Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0235/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Д.Ч,

шүүгдэгч Ц.М,

өмгөөлөгч Б.Болортунгалаг,

цахимаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Сарангэрэл, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар,

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Мд холбогдох эрүүгийн 2139001860294 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Ишгэн толгой” гэх газар оршин суух Г.Доржхандын гэрийн гадаа 2021 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн орчим Д.Уранчимэгтэй “агсан согтуу тавьсан, хүнд уурласан уураа надад гаргасан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа Д.Уранчимэгийн толгой, нүүр хэсэгт 3-4 удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, баруун, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун шууны цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг:

...Өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй оролцож байгаа. Хэргийн материалаас гэрч Эрдэнэсүрэнгийн мэдүүлгийг шинжлэн судалж, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно... гэсэн тайлбарыг,

 

Шүүгдэгч Ц.М:

...Өмгөөлөгчийнхөө байр суурийг дэмжиж байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2139001860294 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

шүүгдэгч Ц.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Ишгэн толгой” гэх газар оршин суух Г.Доржхандын гэрийн гадаа 2021 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн орчим Д.Уранчимэгтэй “агсан согтуу тавьсан, хүнд уурласан уураа надад гаргасан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа Д.Уранчимэгийн толгой, нүүр хэсэгт 3-4 удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, баруун, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун шууны цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 14 дүгээр хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 19-22 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5567 дугаартай ...Д.Уранчимэгийн биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, баруун, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 154-156 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Сарангэрэлийн ...манай ээж Д.Уранчимэг 2021 оны 06 дугаар сарын 18-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р баг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутагт бусдад зодуулсан гэх байдалтай Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд түргэний машинаар 09 цагийн үед ирсэн тухайн үедээ миний ээж ухаангүй байсан тэгээд тархинд цус хуралттай зулай цоорсон байна гэж эмч надад хэлсэн тэгээд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тархины хагалгаанд орж хажуудаа байнгын сахиуртай байсан өөрийн гэх ухаангүй нас барсан хүн ярих, хий юм харах гэх мэт маш хүнд одоо ч хэвээрээ мэдүүлэг өгөх чадваргүй байгаа...хөдөлмөрийн чадвараа 70 % алдсан гэх шалтгаанаар группт орсон... /1 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/,

...Одоогийн байдалд ээж Уранчимэгийн эмчилгээний зардалд 30.000.000 орчим төгрөг зарцуулсан бөгөөд үүнээс хавтаст хэрэгт тусгуулахаар нийт 17.377.838 төгрөгийн баримтыг мөрдөгчид хүлээлгэн өгсөн...одоо хүртэл шаардлагатай эмчилгээг хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой үлдсэн баримтаа шүүх хурал дээр авч орох болно... /1 дүгээр хх-ийн 41-42 дугаар хуудас/,

гэрч Г.Лхагважавын ...Тэгээд миний дээрээс Ц.Мыг цааш нь татахад эргэж хараад Урнааг дороо хийчихсэн алнаа гээд нүдэж байсан...Д.Уранчимэг Ц.Мтой муудалцаж Ц.Мд зодуулсан би өөрөө нүдээрээ эх*******ийгээ Охиноогийн доор орчихсон цохиулж байхыг харсан... /1 дүгээр хх-ийн 45-49 дугаар тал/,

... 2021 оны 06 дугаар сарын 18-ний шөнө 00 цаг өнгөрөөд 01 цаг болж байхад манай саахалтад байдаг Г.Доржхандын 2.5 литрийн 3-н том пиво ууж дуусаж байхад Ц.М, манай эх******* Д.Уранчимэгийн дух хэсэг рүү нь гэрт байхдаа гараараа нэг удаа цохисон...тэгээд манай эх******* Д.Уранчимэг, Ц.М нар гарсан араас нь гэрийн эзэн Ч.Бямбаа гарсан тэгээд гадаа гараад ална шудна гэх байдлаар хашгичаад байхаар нь би араас нь гарахад манай эх******* Д.Уранчимэгийн дух овойж хавдсан хамраас нь цус гоожчихсон байдалтай байсан...Тэгээд би босох гэхэд гарт нэг богино төмөр бололтой зүйл таарахаар нь Ц.Мы толгой руу барьж байсан төмрөөр хоёр удаа тоншоод авсан...тэгтэл манай эх******* Д.Уранчимэг миний дээрээс Ц.Мыг татаж салгахад эргэж хараад манай эх*******ийг муу банзал гичийг ална гээд арагш нь савж унагаагаад дээр нь гараад хоёр гараараа ээлжлээд Д.Уранчимэгийн толгой хэсэг рүү нүдцэн...тэгж байх хооронд нь би эх******* Д.Уранчимэгийг дагуулаад гэрээс нь урагш зугтаагаад багцаагаар 2 метр орчим газар яваад Лхагважаваа би үхлээ гээд хөлөө чирээд явж чадахгүй гээд намайг тэврээд унасан...манай эх******* Д.Уранчимэгийн биед Ц.М гэмтэл учруулсан толгой хэсэг рүү нь дээр нь гарч байгаад олон удаа цохисон, заамдаж байгаад толгойгоор нь газар савсан...өөр хүнтэй муудалцсан зүйл байхгүй Ц.Мтой муудалдаж зодуулсан... /1 дүгээр хх-ийн 52-56 дугаар хуудас/,

гэрч Г.Доржхандын ...хэсэг хугацааны дараа Ц.Мы эх******* А.Эрдэнэсүрэн гадаа зодоон болж байна та гараад салгаж өгөөч гэж хэлсэн. Би босож гадаа гарах үед Ц.М, Г.Лхагважав, Д.Уранчимэг нар хоорондоо муудаж хэрэлдэж, зодолдож байсан би би очиж тэд нарыг салгасан... /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/,

...хэсэг хугацааны дараа Эрдэнэсүрэн намайг сэрээгээд М, Лхагважав, Уранчимэг гурав гэрийн гадаа зодолдоод нэгнийгээ алах нь ээ та гарч салгаж өгөөч гэсэн...Мы толгой нь цус болчихсон байсан... /1 дүгээр хх-ийн 118-120 дугаар хуудас/,

гэрч Ч.Бямбаагийн ...манайд нөхөр Г.Доржханд, Г.Лхагважав эх******* Д.Уранчимэг, Ц.М эх******* А.Эрдэнэсүрэн нар үлдсэн тэгээд яриад сууж байтал гэрт Ц.М гэнэт Д.Уранчимэгийн нүүр лүү нь нэг удаа цохисон тэгээд зодолдох гэхээр нь гэрээс гар гадаа гарч зодолд гээд бүгдийг хөөгөөд гаргасан манай нөхөр тухайн үед гэртээ унтаж байсан, би тэгээд араас нь гарч харахад Ц.М, Г.Лхагважав, Д.Уранчимэг гурав газар уначихсан ноцолдоод хэн хэнийгээ цохиж байгаа нь бүү мэд цохилцоод байхаар нь салгах гээд дийлэхгүй байсан...Ц.М, Д.Уранчимэгийг зодсон гэж бодож байна намайг харж байхад гэрт л лав нэг цохиод авсан Д.Уранчимэгийг цохих хүн өөр байгаагүй... /1 дүгээр хх-ийн 85-86 дугаар хуудас/,

...тэгээд Ц.М, Д.Уранчимэг нар гадаа гараад гэрийн баруун хэсэгт хоорондоо зодолдоод байсан...тэгээд А.Эрдэнэсүрэн нь Бямбаа эгчээ та цагдаа дуудаад өгөөч энэ хоёр хоорондоо зодолдоод дийлдэхгүй байна гэсэн...тэр хоёр хоорондоо л муудалцсан өөр муудаж хэрэлдсэн хүн байхгүй... /1 дүгээр хх-ийн 89-90 дугаар хуудас/,

...Тэгээд сууж байтал М гэнэт гараа зангидаад Уранчимэгийн духанд цохисон...намайг гэрт байх хугацаанд Уранчимэгийн биед Моос өөр халдаж цохисон хүн байгаагүй... /1 дүгээр хх-ийн 123-125 дугаар хуудас/,

гэрч А.Эрдэнэсүрэнгийн ...гэтэл манай нөхөр М Д.Уранчимэг эгчтэй зууралдаад цохилцоод авсан...тэгтэл Лхагважав ах гарч ирээд манай нөхөр Мыг цохиод бас зодолдоод эхэлсэн...Ц.М, Д.Уранчимэг эгчийн толгойн тус газар луу нь хоёр гурван удаа цохисон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93-95 дугаар хуудас/,

....манай нөхөр М, Уранчимэг хоёр хоорондоо маргалдаад манай нөхөр Доржханд ахын гэрт байхдаа Уранчимэг эгчийн дух хэсэг рүү нь цохиод авсан...тэгээд би араас нь гарахад М гэрийн баруун талд байсан портер машины хажууд очоод Уранчимэг эгчийн толгой хэсэг рүү цохиод авсан... /1 дүгээр хх-ийн 98-99 дугаар хуудас/,  

...тэгтэл манай нөхөр М гараараа Уранчимэг эгчийг духанд нэг удаа цохиод авсан...М, Уранчимэг хоёр хамт гарч ирсэн... манай нөхөр М Уранчимэг эгчийн нүүрэн нь гараараа 1 удаа цохиод авсан...Уранчимэг, М хоёр зодолдоод үлдсэн...Уранчимэг эгч Лхагважав ахын хажууд ирээд М намайг ийм болгочихлоо гэсэн. Уранчимэг эгчийн дух бондойчихсон байсан... /1 дүгээр хх-ийн 128-131 дүгээр хуудас/,

шинжээч эмч О.Болороогийн ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх бөгөөд хүн гараар цохисны улмаас үүсэх боломжтой гэмтэл. Дээрх гэмтлийг авсан даруйд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой, хатуу хальсан доорх цусан хураа нь аажмаар нэмэгдэж тархийг дарах хүртэл идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой... /1 дүгээр хх-ийн 133-135 дугаар хуудас/,

гэрч Г.Алтантулгын ...Би дуудлагын дагуу ажил дээрээ ирэхэд Уранчимэг гэх эмэгтэй хүн архи согтууруулах ундаа нилээн их хэрэглэсэн байдалтай, духны урд хэсэг өргөн хэмжээтэй хавдсан, мөн 2 нүд хавдсан тархины битүү гэмтэл болон духны урд хэсгийн зөөлөн эдийн гэмтлийн шинж тэмдэгтэй байсан...тухайн үед Уранчимэг гэх эмэгтэй М гэх хүнтэй маргалдаж муудаад зодуулсан, урагшаа нөхрийн хамт явж байгаад толгой эргээд унасан гэж ярьж байсан... /1 дүгээр хх-ийн 142-143 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч:

...Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ц.Мд холбогдох 2139001860294 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Ц.М нь дүгээр багийн нутаг “Ишгэн толгой” гэх газар оршин суух Г.Доржхандын гэрийн гадаа 2021 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн орчим Д.Уранчимэгтэй “агсан согтуу тавьсан, хүнд уурласан уураа надад гаргасан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа Д.Уранчимэгийн толгой, нүүр хэсэгт 3-4 удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, баруун, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун шууны цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Сарангэрэлийн өгсөн мэдүүлэг, Л.Сарангэрэлийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, гэрч Г.Лхагважавын өгсөн мэдүүлэг, гэрч Г.Лхагважавын дахин өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Бямбаагийн өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Бямбаагийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч А.Эрдэнэсүрэнгийн өгсөн мэдүүлэг, гэрч А.Эрдэнэсүрэнгийн дахин өгсөн, гэрч Г.Доржхандын дахин өгсөн мэдүүлэг, шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг, гэрч Г.Алтантулгын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5567 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Уранчимэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгч Сарангэрэл нь 17.777.838 төгрөгийн хохирлын баримт өгсөн байна. Мөн шүүх хуралдаанд 8.104.777 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байна. Эдгээр нотлох баримтыг үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Сарангэрэл:

...Ээж ийм болчихоор аав маань ээжийг байнга асарч байгаа болохоор энэ хоёр маань хэн хэн нь ажилгүй, группийн 280.000 төгрөгөөр амьдардаг учраас хоол хүнсний мөнгийг оруулж өгөөч гэсэн саналтай байна... гэсэн дүгнэлтийг, 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх:

...Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хувьд гэм бурууд маргаагүй учраас гэм буруутайд тооцох байх. Хэдийгээр хохирлын баримт гаргаж өгсөн хэдий ч гэмт хэргийн хор уршиг арилаагүй байна. Уранчимэг нь одоогийн байдлаар татаж унадаг, нөхрийгөө танихгүй байдалтай байна. Сэтгэхүйн хувьд Өвөө, эмээ хаана байгаа вэ? би хаана байгаа вэ гэх зэргээр социализмын үеийн 20-иод насны сэтгэхүйтэй байгаа. Иймд гэмт хэргийн хор уршиг арилаагүй байна. Хохирол 25.882.615 төгрөг нэхэмжилж байна. Гэм буруутайд тооцож өгнө үү... ...5.356.005 төгрөг хасуулна гэж ярьж байна. Эдгээр нь дандаа хоолны зардал байна гэж үзэж байна. Уранчимэг, Лхагважав нар нь ажил төрөлгүй, амьжиргаагаа залгуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн байдаг. Уранчимэг нь нөхөр Лхагважавынхаа байнгын асаргаанд байдаг. Хүүхдүүдийн хувьд бол дандаа тусдаа амьдардаг. Хоол унд бол байнгын хэрэгцээ, ажил төрөл хийх боломжтой байсан бол ажил хийх боломжгүй болгосон. Тамхи архийг хасахад боломжтой, үүнд саналгүй ... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг:

...Би мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өмгөөлөгчөөр оролцоод явж байгаа. Хохирогч Уранчимэгийг гэр дотор 1 удаа цохисон, гадаа гараад зодолдож ноцолдсон зүйлээ хүлээн зөвшөөрдөг юм. Өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч нэгэнт гэм буруугийн хувьд маргаагүй оролцож байгаа учраас илүү дутуу зүйл яриад байх шаардлагагүй гэж үзэж байна. Тухайн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хувьд Мых нутаг орондоо шинэ гэр барьчихсан, найр наадам болсон асуудал байдаг. Тухайн үед М нь найр наадмаа тараад унтаж байхад Уранчимэг, Лхагвадорж, Түвшинтөгс нар ирээд Доржхандынд очъё, Бямбаа эгчийнд очъё, хэдүүлээ жаахан сууцгаая гэсэн асуудал яригддаг. Ингээд нөхөр М нь эх******* Эрдэнэсүрэнгийн хамт Бямбаа нарын гэрт Уранчимэг, Лхагважав, Түвшинтөгс нарын хамт очдог, ууж иддэг. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Түвшинтөгс гэдэг залуу нь тухайн үед машин бариад явж байсан, Уранчимэг эгчээ харих уу, явах уу, харих уу гэхэд чи ганцаараа машинтай нь юм уу, яв, зайл гэдэг. Ингээд явангуут нь Уранчимэг нь Мтой анх муудалцаж эхэлдэг асуудал байдаг. Хоорондоо маргалдсан асуудлыг Доржханд, Бямбаа нар хэлдэг. Бямбаагийн хувьд М гэр дотор байхад нь цохисон асуудал ярьдаг. Гадаа гараад ноцолдсон асуудал ярьдаг. Бямбаагийн хувьд ч тэр Доржхандын хувьд ч тэр өөр хоорондоо зодолдоод, цохилцоод байсан, аль нь алинаа цохисон талаар мэдэхгүй гэдэг. Мы хувьд Лхагважавт ч гэсэн цохиулсан асуудал байдаг. Өнөөдөр нэгэнт хохирогчийн биед хүнд гэмтэл гарчихсан. Хэргийн материалд зөвхөн М цохисон, зодсон гэдэг асуудал ярьдаг учраас бид мянга маргаад нэмэр байхгүй. Тийм учраас миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруутайд тооцож өгнө үү.... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.М:

... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,

 

Улсын яллагч Д.Ч:

...нэмэлт тайлбаргүй... гэсэн нэмэлт тайлбарыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг:

...Хохирлын хувьд маргаан байхгүй. Эрүүл мэндийн шалтгаанаар ийш тийшээ явах асуудал байна. Урьдны хохирлын баримтаас хүний амьдралын хэрэгцээ, тэр дотроо архи дарс тамхи хоол хүнс гэсэн нарийн зүйл байсан учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй, хасах саналтай байна... гэсэн нэмэлт тайлбарыг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх:

...5.356.005 төгрөг хасуулна гэж ярьж байна. Эдгээр нь дандаа хоолны зардал байна гэж үзэж байна. Уранчимэг, Лхагважав нар нь ажил төрөлгүй, амьжиргаагаа залгуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн байдаг. Уранчимэг нь нөхөр Лхагважавынхаа байнгын асаргаанд байдаг. Хүүхдүүдийн хувьд бол дандаа тусдаа амьдардаг. Хоол унд бол байнгын хэрэгцээ, ажил төрөл хийх боломжтой байсан бол ажил хийх боломжгүй болгосон. Тамхи архийг хасахад боломжтой, үүнд саналгүй... гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ц.Мыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг бөгөөд зөвхөн хохирол хор уршгийн талаар маргадаг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.М нь гэмт үйлдэл, хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэмт үйлдэл болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.М дээрх нөхцөлүүдээс гэмт үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг тус тус хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

Тодруулбал: ...шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нар гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, хууль зүйн үр дагаврын талаар анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн болно.

 

Шүүх энэ нөхцөл байдлыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй бөгөөд харин өмгөөлөгч Б.Болортунгалагийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан эмчилгээний зардал болон бусад зардлаас гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, үүнээс үүдэн гарах хор уршиг гэж үзэх боломжгүй гэж үзэх зохих хэмжээний зардлыг хасуулах тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс  үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ц.Мы холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан, дээрх хохирол, хор уршиг учирснаараа төгсдөг, материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй. Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ц.М нь хохирогч Д.Уранчимэгийн биед гэмтээх, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хүнд гэмтэл буюу хүнд хохирлыг цохиж, зодож учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэхээр байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, баруун, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун шууны цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Мы гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Уранчимэгийн биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, баруун, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун шууны цус хуралт бүхий хүнд хохирол учирсан байна.

 

Хохирогч Д.Уранчимэг гэмт хэргийн улмаас учирсан хүнд гэмтлийн улмаас эмчилгээний зардалд хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд нийт 17.377.838 /арван долоон сая гурван зуун далан долоон мянга найман зуун гучин найм/ төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хуралдааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нэмж шинээр 8.104.772 /найман сая нэг зуун дөрвөн мянга долоон зуун далан хоёр/ төгрөгийн нэхэмжилж, нийт 25.482.610 /хорин таван сая дөрвөн зуун наян хоёр мянга зургаан зуун арав/ төгрөгийг нэхэмжилсэн.

 

Үүнээс шүүх 17.377.838 /арван долоон сая гурван зуун далан долоон мянга найман зуун гучин найм/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирлоос хасаж тооцуулах хоол хүнс, архи, тамхитай холбоотой 5.356.005 /таван сая гурван зуун тавин зургаан мянга тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, үлдэх 12.021.833 /арван хоёр сая хорин нэгэн мянга найман зуун гучин гурав/ төгрөг дээр шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 8.104.772 /найман сая нэг зуун дөрвөн мянга долоон зуун далан хоёр/ төгрөгийг нэмж, бүгд 20.126.605 /хорин сая нэг зуун хорин зургаан мянга зургаан зуун тав/ төгрөгийг шүүгдэгч Ц.Моос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Сарангэрэлд олгож шийдвэрлэлээ. 

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Сарангэрэл, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нар хохирогчийн биеийн байдалтай холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг шүүх хүлээн авч, энэ талаарх баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Ц.Моос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Мыг гэм буруутайд тооцож, хохиролд 20.126.605 /хорин сая нэг зуун хорин зургаан мянга зургаан зуун тав/ төгрөгийг гаргуулан шийдвэрлэсний эцэст эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахын өмнө шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасан ба уг хүсэлттэй холбогдуулан улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хүсэлтийг дэмжиж байгаагаа гаргасан тайлбар зэргийг үндэслэн шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны 14 цаг 30 минутаас завсарлуулж, тус шийдвэрт завсарлах хугацааг ажлын 5 /тав/ хоногоор 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минут үргэлжлүүлэхээр тогтоож, энэ талаар талуудад мэдэгдлээ.

Завсарлага авсан ажлын 5 /тав/ хоногийн хугацаанд шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ямар нэгэн байдлаар хохирол төлөөлөлгүй болохыг дурдах нь зүйтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч:

...Ц.Мы үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна..., Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарахгүй, хохирлоо төлөөгүй учраас... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх:

...Энэ гэмт хэрэг бол 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хэрэг юм. Энэ гэмт хэргийг шүүхэд шилжүүлэхэд улсын ерөнхий прокурорт гомдол гаргах хүртэл шүүхэд шилжүүлээгүй, прокурор асуудал гаргадаг. М нь гэмт хэрэг шалгаж байх явцад сайн дураар гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөггүй. Хохирогчийн нөхөр гэмт хэргийг үйлдсэн мэт болгож, гэмт хэрэгт ямар ч ач холбогдолгүй зүйлийг шалгаж явдаг. Прокурор өөрөө нөлөөлөөд байдаг юм уу, мөрдөгч нөлөөлөөд байдаг юм уу. Өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэргийг бүрэн нотлогдсон байна гэж үзээд гомдлыг шат шатанд нь гаргаад явсан. Гэтэл энэ хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо төлөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байхад улсын яллагч 5 жилийн хорих ялыг оногдуулах санал гаргаж байгаа нь тохирсон байна гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна. Энэ хүн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаа ойлгоогүй, гэм буруугаа гэмшсэн ухаарсан, гэмшсэн зүйл яриагүй нуугаад байгаа. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, холбогдох шат шатны хүмүүстээ нөлөөлдөг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хүртэл доогуур нь зурчихсан. Шүүхэд нөлөөлөх гээд байгаа юм уу, харандаагаар зурсан нөхцөл байдал байдаг. Хохирогчийн хууль эрх ашгийг хамгаалж оролцож байгаа өмгөөлөгчийн зүгээс 5 жилийн хорих ял оногдуулах нь тохиромжгүй байна. Түүнээс дээш хорих ял эдлэх ёстой..., мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарахгүй, хохирлоо төлөөгүй учраас...  гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Сарангэрэл:

...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Нэг удаа ирж уучлалт гуйгаагүй, нэг удаа ирж биеийг нь асуугаагүй. Өдийг хүртэл ямар ч холбоогүй байдаг. Хүн чанарын хувьд ч гэсэн хэцүү санагдаж байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн тайлбарыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг:

...Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр мөрдөн байцаалтын шатнаас эхлээд шүүхийн хэлэлцүүлэг хүртэл өөрийнхөө гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ гэмт хэргийг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйлдсэн байдаг. Яагаад гэвэл гэрч Доржханд, Бямбаа, Уранчимэгийн нарын мэдүүлэгт тодорхой харагддаг. Гэр дотуур хүргээд өгье гэхэд үгүй, зайл гээд хүн хүн рүү агсраад байдаг. Гэрийн гадаа гараад “Уранчимэг эгчээ болио та наад хоёртоо алууллаа шдээ” гэхэд дайраад Мд цохиулаад байдаг гэж ярьдаг. Өнөөдөр М гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохоос биш М л энэ хэргийг ганцаараа үйлдсэн юм уу. Энэ 3 гурвуулаа газар унаад, нэг нэгийгээ цохиод, хэн нь хэнийгээ цохиод байгаа нөхцөл байдал байна. Өнөөдөр миний үйлчлүүлэгч үнэхээр миний цохисон үйлдлээс болоод гэмтэл учирчихсан юм байна гээд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа байна. Тухайн өдөр Мыг унтаж амраад байж байхад нь орой ир гээд байхад, гэрт нь очоод сэрээгээд хүчээр аваад явдаг, очоод ууж идээд, ууж идсэнээ шингээхгүй агсарсан нөхцөл байдал байдаг. Шууд М санаатайгаар хүнд гэмтэл учруулъя гээд учруулсан зүйл байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хэргийг шийдвэрлэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө нь гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирогчийн буруутай үйлдэл байна. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татсан тогтоолыг гардаж аваад гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр хохирлоо төлж чадаагүй ч гэсэн. Хохирол төлбөр төлөх талаараа илэрхийлсэн байдаг. Бид хохирлыг төлж барагдуулахдаа бодитоор буюу амьдаар нь бог малыг өгье гэсэн санал гаргасан боловч хохирогчтой тохиролцож чадаагүй. Машинаа зараад өгье гэсэн боловч шууд зарах боломжгүй нөхцөл үүсчихлээ. Анх хохирогч талаас мөрдөн байцаалтын шатанд 50 сая төгрөг нэхэмжилж байсан учраас шүүхээр хэдэн төгрөг гарахаар байна гэдгийг харъя гэсэн. Үүний дараа хохирол төлбөрөө төлье гэсэн. Эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдал үүссэн учраас оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.

Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү.

Мөн оногдуулсан ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2 жилийг хасаж өгнө үү.

Өршөөл үзүүлэх хуульд хамруулахдаа яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн эсхүл хохирлоо төлөхөө илэрхийлсэн гэж заасан байдаг учраас өршөөлд хамрагдах боломжтой гэж үзэж байна. Хохирлоо төлнө гээд шүүхийн өмнө амаар илэрхийлээд байгааг хохирлоо төлөхөө илэрхийлж байна гэж үзэж болохоор байна.

Иймд 2 жилийн хорих ялыг хасаж тооцож өгнө үү. Дэглэмийн хувьд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.М:

...Би буруугаа хүлээж байна. Төлбөрөө төлнө. Намайг уучлаарай... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргасан байгаа 5 жилийн хорих ялыг оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч ...ял шийтгэл нь хөнгөн байна... гэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч ...ял шийтгэл нь хүнд байна, хөнгөрүүлж өгнө үү, мөн Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү... гэж тус тус маргадаг.

 

Шүүх улсын яллагчийн ...5 /тав/ жилийн хорих ялыг, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх... гэсэн дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн ...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарахгүй, оногдуулсан ялаас 2 /хоёр/ жилийг хасах боломжгүй... гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн ...3 /гурав/ жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2 /хоёр/ жилийг хасаж өгнө үү... гэсэн дүгнэлтээс ...3 /гурав/ жилийн хорих ял оногдуулж өгнө үү... гэснийг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Тодруулбал: ...улсын яллагчийн ...5 /тав/ жилийн хорих ялыг, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2 /хоёр/ жилийг хасах боломжгүй..., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн ...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2 /хоёр/ жилийг хасах боломжгүй..., шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн ...3 /гурав/ жилийн хорих ял оногдуулах гэсэн дүгнэлтүүд нь шүүгдэгч Ц.Мы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хүнд гэмтэл болон олон тооны гэмтэл, шарх, түүний улмаас үүссэн хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирогч Д.Уранчимэгийн биеийн байдал, эмчилгээний явц, эдгэрэлт, одоогоор хүний асаргаанд хөдөлмөрийн чадваргүй байгаа зэрэг нөхцөл байдалтай нийцэхгүй, хэт хөнгөдсөн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Мыг гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах гэсэн боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

 

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, э*******энгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

 

Тиймээс шүүгдэгч Ц.Мы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах үндсэн ял нь энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан... ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/... ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Тодруулбал: ...шүүгдэгч Ц.М гэм буруугийн талаар маргаж байсан, шүүх хуралдааны шатанд хүлээн зөвшөөрч байна гэсэн хэдий ч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дугаар зүйлд “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж зааснаас үзэхэд гэм буруугийн талаар маргаж байгаа нь,

мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх талаар илэрхийлээгүй нь тус тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг хэрэглэхэд хязгаарласан заалт биш юм. 

 

Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэсэн заалт нь яллагдагч, шүүгдэгч, ялтныг бүгдийг нь Өршөөлийн хуулийн Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэхэд хамааруулсан заалт юм.

 

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн,

мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно“ гэсэн заалтууд нь

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамааруулсан гэмт хэрэг үйлдэж хорих ялаа эдэлж буй ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг,

мөн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг тус тус шаардсан зөвхөн яллагдагч, ялтан нарт хамааруулсан заалт бөгөөд мөн шүүгдэгчийн хувьд тус 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтуудыг хамааруулж ойлгож болохгүй юм.

 

Тэгээд ч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтууд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт хамаарахгүй заалт юм.

 

Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийин хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон хүн, хуулийн этгээд үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж,

мөн зүйлийн 11.2- дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийин хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон хүн, хуулийн этгээд үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэйг дурдах нь зүйтэй. 

 

Шүүх шүүгдэгч Ц.Мд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1., Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, түүний эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоож,

оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг хуульд зааснаар түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнээс гадна шүүгдэгч Ц.Мд шүүхээс оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулсан нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг,

мөн нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч холбогдох хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2139001860294 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

    шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,

     36.8., 36.10, 36.12., 36.13., 36.4 дүгээр зүйлийн 2, 37.1 дүгээр зүйлийн 2,

38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн М-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1., Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Ц-ийн М-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, түүний эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц-ийн М-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц-ийн М-д  оногдуулсан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг өршөөлд хамааруулсан ч түүний гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг,

мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн 2139001860294 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Боржигон овгийн Цэрэндашийн М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5., Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Ц-ийн М-оос нийт 20.126.605 /хорин сая нэг зуун хорин зургаан мянга зургаан зуун тав/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч УХ92052843 дугаарын регистртэй, Урианхан-Эрдэнэ овгийн Лхагважавын Сарангэрэлд олгосугай.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч УХ92052843 дугаарын регистртэй, Урианхан Эрдэнэ овгийн Лхагважавын Сарангэрэл нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч ЕЙ81050550 дугаарын регистртэй, Б овгийн Ц-ийн М-оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ц-ийн М-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ц-ийн М-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН