Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 


 

 

 

 

 

 

    2022         12           26                                    2023/ШЦТ/06

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,  

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Ц.Го, түүний өмгөөлөгч Б.Балжидаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогтой ******-ны Год холбогдох эрүүгийн 2205000002306 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “...........” ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт ******* дүүргийн **-р хороо, *-р хэсэг, “******” байр *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ********* дүүргийн *-р хороо, “*********” хотхоны *-* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **** овогтой ******-ны Го, /РД: **********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Го нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Ганийг зодож түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Го мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч Г.Ган-ийн:

 “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би найз Г.Энхбаатартай модны 2-т байрлах “Оскар” бааранд орох гээд явсан юм. Бид 2 “Оскар” баарны ойролцоо буугаад “Оскар” гээд баар руу орох гээд явж байтал 5-6 эрэгтэй хүмүүс зогсож байснаа “бид хоёрыг ална шүү” гээд орилоод байсан. Бид 2 тэгэхээр нь “чамд алуулдаг хэн байсан юм зүгээр байгаарай” гээд хэлтэл хүрч ирээд шууд бид хоёрыг бүлэглэн зодсон. Бид 2 тэр залуусыг цохиогүй. Тэгээд тэр залуучууд бид хоёрыг зодчихоод яваад өгсөн. Би босоод гар утсаа хартал дэлгэц нь хагарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Гэрч Э.Мө-ын:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-25-ны шилжих шөнө найз болох Ас, Го, Да-, Мөнхцог нарын хамт Баянгол дүүргийн 17-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Оскар” гэх баар луу орсон. Тэр бааранд бид хэд 1-1 шил пиво уусан. Тэндээс гарч ирээд таксинд суух гээд зогсож байтал 2 үл таних залуу бид нар луу хараад юм яриад байсан. Бид нар эхэндээ тэр 2 хүнийг “болио та хоёр зүгээр цаашаа яваа” гэж хэд хэд хэлсэн. Би тэр үед архи их уусан байсан болохоор сайн санахгүй байна. Нэг мэдсэн бужигналдаад зодолдож байсан. Го гэж найз маань андуураад бид нарын нэгнийх нь гар утас байх гэж бодоод авчихсан байх...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 19-20 даахь тал/,

Гэрч Т.Ас-ын:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр найз Го, Да-, Мөнхцог, Мө нарын хамт Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оскар” гэдэг нэртэй баар тааралдахаар нь “бүжиглэе” гээд орцгоосон. Тэр бааранд бид нар 1-1 шил пиво уучхаад гарцгаасан. Бид нар таксинд суух гээд явж байтал үл таних 2 залуу нэг хүнтэй маргалдаад зогсож байсан. Бид нар хажуу талаар нь зөрөөд таксинд суух гээд байж байтал бид нарын ардаас орилоод байсан. Тэгээд манай найзууд тэр үл таних хүмүүстэй маргалдаад маргалдааны улмаас зодоон үүссэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглээгүй байсан өөрийн гэсэн ухаантай байсан. Тэр үл таних хүмүүстэй манай найзууд зодолдоод эхлэхээр нь би салгах гээд дунд нь орон бужигналдаж эхэлсэн...Тухайн үед Го газраас нэг гар утас бид хэдийн нэгнийх нь гар утас гэж би автал биш байсан тэгээд буцаагаад тэнд нь хаячихсан гэж хэлж байсан. Би болон манай найзууд хүний эд зүйлийг булаах санаатайгаар үймээн тариагүй бид нар бүгд тогтсон амьдралтай хүмүүс...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Гэрч Б.Да-ын:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө найз болох Ас, Го, Да-, Мө нарын хамт Баянгол дүүргийн 17-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Оскар” гэх баар луу орсон. Тэр бааранд бид нар 1-1 шил пиво уусан. Тэндээс гарч ирээд таксинд суух гээд зогсож байтал 2 үл таних залуу манай найзууд руу дайраад байсан. Тэгтэл нэг залуу дээгүүрх цамцаа тайлаад ирэхэд манай найзууд нийлээд тэр 2 залуутай зодолдож эхэлсэн. Би найзуудаа салгах гээд хамт бужигналдаж байгаад би найзуудаа салгаад авч явсан. Тэгээд бид нар явж байхад Го найз маань хэлэхдээ “сая газар нэг гар утас байхаар нь та нарынх гэж бодоод автал Iphone байхаар нь буцаагаад орхичихлоо та нарт Iphone барьдаг хүн байхгүй биз дээ” гэж хэлж байсан. Тэгээд бид нар таксинд суугаад гэр гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 31 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дугаар сарын 29-ний өдрийн 13263 дугаартай:

 “...Г.Га-нийн биед тархи доргилт, нуруу, зүүн тохой, баруун шилбэ, баруун гуянд цус хуралт, нуруу, баруун бугалга, зүүн тохой, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022.09.25-ны өдөр үүссэн байх боломжтой.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь ул мөргүй эдгэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

“Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” /хавтаст хэргийн 84-91 дахь тал/,

Шинжээч эмч Б.Цолмонгийн:

“...Г.Ган-ийн биед үүссэн тархи доргилт гэмтэл тусдаа бусад хэсгийн цус хуралт зулгаралт нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт болон цус хуралт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо зүйлийн цохиж, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ. Унах үед үүсэх боломжтой гэмтэл...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 94 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ц.Го нь хохирогч Г.Ган-той маргалдан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргаангүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Го-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Го нь:

2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Ганийн биед халдаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Ган, гэрч Э.Мө, Т.Ас, Б.Да-, шинжээч эмч Б.Цолмон нарын мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  Ц.Го нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Гог “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ган-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.Го-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Г.Ган нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ц.Го-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн эрхэлсэн тодорхой ажил орлоготой зэрэг байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ц.Го нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн  санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Го-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ц.Го-гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000002306  дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Го нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогтой ******-ны Го-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Го-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Год оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Го нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ган нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Го нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ