| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0003/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/03 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ийн Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, .. настай, ..., халх, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ..., ам бүл ..., ... хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын ... гэх газарт оршин суух, урьд ... ялаар шийтгүүлж байсан, Б овогт М-ийн Б /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймаг Эрдэнэ сум 2 дугаар баг Загийн Шанд гэх газарт өөрийн хамтран амьдрагч Ц.У-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шуудайтай хонины ноос асгарсан, хамсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хоолойг нь боох, нүүр лүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож баруун нүдний дээд зовхинд, хөмсөгний дээд талд зулгаралт, дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний склерт цус хуралт, духан дээр зулгаралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 дугаар сард Дорноговь аймгийн Эрдэнэ сум Загийн Шанд гэх газар хамтран амьдрагч У-тэй өөрийн цөөн хэдэн малыг айлын малтай хамт маллаж байсан. Тухайн үед У малын хашаанд байх хонины ноосыг аваагүй малын хашаа цэвэрлээгүй байхаар нь би эхнэртээ хандаж зүгээр байж байхаар хашаа хороогоо цэвэрлэхгүй яасан юм бэ гэсэн чинь л хэрүүл хийж эхэлсэн би хонь хашчихсан байж байгаад хонио гараад усалчхаад ирсэн тэгсэн мөн л хэрүүл хийгээд байхаар би ер нь нутаг руугаа явлаа гэж хэлээд сууж байсан чинь эхнэр У би өртэй машинтай байж чадахгүй гэж элдвээр хэлээд нүүр лүү шороо цацаж хэл амаар доромжлоод байхаар босож ирээд нүүр лүү нь нэг удаа өшиглөчхөөд гэрийн гаднаас хоёр угжны ямаагаа аваад машинаа унаад явсан. Би эхнэртэйгээ амьдраад 8 жил болж байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэдгүй. Охин Ч байсан өөр хүн байгаагүй. Би тэр өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би нэг л удаа өшиглөсөн хөлдөө сандаалтай байсан. Өөр ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. Ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Эхнэртэйгээ маргалдаж байхад гаднаас ямар нэгэн хүн байгаагүй. Д гэх хүнийг танина манай саахалт айлын эмэгтэй байгаа юм. Би урьд нь эхнэрээ зодож байгаагүй ам зөрж хэрэлддэг л байсан өөр зүйл байхгүй. Дүгнэлтэд тусгагдсан зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэсэн энийг эхнэр үхэр сааж байгаад хашаатай хавсраад нидэрчихсэн юм. Бусад гэмтлийг нь би хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хамт амьдарч байгаа. Загийн Шанд гэх газар амьдрахаа больсон Төв аймгийн Мөнгөн морьт суманд мал маллаж байгаа. Нэмж ярих зүйл байхгүй. Санал хүсэлт байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна гэжээ. /хх-ийн 51-53/
Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 сарын 16-нд үхэр саалгаад хонио тууж ирсэн. Хашаанд хэдэн өттэй хонь байсан тэдгээрийг гаргаагүй байсан. Гэрт У, охины хамт байсан. Би малын хашаанд байх хонины ноосыг аваагүй малын хашаа цэвэрлээгүй байхаар нь би эхнэртээ хандаж зүгээр байж байхаар хашаа хороогоо цэвэрлэхгүй яасан юм бэ гэсэн чинь л хэрүүл хийж эхэлсэн би хонь хашчихсан байж байгаад хонио гараад усалчхаад ирсэн тэгсэн мөн л хэрүүл хийгээд байхаар би ер нь нутаг руугаа явлаа гэж хэлээд сууж байсан чинь эхнэр У би өртэй машинтай байж чадахгүй гэж элдвээр хэлээд хэрэлдсэн. Өттэй хурганы толгой барьж бай гэсэн чинь надад уурласан уурандаа хурганы хүзүүн дээр гишгэсэн. Би уурлаад цохисон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.
Хохирогч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 07 дугаар 16-ны өдөр Эрдэнэ сум 2 баг Загийн Шанд гэх газар хөдөө гэртээ охин Ч, хамтран амьдрагч Б-ын хамт байсан бид гурав өттэй малаа янзлаад хонины хашаанд байсан тэгсэн хашаанд хонины ноос шуудайлчихсан байсан тэрний ам нь онгойгоод ноос нь гарчихсан байсан тэрийг хий гээд надтай хэрүүл хийгээд байсан. Охин өттэй хонины өтийг нь түүгээд хажууд нь Б хөлийг нь барьчихсан байсан намайг Б хүзүүг барь гэхээр нь би хүзүүн дээр нэг хөлөөрөө гишгэсэн тэгсэн Б босож ирээд баруун гараараа миний хүзүүний зүүн тал руу нэг удаа цохиход нь гуйваад манарсан тэгсэн ахиад нэг удаа зүүн хүзүү рүү цохиход нь би ухаан алдсан сэргэсэн чинь охин маань хажуу талд сууж байсан. Б машинаа асаагаад хонины хашааны хажууд ирчихсэн цагдаа руу явъя гэсэн би явах гэж хэлээд охиноороо түшүүлээд гэртээ орж хэвтсэн. Би хэсэг унтаж байгаад 17 цагийн үед сэрсэн тэгсэн хойд айлын Д нэг хүүхэдтэй гэрт ирчихсэн байсан би босож бие засчхаад орж ирэхэд Д хүүхдээ аваад малаа усална гээд худаг явсан гэжээ. /хх-ийн 10-13/
Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ өдрийн өглөө ээж У, Б ах бид гурав байсан. Тухайн өдөр хурганы ноос хамсангүй гэж тэр хоёр маргалдаад байх шиг болохоор нь би гэрээс гарч очоод гурвуулаа хамт ноос хамсан. Гэрт орж ирж Б ээж хоёр хэрэлдэж байгаад гараад хонио хурааж ирээд хонио хашсан. Өттэй хонио Б ах бариад би өтийг цэвэрлэж байхад Б ах ээжийг ирээд хонины толгой бариад өг гэсэн ээж ирээд хонины хүзүүн дээр гишгэсэн тэгсэн газар унаж байсан миний нүдний үзүүрт Б гараа татаж авч байсан. Би ээжийг сэрээх гээд байсан Б ус авчирч шавшаад ээж сэрээд би ээжийг түшиж гэр лүү оруулж орон дээр хэвтүүлсэн. Тэр хооронд тэр хоёр бас хэрэлдээд байсан гэрт савтай нэрмэл архи байсан тэрийг уусан. Орой 20 цагийн үед үхэр ирээд хойд айлын Д эгч ирээд үхэр саахад тусалж 21 цаг өнгөрөөгөөд дуусгаад гэрт орсон. Б гэрт аяга, данх шидлээд байсан. Д эгч хүүхэдтэйгээ хамт явж байсан болохоор ээж хүүхдээ аваад гар гэж хэлээд гаргасан. Би ширээнд дээр байсан гар утсыг аваад бие засах гээд гарсан тэгсэн араас Б гарч ирээд гар утас хаана байна гээд хөөгөөд байсан, тэгсэн ээж гар утсаа шид гэхээр шидчихээд доошоо суучихсан тэгсэн Б цаашаа эргээд ээж рүү яваад ээжийн үсдээд чирэхээр нь би хөөе яаж байна гэсэн чинь ээжийг орхиод над руу ирэхээр нь би арагшаа ухарсан тэгсэн ээж араас ирээд намайг зугт гэхээр нь би хойд айлын Д эгчийнд очиход хүнгүй байсан эргээд ирэхэд Б эгч машинтайгаа ирчихсэн байсан. Би гэрт ороод өөрийнхөө гар утсыг бичиг баримттайгаа аваад хойшоо гараад гадаа ээжийн утсыг хайж олоод Б эгчийн машины хажууд ирсэн тэгсэн Б машинд сууж бай гэхээр нь би орж суусан тэгсэн түм тас хийх дуу чимээ гарахаар нь машинаас буугаад очиход ээж доош харчихсан байхаар нь дээш нь харуулсан чинь дух нь хавдчихсан нүднээс нь цус гарч байхаар нь нүднийх нь цусыг цэвэрлэж байгаад цагдаад дуудлага өгсөн гэжээ. /хх-ийн 26-28/
Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх Дорноговь аймгийн Эрдэнэ сум Еншөөбү 2 дугаар баг Загийн Шанд гэх газар нутагладаг. Би тухайн өдөр малаа маллаж байсан. Манайхтай ойролцоо урд талд Б, У гэх айлынх байдаг. Би тэр хоёртой нэг нутагт байдаг болохоор нь мэнд мэддэг өөр зүйлгүй түрүү жил нүүж ирсэн. Б нь эхнэрээ зодож байхыг хараагүй. Тухайн үед Б нь эхнэр Уранчимэг рүү гээ аяга шидэж байсан тэр аяга оноогүй. Би хоёр хүүхэдтэйгээ, Б, У, тэдний охин байсан өөр хүн байгаагүй. Энэ хоёр Б гэх нэртэй айлын малыг малладаг юм. Тэр айл нь У-ээс зүүн урагш байдаг. Намайг У эгч Б намайг зодоод байна гэж Б эгчид хэлээд өгчих гэхээр нь би Б эгчийнд очиж хэл дуулгасан тэгэхэд машинтайгаа У эгчийнд очих гээд хөдөлсөн би шууд гэртээ харьсан ахиж очоогүй. Би урьд энэ хоёрыг зодоон цохион хийж байхыг хараагүй. Надад энэ талын юм У эгч хэлж байгаагүй. Намайг гэрт нь байхад Б У эгчийг цохиж зодоогүй намайг ирэхээс өмнө яасан талаар мэдээгүй. Гэрт нь ороход Б ах хажуудаа 5 литрийн хуванцар савны талаас доогуур хэмжээтэй нэрмэл архи тавьчихсан байсан. Тэгээд Б ах У эгч рүү орилоод ойр зуурын юм хийсэнгүй гэж хэлээд загнаад байсан. Б ах эрүүл харагдаж байсан гэжээ. /хх-ийн 30-32/
Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн иргэн Ц.У нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг М.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 22-24/
Шинжээчийн 2022 оны 07 сарын 20-ны өдрийн ... дугаартай дүгнэлтэд 1. Ц.У-ийн биед баруун нүдний дээд зовхинд, хөмсөгний дээд талд зулгаралт, дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний склерт цус хуралт, духан дээр зулгаралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Ц.У-ийн биед үүссэн гэмтлүүдийн нүдний дээд зовхинд, хөмсөгний дээд талд зулгаралт, дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний склерт цус хуралт гэмтэл нь дангаараа "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, духан дээр зулгаралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 35-36/
Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 45-47/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/
Шүүхийн шийтгэх тогтоолууд /хх-ийн 63-101/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 130-131/
Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 133-134/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 49 дугаартай тогтоол /хх-ийн 135-137/
Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 138-139/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч М.Б нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймаг Эрдэнэ сум 2 дугаар баг Загийн Шанд гэх газарт өөрийн хамтран амьдрагч Ц.У-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шуудайтай хонины ноос асгарсан, хамсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хоолойг нь боох, нүүр лүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож баруун нүдний дээд зовхинд, хөмсөгний дээд талд зулгаралт, дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний склерт цус хуралт, духан дээр зулгаралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.У-ийн “...Охин өттэй хонины өтийг нь түүгээд хажууд нь Б хөлийг нь барьчихсан байсан намайг Б хүзүүг барь гэхээр нь би хүзүүн дээр нэг хөлөөрөө гишгэсэн тэгсэн Б босож ирээд баруун гараараа миний хүзүүний зүүн тал руу нэг удаа цохиход нь гуйваад манарсан тэгсэн ахиад нэг удаа зүүн хүзүү рүү цохиход нь би ухаан алдсан сэргэсэн чинь охин маань хажуу талд сууж байсан. ... Тэгсэн Б миний өмссөн хувцасны захаар хүзүүгээр боогоор гэрийн хажууд хураалттай байсан барааны хажууд чирч авчирсан энэ үед малын эзэн Б машинтай ирж юу болсон талаар асуухад Б өөрийн зөв болгож Б-д өдрийн болсон явдлыг хэлсэн. Б над руу шороо цацаад байхаар нь би газар суусан чигээрээ шороо аваад Б руу цацсан тэгсэн Б миний нүүр лүү өшиглөсөн би баруун нүдээ дараад хажуу тийшээ хэвтсэн тэгсэн гэдэс рүү өшиглөсөн би гэдсээ бариад эвхэрч байхад ахин толгой руу өшиглөсөн тэр үед Б, охин хоёр машинаас бууж ирээд Б-ын Б аваад гэрт орсон охин миний нүднээс гарсан цусыг 00 цаас арчиж байсан.” /хх-ийн 38-39/ гэх мэдүүлэг, гэрч Б.Ч-ийн “...Өттэй хонио Б ах бариад би өтийг цэвэрлэж байхад Б ах ээжийг ирээд хонины толгой бариад өг гэсэн ээж ирээд хонины хүзүүн дээр гишгэсэн тэгсэн газар унаж байсан миний нүдний үзүүрт Б гараа татаж авч байсан. Би ээжийг сэрээх гээд байсан Б ус авчирч шавшаад ээж сэрээд би ээжийг түшиж гэр лүү оруулж орон дээр хэвтүүлсэн. Тэр хооронд тэр хоёр бас хэрэлдээд байсан гэрт савтай нэрмэл архи байсан тэрийг уусан. ... Би ширээнд дээр байсан гар утсыг аваад бие засах гээд гарсан тэгсэн араас Б гарч ирээд гар утас хаана байна гээд хөөгөөд байсан тэгсэн ээж гар утсаа шид гэхээр шидчихээд доошоо суучихсан тэгсэн Б цаашаа эргээд ээж рүү яваад ээжийн үсдээд чирэхээр нь би хөөе яаж байна гэсэн чинь ээжийг орхиод над руу ирэхээр нь би арагшаа ухарсан тэгсэн ээж араас ирээд намайг зугт гэхээр нь би хойд айлын Д эгчийнд очиход хүнгүй байсан эргээд ирэхэд Б эгч машинтайгаа ирчихсэн байсан. Би гэрт ороод өөрийнхөө гар утсыг бичиг баримттайгаа аваад хойшоо гараад гадаа ээжийн утсыг хайж олоод Б эгчийн машины хажууд ирсэн тэгсэн Б машинд сууж бай гэхээр нь би орж суусан тэгсэн түм тас хийх дуу чимээ гарахаар нь машинаас буугаад очиход ээж доош харчихсан байхаар нь дээш нь харуулсан чинь дух нь хавдчихсан нүднээс нь цус гарч байхаар нь нүднийх нь цусыг цэвэрлэж байгаад цагдаад дуудлага өгсөн.” /хх-ийн 26-28/ гэх мэдүүлэг, гэрч Г.Д-ийн /хх-ийн 30-32/ мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 07 сарын 20-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч М.Б-ын гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 “...хамтран амьдрагч...”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлдэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан байна. Шүүгдэгч М.Б нь хохирогч Ц.У-тэй хамт амьдраад 7 жил болсон нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Иймд шүүгдэгч М.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Ц.У нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн.
Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 214,000 төгрөгийг шүүгдэгч М.Баттулгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “...гэмт хэргийн улмаас иргэн Ц.У нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг М.Б-аас гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 сарын 05-ны өдрийн ... дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 57-58/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Б-аас иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 214,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгчийн шаардлагыг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл болгон авч үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-ийн Б-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М-ийн Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч М.Б нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.Б-аас 214,000 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
5. Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болох эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б