Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 231

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

                          

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч Р.Энх-Оюун, шүүгдэгч А.Загд, хохирогч Т.Баярхүү, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Бүрэн овогт Арилдийн Загдад холбогдох эрүүгийн 201625032000 дугаартай, 186/2016/0231/э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.

                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 11 дүгээр сарын 25-нд Сэлэнгэ аймагт төрсөн,  58 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 55-31 тоотод оршин суудаг гэх, Бүрэн овогт Арилдийн Загд  /РД:ЧР58112517/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

            А.Загд нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 55 дугаар байрны цахилгаан шатанд иргэн Т.Баярхүүг  хувийн таарамжгүй харьцааны  улмаас зодож улмаар нь түүний биед тархи доргилт, баруун чихний ар хөхлөгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүний ооч хэсэгт цус хуралт, хүзүүний эргэн тойронд  зулгаралт, дээд уруул, доод уруулын дотор салстад  зулгаралт, доод уруулд цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн  мэдүүлэг:

      1.1. Шүүгдэгч А.Загд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2015 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед гараад явж байхад Т.Баярхүү лифтний хажууд таарсан. Тухайн үед өмнө нь Т.Баярхүү намайг хүн хутгалсан гэж телевизүүдэд дуудлага өгч бичлэг хийж байсан нь санаанд ороод Т.Баярхүүг заамдаж аваад лифтний хажуу талын хогийн пүнкерний тэнд нилээн ноцолдсон. Тэрнээс Т.Баярхүүд гар хүрсэн зүйл байхгүй, заамдалцаад хүзүү нь зулгарсан байсан. Би 7 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлэхэд “маргааш нь үзүүлэхгүй” яасан  юм гэж хэлж байсан  гэв.

 

1.2. Хохирогч Т.Баярхүү  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эхнэр хүүхдүүдтэйгээ лифтэнд ороход А.Загд дайраад ороод ирсэн. Би гэр бүл болон өөрийгөө хамгаалаад 3 давхарт буусан. А.Загд намайг цохих гэхээр нь энгэрээс нь барьсан.  А.Загд “ эхнэр хүүхдийг чинь ална” гэж хэлж байсан. Манай 4 настай хүүхэд А.Загдыг хараад айж зугтдаг болсон. 2 дугаар ангийн хүүхдээ байнга сургуулиас нь очиж авдаг болсон. Намайг гадуур явахаар А.Загд араас дагаад телевизийн тоног төхөөрөмж хулгайлсан гэж доромжилдог. Тухайн үед шууд ирээд төмөр хаалга өшиглөсөн. Миний хүүхэд гараа татаж аваагүй байсан бол гарыг нь таслах шахсан.  Миний хохирол  гурван зуу гаран мянган төгрөг болсон гэв.

 

 Хоёр: Шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Э.Уранчимэгийн:..Тухайн өдөр 18 цагийн үед цэвэрлэгээ хийгээд 6 давхарт явж байхад орцонд хүмүүс шуугих чимээнээр доош шатаар 3 давхарт буухад лифтнээс буусан бололтой Т.Баярхүү, А.Загд нар хогийн пүнкерийн буланд А.Загд  Т.Баярхүүг заамдаад хана руу шахсан байдалтай А.Загд чи яасан буруу нэвтрүүлэг цацдаг юм бэ гээд хэрэлдээд Т.Баярхүүгийн эхнэр хүүхэд лифтний хажууд орилоод зогсож байсан эхнэр нь намайг цагдаа дуудаач гэхээр нь утсаараа цагдаа дуудаад барьж явсан хогоо гаргаж хаячихаад эргээд ороод ирэхэд тэр хоёр гараад явсан байсан гэх мэдүүлэг. /хх-10/,    

 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Б.Ононгийн:.. Тухайн өдөр ажлаа тараад нөхөр  Т.Баярхүү, хүү Б.Билгүүтэй,  Б.Бэхтөр  нарын хамт гэртээ орохоор лифтэнд суух үед СӨХ-ны даргын нөхөр  А.Загд архи үнэртүүлсэн бидний араас шууд дайрч орж ирээд лефтний хаалгаа хаасан, манай нөхөр Т.Баярхүү, А.Загдийг цаана чинь хүмүүс орох гэж байхад тэр хүмүүсийг оруулахгүй яасан юм бэ гэхэд А.Загд чамд ямар хамаатай юм бэ гээд их ууртай байсан. Манай том хүү Б.Билгүүтэйг тохойгоороо тэлсээд байсан  Тэгэхээр нь би суган доогуур нь зүтгэж байж лифтний 3 давхарын товчлуур дээр дарсан, дээш яваад 3 давхарт лифт зогсохоор нь А.Загдийг гар гээд түлхэхэд А.Загд гарахдаа манай нөхөр Т.Баярхүүг заамдаад чирээд гарсан тэр үед Баярхүү гарахдаа өнхөрөөд унасан. Манай бага хүү Бэхтөр уйлаад байсан, тэр хоёрыг нэг харахад Баярхүүг Загд замдаад түлхээд хана мөргүүлэх шиг болоод чанга түг гээд дугарсан тэр үед манай орцны жижүүр эгч 3 давхарт ирцэн байсан. Орцны жижүүр эгчээс тусламж гуйсан жижүүр туслаж чадаагүй харин цагдаа дуудахаар гарсан, нэг туранхай залуу ирж  А.Загдийн манай нөхрийг заамдсан гарыг салгасан,  тэгээд бид хэд гэртээ орсон гэх мэдүүлэг.        /хх-11/, 

 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Ц.Оюунцэцэгийн:.. А.Загд бид хоёр 1979 оноос өдийг хүртэл  хамт амьдарч байгаа. Бид хоёр 30-38 насны  хүү, охин хоёртой хүүхдүүд маань тусдаа гарсан цуг амьдардаггүй, манай хүн гэртээ гэр орноо цэвэрлээд л байж байдаг, их цэвэрч нямбай, сайхан сэтгэлтэй, өрөвчхөн, хүн юм. 107 дугаар цэргийн ангид хамгаалалтын офицер хийж байсан. Сүлжмэлийн үйлдвэрт сантехникийн инженер, Япон төвд харуул хийж байгаад 2010 онд бөөр нь жижиггэрсэн гээд ажиллаасаа гараад 2014 онд хөдөлмөрийн чадвар алдсан гэртээ байгаа. Манай хүн хөгжилтэй, олон нийтэд нэр хүнд сайтай, төлөв даруу, нэрэлхүү зантай, их ажилсаг, юу ч хийсэн чинь сэтгэлээсээ хийдэг, залхуу хойрог зан байхгүй гэх мэдүүлэг. /хх-12/, 

 

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13882 тоот актын:                                                            

            1. Т.Баярхүүгийн биед тархи доргилт, баруун чихний ар хөхлөгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүний ооч хэсэгт цус хуралт, хүзүүний эргэн тойронд зулгаралт, дээд уруул, доод уруулын дотор салстад зулгаралт, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Батцэцэг гэсэн дүгнэлт. /хх-15/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  хавтаст хэргээс хохирогч Т.Баярхүүгийн мэдүүлэг, сэжигтэн А.Загдын мэдүүлэг, 10 дугаар хуудас, гэрч Уранчимэгийн мэдүүлэг 11 дүгээр хуудас, гэрч Ононгийн мэдүүлэг 13 дугаар  хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл 15 дугаар хуудас, шинжээчийн дүгнэлт 10 дугаар хуудас, шинжээчийн дүгнэлт 23 дугаар хуудас, сэжигтэн А.Загдын мэдүүлэг 25 дугаар хуудас, яллагдагч А.Загдын мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

 

Шүүгдэгч А.Загд нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 55 дугаар байрны цахилгаан шатанд иргэн Т.Баярхүүг  хувийн таарамжгүй харьцааны  улмаас зодож улмаар нь түүний биед тархи доргилт, баруун чихний ар хөхлөгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүний ооч хэсэгт цус хуралт, хүзүүний эргэн тойронд  зулгаралт, дээд уруул, доод уруулын дотор салстад  зулгаралт, доод уруулд цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Т.Баярхүү, гэрч Э.Уранчимэг, Б.Онон, Ц.Оюунцэцэг нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13882 тоот дүгнэлт, шүүгдэгч А.Загдын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

 

 Шүүгдэгч А.Загд нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.               

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Загдад холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Загдыг нь  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн  гэм буруутай  үйлдлээс хохирогч Т.Баярхүүгийн бие махбодид учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан  зардал 345.000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох  баримтын шаардлага  хангаж байх тул  шүүгдэгч А.Загдаас  345.000  / гурван зуун дөчин таван мянган/ төгрөгийг  гаргуулж  хохирогч  Т.Баярхүүд  олгох нь зүйтэй  байна гэж  шүүх  үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж  шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286,  294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

            1. Бүрэн овогт Арилдийн Загдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. А.Загдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.536.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар А.Загд нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар сольж болохыг анхааруулсугай.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  зааснаар  А.Загдаас 345.000 / гурван зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Баярхүүд олгосугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  А.Загдад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх  хүртэл шүүгдэгч А.Загдын бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.БАТЖАРГАЛ

 

 

 

                   2016-12-24   20  цаг  30 минут