Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

 

 

 

 

 

                                      

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

                                                                                       Хэргийн индекс: 180/2022/0242/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Д.Ч,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овгийн Г-ын М-д холбогдох эрүүгийн 2239000000372 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                      

                                       Холбогдсон хэргийн талаар:

                                       /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.М нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Ногоон модны ар” гэх газарт байх Ө.Эрдэнэхүүгийн гэр дотор хохирогч Ө.Эрдэнэхүүтэй “намайг бодохгүй, өөрсдийн ажлаа бодлоо, эмнэлэгт үзүүлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ө.Эрдэнэхүүгийн баруун өгзөг хэсэгт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг:

...гэм буруугийн асуудал дээр маргахгүй, хохирол, төлбөр байхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтийг,

 

Шүүгдэгч Г.М:

...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна... гэсэн хүсэлтийг тус тус гаргасан.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000372 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Г.Мын 2022 оны 09 дүгээр сарын 18-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Ногоон модны ар” гэх газарт байх Ө.Эрдэнэхүүгийн гэр дотор хохирогч Ө.Эрдэнэхүүтэй “намайг бодохгүй, өөрсдийн ажлаа бодлоо, эмнэлэгт үзүүлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ө.Эрдэнэхүүгийн баруун өгзөг хэсэгт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 367 дугаартай  ...Ө.Эрдэнэхүүгийн биед баруун талын өгзөгний хэсэгт хутгалагдсан ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

хохирогч Ө.Эрдэнэхүүгийн ...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цагийн үед манай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар баг Ногоон модны ар гэх газарт байх гэрт манай найз болох Амгалан ирээд бид 1 шил архи ууцгаасан. Тухайн үед манай гэрт аав Өвгөнхүү, эх******* Сувдаа, Амгалан, М, Батдорж, Бүрэнчимэг нар байсан. Тухайн архинаас Амгалан, М, Батдорж, Сувдаа бид нар уусан ба удалгүй би Амгаланг гэрт нь хүргэж өгөөд буцаад гэртээ ирээд цай уугаад сууж байгаад маргааш хонины хашаагаа зөөгөөд Мыг үдээс хойш нь эмнэлэг явж үзүүлнэ гээд хэлтэл М “та нар намайг бодохгүй өөрсдийн ажлаа бодлоо” гээд уурлаад тогооны шүүгээ рүү яваад намайг ширээний хажууд сууж байтал хутга бариад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би босоод энгэрээс нь зуураад орон дээр дартал миний баруун хөлийн ташаан толгой руу 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь би түлхээд намайг хутгалчихлаа гэж хэлтэл Сувдаа, Бүрнээ хоёр Мыг аваад гарсан... /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

гэрч Н.Сувдаагийн ...бид маргааш хийх ажлаа төлөвлөж байгаад маргааш хашаагаа нүүлгэнэ, тэгээд Мыг эмнэлэгт үзүүлнэ гэж яриад байж байтал та нар намайг бодсонгүй, өөрсдийнхөө ажлыг бодлоо гэж уурлаад тогооны шүүгээнээс 1 хутга авахаар нь Бүрэнээ хутгыг нь булааж аваад хаятал дахиад 2 хутга бариад босоод ирэхээр нь би аргалж байгаад 2 хутгыг нь авсан юм. Тэгээд байж байтал дахиад Ө.Эрдэнэхүү рүү дайрахаар нь Эрдэнэхүү барьж аваад энгэрээс нь зуураад цааш ор руу унагаасан. Тэгтэл Эрдэнэхүү чи намайг хутгалчихлаа гэж хэлтэл гүйцээнэ гээд дахиад дайрахаар нь Бүрэнээ бид хоёр гэрээс гаргасан ...Маргалдсан шалтгаан нь М гэмтсэн гараа хөндчихсөн болохоор эмнэлэгт үзүүлье гэсэн юм. Тэгээд бид ярилцаад малынхаа хашааг заагаад үзүүлье гэж ярьсан юм. Тэрнээс болж маргалдсан... /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

гэрч Д.Батдоржийн ...бид нар юм яриад сууж байтал М та нар намайг бодохгүй, өөрсдийгөө бодлоо гээд тэд маргалдаад эхлэхээр нь би гараад явчихсан юм. Тэгээд би тамхи татаад ороод иртэл Эрдэнэхүү дээшээ харчихсан орон дээр хэвтэж байсан ба баруун талын бөгс хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд би эмнэлэг дуудсан... /хх-ийн 31-32 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Г.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгчийн гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.М-ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

                                                               

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч:

...Хэргийн үйл баримтаас дүгнэхэд Г.М нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Ногоон модны ар” гэх газарт байх Ө.Эрдэнэхүүгийн гэр дотор хохирогч Ө.Эрдэнэхүүтэй “намайг бодохгүй, өөрсдийн ажлаа бодлоо, эмнэлэгт үзүүлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ө.Эрдэнэхүүгийн баруун өгзөг хэсэгт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хутгалагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, үйлдэл, эс үйлдэхүйгээ нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, хохиролд санаатай хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Г.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах дүгнэлтийг гаргаж байна...  гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.М:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хохирол нэхэмжлээгүй... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг:

...тайлбар байхгүй... гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Г.М-ын гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.М дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг.” гэж заасан бөгөөд,

шүүгдэгч Г.Мын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарна. Энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн 2239000000372 дугаартай хэрэгт авагдсан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн талаарх үйл баримтаас дүгнэхэд

шүүгдэгч Г.М иргэн Ө.Эрдэнэхүүг баруун өгзөг хэсэгт нь хутгалж, биед нь хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогч Ө.Эрдэнэхүүгийн биед баруун талын өгзөгний хэсэгт хутгалагдсан ил шарх бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Г.М нь хохирогч Ө.Эрдэнэхүүгийн биед хүч хэрэглэн халдаж хутгалж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч Ө.Эрдэнэхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд сэдэлт, зорилготой хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдааны Эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн талаар дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч:

...шүүгдэгч Г.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.М нь бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан зэргийг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...

...Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн ажлын хэсэгтээ 20 см урттай, шар өнгийн судалтай бариултай 13 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг:

...хөнгөн гэмт хэрэг анх удаагаа үйлдэж, хохирол төлбөр байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож, маргаагүй, үйлдсэн хэргээ шударгаар хүлээсэн, ...Номин худалдааны төвийн уурын зууханд ажил хийж байгаа тул торгуулийн ял шийтгэл авах хүсэлтэй байна... гэсэн дүгнэлтийг

 

Шүүгдэгч Г.М:

...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Учир нь: Шүүгдэгч Г.М нь Номин худалдааны төвийн уурын зууханд ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд эрхэлж байгаа ажлынхаа цалин хөлс, олж байгаа орлогоор гэр бүлээ тэжээн тэтгэж, амьдрал ахуйгаа залгуулж байгаа болох хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг, багийн засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул мөн үүнээс гадна шүүхээс гэмт этгээдэд оногдуулж байгаа эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл нь тухайн гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар, хохирол, хор уршигт тохирсон байх ба гол зарчим нь заавал биелэгдэх шинжтэй, хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл гэмт этгээдийн эдийн засаг болон нийгэм, эдийн засаг, хувийн, ахуйн хүрээнд тохирсон байх ёстой.

Иймээс шүүх улсын яллагчийн таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.М-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ө.Эрдэнэхүүгийн биед баруун талын өгзөгний хэсэгт хутгалагдсан ил шарх бүхий бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Ө.Эрдэнэхүү нь мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх ба хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлд ...хохирол болох эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, харин гомдолтой, хуулийн дагуу шийдэж өгнө үү... гэснийг тус тус үндэслэн шүүгдэгч Г.М-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн 2239000000372 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн ажлын хэсэгтээ 20 см урттай, шар өнгийн судалтай бариултай 13 см урттай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

      шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

          37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овгийн Г-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.М-ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц овгийн Г-ын М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Г-ын М-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн ажлын хэсэгтээ 20 см урттай, шар өнгийн судалтай бариултай 13 см урттай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН