| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0002/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/02 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ын Э-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, 42 настай, ..., халх, ... боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл ..., ... хамт Дорноговь аймгийн ... гэх газар нутагладаг, Б овогт Ц-ын Э /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь иргэн З.А-ы хас тамгатай жороо хүрэн зүсмийн гүүг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн нутаг, Таван толгойн элс гэх газарт бэлчээрт байхад нь 2018 оны 12 сарын 16-наас 20-ны хооронд хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 сард Улаанбадрах сумын Тахиатын уул гэх газар малаа маллаж байсан. Тухайн үед мал тооллого 12 сарын 09-нд болж байсан. Үүнээс 5-6 хоногийн дараа Б-ийн эхнэр Т-тай таарахад Б ажлаасаа ирээд адуугаа авна гэж байна шүү гэж хэлж байсан. Би Б-д нэг адууны өртэй байсан тэрийгээ нэхсэн юм. Маргааш оройхон 17-18 цагийн үед санагдаж байна. Таван толгой элс гэх газар 10 гаруй тооны адуу байсан. Би мотоциклтойгоо яваад очсон чинь хонгор зүсмийн даага тэр дундаас ганцаараа ороолоод гараад явсан. Би араас нь мотоциклтойгоо хөөж Мангасан хонд гэх газар өөрийнхөө өвөлжөөнд хөөж очоод хашаандаа 2 хоног хашсан. Тэгээд Б-д тэр адуугаа өгөхөөр болоод өвөлжөөн дээрээ дагуулж очоод үзүүлээд Б зөвшөөрч би амийг нь тасалж өгөөд Б махыг нь эвдээд аваад явсан. Толгойг нь би өвөлжөөний хойно үлдээсэн. Тэр адуу шүдлэн насны адуу байсан. Эхлээд мэдээгүй сүүлд нь А гэдэг айлын адуу болохыг мэдсэн. Таван толгой элс эх газар нь манайхаас зүүн тийшээ 20-иод орчим км-т байдаг. Би мотоциклтойгоо ганцаараа очсон юм. Би тэр адууг мотоциклтойгоо хөөж эцээж байгаад өвөлжөөн дээр ирэхэд нь бугуйлдаж барьж аваад хашаа руу оруулсан. Хохирлоо бүрэн барагдуулсан 2,500,000 төгрөгийг А-ы данс руу хийсэн. Тухайн үед шүдлэн байдас байсан үүнээс хойш 4 жилийн дараа гэхээр унагатай байж болох байсан тул А бид хоёр ярилцаж тохиролцоод 2,500,000 төгрөгөөр тохирсон, үнэлгээнээс илүү гарсан мөнгийг А-аас нэхэхгүй гэжээ. /хх-ийн 50-52/
Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч З.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2018 оны 12 сарын сүүлээр хас тамгатай жороо хүрэн гүү алдсан талаараа өргөдөл гаргасан. Миний өөрийн мал Улаанбадрах сумын 3-р баг буюу Аргалантын нутагт байдаг. Тухайн үед миний хонгор халзан азаргатай адуу Гүвээ гэх газарт бэлчиж байсан. Тэр газраас Нүдэнгийн ус газар луу миний хас тамгатай жороо хүрэн гүүг Ц.Э гэх хүн тууж, Нүдэн гэх газарт Ц.Э-ын өвөлжөөн дээр аваачин У-ийн Б гэдэг хүнд өгөөд тэр газартаа махалж авч явсан гэсэн. Би 2019 оны зун хүнээс сонссон юм. Миний адуунаас хулгайлсан хүнийг Чанга б гэж дууддаг Ц-ын Э авсан. Би 2020 оны өвөл цагаан сарын үеэр У.Б-ийн ээж О гэх хүнтэй өөрийн ... дугаарын утаснаасаа ярихад О нь тухайн хэргийн талаар мэдсэн байсан. “Тийм байна манай хүү авсан” гээд хэлсэн. Тэгээд “наад асуудлыг чинь нэг тийш нь болгоё” гэж хэлсэн тухайн үед цагаан сар болж байсан учраас хойшлуулаад уулзах талаар хэлээд уулзах боломж олдоогүй 2 жил каринтийнд орчихсон утсаар ярих боломж олдохгүй байсан учир ээжтэй нь биш тухайн адуу авсан Ц.Б гэх хүүхэдтэй нь холбогдоход “намайг та яаж нотлох гээд байгаа юм бэ” гээд байхаар нь “цадаагаараа асуудлаа шийдүүлээд яв” гэж хэлсэн. ...Би 1 тооны адууны хохирол болох 2,500,000 төгрөгийг өөрийн ашигладаг Хаан банкны ...2 тоот дансаар шилжүүлж авч хохиролгүй болсон. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 08-13/
Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбадрах сумын 3-р багт байрлах Нүдэнгийн ус гэх газарт өвөлжиж байсан юм. 2016 оны зун Ц.Э-д нэг даага өвөл өгье гэж хэлээд зээлээд З гэх найздаа өгч явуулж байсан. Ц.Э нь 2016 оны өвөл 12 сард өгнө гээд авч байсан. 2016 оны өвөл 12 сард би зээлсэн даагаа авах гэтэл ахад нь даага алгаа дараа больё гэж хэлээд авч чадаагүй тэрнээс хойш 2018 оны 12 сарын ихээр Ц.Э ахад зээлсэн даагаа энэ жил авна шүү гэж хэлсэн. Би тухайн үед Бадрах инержид ажилладаг байсан. 14 хоног амраад, 28 хоног ажилладаг байсан. Тухайн үед би ажлаасаа буугаад Нүдэнгийн ус гэх газарт манай гэр өвөлжиж байсан. Би гэртээ иртэл Ц.Э нь би Эрдэнэ суманд байдаг ахаасаа нэг хүрэн хонгор шүдлэн байцсан гүү өчигдөр авч ирээд танай хүрэн хонгорт нийлүүлчихсэн байгаа шүү, чи наадхаа маргааш идшиндээ хэрэглэчихгүй юу даа гэж байсан. Маргааш нь эхнэр бид хоёр өөрийн адуун дээр очоод нөгөө гүүг хараад очоод тамгын нь үзтэл харагдахгүй байсан учраас би нээх тоогоогүй. Би солиод авчъя гэж хэлтэл яахын бэ наадах чинь чамайг ажилд явсан хойгуур салаад алга болуул яах юм бэ, гэхээр нь би за за нээрэн тийм ч юм болов уу, намайг эзгүйд хаа нэг манай адууг харж өгдөг учир хүнд дараа болоод юу гэхэв гэж бодоод тэг тэг гэж хэлсэн. Ц.Э би гаргачихъя гэж хэлсэн. Маргааш өглөө нь гаргахаар болоод саахалт айлын хашаанд тэр хүрэн гүүг уясан. Маргааш нь буюу 2018 оны 12 сарын 3-4 хавьцаа байсан байхаа би сайн санахгүй байна саахалт айл Б.Б-ийн гадаа унагаад Ц.Э, Ц.Э, Б.Б 3 өөрсдөө адуугаа гараад янзалж байсан. Эхнэр бид хоёр очоод Ц.Э-ын эхнэртэй манай эхнэр гэдсийг нь арилгаж өгсөн. Би тухайн махыг тогоонд орохоор болгож өөрийн зарсан машин дотроо янзлан, адуу гаргаж өгсөн хүмүүст нэг нэг буузны бөөн махтай өгсөн. Тэгээд намайг 2022 оны 10 сарын 24-нд Улаанбадрах сумын цагдаагаас над руу залгаж дуудсан юм гэжээ. /хх-ийн 24-25/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Ашид Билгүүн ХХК-ны 2022 оны 11 сарын 04-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 40-46/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай ... дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 47-52/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61-63/
Хохирлын тооцоо /хх-ийн 73/
Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 74-75/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 12 сарын 20-ны өдрийн ... дугаартай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 81-82/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ц.Э нь иргэн З.А-ы хас тамгатай жороо хүрэн зүсмийн гүүг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн нутаг, Таван толгойн элс гэх газарт бэлчээрт байхад нь 2018 оны 12 сарын 16-наас 20-ны хооронд хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч З.А-ы “...Тухайн үед миний хонгор халзан азаргатай адуу Гүвээ гэх газарт бэлчиж байсан. Тэр газраас Нүдэнгийн ус газар луу миний хас тамгатай жороо хүрэн гүүг Ц.Э гэх хүн тууж, Нүдэн гэх газарт Ц.Э-ын өвөлжөөн дээр аваачин У-ийн Б гэдэг хүнд өгөөд тэр газартаа махалж авч явсан гэсэн. Би 2019 оны зун хүнээс сонссон юм. Миний адуунаас хулгайлсан хүнийг Чанга Б гэж дууддаг Ц-ын Э авсан” /хх-ийн 08-13/, гэрч У.Б-ийн “...2018 оны 12 сарын ихээр Ц.Э ахад зээлсэн даагаа энэ жил авна шүү гэж хэлсэн. Би тухайн үед Б и-д ажилдаг байсан. 14 хоног амраад, 28 хоног ажилладаг байсан. Тухайн үед би ажлаасаа буугаад Нүдэнгийн ус гэх газарт манай гэр өвөлжиж байсан. Би гэртээ иртэл Ц.Э нь би Эрдэнэ суманд байдаг ахаасаа нэг хүрэн хонгор шүдлэн байцсан гүү өчигдөр авч ирээд танай хүрэн хонгорт нийлүүлчихсэн байгаа шүү, чи наадхаа маргааш идшиндээ хэрэглэчихгүй юу даа гэж байсан. Маргааш нь эхнэр бид хоёр өөрийн адуун дээр очоод нөгөө гүүг хараад очоод тамгын нь үзтэл харагдахгүй байсан учраас би нээх тоогоогүй. Би солиод авчъя гэж хэлтэл яахын бэ наадах чинь чамайг ажилд явсан хойгуур салаад алга болуул яах юм бэ, гэхээр нь би за за нээрэн тийм ч юм болов уу, намайг эзгүйд хаа нэг манай адууг харж өгдөг учир хүнд дараа болоод юу гэхэв гэж бодоод тэг тэг гэж хэлсэн. Ц.Э би гаргачихъя гэж хэлсэн.” /хх-ийн 24-25/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 40-46/, Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.Э-ын бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.Э нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирлын тооцоо /хх-ийн 73/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Ц.Э-ын үйлдэл нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болно. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөлд хамрагдах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын Э-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э тэнсэнгийн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллага урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Энхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б