| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01723/И |
| Дугаар | 155/ШШ2019/00353 |
| Огноо | 2019-04-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2019/00353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж,тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн У-У сумын .... дүгээр багт оршин суух, Х овогт Б.Ш-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хл аймгийн У-У сумын ... дүгээр багт оршин суух, Ш овогт Б.Э-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай .
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Шр, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Б.Ш нь Б.Э-тай 2012 онд танилцан 2012 оны 07 дугаар сарын 24-нд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн охин П-ийн хамт амьдарч байсан бөгөөд амьдралын явцад хүү С 2013 оны 10 дугаар сарын 25-нд төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Үзэл бодол зөрдөг, мөнгө төгрөг авах эрхгүй, ах, дүүс, найз нөхөд гэж болдоггүй, ямар нэгэн зохион байгуулагдсан ажиллагаанд оролцож болдоггүй, гэр орноо эвдэж хэмхлэн, аяга тавгаа шидэж, хагалж дайралдсан зүйлээрээ чулуудан намайг айлган сүрдүүлдэг. Цагдаа шүүхэд хэлнэ гэхээр хэлээд Цагдаад өгөх юм бол хэд хоног саатуулагдаад гараад ирэхдээ бүр сонин хүн болж гарч ирнэ гэж сүрдүүлдэг. Бэлгийн харьцаанд хүссэнээр нь байхгүй бол үхлээ, сэхлээ гэж шөнө орой гүйж яваад бэдрэл болдог. Хоёр хүүхдээ айлган хоргоосоор байгаад ээжээсээ өөр хүнтэй байж өгөхгүй айдаг болсон. Аав нь байхгүй байгаа үед тайван амар байдаг гээд ээжтэйгээ л байх дуртай. Иймээс Ш миний бие хоёр хүүхдийнхээ хамт өөрийнхөө аавынд байдаг болсон. Хоёр хүүхэд маань айж сандардаг болсон бөгөөд янз бүрийн муу муухай үг хэллэгээс суралцан зан ааш, эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон тул цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо.
Иймд 2012 оны 25-рт бүртгэгдсэн гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж, би охин П, хүү С нарыгаа өөрийн асрамжид авч, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байна. Бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж оролцож байна. Энэ хүн эндээс гараад явсан. Тэгээд нэг ч удаа уулзаагүй байж байгаад өчигдөр ирж хоёр хүүхэдтэйгээ уулзсан. Би хамт амьдрах ямар ч боломжгүй. Бид таарч тохирохгүй. Намайг ах дүү нартай минь хүртэл харддаг.Би охиндоо тэтгэлэг гаргуулахгүй. Харин хүү С-даа эцгээс нь тэтгэлэг гаргуулна. ... гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б овогтой Э нь эхнэр Б.Ш-ээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Б овогтой Э нь эхнэр Б.Ш-тэй 2012 онд танилцан 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор гэр бүл болсон. Би эхнэр Б.Ш-тэй гэр бүл болоод дундаасаа нэг хүүхэдтэй болсон хүү Э.С маань одоо 5 настай юм. Эхнэр маань надтай гэр бүл болохдоо охин Пүрэвсүрэнг дагуулж ирсэн ба охин Пүрэвсүрэн энэ үед 3 настай байсан. Охин П нь эхнэр бид 2-ыг гэр бүл болоход надаар овоглох болсон. Эхнэр Б.Ш бид 2 гэр бүл болж амьдраад амьдрал маань болж бүтэж, мал маань өсөөд 500 толгой болсон. 2017 онд манайх Ч-Ө сум руу хадам аав Б-ийн хамтдаа хаваржсан. Х тосгонд Б гэдэг айлын хүү Б-тэй эхнэр гэр бүлээс гадуур харилцаатай болж намайг малд яваад гэртээ ороход эхнэр Буяннэмэх гэдэг залуутай үнсэлцээд шөнө орой ч байсан утсаараа мессеж бичээд байдаг болсон. Мөн 2017 оны намар эхнэр Б.Ш дүү нар болон Буяннэмэхтэй хамт жимсэнд явна гээд 10-аад хоног явж алга болсон. Ингэж жимсэнд явснаас хойш эхнэрийн ааш зан их хувирч Б нь манайхаар байнга ирж салахаа байсан. Би өөрөө эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж байгаагүй харин эхнэр намайг зодож цохих хэл амаар доромжпох асуудал удаа дараа гаргаж байсан. Би эхнэрт Б-тэй холбоогоо тасал, одоо амьдралаа бод гэж хэлэхэд би Б-д хайртай, чамаас сална, чи салахгүй гэвэл би үхнэ гэдэг болсон. Эхнэр мөн 2 хүүхдэд маань наад хүнийгээ битгий аав гэж хэл, аав гэж хэлбэл та 2-ыг хохино шүү гэдэг. Намайг эхнэр галын хайч болон сандлаар цохиж зодож байсан ба би энэ байдлаас нь айгаад гадаа хүртэл хонож байсан. Надад Ш-тэй амьдархад хэцүү байдаг ч гэсэн нэгэнт босгосон амьдралаа би унагаамаргүй байна. Би хүүхдээ бодоод Ш-ээс салах бодолгүй байгаа талаараа хариу тайлбар гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би эхнэрээсээ салмааргүй байна. Энэ хугацаанд очих гэхээр нөгөө залуу хажууд нь байгаад байсан учраас очиж чадаагүй. Хоёр хүүхдээ бодоод би салмааргүй байна. Өчигдөр очиход уурлаад аюул болж байсан. ... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч Б.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Э, Б.Шнар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Э.Сүхбат нь төрсөн болох нь:
Монгол улсын иргэн, Ш овогт Б.Э, Монгол улсын иргэн, Х овогт Б.Ш нар 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсныг 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 25-рт бүртгэж олгосон 0177338/25 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Ш овогт Б.Э, Монгол улсын иргэн, Х овогт Б.Ш нарын гэр бүлд төрүүлсэн хүү Ш овогт Э.С -г 2013 оны 11 дүгээр сарын 12-нд бүртгэж Х аймгийн М сумаас олгосон 6743000112 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Харин хэргийн оролцогчдын тайлбараар охин Э.П нь гэрлэгчдийг гэрлэхээс өмнө төрсөн дагавар хүүхэд бөгөөд гэрлэснээс хойш Б.Э-аар овоглосон гэх бөгөөд хэрэгт
Ш овогт Б.Э, Монгол улсын иргэн, Х овогт Б.Ш нарын гэр бүлд төрүүлсэн охин Ш овогт Э.П -г 2009 оны 02 дугаар сарын 06-нд бүртгэж Хөвсгөл аймгийн У–У сумаас олгосон 0000892578/15 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна.
Мөн охин Э.П, Э.С нь эрүүл өсөж бойжиж байгаа, мөн тэдний сурах эрхийг хангаж байгаа талаар
Х аймгийн А сумын Х тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Э.Ундармаагийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “ Э овогтой П нь Хатгал ЕБС-ийн Б.Оюун-Эрдэнэ багштай 5-а ангид суралцаж байгаа нь үнэн болно. “ гэх,
Х аймгийн А сумын Х тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөрийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “ Б.Ш нь ам бүл 3, хүү, охины хамт тосгоны 2 дугаар хэсэгт / Алагцар/ амьдардаг болохыг тодорхойлов.” гэх,
Х аймгийн А сумын Х тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гиваажидын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаартай “ Э.С нь тус цэцэрлэгийн Бэлтгэл-Б бүлэгт суралцдаг нь үнэн болно.” гэх,
Хөвсгөл аймгийн Баясгалант Энх очир эмнэлэгийн эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “ Э овогтой П, 9 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх,
Хөвсгөл аймгийн Баясгалант Энх очир эмнэлэгийн эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “ Э овогтой С, 5 настай, эрэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно.” гэх тодорхойлолт, албан бичгүүд хэрэгт авагдсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Дагавар хүүхэд хойт эцэг, эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх ашиг сонирхлыг хамгаална гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.Ш нь зөвхөн Б.Э-тай суугаад гарсан хүү Э.С-даа эцэг Б.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй байна.
Гэвч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.
Хэдийгээр хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгааны талаар баримт авагдаагүй ч гэрлэгчид нь хамтран амьдарч байх хугацаандаа байнга хэрүүл маргаантай байсан байдал, Шүүх гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээг нэг удаа авсан ба эвлэрүүлэх хоёр сарын хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй, эвлэрэх талаараа өөрсдөө санаачилга гаргаагүй зэргийг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Б.Э, Б.Ш нарын гэрлэлтийг цуцлаж охин Э.П, хүү Э.С нарыг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүү Э.С-ад хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хариуцагч Б.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын эд хөрөнгөний талаар тайлбартаа дурьдаж гэрч асуулгах хүсэлт гаргаж байсан боловч энэ талаараа маргаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй учир хамтран өмчлөх дундын эд хөрөнгөний талаар талууд маргаагүй гэж үзэж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 122.900 төгрөгийг төлсөн байх бөгөөд гэр бүл цуцлуулах шаардлага “ эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд хамааран төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг, хүү Э.С-д эцэг Б.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 30.844 төгрөгийг нийт 101.044 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх ёстой байсан байна.
Иймд Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.900 төгрөгөөс 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж улсын орлогоос 21856 төгрөгийг буцаан, хариуцагч Б.Э-аас 101.044 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ш-т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ш овогт Б.Э, Монгол улсын иргэн, Х овогт Б.Ш нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Ш овогт Э,П хүү Ш овогт Э.С нарыг эх Х овогт Б.Ш-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Ш овогт Э.С-д 11 нас хүртэл тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Ш овогт Б.Э-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.900 / нэг зуун хорин хоёр мянга есөн зуу/ төгрөгөөс 101.044 / нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж улсын орлогоос 21.856 /хорин нэгэн мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг буцаан, хариуцагч Б.Э-аас 101.044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ш-т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА