Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 00920

 

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/00920

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.С холбогдох,

4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г.С-оос 11-66 УБС улсын дугаартай Тоёота харьер маркийн машин худалдаж авсан. Авах үед 1 дэх өдөр байгаад би унаж үзээгүй, зөвхөн асааж үзсэн. Шууд машиныг нь үзчихээд нотариат орж мөнгөө өгөөд ажил руу нь хүргэж өгөх хугацаанд юм дуугараад байхаар нь асуутал хүйтэн дээрээ тэгэж байгаа юм. Халахаараа зүгээр болчихно гэсэн. Тэр өдөр би цасны баярт өөр машинаар яваад маргааш нь ирээд нөгөө машинаа үзтэл дулаан гаражид хоносон хэрнээ дуу нь багасаагүй байсан. Тэр машинаа унаж яваад Г.С дээр очиж буцаая, болохгүй юм байна гэж хэлтэл Шарга гэх авто засварын газар зааж өгсөн. Тэр засварын газар яваад оч. Би чамд засварын үнийг шилжүүлээд өгье гээд надад 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэр засварын газар нь очиход наадах чинь агаарын дуу байна. Манайх одоо завгүй байна. 10 хоногийн дараа хүрээд ир гэсэн. Тэгээд өөр 2-3 засварын газар орсон. Гэтэл тэр засварын газрынхан ингээд яваад л байгаа машин шүү дээ, одоо болтол засаагүй юм уу гэсэн. 13-ны өдөр Дарь-Эхэд байрлах нэг засварын газар очсон. 2 хоногийн дотор задлана. Задлаад засвар авахаар бол засна гэсэн. Тэгээд намайг дуудаад засвар авах боломжгүй байна, хамаг юм нь урд нь цохиод янзалсан, болохгүй болчихсон байна. Шинэ мотор л авч тавь гэсэн. Г.С-той яриад хэн хэнийх нь барцад юм байгаа биз чи 2 сая төгрөг би 2 сая төгрөг гаргаад засуулчихъя гэхэд би хуулийн мэдлэгтэй хүн, одоо шүүх цагдаагаараа яв гэсэн. Тэгээд мотор 3,500,000 төгрөгөөр аваад, ажлын хөлс 500,000 төгрөг өгөөд 7 хоносон. Машинаа гялс засвараас гаргаж аваад энд өргөдөл өгсөн. Гэрээн дээр 3 хоногийн дотор буцаах боломжтой байсан. Наймаагаа буцаах гэхэд Г.С нь компанийн машин, мөнгө нь компанийн дансанд орсон гээд буцаагаагүй, худлаа ярьсан гэв.

Хариуцагч Г.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.С 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр н.Энхбаяр гэх хүнээс энэ машиныг 19,500,000 төгрөгөөр анх худалдаж авсан. 10 хоногийн дараа Өмнөговийн тендерт орох болоод Б.Дтай холбогдож 18,600,000 төгрөгөөр 2018 оны 12 дугаар 10-ны өдөр гэрээ байгуулж худалдсан. Машин авахдаа ямар ч хүн унаж үзнэ. Мөн явах эд анги бусад эд ангийг шалгаж авдаг. Үзэж, мөн гэрээ байгуулсны дараагаар зүгээр байсан. Явдаггүй машин өгсөн гэж яриад байна. 10 гаруй хоног өөрөө унаж яваад яаж эвдсэнийг мэдэхгүй. Эвдээгүй ч байж болно. Урд нь дуугараад байна, засъя гэж ярьсан байсан. Ямар нэг юм дуугараад байгааг мэдэж байсан. Хүйтэн дээрээ ремень дуугарч байгааг хэн хэн нь мэдэж байсан. Үүнийг засуулахаар 500,000 төгрөг өгсөн. 10 хоногийн дараа мотор солино гэж ярьсан байдаг. Тухайн машины моторыг сольсон эсэхэд эргэлзэж байна. Шүүхэд л мотор сольсон гээд 4,000,000 төгрөг нэхээд яваад байгаа. Г.С-ын хувьд доголдолтой автомашин нуун дарагдуулж өгсөн зүйл байхгүй. Гэрээний 6-д тохиолдлоор устаж гэмтсэн хэсгийг Б.Д өөрөө хүлээхээр заасан байсан. Г.С, н.Энхбаяр нарын байгуулсан гэрээний ард 2018 онд улсын үзлэгт хамрагдсан баримт байгаа. Үүгээр машин хэвийн ажиллагаатай гэж дүгнэгдсэн байна.

Монгол улсын шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Авто тээврийн хэрэгслийн дугаар олгох, бүртгэл хөтлөх журамд ...авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэ машин, өмчлөгийг бүртгэх, техникийн өөрчлөлт, нөхөн олголт, бүртгэлээс хасах, түр дугаар олгох талаар зохицуулсан байна. Техникийн өөрчлөлтийг журмын 6 дугаар хэсэгт заасан байдаг. 6.1-д машины өнгө, хөдөлгүүр, бүхээгний өөрчлөлт хамаарна. Эдгээр өөрчлөлт орсон бол авто тээврийн үндэсний төвд бүртгүүлэхээр заасан байна. Тухайн мотор солигдсон эсэхэд хавтаст хэрэгт нотлох баримт төдийлөн харагдахгүй байна. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Моторыг нь сольсны дараа журамд заасны дагуу техникийн үзлэгт ороогүй, бүртгүүлээгүй байна. Энэ хоёр зүйлээр нотлогдоно. Энэ моторыг Дарь-Эхэд байгаа засварын газраар хийлгэсэн гэж байна. 10 хоног явсан бол засварын газрын нэр, инженерийн нэрийг мэдэх ёстой. Аль алинийг нь мэдэхгүй байна. Бичиж өгсөн тодорхойлолт нь инженер хүн бичсэн гээд байгаа. Ямар мэдлэгтэй хүн бичсэн, зассан уу, засаагүй юм уу бүү мэд, гарын үсгийн баталгаа байхгүй. Зүгээр л 500,000 төгрөгийн ажил хийсэн гэсэн л нэг юм биччихсэн. Хэн бичсэн нь ойлгомжгүй. Авто плазагийн зарлагын баримт хавсаргасан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар заавал НӨАТ-ын баримт хавсаргасан байх ёстой. Гар баримтыг Сангийн яам, татварт ч авахаа байчихсан. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3mz мотор авсан гэж байгаа ч энэ мотор нь Сиана машины мотор байна. Гар утсанд хийсэн үзлэг, зургуудийг харахад хаана ч зураг авсан гэхийг үгүйсгэхгүй. Тэр машины сольсон мотор мөн үү, өөр мотор уу гэдгийг мэдэхгүй. Хэн ч гэсэн засварын газар очоод моторын зураг авч чадна. Засварын газрын шинж байхгүй зураг харагдаад байна. Г.С-оос авсан машины хөдөлгүүрийг сольсон гэх баримт хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Г.С-т холбогдуулан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан автомашиныг засварлахад зарцуулсан зардалд 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу худалдагч Г.С нь өөрийн өмчлөлийн 11-66 УБС улсын дугаартай, Тоёота Харьер маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авагч Б.Д-ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь 18,600,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж, төлбөр төлөх нөхцөлд 2018.12.10-нд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэмээн тусгасан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх 4/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд, хариуцагч Г.Сыг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал: нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээж авснаас хойш 2 хоногийн дараа биет байдлын доголдол илэрч, энэ талаар худалдагч талд мэдэгдсэнээр хариуцагч 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ үйл баримтыг үгүйсгээгүй болно.

Нэхэмжлэгч Б.Д нь худалдаж авсан, биет байдлын доголдолтой автомашинд шинээр 3,500,000 төгрөгийн үнэ бүхий мотор худалдан авсан болох нь Стандарт ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримтаар, тийнхүү худалдан авсан моторыг автомашиндаа 500,000 төгрөг төлж суулгуулсан болох нь S Motor Service Mongolia Ж.Цэндсүрэнгийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр хариуцагч Г.С-оос шаардах эрхтэй.

Дээрх байдлаар худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгахад нэхэмжлэгчээс нийт 4,000,000 төгрөгийн зардал гарсан гэх боловч, үүнээс 500,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан байх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 3,500,000 төгрөгийг хариуцагч Г.С-оос гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...мотор солигдсон талаарх өөрчлөлтийг авто тээврийн үндэсний төвд бүртгүүлээгүй, бодитоор мотор сольсон болох нь баримтаар нотлогдоогүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Гэвч маргаан бүхий 11-66 УБС улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашины тээврийн хэрэгслийн бүртгэлд уг автомашины хөдөлгүүрийн дугаар бүртгэгдээгүй, арлын дугаар сольсон тэмдэглэл авагдаагүй болох нь Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн архивын тодорхойлолт, лавлагаа зэргээр тогтоогдсон, автомашины хөдөлгүүр эвдрэлтэй байсан талаар хариуцагч Г.С мэдэж байсан талаар хүлээн зөвшөөрсөн зэргээр түүний татгалзал няцаагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С-оос 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА