Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/179

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0212/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                   Б.Н

Шүүгдэгч                                                          Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Д-ын Э-т холбогдох 2239000000348 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт “Конторбааз” гэх газарт Э.Нямхүүтэй маргалдаж улмаар Г.Хатанхүүгийн зүүн далны доод хэсэгт нь хутгалж, түүний эрүүл мэндэд зүүн далны доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Хатанхүүгийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 11, 18 цагийн үед Эынд очиход Батсүмбэр, Сугардаш, Цэрэн нар архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би очоод өөрийн найз Нямхүү гэх залуу руу утсаар залгаад ажил гайгүй бол нэг шил архи аваад ирээч гэж хэлээд удаагүй байхад манай найз Нямхүү, Ням-Одсэр хоёр хамт нэг шил 0.75 литрийн "Соёрхол" *******тэй архи авч ирсэн. Тэр архийг ууж дуусаад би нэлээн согтсон байсан учир зарим нэг зүйлийг сайн санахгүй байна, миний санаж байгаагаар гэрийн гадаа Нямхүү, Э хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгтэл Нямхүү, Э чинь хутга барьчихсан байна гэхээр нь хартал Э гартаа хутга барьчихсан байсан тэгэхээр нь би хутгийг нь булааж аваад гэрээс зуун урд зугт шидсэн санагдаж байна. Тэгээд би Нямхүүтэй юм яриад зогсож байхад Нямхүү надад чиний араас Э хутгалчихлаа гаж хэлэхэд миний зуун далны орчимд хүйтэн оргиод жирвэгнээд байсан. Тэгтэл намайг Нямхүү, Ням-Одсэр нар машинд суу эмнэлэг явъя гэж байсан санагдаж байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн эмч нар миний зүүн далны ард оёдол хийгээд байх шиг байсан..." гэх мэдүүлэг /10, 11 дүгээр тал/,

Гэрч Э.Нямхүүгийн "..Би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны Жаран гэрийн 506 тоотод эх******* нэг хүүхдийн хамт амьдардаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны орой намайг гэртээ байж байхад манай найз Хатанхүү над руу залгаад хөгшөөн завтай байвал нэг шил архи авчраад өгөөч би "Конторбааз" дээр Эынд байна гэж хэлэхээр нь дэлгүүрээс наг шил архи аваад найз Ням-Одын хамт очсон. Намайг Д.Эынд очиход хэдэн хүмүүс архи уугаад дуусаж байсан. Тэгээд миний аваачиж өгсөн архийг Д.Э, Хатанхүү, Б.Ням-Одсэр, Сүмбээ, Сугараа бид нар хувааж ууж дуусаад би машиндаа байсан 0,5 литрийн нэг шил архийг гаргаж өгөөд бүгд нэг нэг татаад би явлаа гээд Ням-Од, Хатанхүү нарыг явъя гээд гэрээс гарахад араас Э гарч ирээд намайг чи яагаад байгаа юм бэ хоёулаа ийшээ гарья гээд намайг дагуулж яваад миний цээж хэсэг руу нэг удаа цохисон, тэгэхээр нь яаж байгаа юм бэ гэхэд дахин цохихоор нь би бие хамгаалаад бид хоёрын дунд хальт зодоон болтол Ням-Од, Хатанхүү нар бид хоёрыг салгасан. Тэгтэл Д.Э гэр рүүгээ гуйж ороод хутга бариад над руу ирсэн тэгэхээр нь би зугтаатал хутгыг нь Хатанхүү булааж аваад хол шидсэн. Тэгсэн чинь гэр рүүгээ ороод дахиад хутга авч гарч ирэхээр нь би зугтаатал Э гартаа барьж байсан хутгаараа Хатанхүүгийн араас хутгалчихсан. Тэгтэл гэрээс Эын аав гарч ирээд салгасан. Тэгээд Ням-Од бид хоёр Хатанхүүг машинд суулгаад Бэрхийн эмнэлэгт авч ирж анхны тусламж үзүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

Гэрч Б.Ням-Одсэрийн өгсөн: "...2022 оны 09 дүгээр сарын 05-ны орой 21 цаг өнгөрч байхад найз Нямхүүгийнд хоол идэх гэж ирээд байхад Нямхүү руу Хатанхүү залгаад хөгшөөн завтай байвал нэг шил архи авчраад өгөөч би "Конторбааз" дээр  Эынд байна гэж хэлсэн тэгээд Нямхүү бид хоёр дэлгүүрээс нэг шил  архи аваад Эынд очиход Э, Хатанхүү, Сүмбээ нар сууж байсан Сугараа гэх залуу бараг тасарчихсан байсан. Гэрийнх нь хойд талд Эын аав өөр нэг хун унтаж байсан. Тэгээд бид хоёрын авч очсон архийг Э, Хатанхүү, Сугараа, Нямхүү бид нар хувааж ууж дуусаад Нямхүү машиныхаа арын хэсгээс 0,5 литрийн нэг шил архийг гаргаж өгөөд тэр хэд бараг уухгүй болохоор нь Нямхүү, Хатанхүү бид нарыг явъя гээд Нямхүү түрүүлээд гарсан араас нь Хатанхүү гарсан тэгтэл Э гарсан тэгээд би араас нь гарахад Э, Нямхүү нар хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд Э, Нямхүүг хоёулаа ийшээ явъя  гээд машины гэрлээс холдоод явсан тэгтэл дараахан нь хоорондоо зодолдоод гэрэлд гараад ирсэн. Тэгээд Э, Нямхүүгээс зугтаагаад гэр рүүгээ гуйж ороод хутга бариад гараад ирсэн тэгэхээр нь Хатанхүү хутгыг нь салгаж аваад шидчих шиг болсон тэгсэн чинь буцаад гэр рүүгээ гүйж орохоор нь би араас нь ортол гартаа дахиад хутга барьчихсан байхаар нь би очоод гарыг нь бариад авсан чинь гараа татаж аваад гэрээс гүйгээд гарсан. Тэгээд намайг араас нь гарахад Э Хатанхүүг хутгалчихсан байсан. Тэгэхээр нь Нямхүү бид хоёр Хатанхүүг машинд суулгаад Бэрхийн эмнэлэг дээр авч ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

Гэрч Ц.Цэрэнгийн өгсөн: "...би гэрээс урагш нойл орж шээх гэж явснаа санаж байна нэг мэдэхэд Эын гэрээс урагш нойлынх нь хажууд унтаж байсан. Намайг сэрээд гэрт ороход Э, Батсүмбэр,Сугардаш нар унтаж байсан, цаг харахад шөнийн 04 цаг өнгөрч байхаар нь би Эынд унтсан. Тэгтэл өглөө 06 цаг өнгөрч байхад шөнө хун хутгалуулсан өглөө цагдаа ирж уулзаарай гэсэн гэхээр нь Бэрхийн цагдаагийн тасаг дээр ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 620 дугаартай дүгнэлт

  1. "Г.Хатанхүүгийн биед зуун далны доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул шуух эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар тал/,

Яллагдагч Д.Эын "...тэгэхээр нь гэртээ эргэж ороод дахин хүрэн өнгийн модон бариултай хутга аваад гэрийн гадаа гарч ирэхэд гэрийн баруун урд хун зогсож байхаар нь харанхуйд Нямхүүг байна гэж бодоод араас нь нэг удаа хутгалсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 61 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

Эд мөрийн баримтаар ажлын хэсгийн урт 15 см, бариул хэсгийн урт 11.5 см, хутганы нийт урт 26.5 см, бариул хэсгийн өргөн 1.8 см, ажлын хэсгийн өргөн 0,3 см 2 ширхэг хутга хурааж авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6 дугаар тал/,

Д.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/,

            Д.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/,

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 112-113 дугаар тал/,

Хохирогч Г.Хатанхүүгийн гаргасан “Зөвшилцөж, тохиролцсон, гомдол саналгүй” тухай нотариатаар батлуулсан хүсэлт  /хх-ийн 114 дүгээр тал/,

Шүүгдэгч Д.Эын гаргасан “Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 116 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт “Конторбааз” гэх газарт Э.Нямхүүтэй согтуугаар маргалдаж улмаар Г.Хатанхүүгийн зүүн далны доод хэсэгт нь хутгалж, түүний эрүүл мэндэд зүүн далны доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол нь хэрэгт авагдсан хохирогч Г.Хатанхүүгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Д.Эын үйлдлийн улмаас хохирогч Г.Хатанхүүгийн эрүүл мэндэд учирсан зүүн далны доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Д.Эын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Хэнтий аймгийн Прокурорын газраас Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.     

Яллагдагч Д.Э нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 116 дугаар тал/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 117 дугаар тал/ гарган яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Д.Э хүлээн зөвшөөрч /хх-ийн 124-125 дугаар тал/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Э-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  4. Шүүгдэгч Д.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт 15 см, бариул хэсгийн урт 11.5 см, хутганы нийт урт 26.5 см, бариул хэсгийн өргөн 1.8 см, ажлын хэсгийн өргөн 0.3 см-ын 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ