Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0211/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                   Б.Н

Шүүгдэгч                                                          Г.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овогт Г-ын Т-д холбогдох 2239000000347 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг Шийрийн 01-10 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Эрдэнэбаттай маргалдаж улмаар гар утсаар толгой тус газар нь цохиж, хоолойг нь заамдаж, нүүр рүү нь цохин зодож, түүний эрүүл мэндэд нь толгойн дагз хэсгийн язарсан шарх, хамар, баруун шанаа, хүзүүний хэсгүүдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч С.Эрдэнэбатын өгсөн: "...2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Жаргалтхаан сумын 5 дугаар баг Шийрийн 1-10 тоотод найз Тэмүүлэн, Ууганбаяр нарын хамт Ууганбаярын мотоциклыг янзлаад буцаагаад угсраад байж байтал хашааны гаднаас гар утасныхаа гэрлийг тусгасан хүн орж ирсэн. Тэгэхээр нь хэн бэ гэтэл урдаас нэг юм хэлээд намайг шууд нүүр лүү цохиод зодоод байсан тэгээд босож ирээд манай сумын Т ах гэдгийг нь мэдсэн. Яг юунаас болж намайг цохиж, зодоод байсан талаар нь мэдээгүй. Тэгж байгаад миний толгой руу гэрэл тусгаж, байгаад Т ах миний толгой руу цохиод толгойг маань хагалчихсан. ...Яагаад цохисон талаар мэдэхгүй байна гаднаас шууд орж ирээд намайг зодсон. Би 2022 оны 08 дугаар сарын эхээр сумын төвд явган явж байтал Т ах ирээд эмээл авсан байна гээд надтай муудалцсан. Тэр эмээлийг нь 2021 оны 10 дугар сард Жаргалтхаан сумын харьяат Жавхаа гэх хүнээс нэг хонь өгч, авч байсан юм гэтэл намайг эмээлээ авсан гэж бодоод зодсон байх гэж бодож байна. Тэр хэрэг нь өөр мөрдөгч дээр шалгагдаж байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 10, 11 дүгээр тал/,

Гэрч Ц.Оюун-Эрдэнийн "...Т надад хэлэхдээ Эрдэнэбат манай баруун талын айлд байгаа юм шиг байна, унаанд суугаад Налайх руу явах гэж байна цагдаагаас өнөөдөр дуудуулсан чинь очиж уулзаагүй гэнэ очиж Эрдэнэбаттай уулзчихаад ирье гээд гараад явсан. Удалгүй араас нь очиход Т, Эрдэнэбатыг дээлийнх нь энгэрээс заамдчихсан байж байсан..." гэх мэдүүлэг /xx-ийн 16, 17 дугаар тал/,

Гэрч М.Түвшинжаргалын "...Би 2022 оны 09 дүгээр сарын 01 -ний өдрөөс 02-нд шилжих шөнө жижүүр эмчээр ажиллаж байх үед 02 цагийн үед манай сумын харьяат Эрдэнэбат нь хүнд зодуулсан гож толгойн дагзны доод хэсэгт 1 см язарсан шархтай, хамар болон баруун шанаа хүзүү хэсэгт зулгарсан шархтай орж ирсэн. Тухайн үед толгойн дагзны дээд хэсэгт үүссэн шархыг цэвэрлэж 1 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 20 дүгээр тал/,

Гэрч Х. Ууганбаярын “...Т гэх хун орж ирээд Эрдэнэбатыг нүүр рүү нь гэнэт цохиж аваад заамдаад доош нь дараад толгой руу нь гар утсаараа цохиод байсан. Тэгээд юу болсон бэ гээд намайг салгах гэхэд цаашаа бай чамд хамаагүй гээд байхаар нь би Т гэх ахын гараас нь бариад салгасан...” гэх мэдүүлэг /xx-ийн 23, 24 дүгээр тал/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 591 дугаартай дүгнэлт

  1. С.Эрдэнэбатын биед толгойн дагз хэсгийн язарсан шарх, хамар, баруун шанаа, хүзүүний хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул шуух эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүcэx байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 32, 33 дугаар тал/,

Яллагдагч Г.Тын "...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би С.Эрдэнэбатын биед халдаж зодсоноо хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 45, 46 дугаар тал/,

Г.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/,

Г.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 56 дугаар тал/,

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 60-61 дүгээр тал/,

Хохирогч С.Эрдэнэбатын гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан хүсэлт  /хх-ийн 59 дүгээр тал/,

Яллагдагч Г.Тын гаргасан “Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг Шийрийн 01-10 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Эрдэнэбаттай маргалдаж улмаар гар утсаар толгой тус газар нь цохих, гараараа нүүрэнд нь цохих зэргээр зодож түүний толгойн дагз хэсэгт язарсан шарх, хамар, баруун шанаа, хүзүүний хэсгүүдэд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол нь хэрэгт авагдсан хохирогч Д.Эрдэнэбатын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Тын үйлдлийн улмаас хохирогч Д.Эрдэнэбатын эрүүл мэндэд учирсан толгойн дагз хэсгийн язарсан шарх, хамар, баруун шанаа, хүзүүний хэсгийн зулгаралт нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Г.Тын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.  

 Иймд шүүгдэгч Г.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Хэнтий аймгийн Прокурорын газраас Г.Тын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.         

Шүүгдэгч Г.Т нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 63 дугаар тал/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 64 дүгээр тал/ гарган шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Г.Т хүлээн зөвшөөрч /хх-ийн  70-71 дүгээр тал/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Г.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овгийн Г-ын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Тыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ