| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/04412/И |
| Дугаар | 00941 |
| Огноо | 2019-04-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 00941
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: /РД: /-д Е.Ү ХХК-д холбогдох,
000000, 47.38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Б.А-асад хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А нэр дээр хүлээлгэж өгөхийг Е.Ү ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ хариуцагчийн Е.Ү ХХК-ийн төлөөлөгч Д.Загарсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, гэрч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Б.А-ас нь Е.Ү ХХК-ийн захирал Д.Загарсүрэнтэй харилцан тохиролцсоны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №035/038 дугаартай Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, 000000 тоот 47.38 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан. Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ-ний 1.2-д ... 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор ашиглалтад оруулна., мөн гэрээний 3.4-д ... хөрөнгө оруулалтыг бүрэн хийсний дараа хөрөнгө оруулагчид орон сууцыг хүлээлгэж өгнө., 1.3-д Орон сууц захиалгын хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэнээр орон сууцын өмчлөх эрх захиалагчид шилжинэ. гэжээ. Тухайн барилга ашиглалтад орсон боловч барилгын компани нь өнөөдрийг хүртэл Б.А-асад орон сууцыг хүлээлгэж өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч тодорхой шийдэл гаргахгүй байгаагаас миний эрх ноцтой зөрчигдөж байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ-ний 1.2, 1.3, 3.4, 3.6, 4.1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны замын 73а тоот байр, 1 дүгээр корпус, 1 дүгээр орцны 6 дугаар давхар, 28 тоот 47.38 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.А-асад хүлээлгэж өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.А нэр дээр гаргаж өгөхийг хариуцагч Е.Ү ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Е.Ү ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Загарсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь М.В ХХК-ийн захиалгын дагуу 000000 орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр оролцохоор гэрээ байгуулан ажилласан. Гэтэл Е.Ү ХХК нь ажил гүйцэтгэгч байж захиалагч М.В ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, бусдад орон сууц худалдах, төлбөрт тооцон шилжүүлэх эрхгүй, ийм эрх олгосон итгэмжлэл, төлөөлөх эрх байхгүй гэж үзэж байна. Тухайн үед уг гэрээг Б.А-астай байгуулах болсон шалтгаан нь У.Б ХХК-ийн захирал Б.О-ны зүгээс удаа дараа намайг гэрээ байгуулаад өгчих гэж гуйгаад шахаад байхаар нь адилхан гүйцэтгэгч учраас Е.Ү ХХК-ийн зүгээс гэрээ байгуулж болно гэж ойлгосон, дараа нь надаас гэрчилгээ авахаар шаардана гэж ойлгоогүй. Хэлцлийн агуулгаа буруу ойлгож, ноцтой төөрөгдсөн байна. Нэхэмжлэлээс үзвэл Б.А-ас нь орон сууцны гэрчилгээ гаргуулахаар У.Б ХХК-ийн захирал Б.О, эсхүл захиалагч М.В ХХК-тай гэрээ байгуулах ёстой байсан байна. Өөрөөр хэлбэл Е.Ү ХХК нь Б.А-астай гэрээ байгуулах эрхтэй этгээд биш юм. Гэтэл Б.А гэрчилгээ гаргуулахаар шаардаад байгаа 000000 тоот 47.38 м/кв талбай бүхий орон сууц нь анхнаасаа захиалагч М.В ХХК болон гүйцэтгэгч У.Б ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөрт бартер хэлбэрээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон эд хөрөнгө байна.
Нэхэмжлэгч Б.А-ас нь У.Б ХХК-ийн захирал Б.О-той тохиролцсоны дагуу 73а дугаар орон сууцны барилгын заслын ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл захиалгын гэрээг үндэслэн Б.О-той тохиролцсон ажлын хөлсөө манай Е.Ү ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Б.А гэрчилгээ гаргуулахаар шаардаад байгаа 73а дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 28 тоот, 47.38 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч М.В ХХК болон гүйцэтгэгч У.Б ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөрт бартер хэлбэрээр шилжүүлэхээр тохиролцсон байдаг тул нэхэмжлэгч Б.А-ас нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна.
Захиалагч М.В ХХК-ийн захиалан бариулж буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 73а дугаартай орон сууцнуудын бүх гэрчилгээг улсын бүртгэлийн газраас гаргаж өгөөгүй байгаа. Нэгэнт гараагүй, байхгүй зүйлийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Б.А-ас хариуцагч Е.Ү ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр М.В ХХК болон Е.Ү ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар №24 тоот Е.Ү ХХК болон У.Б ХХК хооронд 150,000,000 төгрөгний ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу 68,000,000 төгрөгний үнэ бүхий байрыг Е.Ү ХХК-наас У.БХХК-д шилжүүлэх гэрээ, үүний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. 1 өрөө байр авах эрх нь үүссэн. 2017 оны 08 дугаар сарын 18-ний өдөр тусгайлан У.Б ХХК болон М.В ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу тухайн 28 тоот орон сууцыг хүлээж авсан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт гэрээ болон төлбөр гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 5.2 дэх хэсэгт тусгайлан зааж өгсөн. 000000 тоот, 47.38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шилжүүлнэ гэсэн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа Б.А-астай байгуулсан гэрээг У.Б ХХК-ний зүгээс ямар нэгэн байдлаар мэдэхгүй. Е.Ү ХХК нь Б.А-асад 28 тоот байрыг яагаад өгсөн нь тодорхойгүй байна. Ерөнхий захиалагч М.В ХХК нь тухайн 28 тоот 47.38 м/кв талбай бүхий орон сууцыг У.Б ХХК-д өгчихөөд байхад Е.Ү ХХК нь ерөнхий гүйцэтгэгч нь байж 28 тоот байрыг М.В ХХК-аас шилжүүлж аваагүй байж Б.А-асад шилжүүлнэ гэж гэрээ байгуулж болохгүй. У.Б ХХК нь 28 тоотын хууль ёсны өмчлөгч гэж үзэх хууль ёсны үндэслэл байна. Хариуцагч Е.Ү ХХК-ийн захирал Д.Загарсүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хариу тайлбар, 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн нэмэлт хариу тайлбар байгаа тодруулсан нэмэлт тайлбар дээрээ У.Б ХХК-ын захирал н.Оюун гэдэг хүн удаа дараа гуйсны улмаас хайнга хандаад гарын үсэг зураад гэрээ байгуулсан гэжээ, мөн эхний хариу тайлбар дээрээ Б.А-ас ирээд н.Оюун эгчтэй гэрээ байгуулах гэсэн чинь болсонгүй. Та надтай гэрээ байгуулчихаач гэсэн гэх тайлбар гаргажээ. Үүнээс харахад хариу тайлбар нь зөрж байна. Хоёр хариу тайлбар дээрээ хариуцагч нь 28 тоотыг У.Б ХХК-д өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн мөртлөө Б.А-асад шилжүүлсэн байгаа үйлдэл нь залилангийн шинжтэй байна. Б.А-ас болон У.Б ХХК-ын хооронд өр төлбөр байгаа бол Б.А-ас У.Б ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй, хуулийн дагуу 28 тоотыг Б.А-асад шилжүүлж өгнө гэсэн гэрээ байгаа бол шилжүүлж өгнө. У.Б ХХК-ийн хууль ёсны эзэмшилд байгаа 28 тоот байрыг Е.Ү ХХК нь Б.А-асад шилжүүлж өгсөн. Энэ үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас гуравдагч этгээдээр орж ирсэн. Бие даасан шаардлага гаргаагүй гол шалтгаан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд манай эрх ашиг хөндөгдөж байгаа учраас бие даасан шаардлага гаргаагүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А-ас нь хариуцагч Е.Ү ХХК-д холбогдуулан 000000, 47.38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Б.А-асад хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А нэр дээр хүлээлгэж өгөхийг Е.Ү ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.
Хариуцагч Е.Ү ХХК нь ... Манай компани нь М.В ХХК-ийн захиалгын дагуу 000000 орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр оролцохоор гэрээ байгуулан ажилласан. Гэтэл Е.Ү ХХК нь ажил гүйцэтгэгч байж захиалагч М.В ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, бусдад орон сууц худалдах, төлбөрт тооцон шилжүүлэх эрхгүй, ийм эрх олгосон итгэмжлэл, төлөөлөх эрх байхгүй. Нэхэмжлэгч Б.А-ас нь тус 73а тоот орон сууцны барилгын заслын ажлыг У.Б ХХК-ийн захирал Б.О-той гэрээ байгуулж хийж гүйцэтгэсэн. Б.О-ийн зүгээс удаа дараа намайг гэрээ байгуулаад өгчих гэж гуйгаад шахаад байхаар нь адилхан гүйцэтгэгч учраас Е.Ү ХХК-ийн зүгээс гэрээ байгуулж болно гэж ойлгосон. Б.А гэрчилгээ гаргуулахаар шаардаад байгаа 000000тоот 47.38 м/кв талбай бүхий орон сууцыг захиалагч М.В ХХК болон гүйцэтгэгч У.Б ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөрт бартер хэлбэрээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон, барилгын ажил дуусаад тухайн орон сууцыг У.Б ХХК хүлээгээд авчихсан. Орон сууцны гэрчилгээ одоо болтол гаргаагүй байгаа. Иймд нэхэмжлэгч Б.А-ас нь тухайн орон сууцны өмчлөх эрхийг М.В ХХК, эсхүл У.Б ХХК-иас шаардах ёстой гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.А-ас, хариуцагч Е.Ү ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 035/038 тоот Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээгээр 000000тоот, 47.38 м/кв талбайтай, 73,439,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг Е.Ү ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор ашиглалтад оруулж, Б.А өмчлөлд шилжүүлэх, захиалагч Б.А-ас нь орон сууцны үнийг хар, цагаан замаскны ажил хийж төлөхөөр тохиролцжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ ... нэхэмжлэгч Б.А-ас нь тухайн барилгад ажил гүйцэтгээгүй, харин У.Б ХХК-ийн захирал Б.Оаас авлагтай байсан, харин Б.О захирал Е.Ү ХХК-иас авах авлагаа Б.А-асад шилжүүлж, Е.Ү ХХК-иас Б.А-ас нь дээрх 28 тоот 47.38 м/кв орон сууцыг авахаар гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 035/038 тоот Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ-ний 4.1-д Захиалагч нь орон сууцны үнийг дараахь үе шаттайгаар гүйцэтгэгчид төлнө, 1-д 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хар, цагаан замаскны ажлын хөлсөнд 100 хувь бартер хийсэн болно гэж, хариуцагчийн төлөөлөгч Д.Загарсүрэнгийн ... Б.А-ас нь тухайн барилгад туслан гүйцэтгэгчээр ажилласан, Б.О захиралтай энэ талаар гэрээ хийсэн. Энэ барилгад өрлөг болон заслын ажил гүйцэтгэсэн гэх тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн ... Б.А-ас тухайн барилгад ажил гүйцэтгэж байсан гэх тайлбар, гэрч Г.Г-ийн ... Б.А-ас манай барилгад шаврын ажил гүйцэтгэж байсан, шинэ жилийн үеэр ажиллаж байсан гэх мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч Б.А-ас нь гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөнд орон сууц авахаар нэхэмжилж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Е.Ү ХХК болон М.В ХХК-иуд хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 1 тоот Барилгын гадна, дотор өрлөг, заслын ажил гүйцэтгэх гэрээ хэрэгт авагдсан, гэрээгээр гүйцэтгэгч Е.Ү ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт баригдах М.В ХХК-ийн 132 айлын орон сууцны зориулалттай 12 давхар барилгын таазны тэгшилгээ, дам нуруу баганы амалгаа, гадна, дотор өрлөг, хар цагаан замаска, цонхны амалгаа, гадна фасад, дээврийн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч М.В ХХК нь ажлын хөлс 607,384,081 төгрөгийг төлөх, үүнээс 303,104,000 төгрөгт төслийн 4 ширхэг байр, 10,000,000 төгрөг Тоёота приус автомашин тооцож өгөх, үлдэгдэл 294,280,000 төгрөгийг гүйцэтгэлээр шилжүүлэхээр тохирчээ.
Барилгын ажил гүйцэтгэгч, энэ хэргийн хариуцагч Е.Ү ХХК нь 607,384,081 төгрөгийн үнэлгээ бүхий хийж гүйцэтгэвэл зохих ажлынхаа хар замаска, 00 өрөөний өрлөгийн шавар, цагаан замаска, зүлгүүрийн нийт 150,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг туслан гүйцэтгэгч У.Б ХХК-иар гүйцэтгүүлэх, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд орон сууц шилжүүлэхээр 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тохиролцож 024 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан,
Мөн туслан гүйцэтгэгч У.Б ХХК нь захиалагч М.В ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 01 тоот Барилгын ажил гүйцтэгэх гэрээ байгуулж, тааз, ханын эмульс, цонхны тосон будаг, обой наах, хаалга суулгах, шал шахах 120,470235 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг хийж гүйцэтгэх, мөн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж 38,478,000 төгрөгийн нэмэлт ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.
Захиалагч М.В ХХК, туслан гүйцэтгэгч У.Б ХХК-иуд нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Бартераар төлбөр гүйцэтгэх гэрээ байгуулж У.Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд маргаан бүхий 000000 тоот, 47.38 тоот орон сууцыг 75,808,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн 7/1203 тоот албан бичиг, гэрч Г.Г-ийн мэдүүлгээс үзвэл 000000 тоот орон сууцны өмчлөх эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Гэвч тухай орон сууцыг М.В ХХК захиалан бариулж байгаа болох нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар 7370 м/кв талбай бүхий газрыг М.В ХХК-д эзэмшүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанаас олгосон 000323446 тоот Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ДТ 14/64 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпанийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1343/2017 тоот Техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газрын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 428/18 тоот Техникийн нөхцөл, Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн TH-D447/2018 тоот Техникийн нөхцөл зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд тухайн маргаан бүхий 28 тоот орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь М.В ХХК байна.
Хариуцагч Е.Ү ХХК нь өөрийн өмчлөлийн биш, захиран зарцуулах эрхгүй орон сууцыг нэхэмжлэгч С.А-д шилжүүлэхээр гэрээ байгуулсан, харин М.В ХХК нь өөрийн захиалан бариулж буй маргаан бүхий 000000 тоот, 47.38 м/кв орон сууцыг туслан гүйцэтгэгч У.Б ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлсөнд буюу 75,808,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Бартераар төлбөр гүйцэтгэх гэрээ байгуулж, орон сууцны барилгын ажил дуусч тухайн орон сууцыг У.Б ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь гэрч Г.Г-ийн ... У.Б ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлаа хийж дууссан тул 28 тоот 2 өрөө орон сууцыг ажлын хөлсөнд нь тооцоод хүлээлгээд өгчихсөн гэх мэдүүлэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн ... 28 тоот орон сууцыг хүлээгээд авчихсан, одоо тухайн байранд төлбөрөө төлсөн хүмүүс нь амьдарч байгаа гэх тайлбараар тогтоогдсон.
Иймд 000000 тоот 47.38 м/кв талбай бүхий орон сууцыг өмчлөх, захиран зарцуулах эрх бүхий этгээд нь хариуцагч Е.Ү ХХК биш тул нэхэмжлэгч С.А-ын 000000 тоот 47.38 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.А-асад хүлээлгэж өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.А нэр дээр гаргаж өгөхийг хариуцагч Е.Ү ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ нь У.Б ХХК-ийн захирал Б.Оаас нэхэмжлэгч Б.А-ас нь авлагатай, У.Б ХХК нь Е.Ү ХХК-иас авах авлагаа Б.А-асад шилжүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтаар энэ үйл явдал тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч Б.А-ас нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө зохих этгээдээс нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлагаболгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 73а дугаар байр, 1 дүгээр корпус, 1 дүгээр орц, 6 дугаар давхрын 28 тоот 47.38 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.А-асад хүлээлгэж өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.А нэр дээр гаргаж өгөхийг хариуцагч Е.Ү ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 595,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР