Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/371

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                 Хэргийн индекс: 166/2022/0296/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батмөнх ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа

Шүүгдэгч П.Анхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Анхболд од холбогдох эрүүгийн 2218002020320 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Анхболд /РД: ТИ88122111/ 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч , эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 , эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум Өргөө баг 15-р байрны 11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч    нь Дархан Минж ХХК -нд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31 -ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж Дархан Минж ХХК -нд нийт 71,136,432 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч П.Анхболд ын:... Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. 1 жилийн гарангийн хугацаанд хохирол төлбөрөөс 28,000,000 төгрөг төлсөн байгаа. Надад Гачуурт ХХК-аас ажлын байрны санал ирсэн. Намайг таван жилийн гэрээ хийвэл байрны урьдчилгаа 30,000,000 төгрөг өгнө гэсэн. Сарын 2,500,000 төгрөгийн цалинтай гэсэн. Тэгээд хохирлоо төлөх боломжтой. Би бага насны гурван хүүхэдтэй. Манай эхнэр жирэмсний амралттай байгаа. Надаас өөр орлого олж байгаа хүн байхгүй. Хорихоос өөр төрлийн ял оногдуулбал би ажил хийгээд хохирлоо хурдан төлж барагдуулна гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батмөнх ын: П.Анхболд нь манайд нягтлангаар ажиллаж байсан. Манай байгууллага нэг нягтлан бодогчтой. Манай байгууллагын орлого зарлага, мөнгөн гүйлгээ бүгдийг л хариуцдаг байсан. П.Анхболд нь мөрийтэй тоглоод Дархан Минж ХХК-д зарцуулагдах ёстой байсан мөнгийг өөртөө зарцуулснаас ийм байдалд хүрсэн. П.Анхболд нь аудитийн дүгнэлтээр манай байгууллагад 71,136,432 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 28,400,000 төгрөг төлснийг хасч тооцон 42,736,432 төгрөг нэхэмжилж байна. Мөн аудитийн дүгнэлт гаргасан зардалд манай байгууллагаас 2,500,000 төгрөг төлсөн. Сүүлд нэмэлт дүгнэлт гарсны зардал 2,000,000 төгрөгийн нэхэмжлэх нь манай байгууллагад ирсэн байгаа. Иймд аудитад төлсөн зардал 4,500,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:

2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Дархан Минж ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх кассын баримт, 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх кассын баримт, 1 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх харилцахын тайлан, Дархан Минж компанийн Дархан салбарт шалгалт хийсэн тайлан зэрэг баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16-17/,

Дархан Минж ХХК болон П.Анхболд нарын хооронд байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 18-20/,

Дархан Минж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 25/,

Шүүгдэгч П.Анхболд ыг 2021 оны 3 дугаар сарын 01 -ний өдрөөс нягтлан бодогчоор томилсон Дархан Минж ХХК-ийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 31-36/,

Гэрч Б.Болормаа гийн: Миний   ..... , ........ дугаар дансыг манай нөхөр П.Анхболд нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглаж байсан. Манай нөхөр тухайн үед ..... ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ингээд ажилчдын цалин олгох, өөр бусад гүйлгээг миний дансаар дамжуулан хийх шаардлагатай байна гээд миний дансыг ашиглаж байсан. Манай нөхөр П.Анхболд нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дархан Минж ХХК-аас гарлаа гэж хэлж байсан. Ямар учраас гарч байгааг нь би сүүлд мэдсэн. П.Анхболд надад хэлэхдээ би байгууллагын мөнгөнөөс хувьдаа хэрэглэчихсэн юм гэж хэлж байсан. Ямар учраас, ямар зорилгоор хэдэн төгрөг юунд зарцуулсан талаар би мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

Шинжээч Л.Одончимэг ийн: П.Анхболд нь өөрийн эхнэр Б.Болормаа гийн Хаан банкны ... дугаар дансаар байгууллагын харилцах данснаас 34 удаагийн гүйлгээгээр 96,785,000 төгрөг, кассаас 14 удаагийн гүйлгээгээр 55,079,750 төгрөг, бусад байгууллагаас 24 удаагийн гүйлгээгээр 82,531,400 төгрөг, Дархан Минж тэй харилцах Стандарт Стийл ХК-аас 3 удаагийн гүйлгээгээр 14,500,000 төгрөг, нийт 75 удаагийн гүйлгээгээр 248,896,150 төгрөгийн орлого авч үүнээс 95 удаагийн гүйлгээгээр 187,459,718 төгрөгийг зарлагадаж зарцуулалт хийж үлдэгдэл 61,436,432 төгрөгийг дутагдуулсан болох нь тогтоогдсон. Мөн нэмэлт шинжилгээгээр 9,700,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55, 2-р хх-ийн 119/

 

          2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЦЭСБ-АУДИТ ХХК-ийн

          -  П.Анхболд  нь байгууллагын данснаас болон кассын данснаас өөрийн эхнэр Б.Болормаа гийн данс руу мөнгө шилжүүлэн Минж ХХК -нд нийт 16,709,343 төгрөгийн хохирол учруулсан байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-117/

         

          2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ЦЭСБ-АУДИТ ХХК-ийн

          -  П.Анхболд  нь байгууллагын данснаас болон кассын данснаас өөрийн эхнэр Б.Болормаа гийн данс руу мөнгө шилжүүлэн Минж ХХК -нд 61,436,432 төгрөгийн хохирол учруулсан зөрчил илэрлээ гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 124-152/,

          2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЦЭСБ-АУДИТ ХХК-ийн

          - Минж ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын харилцахын тайлан, 2021 оны 08 дугаар сарын цалингийн хүснэгт, урьдчилгаа тавин олгосон баримт, кассын баримт, Б.Болормаа гийн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5400758779 тоот харилцах дансны хуулга, П.Анхболд ын 403179312 дансны хуулгыг үндэслэн дүгнэлтийг гаргасан болно.

          - П.Анхболд нь байгууллагын данснаас болон кассын данснаас өөрийн эхнэр Б.Болормаа гийн данс руу мөнгө шилжүүлэн Минж ХХК-нд нэмэлтээр 9,400,000 төгрөгийн хохирол учруулсан зөрчил илэрлээ.

          - Мөн ажилтан Б.Түвшинтөгс , А.Энхцэцэг , Н.Жамъянмядаг нараас илүү суутгасан нийт 300,000 төгрөгийг П.Анхболд оор гаргуулан ажилтнуудыг хохиролгүй болгуулах дүгнэлт гаргаж байна.

          - Нэмэлт шинжилгээгээр 9,700,000 төгрөг,

          - Өмнөх шинжилгээгээр 61,436,432 төгрөг, нийт 71,136,432 төгрөгийн хохирол учруулсан байна гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 95-114/,

          Гэрч П.Цогтгэрэл ийн: П.Анхболд нь байгууллагад учруулсан нийт хохирол 71,136,432 төгрөгнөөс худал тайлбарлан 4,300,000 төгрөг болон 5,000,000 төгрөг, 400,000 төгрөг нийт 9,700,000 төгрөг хасч тооцуулсан байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 121/,

          Гэрч А.Энхцэцэг ийн: 2021 оны 08 дугаар сард манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Анхболд нь миний цалингийн урьдчилгааг захирлын баталсан цалингийн хүснэгтийг дагуу хийлгүй 100,000 төгрөгийг хасч 700,000 төгрөг цалингийн урьдчилгаанд өгсөн юм. Энэ асуудлыг тухайн үед нь би цалин дутуу орсон байсан учир цалингийн хүснэгттэй тулган үзэхэд нягтлан бодогч П.Анхболд нь байгууллагын цалингийн цэсэнд надад 800,000 төгрөгний урьдчилгаа цалин өгсөн мэт баримт бүрдүүлсэн байсан. Байгууллагын зүгээс уг мөнгийг надад нөхөж өгсөн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 127/,

          Гэрч Н.Жамъянмядаг ийн: 2021 оны 08 дугаар сард манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Анхболд нь миний цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг орохоор баталсан байхад 100,000 төгрөгийг хасч 300,000 төгрөг цалингийн урьдчилгаанд өгсөн юм. Би цалин дутуу орсон байсан учир цалингийн хүснэгттэй тулган үзэхэд нягтлан бодогч П.Анхболд нь байгууллагын цалингийн цэсэнд надад 400,000 төгрөгний урьдчилгаа цалин өгсөн мэт баримт бүрдүүлсэн боловч 100,000 төгрөгийг хувьдаа авч надад хохирол учруулсан байсан. Байгууллагаас уг мөнгийг надад эргүүлэн өгсөн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 128/,

          Гэрч Б.Түвшинтөгс ийн: 2021 оны 08 дугаар сард манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Анхболд нь миний цалингийн урьдчилгаа мөнгө 400,000 төгрөг орохоор байхад 100,000 төгрөгийг хасч 300,000 төгрөг өгсөн юм. Цалингийн хүснэгттэй тулган үзэхэд нягтлан бодогч П.Анхболд нь байгууллагын цалингийн цэсэнд надад 400,000 төгрөгний урьдчилгаа цалин өгсөн мэт баримт бүрдүүлсэн боловч 100,000 төгрөгийг хувьдаа авч надад хохирол учруулсан байсан. Байгууллагын зүгээс уг хохирлыг нөхөж өгсөн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 131/,

          Гэрч П.Цэвээнравдан гийн: Би Дархан-Уул аймагт хувиараа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж гутал хийдэг. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бараа материал авахаар Дархан - Минж ХХК-ийн Болормаа гэх хүний дансанд өөрийн Хас банкны 140001853433 дугаар данснаас 10,500,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өдөр нь бараа материалаа авалгүй байж байтал төрсөн эгчийн минь бие муудаж эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул Дархан Минж ХХК-нд өгсөн мөнгөө эргүүлэн авахаар болсон. Би уг мөнгийг өөрийн эхнэр Оюунчимэг гэх хүний дансаар 5,000,000 төгрөг, мөн өөрийн эгч Цэцэгмаа гийн дансаар 5,500,000 төгрөгийг авсан юм. Уг мөнгийг Дархан Минж ХХК-аас бүрэн өгсөн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 133/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ...... нь Дархан Минж ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 01-ий өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ий өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж Дархан Минж ХХК-д 71,136,432 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь амар хялбараар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлтээс үүдэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч П.Анхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Нийт хохирлоос 28,400,000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан тул үлдэх 42,736,432 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Дархан Минж ХХК-д олгох саналтай байна. ЦЭСБ аудит ХХК-ий өмнө гаргасан шинжээчийн зардал 2,500,000 төгрөгийг Дархан Минж ХХК төлсөн гэж байгаа хэдий ч нотлох баримтаа ирүүлээгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд ЦЭСБ аудит ХХК-ий нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч П.Анхболдоос гаргуулж ЦЭСБ аудит ХХК-д олгох саналтай байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Яах аргагүй Дархан Минж ХХК-д 71,136,432 төгрөгийн хохирол учруулж, завшсан. Үүн дээр маргахгүй. Гэмт хэрэг гарахад хохирогч талын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж харж байна. Яагаад вэ гэхээр Анхболд ын эхнэр Болормаа гийн хувийн дансаар байгууллагын мөнгө орж гараад байна. Яагаад хувь хүний дансаар кассын бэлэн мөнгөний үйл ажиллагаа явуулаад байна вэ? Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа байна. Байгууллагаас гарч байгаа мөнгө захирлын 1 дүгээр гарын үсэг, нягтлан бодогчийн 2 дугаар гарын үсэг зурагдаж байж нярвын анхан шатны санхүүгийн баримт бичигдэж байж гарах хуультай . Үүнийг хохирогч байгууллага мэдэж байх ёстой. Хууль зөрчөөд хувь хүний дансаар байгууллагын мөнгө оруулж гаргаад байгаа нь татвараас зайлсхийх гэсэн үйлдэл гэж би хувьдаа бодож байна. Дархан Минж ХХК-д 71,136,432 төгрөгийн хохирол учирснаас 28,400,000 төгрөгийг төлсөн гэдэг нь тогтоогдлоо. Одоо үлдэгдэл 42,736,432 төгрөгийн хувьд төлөх юм байна гэж бодож байна. Харин аудитын зардал 4,500,000 төгрөг яриад байна. Үүнийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хохирол биш, шүүхийн зардал юм. 2,500,000 төгрөгийг Дархан Минж ХХК төлсөн гэж байгаа боловч төлсөн эсэх нь тодорхойгүй байна. Баримтыг нь хаана байна гэхэд мэдэхгүй гэж байна. Иймд хохирол дээр нэмэх үндэслэлгүй байх тул, хохирлыг 42,736,432 төгрөгөөр тогтоож өгнө үү гэв.

          Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Анхболд нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан Минж ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа байгууллагын 71,136,432 төгрөгийг авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, эсхүл бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус заасан байна.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч П.Анхболд ын үйлдэл нь Дархан Минж ХХК-нд нягтлан бодогчоор ажилладаг, нягтлан бодох бүртгэлийн бүхий л үйл ажиллагааг гардан гүйцэтгэдэг байдлаа ашиглаж, байгууллагын мөнгөн хөрөнгөнөөс их хэмжээний буюу 71,136,432 төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

          Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэл гэж үзэн шүүгдэгч П.Анхболд ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

          2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батмөнх нь шүүгдэгчээс хохиролд 42,736,432 төгрөг, аудитад төлсөн зардал 4,500,000 төгрөг нийт 47,236,432 төгрөг нэхэмжилжээ.

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Дархан Минж ХХК нийт 71,136,432 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЦЭСБ-АУДИТ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа ба шүүгдэгч П.Анхболд нь хохиролд 28,400,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хохирол төлсөн тооцоо зэргээр нотлогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул шүүгдэгч П.Анхболд нь хохирогч байгууллагад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Иймд шүүгдэгчээс 42,736,432 төгрөг гаргуулж хохирогч Дархан Минж ХХК-нд олгож нь зүйтэй гэж үзлээ.

Харин дүгнэлт гаргасан шинжээчид төлсөн зардал нь гэмт хэргийн хохиролд хамаарахгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 4,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч П.Анхболд нь нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлаг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, 3 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсний амралтаа авсан хүүхдээ хараад гэртээ байдаг зэрэг ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, торгох ялын доод хэмжээ буюу 10,000 нэгжтэй тэнцэх хэмцээний төгрөгөөр торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг хуульд зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчилж төлөхөөр тогтоож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч П.Анхболд нь зан байдлын хувьд нийтэд аюултай, зайлшгүй нийгмээс тусгаарлан эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 12,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.600.000 /арван хоёр сая зургаан зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.Анхболд од оногдуулсан ялын хэмжээ, түүний орлого олох боломж нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр 350,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт санхүүгийн шинжилгээ хийж дүгнэлт гаргасан ЦЭСБ-АУДИТ ХХК-ийн ажлын хөлс 2,000,000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох тул шүүгдэгчээс 2,000,000 төгрөгийг гаргуулж, ЦЭСБ-АУДИТ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Анхболд ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дах хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Анхболд ыг 12,600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.600.000 /арван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Анхболд од оногдуулсан 12.600.000 /арван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр 350,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч П.Анхболд оос 42,736,432 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан Минж ХХК-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөгчийн 4,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Анхболд оос 2,000,000 төгрөгийг гаргуулж, ЦЭСБ аудит ХХК-д олгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Анхболд од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Анхболд од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ИХТАМИР