Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0764

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Х  сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/00 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай    

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 116/2024/0004/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А ” ХХК нь Дорнод аймгийн Х  сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/00 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.     

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “А ” ХХК-ийн Дорнод аймгийн Х  сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Х  сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/00 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. ... Анхан шатны шүүх маргаан бүхий акт нь хуульд нийцсэн гэх дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай бөгөөд хариуцагч нэхэмжлэгч манай компанид анх газар олгохдоо Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байдаг.

3.2. Газар ашиглуулах эрх олгосон шийдвэрийн энэ зохицуулалтыг маргаан бүхий актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь заалт хэрхэн яаж үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, агуулгын хувь хоёрдмол эсхүл салаа утгагүй маш тодорхой тусдаа бие даасан зохицуулалтууд байгааг шүүх анхаараагүй бөгөөд Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын талаар огт дүгнэлт хийсэнгүй.

3.3. Маргаан бүхий актын үндэслэлд Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтад Иргэн аж ахуй нэгжид эзэмшүүлэх газрын дээд хэмжээ нь байгалийн хадлан бэлтгэлийн дагнан эрхлэх зориулалтаар аймаг 1500 га хүртэл” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл дурдсан байдаг. Гэтэл Засгийн газрын 2002 оны 28 дугаартай тогтоолд 8 дугаар хавсралт болон маргаан бүхий актад дурдсан агуулга бүхий заалт байхгүй. Харин 2003 оны 28 дугаартай тогтоолд ийм агуулга бүхий заалт байгааг үгүйсгэхгүй аливаа захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэвч шүүх маргаан бүхий актын алдаа зөрчлийг хуульд нийцсэн гэх зөвтгөсөн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

3.4. Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зарчим хэрэгжээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг татан оролцуулаагүй, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огтоос хэрэгжүүлээгүй, уг ажиллагааг хэрэгжүүлсэн гэдгээ баримтаар нотлогдоогүй байна. Дээр дурдсан тусгай зарчим хэрэгжээгүй нь захиргааны үйл ажиллагаа буюу маргаан бүхий акт хуульд нийцээгүйг харуулж байгаа гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Гэтэл захиргааны үйл ажиллагаанд хуульд заасан тусгай зарчим хэрэгжээгүй нь тогтоогдсон байхад шүүх “... хариуцагч сонсох ажиллагааг явуулаагүй ч бодит нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл хууль зөрчиж гарсан шийдвэр зөвтгөгдөх боломжгүй, шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

3.5. Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгч “А ” ХХК нь Дорнод аймгийн Х  сумын Засаг даргад холбогдуулан Х  сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/00 дугаар захирамжийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлээ “... шийдвэр гаргаснаа хуульд заасан журмын дагуу манай компанид мэдэгдээгүй. Манай компани газрыг гэрээ, гэрчилгээ болон холбогдох хууль дүрэм, журамд заасны хүрээнд зориулалтын дагуу ашиглаж байсан гэж, хариуцагчаас маргаан бүхий захирамжийн үндэслэлээ... Газрын тухай хуульд газрыг жил бүр олгохоор заасныг зөрчиж, 15 жилээр газар олгосон нь хуулийг ноцтой зөрчсөн” гэж тус тус тайлбарлажээ.

2.3. Анхан шатны шүүх “...Гэтэл сумын Засаг даргын 2015 оны А/ дүгээр захирамжаар хадлангийн талбайг 15 жилийн хугацаагаар олгосон нь Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д заасныг болон дээрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2015 онд 7-9 дүгээр сард гэрээгээр хадлангийн талбай ашиглуулахаар тогтоосныг зөрчсөн байна. Мөн Засгийн газрын тогтоолоор байгалийн хадлан бэлтгэлийг дагнан эрхлэх аж ахуйн нэгжид аймагт 1500 га хүртэл олгох хэмжээнээс хэтрүүлэн олгосон нь хууль бус болжээ. Маргаан бүхий 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/00 дугаар захирамжаар “А ” ХХК-д хуульд заасан газар ашиглуулах хугацаа болон хадлангийн зориулалтаар ашиглуулах газрын хэмжээг зөрчиж,  20000 га газрыг 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах шийдвэр гаргасан 2015 оны А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, дээрх зохицуулалтын агуулга, зорилгод нийцсэн байна ... сонсох ажиллагаа явуулснаар бодит нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, Газрын тухай хуулийг зөрчиж гаргасан шийдвэр зөвтгөгдөх боломжгүй, шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дорнод аймгийн Х  сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/ дүгээр захирамжаар А  ХХК-д Ялалт багийн нутаг Ганц модоос нитэрийн нуур хүртэлх газарт 20000 га газрыг хадлан хадах зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар ашиглуулж” шийдвэрлэж, улмаар “А ” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Х  сумын байгаль хамгаалагчтай хадлан хадаж, бэлтгэх гэрээ байгуулсан байна.

2.5. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлд “Хадлангийн талбайг зохистой ашиглах, хамгаалах” гээд 53.2-д “Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд сум, дүүргийн Засаг дарга нь хадлан авах талбайг хуваарилах, олгох эрх хэмжээтэй байх боловч жил бүр баг, хороо, иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад ашиглуулахаар олгохоор байх бөгөөд сумын Засаг даргад шууд 15 жилийн хугацаагаар хадлан хадах зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгогдоогүй төдийгүй газрын хууль тогтоомж зөрчсөн гэж үзвэл тухайн албан тушаалтан эсхүл дээд шатны албан тушаалтан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй байна.

2.7. Түүнчлэн, Дорнод аймгийн Х  сумын Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/ дүгээр захирамжаар А  ХХК-д Я багийн нутаг Ганц модоос нитэрийн нуур хүртэлх газарт 20000 га газрыг хадлан хадах зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах” шийдвэр гаргасан нь  2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Дорнод аймгийн Х  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдааны 44 дүгээр ... гэх байршилд 50 га газрыг сэлгэж хадлан хадахаар” тогтоосон тогтоол, Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар “... аж ахуйн нэгжид үйдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээг буюу байгалийн хадлан бэлтгэлийн дагнасан бол аймагт 1500 га хүртэл байхаар заасан”  тогтоолд тус тус заасантай нийцээгүй байна.

2.8. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо “... сонсох ажиллагааг огтоос хэрэгжүүлээгүй, уг ажиллагааг хэрэгжүүлсэн гэдгээ баримтаар нотлогдоогүй. Дээр дурдсан тусгай зарчим хэрэгжээгүй нь захиргааны үйл ажиллагаа буюу маргаан бүхий акт хуульд нийцээгүйг харуулж байгаа” гэжээ.

2.9. Хэрэгт Дорнод аймгийн Х  сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/ дугаар ... А  ХХК-ийн талбайг ашиглуулах тухай захирамж хүчингүй болох асуудлаар тус аж ахуйн нэгжийн агрономич А.Г-тай холбогдон Засаг даргын 2018 оны А/00 дугаар захирамж гарах тухай мэдэгдлийг хүргэсэн ба албан ёсоор тайлбар санал хүргүүлэх талаар утсаар мэдэгдсэн болно” гэх албан бичгээс өөрөөр нэхэмжлэгчийг өөрийгөө илэрхийлэх боломж буюу шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломжийг олгосон талаар баримт авагдаагүй байх тул уг ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй.

2.10. Гэвч маргаан бүхий энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийсэн ч Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан шийдвэрийн үндэслэл өөрчлөгдөхгүй, уг ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрэхээргүй байх тул зөвхөн сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.

2.11. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2.12. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, хэргийг зөв шийдвэрлэсэн байх боловч маргаан бүхий Дорнод аймгийн Х  сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/00 дугаар захирамж нь М” ХХК, “А ” ХХК, “А” ХХК, иргэн С.Б нарт хадлан хадах зориулалтаар газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчид буюу “А ” ХХК-д холбогдох хэсгийг гэж зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А ” ХХК-ийн Дорнод аймгийн Х  сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Х  сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/00 дугаар захирамжийн А ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ