Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/213

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0249/Э

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Ш.Гандансүрэн даргалж, Ю.Энхмаа, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Д.Ч,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Нарангэрэл,

иргэдийн төлөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх  хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б-ын Б-д холбогдох эрүүгийн 2239000000312 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг, Булгийн 03-309 тоот хашаан дотор 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Сайнболдыг “Архи, пиво уухаа боль, машинаа эртхэн янзлаад харихаа бод” гэж хэллээ гэх шалтгаанаар Т.Сайнболдын цээжин тус газар хар бариултай хутга буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Б.Б:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд болсон явдлын талаар дахин ярих шаардлагагүй гэж үзэж байна.. гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл:

...Гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй. Оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтайгаар оролцоно...  гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000312 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг, Булгийн 03-309 тоот хашаан дотор 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Сайнболдыг “Архи, пиво уухаа боль, машинаа эртхэн янзлаад харихаа бод” гэж хэллээ гэх шалтгаанаар Т.Сайнболдын цээжин тус газар хар бариултай хутга буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №539 дугаартай Т.Сайнболдын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

хохирогч Т.Сайнболдын ... Тэгтэл Б2.5 литрийнх хэмжээтэй пиво задлаад ууж байсан тэрнээсээ надад хийж өгсөн би амсаад өгсөн тэгээд 2,3 удаа тойруулсан...тэгэхээр нь би чи одоо архи пиво уухаа боль эртхэн машин тэргээ янзлаад харихаа бод гэж хэлтэл босоод гүйгээд явсан удалгүй эмээгийнхээ гэрээс хутга бариад гараад ирсэн тэгэхээр нь урдаас нь босоод надтай ямар айхтар маргаж муудсан биш арай ч хутгалчихгүй байх гэж бодоод чи наад хутга мутгаа болиоч ээ наад чинь тоглоом биш шүү гэж хэлээд ойрттол миний зүүн суганаас доош хавирга орчимд хутгалчихсан...хуванцар хар бариултай дунд зэргийн хутга байсан... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

гэрч Б.Нууцгай-Одын ...Тэгээд гэртээ ороод эм уугаад зүүрмэглээд хэвтэж байтал гадаа хутга шөвөг гээд байхаар нь гараад хартал Сайнболд нь Бямбасүрэнд хутгалуулчихсан байсан тэгээд эмнэлэг дуудсан гэхээр нь түр цусыг нь тогтоогоод шар даавуугаар шархыг нь боож өгөөд удалгүй эмнэлэг ирээд аваад явсан...Бхутга хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй байна... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

яллагдагч Б.Бгийн ...би 2022 оны 07 дугаар сарын 25-ны өглөө Баян-Адарга сумын 4 дүгээр багт байрлах хадам эмээг хашаанд машинд янзалж байхдаа би нэг найзынхаа хамт 1 литр *******мэл архийг хоёулаа хувааж уугаад миний найз явчихсан харин би ганцаараа машинаа янзлаад үлдсэн. Тэгээд би машинаа янзалж дуусаад 16 цаг өнгөрсөн байхад машин янзлагдахгүй байсан учраас орхиод базынхаа гэрт орсон чинь Сайнболд ах манай базын гэрт дээрээс нь задалчихсан 2,5 литрийн савтай пиво дэргэдээ тавьчихсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд гэрт нь сууж байсан. Тэгээд намайг ганц пиво ууя гэхээр нь зэрэг би хоёулаа айлын гэрт уугаад яахав гадаа гарч ууя гэж хэлээд хадам эмээгийн хашаанд сууж байгаад авчирсан пивийг нь ууж дуусаад би Сайнболд ахын мориор нь ахиад 2 ширхэг 2.5 литрийн савтай пиво авчраад бид хоёр хоёулаа хувааж уусан. Тухайн үед бид хоёр ууж, сууж байгаад би Сайнболд ахын баруун гартаа зүүсэн байсан хар өнгийн зүйлийг хараад ямар том цаг вэ ах гэж хэлсэн чинь ах нь сая аймагт мөрдөнд сууж байгаад ирлээ ах нь 20 хоносон чи бол 2 ч хонож чадахгүй гэж сонин зүйл яриад байсан босож ирээд намайг цохиж авах гээд байхаар нь зэрэг би айлгая гэж бодоод хадам эмээгийн гэрт ороод гал тогооны өрөөний ширээн дээр ил байсан хутгыг авч гарч ирээд Сайнболд руу дөхөж очсон чинь намайг тэврээд авахлаар нь би гарыг нь тавиулах гэж ноцолдох үед хутгалагдсан юм шиг байна тэрийг бол би сайн мэдэхгүй Сайнболд ах гэнэт л яая гэж хэлээд арагшаа хэвтээд өгсөн чинь цус хажуу талаас нь их гараад байхаар нь би сандраад айсандаа эмнэлгийн байгууллагад очиж дуудлага өгсөн.... ...би Сайнболдыг хутгаар нэг удаа цээж хэсэгт нь хатгаснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... /хх-ийн 40-42 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн талаар дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч:

...Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг, Булгийн 03-309 тоот хашаан дотор 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Сайнболдыг “Архи, пиво уухаа боль, машинаа эртхэн янзлаад харихаа бод” гэж хэллээ гэх шалтгаанаар Т.Сайнболдын цээжин тус газар хар бариултай хутга буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан, үйлдэл, эс үйлдэхүйгээ нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, хохирол зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

...Иймд шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл:

...Миний үйлчлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Иймд гэмт хэргийн улмаас үүссэн эмчилгээний зардлаа мөрдөн байцаалтын явцад төлж барагдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний биед хүнд гэмтэл учруулсан тул гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. Бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

шүүгдэгч Б.Б:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,

 

            Иргэдийн төлөөлөгч Д.Батбаяр:

            ...гэм буруутай гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч Б.Бг гэмт буруутай байна гэж үзсэн дүгнэлтийг хүлээн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс  үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан, дээрх хохирол, хор уршиг учирснаараа төгсдөг, материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй. Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Сайнболдын биед гэмтээх, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хүнд гэмтэл буюу хүнд хохирлыг хутга хэрэглэж учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэхээр байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг ..."зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.

"Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.... гэж тайлбарласныг үзвэл хутга нь хүйтэн зэвсэгт хамаарагдахыг дурдахыг нь зүйтэй.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хутгалж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт бүхий хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт

танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч:

...Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, урьд ял шийтгүүлж байгаагүй зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан

шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл:

...Манай үйлчлүүлэгч бол урьд нь ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаах шатнаас хүлээж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...манай үйлчлүүлэгч нь айлын ганц хүү. Мэдээж Б.Б үйлдсэн хэрэгтээ хариуцлага хүлээх нь ойлгомжтой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ар гэр хувийн байдлыг харгалзан хөнгөрүүлэх, хүндрүүлэх, цагаатгах нөхцөл байдлыг харгалзан ялыг оногдуулна гэж заасан.  

Ар гэрийн байдал бол айлын ганц хүү, аав нь саажилттай, ээж нь оюуны хомсдолтой, хоёр хүүхэдтэй ба нэг нь ой гарантай, нөгөөх нь 2 настай.

Ар гэрийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б:

...ар гэрийг минь харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгөөч... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.Б 9 жилийн хорих ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан байх ба харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Б.Бд оногдуулах ялыг ар гэрийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг журамлан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэж талууд мэтгэлцдэг. 

 

Шүүх шүүгдэгч Б.Б нь хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг..., 1.2-т ...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн ...тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг... гэж заасныг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн түүнчлэн түүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ.

Мөн шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэснийг хэрэглэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5/тав/ сарын хугацаагаар хорих ялаар  тогтоож шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Сайнболдын цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол учирсан байна.

Хохирогч Т.Сайнболд гэмт хэргийн улмаас үүссэн хохирол болох эмчилгээний зардал шүүгдэгчээс нэхэмжлээгүй байх ба шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэлээр, мөн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239000000312 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2239000000312 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овгийн Б-ын  Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б-ын Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б-ын Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.