Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2023/1061/З |
Дугаар | 221/МА2024/0765 |
Огноо | 2024-12-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0765
М.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М
Нэхэмжлэлийн шаардлага “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 784 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/1061/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г нь Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 784 дүгээр шийдвэрээр “Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 68 дугаар зүйлийн 68.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г ас Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “... Шүүхээс захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 37.2-т заасныг тайлбарлан хариуцагч Монгол Улсын Ерөнхий прокуророос нэхэмжлэгч М.Г-г урьд эрхэлж байсан ахлах прокурорын ажилд эгүүлэн томилуулах агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, харин тус хүсэлтээс өөр агуулгаар шийдвэрлэх боломжтой талаар дурьдаж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт дэх хүсэл зоригийг хангахаас татгалзсан шийдвэр гаргасан үндэслэлээр эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт хийсэн нь илтэд үндэслэл муутай, нотлох баримтанд тулгуурлаагүй гэж үзэхээр байна. Учир нь 1 дүгээр хавтас хэргийн 67, 69, 70, 72 дугаар талд нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч М.Г-н хариуцагч Улсын Ерөнхий прокурорт хандаж гаргасан Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокуророор томилж өгнө үү гэх хүсэлтүүд, Улсын Ерөнхий прокуророос прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнд хяналтын прокурорын сул орон тоонд томилох, Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурорын сул орон тоо байгаа талаар мэдэгдсэн зэрэг агуулгаас нь үзэхэд хариуцагч Улсын Ерөнхий прокуророос нэхэмжлэгч М.Г-г Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокурорын ажилд томилуулах утга агуулга бүхий өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж ойлгохоор байхад шүүх хүсэлтээс өөр агуулгаар шийдвэрлэх боломжтой, нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хангахаас татгалзсан шийдвэр гаргажээ гэсэн агуулгаар дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай байх тул хүлээн зөвшөөрөхгүй.
3.2. Хэрэв нэхэмжлэгчийн гаргасан Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокуророор томилж өгнө үү гэх хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр гэж үзэж байгаа тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийг ахлах прокуророор томилох боломжгүй талаар албан ёсоор хариуг бичгээр өгсөн байх шаардлага тавигдана. Нөгөө талаар захирамжилсан үйл ажиллагаа гэдэг бол захиргааны акт гаргахын өмнөх үе шатанд хийгддэг ажиллагаа гэж ойлгож байгаа ба хүсэлтэнд дурьдсанаас өөр ажил санал болгож, прокурорын албан тушаалын зэрэглэлийг 2 дахин бууруулж хяналтын прокурорын ажил санал болгож байгааг бид ахлах прокурорын ажилд томилох хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гэж үзсэн тул энэхүү эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ талаар шүүхээс үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой ... эс үйлдэхүй нь хууль бус эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байсан боловч энэ талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй мөн эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь гомдол гаргах үндэслэл болж байна.
3.3. ... Онолын болон хууль зүйн хувьд ажлаас чөлөөлнө гэдэг бол тухайн ажилтаны ажлын байр хадгалагдаж байдаг бол ажлаас хална гэдэг нь ажилтны ажлын байрыг хэвээр нь хадгалахгүй байдгаараа ялгаатай ба хууль зүйн хувьд ч үүсэх эрх зүйн үр дагавар өөр байдаг талаар шүүх ялгамжтай хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй ... Нэхэмжлэгч М.Г-г хэрэгт холбогдох үед хариуцагч захиргааны байгууллагаас хэрэг шалгагдаж эцэслэгдээгүй байгаа гэх үндэслэлээр албан үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлж улмаар түүний ажлыг 2021 оны 02 дугаар сарын 18-нд хүлээн авсан нь хэрэгт авагдсан “Ажил хүлээлцсэн акт”-аар нотлогдоно. Ингэхдээ Улсын Ерөнхий прокурор холбогдсон хэргийнхээ асуудлаа бүрэн шийдвэрлүүлснийхээ дараа эргэн ажилдаа ороорой гэдгийг амаар тухайн үед нэхэмжлэгчид хэлсэн талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбар гаргасныг шүүгч анхаарч үзээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улсын Ерөнхий прокурорын газраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх хариу тайлбарыг 2023 оны 12 дугаар сарын 25-нд ирүүлэхдээ нэхэмжлэгч М.Г-г ажлаас чөлөөлсөн гэх Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/292 дугаар тушаалыг ирүүлсэн болохыг олж мэдсэн ба үүнээс өмнө ийм тушаал гарсныг огт мэдээгүй байсан.
3.4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор прокурорын гаргасан эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар М.Г-г цагаатгасан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. М.Г нь өөрт нь холбогдох эрүүгийн хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдсэнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорт хандаж 2023 оны 02 дугаар сарын 09, 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрүүдэд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх утга агуулга бүхий өргөдөл, хүсэлт гаргасаныг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, ахлах прокурорын ажилд буцаан томилохыг даалгах, цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Г д прокуророос 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдэж танилцуулсан байх ба Прокурорын тухай хуулийн 58-р зүйлийн 58.6-г зааснаар “...Прокурорт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахтай холбогдуулан түүний бүрэн эрхийг Улсын ерөнхий прокурор түдгэлзүүлж болно” гэж зааснаар Улсын Ерөнхий прокурор тушаал гаргах замаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хууль зүйн боломжтой байжээ. Энэ ч үүднээс ажил хүлээлцэх акт үйлдэгдсэн гэж нэхэмжлэгч М.Г ойлгож байгаа. Ажил хүлээлцэх актад ажлаас чөлөөлсөн тушаалын талаар огт дурьдаагүй, тушаалыг танилцуулаагүй болох нь нотлогддог. Мөн А/128 дугаартай Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, 35 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам нотлох баримтаар авагдсан ба шүүх шийдвэр гаргахдаа уг журмын заалтуудыг анхаарч үзээгүйд гомдолтой байна.
3.5. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн эрхэлж байсан ахлах прокурорын ажил, албан тушаалаас халагдах, чөлөөлөгдөх, эсхүл албан тушаал бууруулах талаар Төрийн албаны тухай хуульд заасан ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад Улсын Ерөнхий прокурор түүнийг урьд эрхэлж байсан ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжоор хангахгүй, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь олгохгүй байх үүднээс албан тушаалын зэрэг бууруулан томилох боломжтой талаар хариу өгсөн нь хууль бус ба урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус гэж бид үзэж байгаа. Нэхэмжлэгч М.Г-г гэмт хэрэгт холбогдох үед түүнийг ажлаас нь чөлөөлөх, түдгэлзүүлэх, халах зэрэг хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан ба харин эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдах үед түүний албан тушаалыг нь түдгэлзүүлэх л хууль зүйн үндэслэл бүрдэхээр байсан байхад шүүх уг тушаалыг хүчин төгөлдөр байгаа гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд дээрх тушаалаас ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсэхгүй гэж бид үзэж байгаа ба хариуцагч Улсын Ерөнхий прокуророос нөхөж гаргасан тушаалыг энэ маргааны хүрээнд нотлох баримтаар тооцож үнэлэх, шийдвэрийн үндэслэл болгох ч боломжгүй.
3.6. Түүнчлэн, М.Г нь төрийн тусгай албан хаагч учраас түүний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцаанд Төрийн албаны тухай хууль үйлчлэх ба Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх үндэслэлийг нэрлэн заасан төдийгүй тус хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “...төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасан ба харин Прокурорын тухай хуулийн 68 дугаар зүйлд прокурорыг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлийн талаар заажээ. Энэхүү үндэслэлүүдээс үзэхэд М.Г нь хүнд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн нь дээрх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй ... М.Г-н ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хүлээн авахыг үүрэг болгосон боловч 2020 оны 10 сард цалин олгосон, 4 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-нд ажил хүлээлцсэн тэмдэглэл үйлдсэн зэрэг нь түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоогүй үргэлжилж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад шүүх энэ үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой.
3.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 09 дугаартай Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг нөхөн үйлдэж гаргасан ба нэхэмжлэгч талд баталгаат шуудангаар ирүүлсэнийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн боловч шүүх энэхүү эрх зүйн маргааны хүрээнд Прокурорын ёс зүйн зөвлөлийн тус дүгнэлттэй холбогдуулан эрх зүйн дүгнэлт хийхгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эхэлж шийдвэр гаргаад дараа нь зөрчлийг тогтооно гэсэн хууль зүйн ойлголт байхгүй болох нь хэнд ч илэрхий юм. Иймд прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт байхад энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу ... Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрийг хүлээн авсанаар гомдол гаргах эрх үүсдэг бол төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор холбогдох этгээдэд гомдол гаргах эрхтэй байдаг. Хэргийн үйл баримтаас үзэхэд дан ганц Д.Ц гэдэг хүний тайлбараар мэдэгдсэн гэдгийг нотлох боломжгүй. Д.Ц нь М.Г-г ажлаас чөлөөлсөн тушаал гарсан талаар утсаар тухайн үед мэдэгдсэн гэж үзвэл тушаалыг мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдэх ёстой байсан ба хариуцагч тушаалыг мэдэгдсэнийг мэдэгдсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй нь бодит байдалд уг тушаал гаргаагүй, тушаалыг нөхөж үйлдсэн болох нь нотлогдоно гэж бид үзэж байгаа болно.
3.8. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч М.Г эрүүгийн хүнд хэрэгт гүтгэгдэн шалгагдаж шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор цагаатгагдсан үйл баримт хийгээд түүнийг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсантай нь холбогдуулан Улсын ерөнхий прокуророос Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокурорын ажлыг түдгэлзүүлэх замаар ажлыг нь хүлээн авсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох ба шүүхээр цагаатгагдсаны дараа уг ажилдаа эргэн орох өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан болох нь нотлогддог.
3.9. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны 784 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, М.Г-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд:
3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Г нь Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/00 дугаар тушаалаар Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокуророор томилж, урьд олгосон “Хууль цаазын шадар зөвлөх”-ийн зэрэг дэвийг хэвээр үлдээсэн байх бөгөөд М.Г-г дээрх албан тушаалд ажиллаж байх хугацаанд “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх үндэслэлээр прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгажээ.
3.2. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 692 дугаар магадлалаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр М.Г д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгагдаж, Монгол Улсын дээд шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 678 дугаар тогтоолоор прокурорын гаргасан эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар М.Г-г цагаатгасан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3.3. Нэхэмжлэгч М.Г эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэрэг нь цагаатггасан шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрүүдэд Улсын Ерөнхий прокурорт хандаж “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” хүсэлтээ гаргахад Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Ц-с 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2/537 тоот албан бичгээр “Тус прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнд хяналтын прокурорын сул орон тоонд томилох” боломж байгаа болохыг мэдэгдье гэх, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2/2422 тоот албан бичгээр “Таны гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурорын сул орон тоо байгаа талаар” урьд нь сул орон тоо байгаа талаар мэдэгдсэн байна” гэсэн хариуг тус тус өгчээ.
3.4. Улмаар нэхэмжлэгч М.Г нь Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргажээ.
4. Гэтэл анхан шатны шүүх “... Шүүх энэхүү эрх зүйн маргааны хүрээнд Прокурорын ёс зүйн зөвлөлийн тус дүгнэлттэй холбогдуулан эрх зүйн дүгнэлт хийхгүй. Нэхэмжлэгчид Монгол Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/537, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/2422 тоот албан бичгээр хариу өгсөн агуулгаас үзэхэд энэ нь хариуцагчийн эс үйлдэхүй биш, харин нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт дэх хүсэл зоригоос өөр ажлыг санал болгосон татгалзсан шийдвэр гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч М.Г-г Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокурорын үүрэгт ажлаас чөлөөлсөн хүчин төгөлдөр хэвээр байгаа, мөн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох боломжгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4.1. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
4.2. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй шууд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
4.3. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх”, 47 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах”, 48 дугаар зүйлд “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, Прокурорын тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “Төрийн албаны тухай хууль, энэ хуульд заасан үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь хална” гэж тус тус заасан.
4.4. Нэхэмжлэгч М.Г ас өөрийг нь ажлаас чөлөөлсөн Монгол Улсын ерөнхий прокурорын 2020 оны Б/292 дугаар тушаалыг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг давж заалдах заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байх бөгөөд хариуцагчаас 2020 оны Б/292 дугаар тушаалаар М.Г-г ажлаас Төрийн албаны тухай хууль, Прокурорын тухай хуульд заасан ямар үндэслэлээр түр эсхүл бүр чөлөөлсөн эсэх нь тодорхой бус, энэ талаар хариуцагч үндэслэл бүхий тайлбар гаргаж маргаагүй, мөн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзсэн бол нэхэмжлэгч М.Г д Монгол Улсын ерөнхий прокурор 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2/537 дугаар албан бичгээр “Тус прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнд хяналтын прокурорын сул орон тоонд томилох боломж байгаа болохыг мэдэгдье”, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/2422 тоот албан бичгээр “Таны гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурорын сул орон тоо байгаа талаар” тус тус мэдэгдэх болсон, улмаар Прокурорын ёс зүйн зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж 09 дугаартай дүгнэлт гаргах болсон үндэслэлийн талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасантай нийцээгүй байна.
4.5. Түүнчлэн, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны чиг үүрэг, албан тушаалын орон тоо нь ямар нэг өөрчлөлтгүйгээр Сургалт, судалгааны хүрээлэнд шилжиж, одоогийн байдлаар тус хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурорын орон тоо хэвээр байгаа болох нь Улсын ерөнхийн прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Улсын ерөнхий прокурорын газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” А/48 дугаар тушаал, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх сургалт, судалгааны хүрээлэнгийн судалгааны албаны дарга, ахлах прокурорын албан тушаалын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Улсын ерөнхий прокурорын 2020 оны Б/292 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан шалтгаан нөхцөл арилсан эсэх, арилсан бол урьд эрхэлж байсан ажил албан тушаалын орон тоо байгаа эсэх, уг албан тушаал сул байгаа эсэх, эсхүл адил шатны орон тоо сул байгаа зэргийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй байгаа эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.6. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгчээс захирамжилсан үйл ажиллагаа гэдэг бол захиргааны акт гаргахын өмнөх үе шатанд хийгддэг ажиллагаа гэж ойлгож байгаа ба хүсэлтэнд дурьдсанаас өөр ажил санал болгож, прокурорын албан тушаалын зэрэглэлийг 2 дахин бууруулж хяналтын прокурорын ажил санал болгож байгааг бид ахлах прокурорын ажилд томилох хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гэж үзсэн тул энэхүү эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй” гэх гомдол үндэслэлтэй.
4.7. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хариуцагч Улсын Ерөнхий прокуророос нэхэмжлэгч М.Г-г Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокурорын ажилд томилуулах утга агуулга бүхий өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан ...” гэх агуулгаар тодорхойлсон байхад шүүхээс “... нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хангахаас татгалзсан шийдвэр гаргажээ” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
4.8. Анхан шатны шүүхийн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 784 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ