Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 158/ШШ2021/0010

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Булган аймгийн ...................... сумын иргэн З.Догсмаагийн нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Булган аймгийн Эрүүл мэндийн газар /....................../-т холбогдох  

            “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хугацаанд нь шийдвэрлүүлж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үүний улмаас учирсан 3.000.000 /гурван сая/, олох байсан орлого 15.801.324 /арван таван сая найман зуун нэг мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийн хохирол гаргуулах, аймгийн Засаг даргын А/515 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 158/2021/0005/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Догсмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий, гэрч Г.Б, Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч З.Догсмаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан “......................” ХХК нь 2017 онд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч Булган аймгийн ...................... суманд эмийн сангийн үйл ажиллагаа эхэлсэн. Тусгай зөвшөөрөл 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр дуусах байсан тул миний бие баримт бичгээ бүрдүүлж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ Эрүүл мэндийн газарт өгсөн. Хүсэлт өгснөөс хойш хариу өгөхгүй болохоор нь 7 дугаар сард лавлаж асуухад хүмүүс ээлжийн амралттай тул хурал хийх боломжгүй байна гэх хариуг өгсөн. Сүүлд 10 дугаар сард дахин асуухад Мэргэжлийн хяналтын газраас бичиг ирэхээр нь шийдвэрлэнэ гэсэн  ба танай зөвшөөрлийг сунгах боломжгүй гэж огт хэлээгүй мөртлөө өнөөг хүртэл ямар ч хариу алга байна. Үүний улмаас намайг тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад эм бусдад зарсан гэх үндэслэлээр аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч И.Тулга 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль тавьсан. Би тусгай зөвшөөрлийн асуудлаараа аймгийн Засаг дарга болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргад хандан гомдол гаргасан боловч тусгай зөвшөөрөл олгодог газраа ханд гэсэн. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаалын 2 дахь заалтаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл ...................... нь энэ үүргээ биелүүлээгүйгээс тусгай зөвшөөрөл сунгах асуудал хагас жил үргэлжилж, үүний улмаас манай байгууллагын үйл ажиллагаа доголдож, эмийн сангийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байтал аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч эмч И.Тулга 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр намайг 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгосон. Иймд Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ......................гийн “тусгай зөвшөөрлийн комисс ажлын албаны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүйгээс тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, надад учирсан торгуулийн 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/515 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Харин эмийн сангийн үйл ажиллагаа доголдож өнөөдрийг хүртэл олох байсан орлого буюу хохирол 15.801.324 /арван таван сая найман зуун нэг мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийг Эрүүл мэндийн газраас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжинэ. Эрүүл мэндийн газар нь нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваад 2020 оны 6 дугаар сарын 24-нд анхны хурлаа хийсэн байдаг. 2020 оны 12 дугаар сарн 20-ны өдөр хүртэл иргэн З.Догсмаагийн тус байгууллагад гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байдаг. Энэхүү хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлээгүй байх хугацаанд нь нэхэмжлэгчид учирсан хохирол болох 3.000.000 /гурван сая/  төгрөгийн хохирлыг гаргуулах нь зүйтэй. Учир нь эрүүл мэндийн газарт тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт өгсөн байхад уг хүсэлтийг шийдвэрлэх талаар ямар нэг хариу өгөөгүй, сунгахгүй талаар мэдэгдээгүй байхад нэхэмжлэгчийг үйл ажиллагаагаа явуулж байхад нь Аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч акт тавьж төлбөр хариуцуулсан нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирол юм. Энэ хохирлыг аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын А/515 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг дэмжиж байгаа. Эрүүл мэндийн чиглэлээр үндсэн үүргийг хэрэгжүүлдэг аймгийн Эрүүл мэндийн газар нь тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгоход шаардагдах ажиллагаа, баримт материалыг нь аймгийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлдэг учраас аймгийн Засаг даргаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг Эрүүл мэндийн газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Харин нэхэмжлэгч нь олох байсан орлого болох 15 сая гаруй төгрөгийн хохирол нэхэмжилснээсээ татгалзаж байгааг дэмжинэ” гэв.  

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ““......................” эмийн сан эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах чиглэлээр аймгийн Засаг даргын 2017 оны А/314 тоот захирамжаар 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг шинээр авсан. Энэхүү тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 31-нд дууссан. “......................” эмийн сан нь холбогдох хууль, журамд заасан материалыг бүрэн бүрдүүлээгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 19.16 дахь заалтыг зөрчин, өөрийн биеийн байдал өвчний талаар тайлбар тавин, тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн газарт ирүүлсэн. Манай байгууллага 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед эмийн сангийн эм баригчийн биеийн байдлыг харгалзан үзэж, 2 удаагийн хурлаар оруулсан. Ер нь хугацаа хоцорч манайд хүсэлт нь ирсэн байхад бид шийдвэрлэсэн нь буруу болсон юм байна. Нэхэмжлэгчийн биеийн байдал болон дутуу материалуудыг нь гүйцээлгэх гэж удаа дараа холбогдож, шаардаж байсаар хугацаа алдсанаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ шаардлагатай баримт материалыг дутуу бүрдүүлээд, хяналт шалгалтаар тэнцэхгүй гарсан учраас тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж, хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын захирамжийн хувьд манай байгууллага хүчингүй болгох эрх байхгүй. Засаг даргаас гарч байгаа шийдвэрийг үндэслэл болон бүрдүүлбэр зэргийг бид хянахгүй, аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд хянаж, гаргадаг байгаа. Нэхэмжлэгчийн хохирол гэж нэхэмжлээд байгаа торгуулийн 3.000.000 /гурван сая/ төгрөгийг манайх хариуцахгүй. Нэхэмжлэгч нь нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, цаашид сунгагдах эсэх асуудал шийдвэрлэгдээгүй байхад үйл ажиллагаа явуулж байсан нь буруу юм. Энэ эрсдэлээ өөрөө л хариуцна. Тэрнээс бидний зүгээс тусгай зөвшөөрлийг сунгана, ажиллаж бай гэсэн шийд огт өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй” гэв.

Гэрч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ”Миний бие нь нэхэмжлэгч Догсмаагийн гэр бүлийн хүнтэй олон жил хамт ажилласан байнгын холбоотой байдаг. Догсмаа нь 2020 оны 5 дугаар сарын эхээр над руу манай эмийн сангийн тусгай зөвшөөрөл сунгуулах хугацаа болж байгаа. Эгч нь хотод хорио цээртэй өөрөө явж болохгүй байгаа учраас чам руу материалаа явуулъя гэсэн. Ингээд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хаягаар материалаа надад ирүүлж, миний бие аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэнтэй утсаар холбогдсон. Тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэх хурал орох үеэр материалыг аваад ирээрэй гэж хэлсэн. Үүнээс хойш олон удаа утсаар асуусан боловч хуралдаагүй байна л гэж хариу өгч байсан. Ингээд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Догсмаа эгчийг ирэхээр нь хамт Эрүүл мэндийн газарт материалыг нь аваачиж өгсөн. Догсмаа нь эрүүл мэндийн хувьд шалтгаантай, нойр булчирхайн хавдартай, хаван ихтэй өндөр настай хүн. Цар тахлын үед эмийн сан, эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах тухай заавар ирсэн байдаг. Гэтэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах материалыг цахимаар аваад хугацаанд нь шийдвэрлээд орон нутагт асуудал үүсгэхгүй шийдвэрлэчих нөхцөл байдалтай үед иргэнийг хохироож байгаа нь ажил хариуцсан төрийн албан хаагчийн болон Эрүүл мэндийн газрын удирдлага мэргэжилтний ёс зүйтэй холбоотой хугацаа алдсан байх гэж дүгнэж байна” гэв.    

Гэрч Ө.Бшүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Эрүүл мэндийн газрын даргын удирдамжаар цар тахал улс даяар тархсантай холбоотой Булган аймгийн Баяннуур, ...................... сумдад 2 мэргэжилтэн, жолоочийн хамт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Ингэж явахдаа удирдамжийн дагуу ...................... сумын “......................” эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийгээд ирээрэй гэсний дагуу Догсмаа гуайн эмийн сангаар орсон. Тухайн үед бид аймгаас оройтож гарсан учраас ......................д орой очсон. Догсмаад утсаар мэдэгдээд зөвшөөрөл аваад очсон. Тэрнээс биш ямар ч зөвшөөрөлгүй дайрч орсон юм байхгүй. Ингээд тус эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд, үнэлгээ хийсэн баримтыг өөрт нь танилцуулахад Догсмаа нь зөвшөөрч, гарын үсэг зурсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч З.Догсмаагаас Булган аймгийн Эрүүл мэндийн газар /....................../-т холбогдуулан “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, торгуулийн 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

            Шүүх дээрх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад нэхэмжлэгч нь “олох байсан орлого 15.801.324 /арван таван сая найман зуун нэг мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийн хохирол гаргуулах“, “аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/515 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаас “олох байсан орлого болох 15.801.324 /арван таван сая найман зуун нэг мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийн хохирол гаргуулах” шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсан  нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, дээрх шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “эм эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанаас хэтрүүлж, шийдвэрлэхгүй байсан нь захиргааны байгууллагын буруутай эс үйлдэхүй, хугацаанд нь шийдвэрлэж өгөөгүйгээс Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчаас торгууль тавьж, 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгосон нь дээрх эс үйлдэхүйгээс болж, надад учирсан бодит хохирол юм. Аймгийн Засаг даргын захирамж нь Эрүүл мэндийн газартай шууд холбоотой, хариуцагчийн хяналт, үнэлгээ хийсэн үйл ажиллагааны улмаас хууль зөрчиж гарсан тул Эрүүл мэндийн газар Засаг даргын захирамжийн үндэслэлийг бүрэн хариуцах ёстой” гэж

Хариуцагчаас “нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, шаардлагатай баримт материалыг дутуу ирүүлсэн, хяналт шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, хүчингүй болгох үндэслэл болсон, мөн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, арга хэмжээ авагдсан нь захиргааны байгууллагын буруу биш” гэж маргаж байна.

Нэг. ” Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч З.Догсмаа нь эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах зорилгоор “......................” ХХКомпанийг 2016 онд үүсгэн байгуулж, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээ[1] баталснаар улсын бүртгэлд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн 0411006111 дугаарт бүртгүүлэн гэрчилгээ[2] авч, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа хийх үйл ажиллагааны үндсэн чиглэлээр тусгай зөвшөөрлийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 3 жилийн хугацаатай авсан байна[3]. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх ба нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг Булган аймгийн Эрүүл мэндийн газарт 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ирүүлжээ. Эрүүл мэндийн газраас уг хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс”-ийн хуралдаан[4]-аар хэлэлцэж, “......................” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэсэн ба Булган аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр А/515 дугаар захирамж[5]-аар “......................” ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцсон байна. 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд хуулийн зорилтыг тодорхойлсон ба нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана” гэжээ. Маргааны үйл баримт болох эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагаа нь хүний эрүүл мэндтэй шууд холбоотой учир эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг зохицуулсан Эрүүл мэндийн хуульд заасан хугацааг баримталж, маргааны үйл баримтад дүгнэлт хийсэн болно.

Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага” гэх/ олгоно”, 19.3-т “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь чиглэлээр олгоно”, 19.3.5-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм худалдах” гэж тус тус заасан нь Булган аймгийн ...................... суманд үйл ажиллагаа явуулах эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Булган аймгийн Засаг дарга олгох хуулийн зохицуулалттай байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.16-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө тавьж шийдвэрлүүлнэ” гэсэн байх ба нэхэмжлэгч З.Догсмаа нь хуульд заасан тусгай зөвшөөрөл олгосон байгууллага буюу аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газарт 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн нь хариуцагч байгууллагын 2020 оны ирсэн бичгийн бүртгэл[6] болон гэрч Г.Бгийн шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, “......................” ХХК-ийн хүсэлт[7] зэргээр нотлогджээ. Хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газар нь аймгийн Засаг даргын эрүүл мэндийн чиглэлээр хуульд заасан арга хэмжээг авах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх чиг үүрэг бүхий нэгж учраас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээр анх 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш 18 өдрийн дараа хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрлэхээр “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс” хуралдаанаа хийсэн боловч тус хуралдаанд нэхэмжлэгчийн ирүүлсэн материал бүрдэл дутуу шалтгаанаар дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь мөн өдрийн хуралдааны тэмдэглэлээр[8] тогтоогджээ. Үүнээс хойш “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс” 2 удаа хуралдаж, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр[9]-ийн хуралдаанаар шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох эрх бүхий албан тушаалтанд хурлын шийдвэрийг хүргүүлснээр тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага буюу  аймгийн Засаг даргаас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр захирамж[10] гарган, хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс”-ийн хуралдааны тэмдэглэлүүдээс харахад нэхэмжлэгчийн хүсэлтэд шаардлагатай бичиг баримт хангалтгүй, материал дутуу ирүүлсэн зэрэг зөрчлүүд байсан нь тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байхад хариуцагч байгууллагаас хүсэлтийг шийдвэрлэхээр хэлэлцэж, дутуу ирүүлсэн материалыг гүйцээхээр ажиллагаа хийсэн нь хугацаа алдаж, шийдвэрлэвэл зохих хугацаанд шийдвэр гаргах боломжгүйд хүргэжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.19-д  “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгасан, эсхүл сунгахаас татгалзсан тухай шийдвэрээ хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргана” гэж заасан байхад Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн хүсэлтийг хүсэлт гаргаснаас хойш 6 сарын дараа шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт болох хурлын тэмдэглэлүүд[11], нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан бус харин хүсэлтийг хүлээн аваад шийдвэрлэх ёстой хуульд заасан хугацааг хэтрүүлэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг захиргааны байгууллагад хүргүүлснээс хойш хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан байхыг ойлгоно. Хуулийн энэхүү заалтаас харахад нэхэмжлэгч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд /30 хоног/ шийдвэрлээгүй тохиолдолд захиргааны байгууллага, албан тушаалтны хийх ёстой үүрэгт ажлаа хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч захиргааны байгууллагад гаргасан хүсэлтийг шийдвэрлэх хуульд заасан хугацааг өнгөрмөгц захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах боломжтой байжээ. Гэтэл захиргааны байгууллагаас хүсэлтийг шийдвэрлэснээс хойш захиргааны байгууллагыг хийх ёстой зүйлээ хийгээгүй гэж “эс үйлдэхүй” хууль бус болохыг тогтоолгох шаардлагаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна.      

Хоёр. “Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч И.Тулгын шийтгэлийн хуудсаар оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгуулийн хохирлыг Эрүүл мэндийн газраас гаргуулах” шаардлагын тухайд: Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын  улсын байцаагч И.Тулга нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн[12] дагуу зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг[13] явуулж, ”......................” ХХК-ийг эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад бусдад эм худалдан борлуулсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг 0167504 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар[14] ногдуулжээ. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 9-д “Эм барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн байх ба нэхэмжлэгч нь энэхүү зөрчлийн шийтгэлийн хуудастай 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр танилцсан[15] бөгөөд уг шийтгэлийн хуудастай холбогдуулан шүүхэд гомдол гаргаагүй, маргаан үүсгээгүй байна. Нэхэмжлэгчээс дээрх шийтгэл нь аймгийн Эрүүл мэндийн газрын буруутай ажиллагаанаас шалтгаалсан гэж Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан байх ба Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2/69-ө албан бичгээр[16] хариуг хүргүүлсэн байна. Уг албан бичигт Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.16-д заасан хугацаанд хүсэлтээ гаргасан бол тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад өөрөөр хэлбэл мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.19-д заасан хугацаанд захиргааны байгууллага хүсэлтийг шийдвэрлэж өгөх хуулийн зохицуулалттай тул хүсэлт гаргаснаас хойшхи 30 хоногийн хугацаанд эмийн сангийн үйл ажиллагааг хаах шаардлагагүй гэжээ. “......................” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан ба нэхэмжлэгч нь хугацаа сунгах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж, хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан. Харин нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргаагүй, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацааг дууссанаас хойш хүсэлтээ гаргажээ. Нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс үйл ажиллагаа явуулах боломжгүй. Гэтэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргасан, захиргааны байгууллагад хүсэлт хүргүүлснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байхад эмийн сангийн үйл ажиллагаагаа зогсоолгүйгээр үргэлжлүүлэн эм худалдаалж байсан нь хуулиар хориглосон үйлдэл болжээ. Энэ нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа бус харин нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулснаас өөрт нь учирсан хохирол ба хориглосон үйл ажиллагаа явуулсныхаа хариуцлагыг зөрчил гаргагч өөрөө хүлээх үүрэгтэй. Иймд Зөрчлийн хуулийг зөрчсөн үндэслэлээр эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчид ногдуулсан торгууль 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч Эрүүл мэндийн газраар нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.   

Гурав. “Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/515 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь Булган аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/515 дугаар захирамж гарах болсон үндсэн шалтгаан нь аймгийн Эрүүл мэндийн газраас  шууд шалтгаалж байгаа ба хяналт үнэлгээ хийсэн нь хууль бус гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 АЭрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д аймгийн Засаг дарга нь эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрлийг олгох эрх бүхий албан тушаалтан гэж тодорхойлсон боловч Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаалын 2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай зөвшилцөн эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисс, ажлын албыг байгуулж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай” гэж заасан нь тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг нь сунгах болон хүчингүй болгох, цуцлахад шаардлагатай баримт материалыг бүрдүүлэх, холбогдох ажиллагааг хийх чиг үүргийг аймгийн Эрүүл мэндийн газрын “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс” хэрэгжүүлэхээр зохицуулжээ. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд “......................” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхээр “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс” нь “......................” ХХК-иас хүсэлт ирснээс хойш 2020 оны 6 дугаар сарын 26, 2020 оны 9 дүгээр сарын 11, 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрүүдэд, нийт 3 удаа хуралдаж[17], холбогдох баримт, материалыг бүрдүүлэхээр ажилласан байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх шаардлагатай гэж үзэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Сумдад ажиллах удирдамж”-аар[18] эмийн сангийн үйл ажиллагаанд “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” MNS5260:2015 стандартын үнэлгээ[19] хийжээ. Уг үнэлгээний хуудастай нэхэмжлэгч З.Догсмаа нь танилцаж, үнэлгээг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байх бөгөөд үнэлгээ хийсэн үйл ажиллагаа болон үнэлгээтэй холбогдуулан маргаагүй байна.

 Эрүүл мэндийн газрын “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс”-ийн 5 дугаар хуралдааны тэмдэглэлд тус эмийн сангийн үйл ажиллагааг стандартад нийцсэн эсэх талаар хийсэн үнэлгээний дүнг танилцуулснаар “......................” эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг гаргаж, гишүүд дэмжсэнээр хүчингүй болгох асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэжээ. Энэхүү хуралдаанаас гаргасан шийдвэрийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргад танилцуулсан байна.

   Нэхэмжлэгчээс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, сунгах зэрэг тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага нь аймгийн Эрүүл мэндийн газар тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг хариуцна гэж маргаж байгаа боловч хариуцагч Эрүүл мэндийн газар нь аймгийн Засаг даргаас гаргасан захиргааны актыг хүчингүй болгох эсхүл өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй. Мөн дээрх хоёр байгууллага, албан тушаалтан нь тус тусдаа бие даасан захиргааны байгууллага ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчид холбогдуулан “аймгийн Засаг даргын А/515 тоот захирамж”-ийг хүчингүй болгох боломжгүй юм.  

Иймд нэхэмжлэгч З.Догсмаагаас аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажлыг хугацаанд нь шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан хохирол 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/515 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 107, 108 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Аж, ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 19.3.5, 19.16, 19.19-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн Эрүүл мэндийн газар /....................../-т холбогдуулан гаргасан “Эм эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажлыг хугацаанд нь шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан хохирол 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/515 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас “олох байсан орлого болох 15.801.324 /арван таван сая найман зуун нэг мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийн хохирол гаргуулах”-ыг хүссэн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг баталж, энэхүү шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЖАРГАЛ