Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00049/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ....тоотод оршин суух, регистрийн дугаар .... , харилцах утас .... , Э.Э-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум .... тоотод оршин суух, П.Б-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э , хариуцагч П.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Э.Э миний бие 2000 онд Б-тай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.О , 2004 оны 3 дугаар сарын 19-ний өдөр охин Б.О , 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.Т , 2009 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Т нар төрсөн. П.Б  нь 2012 оны 4 сарын 10-ны өдөр Солонгос улс руу явж, түүнээс хойш үр хүүхдүүдэдээ мөнгө өгөөгүй, таагүй харилцаатай болоод цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2012 оноос салж тусдаа амьдрах болсон. 2013 оноос бид хүүхдүүдээ хоёр хоёроор нь өөр дээрээ түр байлгаж, 2016 онд Э  миний бие 4 хүүхдээ буцаан авсан. Тэр үеэс хойш үр хүүхдүүдэд минь миний асаргаанд өсөн торниж байна. Цаашид хамтран амьдрах болсон тул О , О , Т , Т  нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Иймд гэрлэлтээ цуцлуулна, 4 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

            Хариуцагч П.Б  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Э тэй 2000.09.15-ны өдөр гэр бүл болж 12 жил хамт амьдарч энэ хугацаанд 4 хүүхэдтэй болсон. 2012 оны 4 сард БНСУ руу гэрээт ажилчнаар явсан. Энэ хугацаанд Э.Э  нь өөр хүнтэй харилцаа тогтоож эхэлсэн. Ийм шалтгаанаар бид

хоёрын харилцаа хөндийрч эхэлсэн. Э.Э  нь тэр хүнээсээ 1 охин төрүүлж хамт амьдарсан. Тэгээд 2012 оноос салж тусдаа амьдарсан. Энэ хугацаанд хүүхдүүд миний эцэг, эх дээр байсан. 2012-2016 он хүртэл Солонгос улсад ажиллаж амьдарч байхад үр хүүхдээ асран халамжилж, бүх зардал мөнгийг төлдөг байсан. 2014 оноос Э.Э  нь Б.О , Б.Т гэсэн хүү, охин 2-ыг өөр дээрээ авсан. Дараа нь 2016 онд Б.О , Б.Т  хоёрыг хүүхдүүдээ хамт байлгая гээд аваад явсан. Одоо харин гэр бүлийн батлахтай албан ёсоор салаагүй байж хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байна. Иймд би энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эхлээд бид хоёрын гэрлэлтийг албан ёсоор салгаж өгнө үү. Мөн би өөрийн хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Энэхүү нэхэмжлэлийн шалтгааныг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Э  нь хариуцагч П.Б д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг нэмэгдүүлж гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Э.Э , хариуцагч П.Б  нар нь 2000 онд танилцаж гэр бүл болж, 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.О , 2004 оны 3 дугаар сарын 19-ний өдөр охин Б.О , 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.Т , 2009 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Т нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчид нь эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж охин Б.О , охин Б.О , хүү Б.Т , хүү Б.Т нарын төрсөн эцэг Пүрэвдоржийн Б-аар овоглож захиргааны журмаар хүүхдүүдийн эцгийг тогтоосон байх бөгөөд хариуцагч нь хүүхдүүдийн төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй тул эцэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Зохигчид нь 2012 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь тусдаа амьдралтай болсон зэрэг үндэслэлээр цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргасан тул зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Хариуцагч нь хүү Б.Т , Б.Т нарыг өөрийн асрамжинд авахаар маргаж хүүхдүүдээ өөрөө асрамжиндаа авах боломжтой Ноён пицца компанид түгээлтийн жолоочоор, сарын 800 000 төгрөгийн цалинтай ажилладаг, Хүслийн хотхонд байр түрээслэн амьдардаг гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байх бөгөөд хүүхдүүд нь эхийнхээ асрамжинд аюулгүй орчинд эрүүл саруул өсөж торнин, сурч хүмүүжих эрхээ эдлэн бага дунд, дээд боловсрол эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан Одонт Манал Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн тодорхойлолт, Чандмань-Эрдэнэ шашины бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, Монголын Үндэсний их сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдүүд эхдээ ээнэгшин дассан байдлыг өөрчлөхгүйгээр эхийн халамж, ахуй нөхцөл бололцоо, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан Б.О , Б.О , Б.Т , Б.Т нарыг эх Э.Э гийн асрамжинд үлдээх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан

тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар Б.О , Б.О , Б.Т , Б.Т нарт сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг П.Б аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Б-, Э.Э  нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.О , 2004 оны 3 дугаар сарын 19-ний өдөр охин Б.О , 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.Т , 2009 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Т нарыг эх Э.Э гийн асрамжид үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.О , Б.О , Б.Т , Б.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг П.Б аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Э.Э , эх П.Б  нарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 800 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 210600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 140681 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА