Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 121/ШШ2021/0005

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдох “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Б-гийн  2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0067335 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2021/0003/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.                         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Б.Ариунжаргал, хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК-аас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлдээ: “   Өвөрхангай аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын Улсын Байцаагч Б-н тавьсан, “Өвтийн нууцат гэх газраас гэрээ, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн” гэж 0067335-р шийтгэврээр 10.000.000 төгрөгөөр торгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани 2011 оны 07-р сараас эхлэн холбогдох байгууллагын зөвшөөрлийн дагуу, Өвөрхангай аймгийн Өвтийн аманд 821 га ойн санг гэрээгээр эзэмшиж, тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн.

 Хариуцаж авсан 821 га газрынхаа ойн санг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хууль тогтоомжийн дагуу манай компани бүрэн хийж, хамгаалалтын хашаа хайс, санамж бичиг гээд бүхий л зүйлийг өөрийн хөрөнгөөр хийж, үйл ажиллагааныхаа амжилтаар 2018, 2019 онуудад ойн шилдэг мэргэжлийн байгууллагаар шалгарч байсан. Тухай мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх үйл явдал дараах нөхцөл байдалд болж өнгөрсөн. Байгаль хамгаалагч, ойн ангийн инженер нарын зөвшөөрлөөр, тэдний хэмжиж өгсөн газарт 2020 оны 01-р сарын 20 өдөр мод бэлтгэсэн. Байгаль хамгаалагч нь манай компанийг, “14 хоногийн дотор модоо цагаалж, 5 хоног тээвэрлэлт хий” гэсэн үүрэг өгч, өөрийн ажлын дэвтэр дээр тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан.

 Байгаль хамгаалагч, ойн ангийн инженер нарын даалгасан хугацаанд буюу 2020 оны 01-р сарын 20-24 хооронд манай компани ажлаа дуусгасан. Манай компани гэрээ байгуулах саналаа 2020 оны 01-р сарын 03 -нд өгсөн байсан тул, Байгаль хамгаалагч, ойн ангийн инженер нарын өгсөн зөвшөөрлөөр ажлаа эхэлсэн. Гэтэл Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Б зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж акт тавьж байгааг илт хууль бус гэж үзэж байна.

Төрийн албан тушаалтнууд нэг хэсэг нь энд энэ ажлыг, ийм хугацааны дотор хий гэж зөвшөөрөл олгож хэмжиж өгчхөөд нөгөө нь хууль бус ажил хийсэн гэж хуулийн хариуцлага хүлээлгэж байгаад гомдолтой байна. Манай компани олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны хууль тогтоомж зөрчиж, хууль бусаар ашиг орлого олж байгаагүй. Өөрсдийн бүхийл үйл ажиллагаанд эрх бүхий албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлж ирсэн.

 Энэхүү мод бэлтгэх ажил байгаль хамгаалагч, ойн инженер нарын өгсөн зөвшөөрлөөр хийгдсэн байхад манай компанийг буруутгаж өндөр торгуул ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Өвөрхангай аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын Улсын Байцаагч Б-н 2021 оны 02-р сарын 03-ны өдрийн 0067335 шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ХХК нь 2011 оноос хойш ойд цэвэрлэгээ хийх зорилгоор байгуулагдсан. Одоогоор 11 жил үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн холбогдох хууль, дүрэм, журам зэргийг биелүүлэн ажиллаж ирсэн. Үүнийхээ дагуу сүүлийн 3 жилд сумын шилдэг байгууллагаар шалгарсан.

Манай байгууллага ойн сангаас 821 га газрыг эзэмшиж хамгаалдаг. Эзэмшил газраа ойжуулах, галын аюулаас хамгаалах, хашаалах зэрэг ажлуудыг өөрийн 100 хувийн санхүүжилтээр хийдэг. Мөн хаягдал модоор шахмал түлш үйлдвэрлэдэг. 2020 оны 01 дүгээр сард бэлтгэсэн модонд гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр зөрчлийн хуулиар 10000000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Намайг Нарийн жалгын ам гэх газар малаа маллаж байхад Мэргэжлийн хяналтын байцаагч ирж уулзаад Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж мэдэгдэж 1000000 төгрөгийг торгууль тавьж, бэлтгэсэн модыг хураана гэсэн.

Танай байцаагч Я хүндэтгэн үзэж шалтгаантай ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болоод миний бие энэ ажлыг хариуцан ажиллаж байна гэж хэлсэн. Ямар учраас гэрээгүй гэж үзээд байна вэ гэхээр тухайн үед манай захирал болон би Улаанбаатар хотод ажилтай байсан учраас өөрсдийн биеэр байгаагүй. Гэхдээ бүх эрх мэдлээ Адиваа гэдэг хүнийг томилоод үлдээсэн байсан. Ойн анги дээр батлан даалтынхаа гарын үсгийг зуруулсан. Жилд 2 удаа цэвэрлэгээ хийдэг. Гэхдээ ой дотор шавхай ихтэй байдаг тул өвөл гардаг.

 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай байгууллагыг хариуцаж байсан Адиваа ойн цэвэрлэгээ хийх хүсэлтээ ойн ангид гаргасан. Үүний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ойн ангиас ойн ангийн инженер, инженер байгаль хамгаалагч нар ирж ойн цэвэрлэх талбайг тусгаарлаж өгсөн байдаг.

Тухайн тусгаарлаж өгсөн талбайд 3 хоног ажиллаад шаардлага хангахгүй модгүй талбай байна гээд талбайгаа солиулах талаар инженер хэлсэн байсан. Тэгсэн өөрийнхөө ойн инженер, байгаль хамгаалагч  нарыг явуулсан байсан. Инженер байгаль хамгаалагч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны 7 га газар тусгаарлаж өгөөд  өөрийн хувийн тэмдэглэл дээрээ хугацаа тавьж энэ хугацаанд багтаж ойн цэвэрлэгээгээ хийх даалгаар өгсөн байсан.

Ер нь бол бидэнд талбай тусгаарлаж өгөөд байнга хугацаа тогтоож өгдөг. Тэр хугацаанд нь бид ой цэвэрлэх ажлаа хийж гүйцэтгэдэг. 

 Манай А, Б, Э гэх 3 ажилтнаар гарын үсэг зуруулсан. Маргаашнаас ажилдаа орж болно гэж хэлээд явсан байсан. Би Улаанбаатар хотоос 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ирсэн. Тусгай хамгаалалтай газар ойн цэвэрлэгээ хийх ажил эхлэх гэж байна ир гэж дуудагдсан. Ирээд өмнө нь тусгаарлаж өгсөн талбайгаа яах вэ? 2 газар орж хүчээ сарниулмааргүй байна. Тусгай хамгаалалттай газар ойн цэвэрлэгээ хийх ажил байгааг урьдчилж мэдэгдээгүйн улмаас манай байгууллага 2 талбайтай ажиллах хүчгүй давхцаад байгаа талаар инженер Очирхуягт хэлсэн.

Энэ талбайгаа түр орхиод тусгай хамгаалалтай газар луу хүмүүсээ оруул гэсэн. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тусгай хамгаалалтай газрын ой цэвэрлэх ажлаа эхэлсэн. 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр тухайн ажлаа дуусгаад 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тусгаарлаж өгсөн 7 га газар дээрээ ойн цэвэрлэгээний ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлт гаргасан.

Гэтэл Цагаан сарын дараа гар гэж хэлсэн. Цагаан сарын дараа цар тахал гээд бүх үйл ажиллагааг зогсоосон. Цагдаагийн байгууллагаас шалгалт явсан байх. Нэг л өдөр танайх гэрээгүй байна. Зөрчлийн хэрэг үүсгэж шалгана гэсэн. Манайх 10 жил үйл ажиллагаа явуулахдаа нэг ч удаа зөрчил гаргаж байгаагүй. Байгаль орчинд хохирол учруулж байгаагүй.

Манай ажилтнууд инженер, байгаль хамгаалагч нарын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны 7 га газар тусгаарлаж ойн цэвэрлэгээ хийх зөвшөөрөлтэй газарт 3 хоног ажилласан. Бид ойд ажиллахдаа нэг ч мол хөрөөдөж унагдаггүй. Зөвхөн унасан, өмхөрсөн модыг цуглуулаад түлээний, хэрэглээний гэх мэтээр ялган ажилладаг. Тийм учраас торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэл гаргасан байгаа” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль бусаар мод бэлтгэсэн гэж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад хуульд заасан үндэслэл журмын дагуу Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл улсын байцаагчаас уг байгууллагыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10000000 төгрөгөөр торгох, мөн мод хураах зэрэг шийтгэл ноогдуулсан. Энэ торгох, мод хураах зэрэг шийдвэрүүд нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа.

Иргэн байгууллагын хоорондын харилцаа нь Захиргааны гэрээний хэм хэмжээгээр зохицуулагдаж байдаг. Гэтэл байцаагч захиргааны гэрээ байгуулаагүй нь зөрчлийн хуульд нийцэхгүй байна гэж шийтгэл ноогдуулсан нь Захиргааны хуулийн хэм хэмжээнд нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэ байгууллага шууд зөвшөөрөлгүй очоод мод огтлоод байсан зүйл байхгүй. Хууль ном журмын дагуу 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага юм. Эрх бүхий албан тушаалтнууд ирээд талбай тусгаарлаж өгөөд маргааш ажилдаа ор гэж хэлээд гарын үсэг зуруулаад ажилд нь оруулсан байдаг. Энэ хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа.

Ингэж оруулахдаа инженер гэрээ байгуулж ороорой гэж хэлсэн талаар мэдүүлсэн байдаг. Гэрээ байгуулах хүсэлтээ өмнө нь өгсөн байсан. Нэгэнт талбай тусгаарлаад ажилдаа орж байгаа нь ажилтнуудад гэрээ хийгдсэн байна гэж ойлгогдож байсан. Энэ нь захиргааны шийдвэрт итгэж байгаа итгэл шүү дээ. Захиргааны ерөнхий хуулийн зарчимд хууль ёсны итгэлийн хамгаална гэж заасан байдаг. Улсын байцаагч акт тавихдаа энэ зарчмыг анхаарах байсан. Яагаад гэвэл шууд мод огтолсон хүн биш.

Харин ойн модыг бүрэн бүтэн байлгахын төлөө 10 жил ажилласан байгууллага юм. Энэ хураана гэж акт үйлдсэн мод нь цэвэрлэгээний журмаар бөөгнүүлсэн байгаа л мод юм. Хэрэв гэрээ байгуулагдаагүй гэж ойн инженер үзэж байгаа бол талбай тусгаарлаж өгөхгүй байсан. Гэтэл төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан зүгээр ажлаа хийж байсан хувийн хэвшил хариуцлага хүлээж хохирч байна. Энэ нь хууль хэрэглээ буруу учраас юм” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай байгууллагыг хариуцаж байсан А нь ойн цэвэрлэгээ хийх хүсэлтээ ойн ангид гаргасан. Үүний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ойн ангиас ойн цэвэрлэх талбайг тусгаарлаж өгсөн байдаг. Тухайн тусгаарлаж өгсөн талбайд 3 хоног ажиллаад шаардлага хангахгүй модгүй талбай байна гээд талбайгаа солиулах талаар инженер О хэлсэн байсан. Гэтэл инженер М, байгаль хамгаалагч П 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 7 га газар тусгаарлаж өгөөд  өөрийн хувийн тэмдэглэл дээрээ 2020 оны 02 дугар сарын 05-ны өдөр хүртэл гэсэн хугацаа тавьж энэ хугацаанд багтаж ойн цэвэрлэгээгээ хийх даалгавар өгсөн байсан.

Одоо эргээд эдгээр ажилтнууд нь бид шууд ор гэж хэлээгүй гэрээ байгуулаад ороорой гэж хэлсэн талаар яриад байгаа. Төрийн байгууллага хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Аливаа асуудал нь буруудаад ирэхээр иргэд рүүгээ чиглүүлж иргэддээ хариуцлага үүрүүлж байгаа нь ёс зүйгүй асуудал юм.

 Гэрээгүй талбай тусгаарлаж зөвшөөрөл олгосон ажилтнуудын буруутай үйлдлээс болж бид хохирч байна.  Манай 3 ажилтны мэдүүлгээр тусгаарлагдсан талбайд ор гэж хэлсэн нь нотлогдож байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тусгаарлаж өгсөн талбайнхаа ажлыг дуусгахаар дахин хүсэлт гаргасан байдаг. Ямар хүсэлт вэ гэхээр Манай байгууллагад 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цэвэрлэгээ хийх 7 га газар тусгаарлаж өгсөн. Уг талбайд 4 хоног ажиллаад тусгай хамгаалалтын газрын ойн цэвэрлэгээний ажил эхэлсэн тул түр хугацаагаар ажлаа зогсоогоод уг тусгай хамгаалалттай газрын ойн цэвэрлэгээний ажлаа хийж дуусгаад өмнө нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тусгаарлаж өгсөн талбайнхаа ажлыг дуусгах зөвшөөрөл олгоно уу гэхэд одоо Цагаан сарын баяр удахгүй болно. Үүний дараа дуусгаж болно гэсэн хариу өгсөн нь өмнө нь зөвшөөрсөн гэсэн үг шүү дээ. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаа нь бас учир дутагдалтай. Манай байгууллагын зүгээс талбай тусгаарлуулах хүсэлт гаргаж байна гэдэг нь гэрээ байгуулах хүсэлттэй адил юм. Учир нь тухайн хүсэлтийг хүлээж аваад зөвшөөрсөн хариу өгч байгаа бол гэрээ байгуулаад талбайгаа тусгаарлаж өгөх ёстой. Гэтэл гэрээ байгуулалгүй ороорой гэж хэлчхээд гэрээ байгуулаад ороорой гэж хэлсэн, тайлбартаа эхлээд тусгаарлаад дараа нь гэрээ байгуулдаг гэх зэргээр төрийн албан хаагч нар өөрсдийгөө хамгаалж худал мэдүүлэг өгч байна. Төрийн албан хаагч нар хариуцлагаа хүлээх ёстой. Мөн бид буруутай юу? төрийн байгууллагын ажилтнууд буруутай юм уу? гэдгийг тогтоогоод буруутай этгээдэд хариуцлага ноогдуулах ёстой.

Үүнийгээ ялгаж салгахгүй шууд манай байгууллагад хариуцлага тооцож байгаа нь учир дутагдалтай юм. Төрийн албан хаагч нь ирээд зөвшөөрлөө өгөөд гарын үсгээ зуруулаад явсан байхад яагаад манай байгууллагад буруу өгөөд байгаа юм бэ? Энэ бол төрийн байгууллагын хариуцлагагүй, ажлын уялдаа холбоогүй, эрх ямбатай байгаагийн илрэл юм” гэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-гаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ирүүлсэн нэхэмжлэлтэй холбогдуулж 2021 оны 05 сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б би 2021 оны 02 сарын 02-ны өдөр Бат-Өлзий сумын ЗДТГ-ын даргын 3/55 дугаартай албан тоотоор ирсэн Бат-Өлзий сумын “С” ХХК-д холбогдох 2027000596 дугаартай зөрчлийн хэргийг харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэлээ. Тус “С” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.9.11 дэх хэсэгт “Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 2021 оны 02 сарын 03-ны өдөр 0067335 дугаартай шийтгэлийн хуудсаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

“С” ХХК нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өвтийн нууцат гэх газарт 2020 оны 03 дугаар сард зохих зөвшөөрөл эрхийн бичиг, гэрээ байгуулалгүйгээр мод бэлтгэсэн нь тус компанийн хууль ёсны төлөөлөгч Х.А-н “Мод бэлтгэлийн явцад дундуур гэрээгээ байгуулаад гарын үсэг зурдаг, яг одоогоор албан ёсоор ойн ангиас гэрээ хийж гарын үсэг зуруулъя гэж дуудсан зүйл байхгүй, гэрээ байгуулсан зүйл байхгүй”, “ой анги талбай тусгаарласан байж гэрээ хийгээгүй гээд байгааг нь ойлгохгүй байна”, гэх мэдүүлэг, тус компанийн ажилтан Л.Б, Л. Ж, Г.А нарын “2020 оны 03 сарын эхээр захирал Х.А талбай тусгаарласан юм чинь мод бэлтгэлд гарч бай гэж утсаар хэлээд гарсан, Өвтийн нууцат гэх газар 2-3 хоног ажиллаад буусан, 200-аад тооны мод бэлтгэсэн” гэх мэдүүлгүүд, Ойн ангийн дарга Ц.О-н “талбайн хэмжээг тогтоож талбайн доторх ойн нөөцийг тогтоосны дараа талбай тусгаарлуулах гэрээ, мод бэлтгэх гэрээ байгуулж байгаль хамгаалагчаар эхлэлийн акт үйлдүүлж мод бэлтгэнэ “С” ХХК- ийн мод бэлтгэсэн үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл байна.

 Учир нь тус ХХК нь талбайн хэмжээг тогтоож доторх нөөцийг тогтоосон боловч гэрээ байгуулаагүй нь буруутай үйлдэл, мод бэлтгэх гэрээг мод бэлтгэлийн явцын дунд биш мод бэлтгэхээс өмнө байгуулдаг” гэх мэдүүлэг, Ойн ангийн инженер Д.О-н “гэрээ байгуулаагүй мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэх мэдүүлэг, Байгаль хамгаалагч Н.П “өнөөдрийн байдлаар байгуулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/02 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 104 тоот тогтоол, зөвшөөрөлгүй бэлтгэсэн 175 ширхэг мод, мөн хэргийн материалд мод бэлтгэх талаар байгуулсан гэрээ байхгүй зэрэг бусад бичгийн нотлох баримтаар “С” ХХК нь Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон.

Иймд Зөрчлийн хэрэгт авагдсан баримт дээр үндэслэн “С” ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасны дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн”  болно.

 “С” ХХК нь 2021 оны 01 дүгээр сард зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн зөрчилд нь зөрчлийн тухай хуулиар 1000000 төгрөгөөр торгох, бэлтгэсэн модыг хурааж улсын орлого болгох арга хэмжээг авсан. Энэ шийтгэл нь  хуулийн үндэстэй зөв шийдвэр гэж өөрийн зүгээс үзэж байна.  Үүнийг эс зөвшөөрч шүүхэд хандсан байна.

 “С” ХХК нь хүсэлт гаргаснаараа гэрээ хийсэн гэж үзээд байгаа. Одоогоор та бүхэнд байна уу? байхгүй. Гэрээ байгуулаагүй учраас хуульд заасан арга хэмжээ авагдсан. Хүсэлт гаргаснаараа гэрээ байгуулсанд тооцогдохгүй. Мод бэлтгэх талбайг тусгаарлаж өгөөд гэрээгээ байгуулаад ажилдаа ороорой гэж хэлэхэд гэрээгээ байгуулахгүй ажилдаа орсон байсан нь Ойн ангийн инженер О, инженер Мягмардавга, байгаль хамгаалагч П нарын мэдүүлгээс харагдаж байгаа. Мөн талбай тусгаарлаж өгсөн учраас гэрээ байгуулсанд тооцоод ажлаа эхэлсэн талаар яригдаж байна. Гэрээ байгуулаагүй л бол ажил эхлэх нь зөрчил юм гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХнь:

Нэхэмжлэгч “С” ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Б.Бгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15/04/025/08 дугаартай “Мод хураан улсын орлого болгох тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-гийн 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 0067335 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гэж өөрчилж ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчүүдийн тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь 2020 оны 03 сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өвтийн нууц гэх газарт гэрээ зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн зөрчилд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б нь 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 0067335 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгожээ.

Нэхэмжлэгч “С” ХХК нь Байгаль хамгаалагч Н.П, Ойн ангийн инженер А.Мягмардагва нарын зөвшөөрлөөр, тэдний хэмжиж өгсөн газарт 2020 оны 01-р сарын 20 өдөр мод бэлтгэсэн. Байгаль хамгаалагч Н.П нь манай компанийг, “14 хоногийн дотор модоо цагаалж, 5 хоног тээвэрлэлт хий” гэсэн үүрэг өгч, өөрийн ажлын дэвтэр дээр тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан.

Байгаль хамгаалагч Н.П, ойн ангийн инженер А.М нарын даалгасан хугацаанд буюу 2020 оны 01-р сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн  хооронд манай компани ажлаа дуусгасан.

Манай компани гэрээ байгуулах саналаа 2020 оны 01-р сарын 03 -нд өгсөн байсан тул, Байгаль хамгаалагч Н.П, Ойн ангийн инженер А.М нарын өгсөн зөвшөөрлөөр ажлаа эхэлсэн. Төрийн албан тушаалтнууд нэг хэсэг нь энд энэ ажлыг, ийм хугацааны дотор хий гэж зөвшөөрөл олгож хэмжиж өгчихөөд нөгөө нь хууль бус ажил хийсэн гэж хуулийн хариуцлага хүлээлгэж байгаад гомдолтой байна. Энэхүү мод бэлтгэх ажил байгаль хамгаалагч Н.П, ойн инженер А.М нарын өгсөн зөвшөөрлөөр хийгдсэн байхад манай компанийг буруутгаж өндөр торгууль ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж маргадаг.

“С” ХХК нь хэдийгээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өвтийн аманд 821 ойн санг гэрээгээр эзэмшиж, тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Хариуцаж авсан газрынхаа ойн санг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хууль тогтоомжийн дагуу манай компани бүрэн хийж хамгаалалтын хашаа хайс, санамж бичиг гээд бүхийл зүйлийг өөрийн хөрөнгөөр хийж, үйл ажиллагааныхаа амжилтаар 2018, 2019 онуудад ойн шилдэг мэргэжлийн байгууллагаар шалгарч байсан. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээтэй мэргэжлийн байгууллага боловч 2020 оны 03 сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өвтийн нууцат гэх газраас 175 ширхэг модыг бэлтгэхдээ холбогдох хууль журмыг зөрчжээ.

Тодруулбал Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дугаарт “...иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал зугаалгаар явахыг хориглоно”, мөн хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1 дүгээрт “ Аймаг, нийслэлийн байгаль орчны газрын бүрэлдэхүүнд ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, аймаг, суманд сум дундын болон сумын ойн анги /цаашид “ойн анги” гэх/ ажиллана.

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дүгээрт  “Ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ -тай мод бэлтгэх гэрээ байгуулна гэж тус тус зааснаар “С ХХК-нь Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангитай мод бэлтгэх гэрээ байгуулалгүйгээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Өвтийн нууцат гэх газраас 175 ширхэг “Шинэс” төрлийн мод бэлтгэсэн зөрчил гаргасан нь захиргааны хэрэгт авагдсан хариуцагчаар шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль хамгаалагч Н.П, Өвөрхангай аймгийн сум дундын ойн ангийн дарга Ц.О нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Байгаль орчин аялал жуулчлалын газрын “шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 01/02 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

“С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд “...Тус ХХК нь 2011 оноос хойш ойд цэвэрлэгээ хийх зорилгоор байгуулагдсан. Одоогоор 11 жил үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн холбогдох хууль, дүрэм, журам зэргийг биелүүлэн ажиллаж ирсэн. Ямар учраас гэрээгүй гэж үзээд байна вэ гэхээр тухайн үед манай захирал болон би Улаанбаатар хотод ажилтай байсан учраас өөрсдийн биеэр байгаагүй.

 Гэхдээ бүх эрх мэдлээ  Г.А гэдэг ажилтныг томилоод үлдээсэн байсан. Ойн анги дээр батлан даалтынхаа гарын үсгийг зуруулсан. Жилд 2 удаа цэвэрлэгээ хийдэг. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай байгууллагыг хариуцаж байсан Г.А нь ойн цэвэрлэгээ хийх хүсэлтээ ойн ангид гаргасан. Үүний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ойн ангиас Ойн ангийн инженер Д.О, инженер А.М, байгаль хамгаалагч Н.П нар ирж ойн цэвэрлэх талбайг тусгаарлаж өгсөн байдаг.

Гэтэл улсын байцаагчаас уг байгууллагыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох, мөн бэлтгэсэн модыг хураах зэрэг шийтгэл ноогдуулсан. Энэ торгох, мод хураах зэрэг шийтгэвэр, актууд нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Иргэн байгууллагын хоорондын харилцаа нь захиргааны гэрээний хэм хэмжээгээр зохицуулагдаж байдаг. Гэтэл байцаагч захиргааны гэрээ байгуулаагүй нь Зөрчлийн тухай хуульд нийцэхгүй,  шийтгэл ноогдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн хэм хэмжээнд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Эрх бүхий албан тушаалтнууд ирээд талбай тусгаарлаж өгөөд маргааш ажилдаа ор гэж хэлээд гарын үсэг зуруулаад ажилд нь оруулсан байдаг. Энэ хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Ингэж оруулахдаа инженер Н.П гэрээ байгуулж ороорой гэж хэлсэн талаар мэдүүлсэн байдаг. Гэрээ байгуулах хүсэлтээ өмнө нь өгсөн байсан.Тухайн тусгаарлаж өгсөн талбайд 3 хоног ажиллаад шаардлага хангахгүй модгүй талбай байна гээд талбайгаа солиулах талаар инженер Д.О хэлсэн байсан. Гэтэл инженер А.М, байгаль хамгаалагч Н.П нар нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 7 га газар тусгаарлаж өгөөд  өөрийн хувийн тэмдэглэл дээрээ 2020 оны 02 дугар сарын 05-ны өдөр хүртэл гэсэн хугацаа тавьж энэ хугацаанд багтаж ойн цэвэрлэгээгээ хийх даалгавар өгсөн байсан.

Одоо эргээд эдгээр ажилтнууд нь бид шууд ор гэж хэлээгүй гэрээ байгуулаад ороорой гэж хэлсэн талаар яриад байгаа. Төрийн байгууллага хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэж маргадаг боловч нэхэмжлэгч нь Ойн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дүгээрт: “Ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-тай мод бэлтгэх гэрээ байгуулна” гэсэн заалтыг зөрчиж мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулсан нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ойн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дугаарт: Мөн  хуулийн 33.1 дүгээрт заасны дагуу байгуулах мод бэлтгэх гэрээнд дараах зүйлийг тусгана гээд 33.2.1 дүгээрт “мод бэлтгэх үндэслэл /мод бэлтгэхийг зөвшөөрсөн тухай эрх бүхий этгээдийн шийдвэр/; 33.2.2 дугаарт “мод бэлтгэх хугацаа, зориулалт, бэлтгэх модны төрөл, хэмжээ; 33.2.3 дугаарт “мод бэлтгэлийн талбай тусгаарласан материал, мод бэлтгэх технологийн карт болон ойн нөөцийн тодорхойлолт; 33.2.4 дүгээрт “ойг нөхөн сэргээх, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх зардлын хэмжээ; 3.2.5 дугаарт “мод бэлтгэсэн талбайг хүлээлгэн өгөх нөхцөл; 33.2.6 дугаарт “мод бэлтгэсэн талбайг хүлээлгэн өгөх, гэрээний биелэлтийг дүгнэх гэж тодорхой зааж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч “С” ХХК-нь дээрх хуулийн заалтыг мөрдлөг болгон гэрээгээ байгуулж  ажиллах ёстой байжээ.

Эрх бүхий этгээдээс мод бэлтгэх талбай тусгаарлаж өгсөн нь тухайн газарт мод бэлтгэх эрх үүссэн гэж ойлгох үндэслэлгүй бөгөөд мод бэлтгэх гэрээ байгуулахад Ойн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3-т заасанчлан “мод бэлтгэлийн талбай тусгаарласан материал...”-ыг тусгасан байхыг шаардсан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд мод бэлтгэлийн талбай тусгаарлах ажиллагаа нь гэрээ байгуулахаас өмнөх шатанд заавал хийгдэх ажиллагаа гэж ойлгох үндэслэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Б.Б-с “С” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 2020 оны 03 сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өвтийн нууц гэх газарт гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэж үзэн 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 0067335 дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасантай нийцэж байх тул “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч “С” ХХК нь  анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 02 сарын 03-ны өдрийн “мод хураан улсын орлого болгох тухай” 15/04/025/08 дугаартай актыг илт хууль бус болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 04 сарын 02-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 0067335 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гэж өөрчилж ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул шүүх зөвхөн нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянаншийдвэрлэхтухайхуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 7.9 дүгээр зүйлийн 11, Ойн тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1.7, 33 дугаар зүйлийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт тус тус зааснуудыг баримтлан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “С” ХХК-ны нэхэмжлэлтэй, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-н 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 0067335 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.НЭРГҮЙ