Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б  холбогдох 2208037832035 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “*********” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоо ____________ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Ганга овогт Д.Б , /регистрийн дугаар:УП*********/.

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоо _________ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Ч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хэл амаар доромжилж улмаар хоолойн тус газраас нь багалзуурдан боож, толгойн хэсгээр нь юм мөргүүлж, гэдэс рүү нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, нуруунд зулгаралт, нуруу, хүзүү, зүүн бугалгад цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал бүхий мохоо зүйлийн олон удаагийн цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдэх хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.

4. Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Ч-ыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

4.1. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай “2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоо _____ тоотод “нөхөр согтуу намайг зодоод байна...” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар тал),

4.2. Хохирогч Б.Ч-ын “Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр аав ,***** гэрт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа __________ тоотод 2  хүүхэд болох Э, Э нарын хамт хоносон. Тэгээд маргааш өглөө нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн үед том хүүхдээ 243 дугаар цэцэрлэгт хүргэж өгчхөөд бага хүүхэд ******хамт Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү шинжилгээний хариугаа авах гээд явсан. Эмнэлэгт удаагүй ба тэндээс шууд гэр болох Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо _______ тоотод очсон. Цагийг нь сайн санахгүй байна. 10 цагийн үед байх. Очиход миний хамтран амьдрагч болох Д.Б  нэг үл таних эгчтэй хамт 1 оронд хэвтэж байсан ба намайг гэрт ороход тэр үл таних эмэгтэй үг дуугаралгүй гараад явсан. Миний уур хүрээд хувцаснуудаа баглаад аав Б-ийн гэр лүү явах гэж байсан ба Д.Б ын аавынх нь гэр манай хашаанд байдаг болохоор нь би Д.Б-ын эгчийн утсыг гуйгаад интернет банк орох гэж байхад Д.Б  араас орж ирээд надад хандаж “Чи явахгүй яасан юм” гэхээр нь би “Угаасаа явах гэж байна” гээд хүүхдээ хувцаслаж байхад Д.Б  миний нуруу хэсэг рүү 2 гараараа түлхчхээд гараад явсан ба би унаагүй. Би хүүхдээ аваад явах гээд гартал үүдэн дээр Д.Б  зогсож байсан ба над руу “Чамайг ална аа” гээд хоолойноос боогоод газар унагаад ийш тийш чирээд байсан. Тэгсэн гэрээс хадам аав, ээж, эгч нар гарч ирээд “Болиоч наадах чинь эмэгтэй хүүхэд шүү дээ” гэхэд Д.Б  тоохгүй байсан. Дараа нь Д.Б  миний хоолойноос боосон чигтээ гэр лүү авч орсон. Тэгээд гэрт ороод намайг ор луу унагаад над дээр гарч суугаад гэдэс рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон ба ахиад цохих гэхээр нь би гараараа хаасан. Хаасан чинь Д.Б  цохихоо болиод сандал дээр суугаад “Чи одоо яв” гээд хөөгөөд байхаар нь би гэрээсээ гараад нойл орж байгаад цагдаад дуудлага өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 хуудас),

4.3. Гэрч Б.Д-ын: “...Д.Б  Ч-ын хоолойноос боож байгаад газарт унагаачихсан юм. Тэгэхээр нь би хажуугаас нь болиоч наадах чинь эмэгтэй хүүхэд шүү дээ гэж хэлтэл Д.Б  миний үгэнд орохгүй болохоор нь би уурлаад та нар хүний гэрт орж ирчхээд хэрүүл маргаан хийлээ гэж уурлаад тэр хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

4.4. Шүүх шинжилгээний үндэсний төвийн “...Б.Ч-ын биед тархи доргилт, зүүн хацар, нуруунд зулгаралт, нуруу, хүзүү, зүүн бугалгад цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх тархи доргилт гэмтэл нь дангаараа, бусад гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн 15690 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

4.5. Шүүгдэгч Д.Д.Б ын “...Би эхнэр Ч-тай танилцаж ханилаад 5-6 жил болж байна. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо _____ тоотод амьдардаг юм. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би эхнэртэйгээ гэр бүлийн асуудлаас болж хоорондоо маргалдсан юм. Тэгсэн эхнэр хоёр хүүхдээ аваад аавындаа очиж хоносон юм. Тухайн үед зодоон цохион болоогүй хоорондоо хэрэлдэж маргалдсан л асуудал байгаа юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал манай эхнэр Чанцал бага хүүхдийнхээ хамт ороод ирсэн. Тэгэхээр нь би чи яах  гэж ирсэн юм бэ гэхэд Чанцал урдаас би хувцас хунараа аваад явлаа гэж хэлээд хувцсаа бэлдэж байгаад гэрээс гараад манай аавын гэрт орчихсон юм. Тэгэхээр нь би араас нь аавын гэр лүү ороод Б.Ч чи явахгүй юу хийж байгаа юм бэ гэж хэлээд гараараа түлхэж аваад аавын гэрээс гарах үед ардаас ***** гарч ирээд намайг чи байнга аав ээждээ ховлодог гээд хэл амаараа доромжлоод байхаар нь би уурлаад цамцны хоолойгоор нь боогоод үүдний амбаарын хана руу түлхээд чи манай аав ээж хоёрыг тэгж хэлэх болоогүй шүү гэж хэлсэн юм. Тэгээд би уурлаад цамцнаас нь татаж байгаад өөрийн гэр лүүгээ дагуулаад орсон юм. Тэгээд гэр дотор бид хоёр хоорондоо маргалдаж харилцан бие биеийнхээ хоолой амнаас боолцсон. Тэр үед цагдаагаас над руу залгаж хаяг асуухаар нь би утсаа аваад цагдаа нарт хаягаа зааж өгсөн юм. Би тухайн гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Тухайн үед би уурандаа л тэгж хэлсэн. Тэрнээс өөрөөр надад эхнэрээ алах санаа зорилго байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн  эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хүчирхийлэлд тооцохоор заасан. Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн түгээмэл хэлбэр нь бие махбодын хүчирхийлэл бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.

6. Хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алах, эсхүл эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулдаг.

 

7. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.

8. Шүүгдэгч Д.Д.Б , хохирогч Б.Ч нар гэр бүлийн баталгаагүй ч, 2 хүүхэдтэй, хамтран амьдардаг болох нь тогтоогдсон учраас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг ойлголтод  хамаарч байгаа.

9. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

10. Д.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 10.3-т “... гэр бүлийн гишүүд нь бие биеэ тэжээн тэтгэх, халамжлах, хүндэтгэх, туслах, ... хэн нэгний эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, ... үүргийг адил хүлээнэ” гэснийг зөрчиж, хамтран амьдрагч Б.Б.Ч гэр бүлийн гишүүний хувьд ялгаварлан гадуурхагдахгүй байх, хүчирхийллээс ангид орчинд аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Д.Д.Б ын хамтран амьдрагч, 2 хүүхдийн нь эх болох Б.Б.Ч зодож хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэнэ.

11. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

12. Хохирогч Б.Ч нь нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11), Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 78)-ээр хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон.

13. Шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын санал болгосон ялыг өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэргийн хор уршиг арилсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан гэж шүүх үзсэн.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

15. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            16. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            18. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ганга овогт Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.Б  үүрэг болгосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Б  мэдэгдсүгэй.

 

  5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ