2019 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2019/00698 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 47 дугаар байрны 17 тоотод оршин суух, 35 настай, эрэгтэй, ЧО84120415 регистртэй, Боржигон овогт Ширээбазарын Мөнхтулгын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23-35 хаягт байрлах бүртгэлтэй, одоогоор Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Голден парк хотхоны 101 дүгээр байрны 169 тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулах, хуулийн этгээдийн 5547598 регистртэй Ш К ХХК-д холбогдох, 47,984,800 /дөчин долоон сая есөн зуун наян дөрвөн мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-А, хариуцагч байгууллагын захирал Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ганхуяг /ШТҮД: 0302/ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ш.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэгч Ш К ХХК-тай Орон сууцны байр захиалгаар барих тухай 01/83 тоот гэрээг байгуулж, уг гэрээний 3.2-т заасны дагуу гүйцэтгэгч нь барилгыг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах үүрэг хүлээсэн боловч барилгыг барьж дуусгалгүй өдий хүрлээ. Гэрээний дагуу захиалагч тал гэрээнд заасан нөхцлийн дагуу орон сууцны 30 хувийн төлбөр 25,984,800 төгрөгийг хугацаанд нь төлсөн. Гүйцэтгэгч нь анхнаасаа хууль бусаар барилга барихаар төлөвлөж, иргэдээс мөнгө төвлөрүүлсэн, санаатай үйлдэл хийсэн болохыг би мэдсэн бөгөөд, гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрч, хэт удсан тул миний зүгээс гэрээгээ цуцлахаар удаа дараа холбогдсон ч утсаа авахгүй зугтаж, ажлын байранд нь олон удаа очсон боловч уулзалдаж чадахгүй байна. Үүний улмаас миний бие байр ч байхгүй, мөнгө ч байхгүй, байр хөлсөлж суух, бусдаас мөнгө зээлэх зэргээр эдийн засгийн хувьд болон ахуй амьдрал, сэтгэл санааны хувьд их хохирсон. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2018/11421 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, хаяг тогтоох хүсэлт гаргасны дагуу Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 103/ШШ2018/00311 тоот шийдвэрээр тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоосон. Ийнхүү гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчиж, урт удаан хугацааны турш хохироож, шүүхээр шийдвэрлэхэд хаяг тодорхойгүйн улмаас хүндрэл учруулсаар өдий хүрсэн. Иймд захиалагч би гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 227.1, 227.4, 229.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан төлсөн орон сууцны үнийн 30 хувь буюу 25,984,800 төгрөг болон хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох байр хөлсөлсөн төлбөр 9,000,000 төгрөг, зээлийн алданги төлбөр 2,450,000 төгрөг, нийт 37,434,800 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү... гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.М- нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ...Миний бие анх гаргасан нэхэмжлэлдээ хохирлыг буруу тооцоолсон байна. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж хүлээлгэн өгөөгүй тул ашиглалтад орох байсан хугацаа болох 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл орон сууц хөлсөлсөн зардалд нийт 22,000,000 төгрөгийг төлж хохирсон. Мөн өмнөх нэхэмжлэлд дурдсан зээлийн алданги төлсөн хохирлыг нотлох хангалттай баримт байхгүй тул шаардах боломжгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гэрээний үүрэг зөрсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбоотой орон сууцны урьдчилгаа төлбөр 25,984,800 төгрөг, учирсан хохирол болох байр хөлсөлсөн төлбөр 22,000,000 төгрөг, нийт 47,984,800 төгрөгийг хариуцагч Ш К ХХК-иас гаргуулж хохиролцгүй болгож өгнө үү... гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч анх орон сууцны захиалга өгөхдөө 1 хүүхэдтэй 3 ам бүл байсан бол 3 жил 6 сарын хугацаанд 5 ам бүл болсон. Ш.М- нь энэ хүртэлх хугацаанд байр хөлслөн амьдарч, нийт 22,000,000 төгрөгийн зардал гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 47,984,800 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Ш К ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байрыг ашиглалтанд оруулах үүрэг хүлээсэн. Гэрээний 4.4-т заасны дагуу Ш.Мөнтулга нь орон сууцны 30 хувийн төлбөр болох 25,984,800 төгрөгийг хугацаанд нь төлсөн байдаг. Хариуцагчид үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан, хариуцагч сүүлдээ утсаа авахаа больж олдохоо байсан учраас хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд хандсан. Хариуцагч талын бусдаас хамааралтай, өөрсдөөс нь шалтгаалаагүй юм шиг гэрээний үүргээ биелүүлж чадаагүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй юм. Хариуцагч компани нь холбогдох зөвшөөрлөө авсны үндсэн дээр захиалагч нартай гэрээ байгуулах ёстой. Бид нэхэмжлэл гаргахдаа хариуцагч компанитай холбоотой шүүхийн шийдвэрийг судалж холбогдох мэдээллийг олж авсан. Ш.М- нь хариуцагч компанийн захиралтай холбогддог байсан боловч сүүлдээ утсаа авахаа байсан. Би энэ хүнтэй холбогдоод уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй. Энэ нь Хан-Уул дүүрэгт гаргасан нэхэмжлэл болон Багануур дүүргийн шүүхэд эрэн сурвалжлуулахаар гаргасан хүсэлт зэргээр тодорхойлогдоно. Нэхэмжлэгч нь түрээсийн орон сууцаа 2014 онд байгуулж, байраа ашиглалтад орох хүртэл хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл захиалсан байрандаа орж чадахгүй, түрээсийн байрандаа амьдарсаар байна. Өмнөх сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэх боломжгүй гэж үзээд, байр хүлээлгэж өгөх ёстой 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл буюу 40 сарын түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн зүгээс байраа ашиглалтад орохыг их хүлээсэн. Ш.М- өмнө нь ээжтэйгээ Багануурт амьдардаг байж байгаад гэр бүлтэй болж тусдаа гарсан. Өөрөө Төв аймгийн Заамар суманд ажилладаг, Улаанбаатар хотод суурьшин амьдрах зорилготой байсан учир энэ байрны захиалгыг өгсөн. Одоо хөлслөн суудаг орон сууцанд эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг... гэв. Хариуцагч Ш К ХХК-ийн захирал Н.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Тус компани нь иргэн Ш.М-тай 01/83 тоот гэрээ байгуулж байрны урьдчилгаа 30 хувийн төлбөр 25,984,800 төгрөгийг авсан. Манай компани дээрх гэрээний дагуу уг барилгыг 2015 оны 9 дүгээр сард ашиглалтанд оруулах ёстой боловч манай хөрөнгө оруулалт бусад хүчин зүйлүүдээс үүдэн одоо хүртэл ашиглалтанд ороогүй байгаа. Нэхэмжлэлд манай компанийг барилга барих зөвшөөрөлгүй, техникийн нөхцлүүд аваагүй байж иргэдээс мөнгө төвлөрүүлж дээрх барилгуудыг барьсан гэж дурдсан байна. 2013 онд Монголын хот байгуулалтын хүрээлэн ХХК-ийн эзэмшлийн 60,0 га газарт Ирээдүй нэртэй хороолол барих шийдвэр гарч, инженерийн ажил эхлэж, хорооллоор нь барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл, холбогдох техникийн нөхцлүүд гарч барилгын ажлууд эхлэн, эхний ээлжийн барилгууд 2015 онд ашиглалтанд орсон. Манай компани дээрх зөвшөөрлүүдийн хүрээнд 2014 оны 9 дүгээр сард барилга угсралтын ажлаа эхлүүлэн, одоогийн байдлаар 3 давхар, 10 айлын 9 блок, нийт 90 айлын орон сууцны барилга барьж, одоо 90 хувийн гүйцэтгэлтэй үйл ажиллагаа явуулж, 2019 оны 9 дүгээр сард бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгч тал манайхыг утсаа авдаггүй, хаяг дээрээ байдаггүй гэжээ. Ш.М-ын эхнэр надтай байнга утсаар холбогдож байсан. Миний утсыг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст өгч, эрэн сурвалжлуулахад би холбогдож энэхүү нэхэмжлэлийг авсан. Манай компани дээрх нэхэмжлэлээс үндсэн төлбөр болох 25,984,800 төгрөгийг буцаан авахыг зөвшөөрч байна. Алданги, хүү зэрэг 11,450,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь гэрээний 4.6-д гэрээг цуцалсан нөхцөлд урьд төлсөн төлбөрийг дараагийн захиалагч төлбөр хийсэн нөхцөлд мөнгийг буцаан олгоно. Энэ үед захиалагч талаас ямар нэгэн хүү, алданги тооцохыг зөвшөөрөхгүй гэсний дагуу алдангийг хариуцахгүй... гэжээ. Хариуцагч байгууллагын захирал Н.Э, өмгөөлөгч Ш.Г хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ш.М- нь манай компанитай 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, 2 удаагийн төлөлтөөр 25,984,800 төгрөг төлсөн. Тухайн үед гэрээгээр 2015 оны 10 дугаар сард байраа хүлээлгэж өгөх ёстой байсан. Хорооноос манай байрны дулааны асуудлыг шийдэж өгөхгүй байгаа. Хорооноос дулааны асуудлыг цогцоор нь шийдэж өгнө гэсэн учраас манай компанийн барилга зогсчихоод байна. Энэ хүртэлх хугацаанд бидэнд яваагүй газар гэж байхгүй. Мөн хөрөнгө оруулалтын асуудал зогссон. Нэхэмжлэгчийн захиалсан байрыг барьсан ч ашиглалтанд өгөөгүй. Ашиглалтанд өгөөгүй гэдэг нь гадна дотор засал болон инженер техникийн шугамыг хийгээгүй. Би Ш.М-тай байнга холбоотой байдаг. 2018 оны 7 дугаар сард надад дээр ирж тодорхойлолт хийлгүүлж аваад явсан. Гэрээнд захиалагч нь байрны урьдчилгаа мөнгөө авахаар бол бичгээр мэдэгдэх бөгөөд, дараагийн захиалагч байрны урьдчилгаагаа өгсөн тохиолдолд өмнөх захиалагчийн мөнгийг өгнө гэсэн заалт байгаа. Нэхэмжлэгчийн байрны түрээсийн 22,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Манай компани 2019 оны 4 дүгээр сараас ажлаа эхэлж 9 сард барилгаа ашиглалтад оруулж оршин суугчдаа оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Манай барилга байнгын манаачтай, би өдөр бүр манаачаасаа мэдээлэл авдаг. Манаачтай уулзахад миний гэрийн хаягийг заагаад өгнө. Миний 3 утас байнга нээлттэй байгаа. Ш К ХХК нь хүмүүсийн мөнгийг зүгээр авсан зүйл байхгүй. Орон сууцны урьдчилгаанд өгсөн мөнгөөр 3 давхар 9 блок барилга барьсан. Нэхэмжлэгч нь гэрээгээ цуцалж байгаа. Гэрээг цуцалсан тохиолдолд захиалагч болон гүйцэтгэгч нарын үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгөөд, өмнөх захирал н.Э үед хийгдсэн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байсан. н.Л захирлын үед тооцогдсон алдангиа ярилцаж тохиролцоод төлсөн байдаг. Хугацаа хожимдсон ч тохиолдлын шинжтэй үүссэн хариуцлагыг хариуцагч байгууллага хариуцахгүй. Нэхэмжлэгч нь орон сууц захиалах гэрээг цуцлана гэж яриад байгаа болохоос түүнээс цааш олох байсан орлого болон учрах хохирлыг хариуцагч тал хариуцахгүй. Хохиролд шаардаж буй орон сууц хөлслөх гэрээнд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 13,900,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан н.Л гэж байдаг. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 13,900,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байдаг. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө байр ашиглалтад орсон бол тохиолдлын шинжтэй үүссэн хариуцлагыг хариуцахгүй... гэв. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ш.М- нь хариуцагч Ш К ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэг зөрчсөний улмаас ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбоотойгоор урьдчилгаа төлбөрт төлсөн 25,984,800 төгрөг, гэрээний улмаас учирсан хохиролд 9,000,000 төгрөг, бусдаас авсан зээлийн хүү, алданги 2,450,000 төгрөг, нийт 37,484,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, урьдчилгаа төлбөрт төлсөн 25,984,800 төгрөг гаргуулах, мөн гэрээний дагуу орон сууц ашиглалтанд оруулахаар тохирсон 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд бусдын орон сууцыг хөлслөн амьдарснаар өөрт учирсан хохирол 22,000,000 төгрөг, нийт 47,984,800 төгрөгийг Ш К ХХК-иас гаргуулахаар шаардсан. Хариуцагч Ш К ХХК-ийн захирал Н.Э нэхэмжлэлийн шаардлагаас урьдчилгаа төлбөрт төлсөн 25,984,800 төгрөгийг нэхэмжлэгч Ш.М-д буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч, гэрээнээс учирсан хохиролд шаардсан 22,000,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч, ...барилгыг хөндлөнгийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглалтанд оруулж чадаагүй бөгөөд, энэ хугацаанд захиалагч талтай байнга холбоотой байсан учир эрэн сурвалжлуулах шаардлагагүй байсан, мөн нэхэмжлэгчийн хөлслөн суусан гэх байрандаа 2015-2019 оны хооронд амьдарч байсан болох нь баримтаар хангалттай нотлогдохгүй байна... гэх агуулга бүхий тайлбар гарган маргав. Талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 01/83 тоот Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээ бичгээр байгуулагдан, уг гэрээний дагуу ажил гүйцэтгэгч Ш К ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Ирээдүй орон сууцны хорооллын 12 дугаар байрны 2 дугаар орцны 2 давхарт 80 м.кв талбайтай орон сууцны байрыг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор барьж ашиглалтанд оруулан захиалагч Ш.М-д хүлээлгэж өгөх, захиалагч нь орон сууцны төлбөрийг 1 м.кв талбайн үнэ 1,080,000 төгрөгөөр тооцож нийт 86,616,000 төгрөгийн 10 хувь буюу 8,661,600 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2-5 хоногийн дотор, 20 хувь буюу 17,323,200 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 70 хувь буюу 60,631,200 төгрөгийг барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 7 хоногийн дотор төлөх үүргийг тус тус хүлээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. /хх 9-11/ Нэхэмжлэгч Ш.М- дээрх гэрээний дагуу өөрийн захиалсан орон сууцны төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 25,984,800 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу 2 удаагийн төлөлтөөр төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Төлбөрийн хүснэгт бүхий баримт болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх 12/ Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу болон, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.2 дахь хэсэгт Уг сууцны барилгыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгаж ашиглалтанд оруулна гэж зааснаар хариуцагч Ш К ХХК нь гэрээний зүйл болох орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр захиалагч Ш.М-д хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ. Гэвч хууль болон гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Ш.М- нь Орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээг хариуцагч Ш К ХХК-тай байгуулахаас өмнө буюу 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Д.Т, Ж.Л нартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, тэдний өмчлөлийн 0000 тоот хаягт орших 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гэрээ байгуулсан өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай хөлслөн, 1 сарын 550,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирч, төлбөрийг 1 жилээр нь буюу 6,600,000 төгрөгийг бүрэн төлж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх 39/ Дээрх гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусахад хариуцагч Ш К ХХК нь Ш.М-ын захиалсан орон сууцыг ашиглалтанд оруулах үүргээ биелүүлээгүйн улмаас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар Орон сууц хөлслөх гэрээг сунган, төлбөр 13,200,000 төгрөгийг хөлслүүлэгчид төлж, улмаар уг хугацаа дуусахад 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дахин 2 жилийн хугацаагаар гэрээг сунгаж төлбөр 13,200,000 төгрөгийг Ш.М- нь хөлслүүлэгчид төлсөн болох нь Орон сууц хөлслөх гэрээний сунгалт, нэмэлт өөрчлөлтийг тусгасан 4.5 дахь хэсэгт тусгагдан, гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, энэ хугацаанд нэхэмжлэгч Ш.М- хөлслөн суусан орон сууцны ашиглалтын зардал төлж байсан болох нь төлбөрийн нэхэмжлэх бүхий баримтуудаар тогтоогдох бөгөөд, гэр бүлийн хамт түр оршин суудаг талаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны засаг дарга тодорхойлжээ. /хх 40, 47, 49-103/ Хариуцагч Ш К ХХК өнөөдрийг хүртэл гэрээний зүйл болох орон сууцыг ашиглалтанд оруулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул захиалагч Ш.М- гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 25,984,800 төгрөгийг гүйцэтгэгчээс буцаан шаардах эрхтэй. Хэдийгээр талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.6 дахь хэсэгт гэрээг цуцалсан нөхцөлд урьд төлсөн төлбөрийг дараагийн захиалагч төлбөр хийсэн нөхцөлд мөнгийг буцаан олгоно. Энэ үед захиалагчийн талаар яман нэг хүү, алданги тооцохыг зөвшөөрөхгүй гэж заасныг хариуцагч байгууллагын захирал үндэслэл болгон маргах бөгөөд, ...гэрээний талуудын бус хөндлөнгийн бусад байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан ажил гүйцэтгэх гэрээний биелэлт саатсан, мөн 2019 оны 9 дүгээр сард бүрэн ашиглалтанд оруулна... гэх зэргээр тайлбарлах боловч тэрээр нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа төлбөр 25,984,800 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч Ш К ХХК-ийн захирал Н.Эт гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа шаардаж, сануулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн зүгээс Тодорхойлолт гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан шаардлагыг хангасан байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол буюу орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 22,000,000 төгрөгийг хариуцагч Ш К ХХК-иас шаардах эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ш К ХХК-иас 47,984,800 /дөчин долоон сая есөн зуун наян дөрвөн мянга найман зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.М-д олгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529,124 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397,874 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА | | |