жаахан ийшээ болох боломжгүй юу, манай барилга дахиад ийшээ татах гэхээр багтахгүй байна, барилга хоорондын зай ойртоод байна” гэсэн чинь “чи адилхан юм хийж байж нэгийгээ дарамталлаа” энэ тэр гэсэн. Тэгэхээр нь би “харин ч адилхан юм хийж байгаа болохоор хэн хэнийгээ ойлгоод асуудлаа шийдээд болж бүтэхээрээ зай завсраа аваад явъя” гээд хэлтэл машинаасаа том дуугаар “та нар хашаанд орж ирж рекитэлдэг хэн бэ” гээд уурлаад гараад ирсэн. Тэгсэн чинь л гурван залуу хүрээд ирсэн. Т.Т-тэй зодолдсон. О- гэх хүн “чи энэ барилгын юу юм гэсэн чинь Т.Т- нярав” гэж хэлсэн. Тэгтэл О- “чи нярав юм бол орж няраваа л хий” гэж хэлсэн. ...Т.Т- О-т “чамд ямар хамаатай юм” гэсэн чинь О- нь “тэгвэл хоёулаа үзчих юм уу” гэсэн чинь Т.Т- “тэгсэн ч яадаг юм” гэсэн. Тэр хоёр жаахан зайдаад явсан. Тэгээд муудалцахаар нь би боль боль Т.Т-ээ гэж дуудсан чинь Т.Т- буцаад наашаа ирэх гэж байтал Б.О- шууд цохиод авсан. Тэгээд Т.Т- ч гэсэн зөрүүлээд цохиод зодоон эхэлсэн. Тэгтэл тэнд байсан бусад гурван залуу тэр хоёр дээр очсон. Б.Н- нь миний хажуу талаас мод аваад Т.Т- рүү явсан. Очоод Т.Т-ийн толгой руу хэд хэд цохисон. Би Б.Н-г модтой байсан болохоор салгах гээд очсон. Тэнд байсан нэг намхан залуу бас тэд нарыг салгах гээд байсан. Т-г бол яг Т.Т-ийг цохиж зодож байхыг хараагүй, салгах гээд дунд нь гүйгээд байсан. Би Б.Н-г жаахан холдуулаад эргээд харахад Т.Т- дээр гурван залуу оччихсон юу болоод байгаа нь мэдэгдэхгүй зууралдаж байсан. Дахиад нэгийг нь салгах гээд буцаад очиход Б.Н- араас ирээд дахиад Т.Т-ийг модоороо толгой руу нь цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь дахиад Б.Н-г авч холдуулсан. Тэгээд буцаж очоод дахиад нэг залууг нь холдуулаад эргээд харахад Б.Н- нь архины шил барьчихсан зогсож байсан. Тэр хооронд нь би “та нар больчихооч” гэж байнга хэлж зодооныг болиулах салгах гэж оролдож байсан. Би Б.Н-н архины шилийг булааж авч шидээд харахад Т.Т-ийн хувцас урагдсан байсан. Тэгтэл Б.О- дахиад Т.Т- рүү гүйж очоод зуралдаж авч байгаа харагдсан. Би Б.Н-д хандаж “одоо больчихооч зодолдож яах гээд байгаа юм” гэж хэлээд хартал Б.О- гартаа гарын алганаас чүд бага хэмжээтэй бетоны хэлтэрхий барьсан Т.Т-ийн хажууд зогсож байсан. Т.Т- толгойгоо бариад шууд суусан. Тэгээд би очоод яасан гээд асуухад ар дагзнаас нь цус урсаж байсан бөгөөд Б.О-ыг юмаар цохьчихлоо гэж хэлж байсан. Тэгээд тэд нар дайрахаа болиод би Т.Т-ийг хашаандаа оруулчихаад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Мөнгөн үсэг хэвлэлийн газрын хашаан дотор ертөнцийн зүгээр хойд хэсэгт Б.О- ах Т.Т- хоёр заамдалцчихсан зогсож байсан. Тэр хоёрын хажууд Б.Н- ах, Т.Т-тэй хамт хашаанд орж ирсэн гэх банди хоёр байсан. Тэд нарыг би салгах гэсэн чинь үгэнд орохгүй зууралдаад байхаар нь орхиод хашааны гол хэсэгт байсан ковш машины тэнд очиж суугаад тамхи татсан. ...Цогоо ах тэд нартай хамт үлдсэн. ...Намайг харж байхад тэд нар бие биенээ цохьсон зүйл байхгүй. Заамдалцчихсан л салахгүй хэрэлдээд байсан. Хэн нэг нь илтэд цохиулж зодуулсан гэхээр хөхөрч няцарсан, зулгарч гэмтсэн, хавдсан зүйл нүдэнд харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 462 дугаартай: “Б.О-ын биед зүүн шанаа, зулайн хуйханд няцралт, зүүн өвдөгөнд зулгаралт, зүүн доод 1-р үүдэн шүдэнд сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. Б.О-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 44 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 460 дугаартай: “ Т.Т-ийн биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх, тархи доргилт, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн: “...Б.О-ын биед учирсан зүүн шанаа, зулайн хуйханд няцралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлбэр дүнгээрээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин зүүн доод Нэгдүгээр үүдэн шүдэнд сулрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх мэдүүлэг /хх-ийн 55 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн: “..Т.Т-ийн биед учирсан зүүн зулайн хуйханд няцарсан шарх, тархинд доргилт, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн зулайн хуйх хүзүү, цээж, хэвлийд зулгаралт бүхий гэмтлүүд нь нийлбэрээрээ болон тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

Шүүгдэгч Т.Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би Т.Т-ийг араас нь толгойн дагз хэсэг рүү буюу чихний ар талд нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 73 тал/,

Шүүгдэгч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Б.Н- гэх хүн намайг модоор цохиж зодоод, Б.О- нь барилцаж аваад дайраад байхаар нь биеэ хамгаалах зорилгоор Б.О-ыг урдаас нь цохьсон асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/,

Шүүгдэгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би Т.Т-тэй тухайн үед барилцаж авч заамдалцсан, архины шил далайсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 79 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

Хохирогч Б.О-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 20 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч  нар  нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

   Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Т-, Б.О-, гэрч М.С-, П.Б-, Б.Б- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 462 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 460 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Т-, Б.О- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Т.Т- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн үсэг” хэвлэлийн газрын баруун талын хашаанд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Б.О-тай “хоёр барилгын хоорондын хэмжээний талаар” хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа толгой, нүүр хэсэгт цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “зүүн шанаа, зулайн хуйханд няцралт, зүүн өвдөгөнд зулгаралт, зүүн доод 1-р үүдэн шүдэнд сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.О-, Б.Н- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн үсэг” хэвлэлийн газрын баруун талын хашаанд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Т.Т-тэй “хоёр барилгын хоорондын хэмжээний талаар” хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг шүүгдэгч Б.О- нь гар болон бетоноор шанаа, толгой руу нь цохиж, шүүгдэгч Б.Н- нь модоор толгой, гэдэс рүү нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйханд няцарсан шарх, тархи доргилт, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Т-, Б.О- нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Т.Т-, Б.О-, Б.Н- нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч нарын харилцан үйлдэл идэвхтэй, хохирогч Т.Т-, Б.О- нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Т.Т-ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.О-, Б.Н- нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг  тус тус бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Б.О-, Б.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.О-, Б.Н- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Т-ийн биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Т.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-ын биед хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Б.О- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.Т-ээс шүд хийлгэх зардал 135.000 төгрөгийг, хохирогч Т.Т- нь ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардалд 2.423.800 төгрөгийг нэхэмжилж, хэрэгт 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11.300 төгрөгийн Е-баримт, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Бат Шүүдэргэнэ” гэх 32.000 төгрөгийн зарлагын баримт, “Наран гүрт” ХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “...Т.Т- нь кранистаар ажилладаг бөгөөд өдрийн 100,000 төгрөгийн цалинтай..” гэх тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд хохирогч Т.Т- нь 1.423.800 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, үлдэх 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.О-, Б.Н- нараас хуваан гаргуулах,  хохирогч Б.О- нь эмчилгээ хийлгэх 135.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, мөн шүүгдэгч Б.О-, Б.Н- нар нь хохирогч Т.Т-д 1.000.000 төгрөгийн хохирлыг хувааж төлөхөөр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-, Б.Н- нараас тус бүр 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Т-д олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Т.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Б.О-, Б.Н- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.О-, Б.Н- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Т-, Б.О-, Б.Н- нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.О-, Б.Н- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч Т.Т-ийн өмгөөлөгч Ч.Батсүх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй байх тул улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүхээс шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

Шүүгдэгч Б.О-, Б.Н- нарын өмгөөлөгч Д.Оюунбилэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “миний үйлчлүүлэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан тус бүрт нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О-, Б.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.О-, Б.Н-, Т.Т- нарт мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 82-84 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн ... багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.О- нь ам бүл ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдал, 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 86-88 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн ... багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь ам бүл ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 90-94 дүгээр талд авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.Т- нь ам бүл ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байсан зэрэг тэдгээрийн хувийн байдал тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Б.О-, Б.Н- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.О-, Б.Н- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-, Б.Н-, Т.Т- нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.О-, Б.Н-, Т.Т- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-, Б.О-, Б.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.О-, Б.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-, Б.Н- нарыг тус бүр 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.О-, Б.Н- нарт оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга)  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-, Б.О-, Б.Н- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.О-, Б.Н-, Т.Т- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-, Б.Н- нараас тус бүр 500.000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Т-д олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О-, Б.Н-, Т.Т- нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч Т.Т-, Б.О- нар нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-, Б.Н-, Т.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ДӨЛГӨӨН