Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/373

 

 

 

 

        

   2022       12        15                                        2022/ШЦТ/373

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Б-т  холбогдох эрүүгийн 2238000000696 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч М.Т-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун дээд, доод зовхи, нүдний алим, хамар, зүүн бугалга, баруун мөр, нуруунд цус хуралт, уруулын дотор салстад язрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000696 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн  тоотод М.Т-тай “Эрдэнэс” баарны гадаа явж байхдаа “яв гэж хөөлөө”, мөн гэрт нь очиход “чи манайд юу хийж байгаа юм, эгчтэйгээ зайл гэж хөөлөө” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун дээд, доод зовхи, нүдний алим, хамар, зүүн бугалга, баруун мөр, нуруунд цус хуралт, уруулын дотор салстад язрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б-ийн өгсөн: “...Хохирогч М.Т- нь Эрдэнэс баарны гадаа найзуудтайгаа зогсож байх үедээ намайг зодох гээд байхаар нь би зугтаад гэрт нь ирсэн. Тэгээд гэрт байж байтал машинаас бууж ирээд “чи яахаараа манайд байж байдаг юм бэ” гээд уурласан. Мөн эгч бид хоёрыг “зайл” гээд гэрээсээ хөөгөөд байхаар нь миний уур хүрээд хохирогчийг цохисон” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Т-ын өгсөн: “...2022 оны 11 сарын 08-ны өдөр 18 цаг өнгөрч байхад хадам дүү П.Б-ийн хамт Мөрөн сумынд 8 дугаар багт байрлах “Аянчин” клубт орж караокед нь дуулж байхдаа 3, 3 шилтэй “Сэнгүр” пиво уусан юм. Тэндээсээ 21 цаг өнгөрч байхад гараад Эрдэнэс баар орсон. Мөн 1, 1 шилтэй пиво уусан юм. Манай найз Буянжаргал таараад цуг байж байхад П.Б- намайг явъя гээд байхаар нь би “ах нь найзтайгаа хэсэг сууж байгаад явмаар байна” гэж хэлсэн. Тэгээд П.Б- гэр рүү яваад өгсөн. ...Таксинаас буугаад хашаа руугаа орох гэж байхад өөдөөс П.Б- ирээд шууд гараараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Би болиоч ахын дүү, өглөө учраа олъё гэхэд намайг алчихъя л даа гээд л зодоод байсан. Эхнэр, Болдоо хоёр түүнийг салгаж болиулсан. ...П.Б- гараараа миний нүүр, нүд рүү хэд хэдэн удаа цохисон, зүүн талын хавирга руу бас өшиглөсөн. ...Миний толгой өвдөж байна. Босч суухаар зүүн талын хавирга руу хатгаад байгаа. ...Би П.Б-т гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, надад нэхэмжлэх зүйл бол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Гэрч П.М-н өгсөн: “...2022 оны 11 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө манай охин З- над руу гар утсаар залгаад ээж та агаагийнд хүрээд ирээч П.Б- ах, Т- ах хоёр зодолдоод байна гэхээр нь яваад очиход хашаан дотор П.Б- М.Т-ыг газарт унагаачихсан, дээр нь гараад зодож байсан. Би шууд салгаад өглөө эрүүлдээ та нар учраа ол гэхэд П.Б- “гөлгийг алж байж явна” гээд зодох гээд дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 569 дугаартай: “...М.Т-ын биед баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун дээд, доод зовхи, нүдний алим, хамар, зүүн бугалга, баруун мөр, нуруунд цус хуралт, уруулын дотор салстад язрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн ба хэрэг гарсан гэх 2022.11.08-нд үүссэн байх боломжтой. М.Т-ын биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба ухархайн ханын хугарал, баруун нүдний цус хуралт нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч П.Б-ийн гэм буруугаа хүлээн өгсөн: “...би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 сарын 9-нд шилжих шөнө Мөрөн сумын ... тоотод хүргэн ах М.Т-тай архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ үл ойлголцож маргалдаад улмаар би гараараа М.Т- ахын нүүр рүү 3 удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би М.Т- ахаас уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Т-, гэрч П.М- нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч П.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод хохирогч М.Т-тай “Эрдэнэс” баарны гадаа явж байхдаа “яв гэж хөөлөө”, мөн гэрт нь очиход “чи манайд юу хийж байгаа юм, эгчтэйгээ зайл гэж хөөлөө” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун дээд, доод зовхи, нүдний алим, хамар, зүүн бугалга, баруун мөр, нуруунд цус хуралт, уруулын дотор салстад язрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр М.Т-ын биед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ухархайн ханын хугарал, баруун нүдний цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч П.Б-ийн гараараа цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч П.Б-ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч П.Б- нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч М.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 29, 32-33 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Б- нь ... тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч П.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 1 сарын хугацаанд Мөрөн сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000696 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч П.Б-ийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явах эрхийг 1 (нэг) сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн 2238000000696 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ДӨЛГӨӨН