| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/00159/И |
| Дугаар | 135/ШШ2019/00230 |
| Огноо | 2019-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2019/00230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00159/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар ****** , харилцах утас ****** , *******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар ****** , харилцах утас ****** , *******-холбогдох
7 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* , хариуцагч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь ******* д болон түүний ээж У нартай зээлийн гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 5 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* д зээлүүлсэн юм.
******* гаас болон аав ээжээс нь гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч ******* гаас үндсэн зээл 5 000 000 төгрөг түүний хүү 2 900 000 төгрөг бүгд 7 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ******* нь эвлэрэхийг хүссэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Гэрт ирж гуйхад тэтгэврийн зээлээ авч өгсөн байсан. ******* гэрээний 6 сарын хүү өгсөн гэж худлаа ярьж байна. Надад 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1, 2 дугаар сарын хүү 900 000 төгрөг өгсөн. 2018 оны 10 дугаар сард 1 000 000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг гэрээний сүүлийн 3 сарын мөнгө гэж бодоод ээжид нь болон М-д хэлсэн. Тиймээ гэж хэлсэн. Үндсэн мөнгөө авъя гэхэд авсан нь үнэн юм чинь өгнө өө санаа зоволтгүй гэж байнга хэлдэг. Би Улаанбаатар хотын ХСҮТ-д улаан хоолойн апрес хийлгэсэн. Тэгэхэд мөнгөө авъя гэхэд өгөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний төрсөн эгч нас барсан. Энэ талаар учраа хэлсэн. Мөнгөө өгөөгүй. М-гийн ээж Солонгост ажил хийж байгаа, тусдаа гараагүй, эрэгтэй дүү нь цементийн үйлдвэрт ажилладаг. Аав нь таксинд явдаг, өөрөө багш ажилтай. М- миний мөнгийг өгөөгүйгээс болж би 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл тэтгэврийн зээл авсан. Одоо би 3 сарын 11-ний өдөр Улаанбаатар хот эмчилгээндээ явна. ХСҮТ-ийн мэс заслын эмчийн хяналтад байгаа гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
******* миний бие нэхэмжлэгч ******* аас анх 2016 оны 11 дүгээр сард 2 000 000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулалгүйгээр зээлж, эхний 2 сар 10 хувийн хүү, дараагийн 2 сарын 8 хувийн хүү, дараагийн 8 сард нь 7 хувийн хүү төлж нийтдээ 2 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 12 сарын 1 840 000 төгрөгийг төлсөн байдаг. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин 3 000 000 төгрөг зээлж, өмнөх зээлсэн 2 000 000 төгрөгийг оруулан нийт 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн. Үүнээс хойш би 6 сарын гэрээнд заасан хугацаанд хүү нийт 1 800 000 төгрөг өгсөн. Мөн 2018 оны 10 дугаар сард үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Би нэхэмжлэгчид анх 2 000 000 төгрөг зээлэхдээ бичгээр зээлийн гэрээ байгуулалгүйгээр хүү нийтдээ 1 840 000 төгрөг төлсөн. Үүнийг одоо бодитой төлөх ёстой 4 000 000 төгрөгөөс хасвал 2 160 000 төгрөг төлөх нь бодитой байгаа юм. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрэхэд татгалзах зүйлгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* д холбогдуулан үндсэн зээл 5 000 000 төгрөг, түүний хүү 2 900 000 төгрөг нийт 7 900 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 5 сая төгрөг авсан нь үнэн, 2 сая төгрөгийн зээлийн хүүд 960 000 төгрөг, гэрээ хийснээс хойш зээлийн хүүд 1 900 000 төгрөг нийт 2 860 000 төгрөг төлсөн тул үндсэн зээлийн төлбөрийг зөвшөөрч хүүг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг 2 сая төгрөгийн зээлийн хүү 960 000 төгрөгийг авсан, 5 сая төгрөгийн гэрээ байгуулснаас хойш одоог хүртэл зээлийн хүүд 2900 000 төгрөг нэхэмжилсэн гэж тодруулсан болно.
Хариуцагч ******* нь 2017 оны 4 дүгээр сарын 29-нд 2 сая төгрөг авч зээлийн хүүд 2017 оны 5 дугаар сарын 29-нд 200 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-нд 160 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-нд 160 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 27-нд 160 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-нд 140 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-нд 140 000 төгрөг нийт 960 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэмж 3 сая төгрөгийн зээл авч 5 сая төгрөгт зээлийн гэрээ байгуулснаас хойш өөрийн Хаан банкны данснаас 250 000 төгрөг, 300 000 төгрөг, 300 000 төгрөг, 1 сая төгрөг, 50 000 төгрөг нийт 1900 000 төгрөг зээлийн төлбөрт 2 860 000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан ******* , ******* нарын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, зохигчдын тайлбараар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй болно.
Зохигчид нь 2017 оны 4 дүгээр сарын 29нд авсан 2 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр авсан 3 сая төгрөг нийт 5 сая төгрөгт зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд зохигчид нь зээлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар зээлийн төлбөр төлөх үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар үндсэн зээл 5 000 000 төгрөг, 6 сарын хүү 1 800 000 төгрөг нийт үндсэн төлбөрт 6 800 000 төгрөг төлөхөөс зээлийн төлбөрт төлсөн 2 860 000 төгрөгийг хасч үлдэх 3 940 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 3 960 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч ******* гаас 3 940 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* т олгож, 3 960 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 141 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77 990 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА