| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2022/0378/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/399 |
| Огноо | 2022-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0378/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч Н.Сүхтөмөр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нурд овогт Нацагийн Сүхтөмөрт холбогдох эрүүгийн 2203006510565 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Төмөр замын вагоны холбогч, найруулагч мэргэжилтэй, одоо тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр 2 зээгийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Найрамдал хэсгийн 13 дугаар байрны 8 тоотод оршин суух хаягтай, урьд:
-Октябрийн районы ардын шүүхийн эрүүгийн шүүхийн 1988 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн,
-Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, 50000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, Нурд овогт Нацагийн Сүхтөмөр /Регистрийн дугаар МЗ63102019 /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Сүхтөмөр нь 2022 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Салхит” өртөөн дээр “Ууланбаатар-Сүхбаатар” чиглэлийн суудлын 263 дугаар галт тэрэгний 13-р вагоны үйлчлэгчийн өрөөнөөс иргэн Б.Солонгын цүнхнээс түүний эзэмшлийн “Samsung A51” маркийн гар утас, “Remax 40000 mah” маркийн зөөврийн цэнэглэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 380000 төгрөгний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Сүхтөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу.” гэв.
Эрүүгийн 2203006510565 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Солонгын өгсөн: “...өрөөнд сандал дээр байсан өөрийн саарал өнгийн цүнхээ онгойлгож гар утасныхаа цагийг хараад буцааж гар утсаа цүнхэндээ хийгээд орхиод гараад явсан. Салхит өртөөн дээр галт тэрэг зогсоход 5 хүн галт тэрэгнээс буусан. Хүн буугаад дуусахаар нь би галт тэрэгний гишгүүр тавцангаа хураагаад дохиогоо өгөөд зогсож байхад нэг эрэгтэй 60 орчим насны хүн бууя гээд вагоноос үсэрч буух гээд байхаар нь би “та байж бай, би гишгүүр буулгаад өгье” гэж хэлээд тэр эрэгтэй хүнийг буулгасан. Галт тэргэнд дохио өгч буулгаад хаалгаа хаагаад өрөө рүүгээ ороход миний цүнх онгорхой “Samsung A51” маркийн гар утас болон зөөврийн цэнэглэгч хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх 21-22/,
Гэрч А.Пүрэвбаатарын өгсөн: “...тухайн хаягаар шөнө очиж шалгахад Н.Сүхтөмөр гэх хүн орон дээр хувцастай орон дээрээ хэвтэж байсан. Н.Сүхтөмөрт хандаж “та сая суудлын 263-р галт тэргээр зорчиж ирсэн үү” гэхэд тийм гэж хариулсан. Та буухдаа гар утас болон зөөврийн цэнэглэгч хараагүй биз гэж асуухад мэдэхгүй, хараагүй гэж хэлсэн. Би үйлчлэгч Б.Солонгын гар утасны дугаар болох 95799429 дугаар руу залгахад дуудаж байснаа холбогдох боломжгүй болсон. Н.Сүхтөмөр гэх хүний үйл хөдлөл нь сэжигтэй байсан тул өрөө рүүгээ дагуулж явж шалгахаар болоод та намайг дагаад яваарай гэхэд сандарч, өмсөж байсан хувцас болох куртикээ солих гээд байхаар нь “та өмсөж явсан хувцастайгаа явна шүү гэхэд буцааж өмссөн. Би куртикийг тэмтэрч үзэхэд энгэрийн халаасанд нь гар утас, зөөврийн цэнэглэгч байсан.” гэх мэдүүлэг /хх 32/,
“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны байдлаар 380000 төгрөг байна. /хх 24-25/,
Шүүгдэгч Н.Сүхтөмөрийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 61-68/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тэтгэвэр тогтоолтын хуудас, регистрийн дугаарын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 77-87/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шүүгдэгч Н.Сүхтөмөр нь 2022 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Салхит” өртөөн дээр “Ууланбаатар-Сүхбаатар” чиглэлийн суудлын 263 дугаар галт тэргээр зорчин явахдаа 13-р вагоны үйлчлэгчийн өрөөнөөс иргэн Б.Солонгын цүнхнээс түүний эзэмшлийн “Samsung A51” маркийн гар утас, “Remax 40000 mah” маркийн зөөврийн цэнэглэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.
Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Н.Сүхтөмөр нь хохирогч Б.Солонгын эзэмшлийн “Samsung A51” маркийн гар утас, “Remax 40000 mah” маркийн зөөврийн цэнэглэгч зэргийг хулгайлсан болох нь хохирогч Б.Солонгын өгсөн: “...тэр эрэгтэй хүнийг буулгасан. Галт тэргэнд дохио өгч буулгаад хаалгаа хаагаад өрөө рүүгээ ороход миний цүнх онгорхой “Samsung A51” маркийн гар утас болон зөөврийн цэнэглэгч хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх 21-22/, гэрч А.Пүрэвбаатарын өгсөн: “...Би куртикийг тэмтэрч үзэхэд энгэрийн халаасанд нь гар утас, зөөврийн цэнэглэгч байсан.” гэх мэдүүлэг /хх 32/, “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны байдлаар 380000 төгрөг байна. /хх 24-25/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Н.Сүхтөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.Солонго нь хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авсан нь хэргийн 14-р хуудсанд авагдсан эд зүйлийг нь эзэмшигчид нь буцаан олгох тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар зэргийг өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, шүүгдэгч чин санаанаас гэмшсэн, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэнн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөрийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн хугацааг ялтанд цахим бугуйвч зүүж эхэлсэн үеэс тоолохоор зохицуулсан байх тул шүүгдэгч Н.Сүхтөмөрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг цахим бугуйвч зүүсэн үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Сүхтөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Нурд овогт Нацагийн Сүхтөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөрийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтад Дархан-Уул аймгийн Хонгор сумаас гадагш гарахгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
4. Шүүгдэгч Н.Сүхтөмөрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөр нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сүхтөмөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Сүхтөмөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ