Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/214

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0248/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Б.Ө,

Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овгийн Д-ын Т-д холбогдох эрүүгийн 2239003110337 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Т нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 11-98 ХЭА улсын дугаартай цагаан өнгийн Аксио королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үед нь шалгасан цагдаагийн байгууллагын ажилтан, хууль сахиулагч Б.Батзоригт “автомашин журмын хашаанд хийлээ түлхүүрээ авна” гэх шалтгааны улмаас түүний хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцэж түүнтэй ноцолдон улмаар зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг нэг удаагийн базах үйлдлээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Д.Т:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239003110337 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 11-98 ХЭА улсын дугаартай цагаан өнгийн Аксио королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үед нь шалгасан цагдаагийн байгууллагын ажилтан, хууль сахиулагч Б.Батзоригт “автомашин журмын хашаанд хийлээ түлхүүрээ авна” гэх шалтгааны улмаас түүний хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцэж түүнтэй ноцолдон улмаар зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг нэг удаагийн базах үйлдлээр учруулсан үйл баримт нь дараах

зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

хохирогч Б.Батзоригийн ...Миний бие Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Жаргалтхаан сумын сум дундын цагдаагийн тасгийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт цагдаагаар ажилладаг. Энэ оны 08 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед тус сумын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Мөнх-Эрдэнэ нь Петровис шатахуун түгээх станц дээр согтуу жолооч авто машин жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцож байна гэсэн мэдээлэл ирээд байна гэсэн... ...11-98 ХЭА улсын дугаартай цагаан өнгийн Аксио королла маркийн авто машин надтай зөрөөд сумаас баруун урагш явах үед нь араас нь очиж дохиж зогсоогоод шалгах үед 40 гаран насны бор царайтай, эрэгтэй хүн согтуу авто машин жолоодсон байсан. Би өөрийгөө танилцуулж авто машиныг согтуу жолоодож болохгүй талаар тайлбарлаж, шаардлага тавих үед 2 ширхэг лааз пиво уусан согтуу биш зүгээр байна би одоо хөдөө явлаа гэж хэлээд явах гэтэл би машины түлхүүрийг машинаас аваад зогсож байтал цагдаагийн дэслэг Т.Ибрайм хүрч ирээд согтуу жолоочийг эх*******тэй нь хамт өөрийн машиндаа суулгаж би согтуу жолоочийн машиныг жолоодож ирэн цагдаагийн тасгийн журмын хашаанд авто машинаа оруулсан ба тухай үед согтуу жолооч түлхүүрээ авъя гэтэл та түлхүүрээ эрүүл үедээ манай замын цагдаагийн байцаагчаас аваарай гэж хэлсэн боловч миний үгийг сонсохгүйгээр надаас түлхүүр булааж авах гэж надтай ноцолдсон ба миний араас тэврэн авч унагах гэтэл өөрөө хөл алдаж унах үед бид хоёр хамт газар унасан тэр үед миний эмзэг эрхтэн болох төмсөгнөөс нэг удаа чанга базсан... Би Тыг цохиж зодсон асуудал байхгүй... /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

...Тэгээд журмын хашаанд оруулж тавиад хамт явж байсан эх******* Оюунчимэг нь машинаа өшиглөөд байсан учраас за гарья эгчээ гэхэд намайг чи яахаараа миний машиныг журмын хашаанд хийдэг юм бэ гэхэд нь би ажил руугаа орох гээд цагдаагийн кобаны гадаа Т зогсож байснаа писда минь түлхүүрээ авъя гэхээр нь өгч болохгүй гэхэд миний хоёр гараас базаад дээш нь өргөхөд эх******* Оюунчимэг нь миний өмдний карманд байсан машиныхаа түлхүүрийг авахаар нь би 2 гараа татсан тэгэхэд намайг унагаах гэж байгаад давхралдаад хажуу талаараа унасан юм тэгээд намайг босоход миний төмсгөөс базах үед нь цээжин дээр нь хөлөө тавиад салгах гэхэд улам чанга базаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

холбогдогч Д.Тын ...Хаан-Уул *******тэй найман *******ийн хүнсний дэлгүүр орж 2 ширхэг 0.5 литрийн касс *******тэй пиво авч, машиндаа ууж дуусаад хөдөө гэр лүүгээ өөрийн эзэмшлийн авто машинаа жолоодож явах замд цагдаагийн дэд ахлагч Батзориг зогсоож шалгасан ба би тухайн үед шаардлага эсэргүүцэж би гэр лүүгээ явна машинаа журмын хашаанд оруулахгүй гэж маргалдаж байх үедээ нэмэлт хүчээр нэг цагдаа ирж намайг болон манай эх******* Оюунчимэгийг машиндаа суулган цагдаагийн тасаг дээр авч ирсэн. Араас цагдаагийн дэд ахлаг Б.Батзориг миний машиныг жолоодон ирж журмын хашаанд оруулах үед би ардаас нь очиж машины түлхүүрээ авна гэж ноцолдсон ба бид хоёр газарт хамт унах үед би Б.Батзоригийн эмзэг эрхтэн болох төмсгөөс нь 1 удаа базаж биед нь халдсан... /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 555 дугаартай ... Б.Батзоригийн зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  ...гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-п зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... дүгнэлт /хх-ийн 38-39 дугаар хуудас/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Хохирогч Б.Батзоригийн гар утаснаас 2022 оны 08 сарын 18-ны өдөр хураан авсан “Б.Батзориг” гэх бичвэртэй CD-г албаны DELL брэндийн компьютерт хийн тоглуулахад  авсан  нийт ... минут... секунд үргэлжлэх камерын бичлэгийг эхлүүлэхэд дээд хэсэгтээ “наймдугаар сарын 12, 19:43” гэх бичвэртэй гар утасны Screen record ашиглан бичигдсэн бичлэг байх бөгөөд Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн хашааны ертөнцийн зүгээр баруун урд зүгээс тасгийн хашааны дотор хэсэг рүү хандан бичигдсэн нийт 2 минут 31 секунд үргэлжлэх бичлэг байлаа. Бичлэгийг үргэлжлүүлэхэд Жаргалтхаан сум дахь Сум дундын цагдаагийн  тасгийн хашааны дотор хэсэгт цагаан өнгийн подволктой эрэгтэй хүн газарт дээшээ харсан байдалтай, цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч нь түүний зүүн гарыг барьж хөдөлгөөнийг хязгаарлах үйлдэл хийж байна. Энэ үед тэдний хажууд цагаан өнгийн цамцтай, жинсэн өмдтэй өсвөр насны эмэгтэй хүүхэд тэдний хажууд зогсож байхдаа “Ааваа та болиоч дээ, би таныг битгий ингэ гээд байна шүү дээ” гэж хэлж байгаа дуу нь бичлэгт тодорхой бичигдсэн байна. Бичлэг үргэлжлэх явцад цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч “тавь” гэх шаардлага тавьж байх бөгөөд бичлэгийн хугацаа 00:48 гэх хугацааг заах үед цагаан өнгийн фодволктой эрэгтэй хүн нь баруун гараа цагдаагийн алба хаагчийн баруун гуяны ар хэсгээр явуулж хоёрын хөлийнх нь завсраар оруулахад цагдаагийн алба хаагч нь хоёр гуяа хавчих үйлдэл хийн, та яагаад байгаа юм, айн, болиоч” гэсэн шаардлага тавьж бичлэгийн хугацаа 00:56 гэж заах үед гарыг тавиулан босож байна. Энэ үед саарал өнгийн цамцтай, жинсэн өмдтэй цагаан пүүзтэй эмэгтэй хүн бичлэгийн тусгалд орж цагдаагийн алба хаагч руу хандан “наад хүн чинь зүрх муутай хүн шүү, ойчиж чамд гай болно шүү” гэж хэлээд хоёр хөл дээрээ завилан сууж байна. Энэ үед цагдаагийн алба хаагч нь цамцаа тайлж хоёр гараараа өвдгөө тулан зогсож байхдаа “төмсөг базаад байх юм зүгээр байгаарай ахаа” гэж хэлж байгаа нь тодорхой сонсогдож байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий дүрс бичигдээгүй байх ба бичлэгийн хугацаагаар 02:31 гэсэн хугацааг заахад бичлэг дуусав... /хх-ийн 68-70 дугаар хуудас/,

яллагдагч Д.Тын ...Би тухайн өдөр цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... ...тухайн үед миний биед халдсан асуудал байхгүй... ...Тухайн үед би машиныхаа түлхүүрийг авах гэж цагдаатай ноцолдож байхдаа төмсгөөс нь базсан юм... ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Батзоригоос уучлалт гуйж эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг төлсөн байгаа би хийсэн хэрэгтээ гэмшиж байна надад хуульд заасан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... /хх-ийн 83-84 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө:

...Д.Т-д холбогдох үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:

... улсын яллагчтай санал нэг байна. Гэм буруу дээр ямар нэгэн маргаангүй оролцож байна... гэсэн тайлбарыг,

 

Шүүгдэгч Д.Т:

...хэлэх үг байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Шүүх хуралдааны дүгнэлттэй танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч , гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Т нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Д.Тын холбогдсон тухайн гэмт хэргүүд нь энэ хуулийн тусгай ангийн Хорин гуравдугаар бүлэгт заасан “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг” гэмт хэрэгт, мөн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт тус тус хамаарах бөгөөд энэ бүлгүүдэд заасан гэмт хэргүүдэд хууль сахиулагч, нийтийн албан тушаалтан болон албан тушаалтны эрхийн халдашгүй байх эрхийг, мөн хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг тус тус хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан зааж, хууль сахиулагч, нийтийн албан тушаалтан болон албан тушаалтны хуулиар тогтоосон эрх, үүргийн дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн хохирол, хор уршиг учирсан эсэхийг шаардахгүй хэлбэрийн шинжтэй нийгэмд аюултай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг,

Мөн хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдлийн улмаас учруулсан материаллаг шинжтэй, гэмт үйлдэл, эс үйлдэхүйг тус тус гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно.” гэж зааснаар “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн хоёр өөр бүлэгт заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Түүнээс гадна “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

“Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт үндсэн хоёр шинж байна. Үүнд:

-хүч хэрэглэж эсэргүүцсэн гэдэгт цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл ойшоон тэдгээрийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэхийг,

-хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэдэгт цагдаагийн алба хаагчийг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэхийг тус тус ойлгоно.

 

Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан цохих, зодох, түлхэх, хүлэх, боох, хувцсыг нь урах, мөрдсийг нь хуулах, харин зодно, цохино, гэмтээнэ, цаашилбал өөрийг нь болон ойр дотны хүмүүсийн амь биед халдана гэх зэрэг байдлаар,

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр тус тус илрэх ба дээрх хоёр гэмт хэргүүд гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, үл биелүүлэх байдлаар саад хийх, энэхүү үйл ажиллагааг нь зогсоох, өөрчлөх,

хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргүүд нь “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэсэн үндсэн, энэ гэмт хэргийг “галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол”, “хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол” гэсэн, 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Д.Тын цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь түүний эсрэг хийсэн хууль бус үйлдэл нь “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

 

Хохирогч Б.Батзориг нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтой цагдаа байх тул 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж заасны дагуу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь...” гэж зааснаар хохирогч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, дэд ахлагч Б.Батзоригийн хууль ёсны шаардлагыг эс зөвшөөрч, түүнийг албан үүрэгтэй нь холбогдуулж шүүгдэгч Д.Т биед нь хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн 2239003110337 дугаартай хэрэгт авагдсан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн талаарх үйл баримтаас дүгнэхэд

шүүгдэгч Д.Т нь хууль сахиулагч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Батзоригийн тавьсан хууль ёсны шаардлагыг эс зөвшөөрч, түүнтэй ноцолдож, биед нь хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Батзоригийн биед зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй гэдгийг мэдэх боломжтой, эсхүл мэдсээр байж санаатайгаар тээврийг хэрэгслийг жолоодож байхад нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Батзориг хуульд заасан шаардлагыг тавьж, албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүнийг эс зөвшөөрч хүч хэрэглэж түүний зүүн төмсөг рүү өшиглөж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт давхар зүйлчлэгдэхээр байна.

 

Шүүгдэгч Д.Т нь хохирогч Б.Батзоригийн биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Батзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд сэдэлт, зорилготой хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Тын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Батзориг зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.Батзоригт шүүгдэгч Д.Т нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг төлсөн болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон шүүхийн мэдэгдэх хуудас, хохирогчийн гомдол, санал байхгүй гэх хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны Эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн талаар дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө:

...шүүгдэгч Д.Тын эрхэлсэн ажил, сард олдог орлого, хувийн байдлыг харгалзан үзээд түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг 1 хоногийн хорих ялд дүйцүүлж ялыг нэмж нэгтгэн 2 жил 08 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:

...шүүгдэгч Д.Т нь хохирогчоос уучлалт гуйж, өөрийн гэм бурууг хүлээж, түүнд эмчилгээний зардалд 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагын талаар маш сайн ойлгож, гэмшиж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар миний үйлчлүүлэгчид улсын яллагчийн санал болгосон 2 жил 08 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү... гэсэн хүсэлтийг,

 

Шүүгдэгч Д.Т:

...хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Д.Т-д ...2 жил 08 сарын хорих ял оногдуулах тухай... дүгнэлтийг шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нь ...тэнсэж өгнө үү... гэж дүгнэлт, мэдүүлгийг илэрхийлж мэтгэлцдэг.

 

Шүүх улсын яллагчийн ял шийтгэлийн талаарх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Д.Тын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... ...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Т-д тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5., 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэж шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналТ-д шүүгдэгч Д.Тыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 5 дугаар баг Уугийн ам гэх газар оршин суух хаягаас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явахыг тус тус шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлаж,

шүүгдэгч Д.Т-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239003110337 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн Д-ын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М овгийн Д-ын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч М овгийн Д-ын Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М овгийн Д-ын Т-д эрх бүхий байгууллагын хяналТ-д Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 5 дугаар баг Уугийн ам гэх газар оршин суух хаягаас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчихыг тус тус шүүхээс тогтоосон 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М овгийн Д-ын Т-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч М овгийн Д-ын Т-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Эрүүгийн 2239003110337 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М овгийн Д-ын Т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М овгийн Д-ын Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М овгийн Д-ын Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН