Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч *************************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************************холбогдох эрүүгийн 2238000000574 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************************нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд байрлах цайны газар 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *************************нүүрэн тус газар нь гараараа цохиж биед зүүн хацрын зөөлөн эдэд няцралт, баруун сарвууны эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *************************нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд байрлах цайны газар 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *************************нүүрэн тус газар нь гараараа цохиж биед зүүн хацрын зөөлөн эдэд няцралт, баруун сарвууны эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000574 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч *************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би *************************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг,

Хохирогч *************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хатгал тосгоны Сүхбаатар хөлөг онгоцны ойролцоо байх нэр нь үл мэдэгдэх цайны газарт 15 цагийн үед 3 охинтойгоо орж үйлчлүүлсэн тэгэхэд хуушуур худалдаж авахад хуушуурынх нь тос арай л дэндүү удчихсан хуушуур нь гашуун байхаар нь тогооч эгчид хуушуурынхаа тосыг солимоор юм байна даа эгч гэж хэлсэн08 дугаар сарын 13-ны өдөр ийм үйл явдал болсон. Маргааш өдөр нь буюу 8 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед нөгөө цайны газартаа ороод өдрийн мэнд гэж мэндлээд 3 цуйван 1 гурилтай шөл 1 халуун сав цай авъя гэж хэлэхэд захиалгыг чинь авлаа гэж хэлсэн тэрний дараа нөгөө тогооч надаас 3-4 удаа цуйван гэл үү гурилтай шөл авна гэсэн үү гэж асуусан тэгэхээр нь би эгчээ би захиалсан хоолоо авалгүй яах вэ дээ 30-40 минут хүлээлээ шүү дээ гэж хэлэхэд тогооч эгч чи өчигдөр хүртэл хуушуур чинь тосон муухай байна гэж хэлээ биз дээ гээд манай хоолны газраас гар зайл чамд үйлчлэхгүй хэрэглэгч гэхээр хаан гэж боддог хотынхон гэхээрээ ийм муухай харьцдаг та нар биднийг ийм болгосон бид нар Хөвсгөлийнхөн шүү гээд хашхирч орилоод байсан би тэр хүнд янз бүрээр хэлж муухай үгээр хэлээгүй тогооч эгч 3 охин бид 4-ийг хоолны газраасаа зайл та нарт үйлчлэх албатай юу гээд хөөгөөд байсан. Тэгтэл гаднаас тэргэнцэртэй хүн орж ирсэн ээ орилоод зайл гэсэн ээ миний нүүр тус газар руу гараараа хэд хэдэн удаа цохиод гарыг минь хөшиж хуруунуудыг маань мушгиад байсан. Би тэр хүнийг ерөөсөө танихгүй гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй л цохиод байсан тэр дотор байсан хүмүүс та хүн цохихоо болиоч зүгээр хүнийг яагаад цохиод байгаа юм гэж хэлж байсан. Тогооч эгч болохоор наад хүн чинь тэргэнцэртээ группийн хүн шүү дээ наад хүнд чинь хууль үйлчлэхгүй шүү чи өөрөө л хохирч үлдэнэ гэж хэлээд байсан. Тэгээд би Хөвсгөл аймгийн цагдаагийн дугаар руу залгаад Хатгалын цагдаагийн утсыг аваад дуудлага өгсөн. Би тухайн хоолны газраар Хөвсгөл аймаг, Хатгал тосгонд ирэх болгондоо уг хоолны газарт 5 жил үйлчлүүлж байгаа юм. Тогооч эгчийг ганц хоёр удаа харж байсан. Гаднаас орж ирсэн тэргэнцэртээ хүнийг бол танихгүй хүн байсан одоо царайг нь харах юм бол танина. Би уг тогоочид хоол захиалаад 30-40 минут болсон тэгэхэд тэр тогооч хоол авах юм уу гээд дахин дахин асуугаад байсан би мэдээж хоол захиалсан болоод хоолоо хүлээгээд сууж байгаа шүү дээ гэж хэлээд хоолоо иднэ шүү дээ гэхэд чи яагаад дуугаа өндөрсгөж яриад байгаа юм бэ гээд тогооч эгч надтай маргалдаж чи өчигдөр хүртэл хуушуурын чинь тос удчихсан байна гашуун байна гээд байсан гээд хэрүүл өдөж эхэлсэн. Би уг хүнийг сайн танихгүй. Бид нар Хөвсгөлийнхөн шүү та нар муу сайн хотынхон гэж ирээд хэрүүл өдөж зайл гэж хөөсөн. Би уг хүмүүсийг танихгүй тогооч эгч гаднаас орж ирдэг хүмүүс бид нарын хооронд танил тал байхгүй нэг нэгнийгээ танихгүй бид нарийн хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Доромжлуулсан болон зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас),

Гэрч *************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр өдрийн цагаар манай ажиллуулдаг байсан хоолны газарт 1 үйлчлүүлэгч 2 хүүхэд дагуулсан хүн орж ирээд 1 шөл, 2 цуйван захиалсан. Ар араасаа олон захиалга орж ирсэн болохоор захиалга ихтэй байсан болохоор ямар хүн ямар хоол захиалга өгсөн болохыг нь мартсан байсан болохоор дахин тэр хүнээс ямар хоол захиалах вэ гэж асуусан. Тэгтэл тэр хүн би шөлтэй хоол захиалсан гэж хэлээд байгаа юм биш үү ямар их асуудаг юм гэж загнаж зандарч эхэлсэн. Тэгэхээр нь та юундаа загнаад байгаа юм наад хөгшин хүн чинь сайн ойлгохгүй дахин асуулаа тэгэхэд та юунд нь уурлаж орилоод байгаа юм бэ гэсэн. Тэр хүний уурласан шалтгаан гэвэл та ингэж орилоод байгаа болохоор гарах юм уу үйлчилж байгаа та нар дуугай байх ёстой үйлчлүүлж байгаа бидний өмнөөс үг хэлэх эрхгүй бид нарт үйлчлэх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй та манай хоолны газраас гараа би доромжлуулаад зогсож чадахгүй, би үгийг чинь маш тэвчээртэй сонслоо, би чинь хүн шүү дээ та гараад яв гэж хэлэхэд л уурласан юм шиг байгаа юм. Тухайн үед гаднаас аав орж ирээд тэр хүнийг дуугүй байгаа ч чи чинь согтуу юм уу ямар аймар орилдог юм бэ гэж хэлсэн. Аав бас тэр хүний гар гэж хэлэхэд аавыг зодно гээд тэргэнцрээс унагаачих гээд тулж очоод орилоод байсан. Тэгтэл аав Хүрэлбаатарыг тэр танихгүй хүн цохих гээд байхаар нь хөөе та наад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг цохиж болохгүй шүү гэхэд энийг чинь цохихгүй, цохих ч үгүй гэж хэлсэн. Аавтай маргалдаж байгаад гараад явсан. Цохисон зүйл бол байхгүй тэр хүний гар нь л аавын урдаас сарваагаад байсан. Би тухайн үед заалны нөгөө талд хоолоо бэлдэж байсан тул маргалдаж байсан үгийг л сонсож байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 461 дугаартай:

1. *************************биед зүүн хацрын зөөлөн эдэд няцралт, баруун сарвууны эрхий хүрүүны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ.

3. *************************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 23-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн хуулбар, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны  даргын тодорхойлолт,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 35-37,39-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000574 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************************нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд байрлах цайны газар 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *************************нүүрэн тус газар нь гараараа цохиж биед зүүн хацрын зөөлөн эдэд няцралт, баруун сарвууны эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *************************(хх-ийн 14-р хуудас), гэрч *************************(хх-ийн 19-20-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 461 дугаартай дүгнэлт (хх-ийн 23-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *************************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *************************нь хохирогч *************************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч *************************нь шүүгдэгч *************************хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч *************************гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *************************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 39-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *************************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эхнэр, ачийн хамт амьдардаг, 74 настай, доод мөчний бүтэн саажилт өвчний учир байнгын асаргаанд байдаг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000574 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********************  450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

     

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********************* оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

     4. Эрүүгийн 2238000000574 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *************************нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *************************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР